Номын сан
Сүнсний бэлэг


“Сүнсний бэлэг,” Сэдэв ба асуулт (2023)

Танхимд ярьж буй залуу эрэгтэйчүүд

Сайн мэдээг судлах удирдамж

Сүнсний бэлэг

Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авдаг сүнслэг адислалууд

Дөнгөж сая та бодол санаагаа шингээн бэлдсэн бэлэг хүлээн авсан гэж төсөөл. Үүнийг сонгосон хүн таныг төдийгүй эргэн тойрны хүмүүсийн тань амьдралыг адислах ямар нэгэн зүйлийг танд өгөхийн тулд анхааралтай сонгожээ. Та бэлгийг задалж дотор нь юу байгааг харахдаа, энэ нь таны төсөөлж байснаас ч илүү үнэ цэнтэй зүйл болохыг ойлгов.

Үүний нэгэн адил Тэнгэрлэг Эцэг ч гэсэн биднийг адислахын тулд үнэ цэнтэй бэлэг өгөхөд бэлэн байж, хүсэн хүлээж байдаг. Эдгээр бэлгийг сүнслэг бэлэг гэдэг. Олон төрлийн сүнслэг бэлэг байдаг бөгөөд тэдгээр бэлэг бүр биднийг хүчирхэгжүүлж, бидэнд тусалдаг. Гэхдээ тэдгээрийг эрэлхийлж, хүлээн авах, Тэнгэрлэг Эцэгийн ажлыг хийхэд ашиглах эсэх нь биднээс л шалтгаална.

Сүнсний бэлэг гэж юу вэ?

Сүнсний бэлэг бол Сүмийн итгэлтэй гишүүдэд Ариун Сүнсээр дамжуулан өгөгддөг сүнслэг адислал буюу ур чадвар юм. Тэдгээр нь “сүмийг сэнхрүүлэхээр” (1 Коринт 14:12) мөн “Бурханы хүүхдүүдийн ашиг тусын тулд” (Сургаал ба Гэрээнүүд 46:26) өгөгддөг. Судруудад бидний хүлээн авч болох олон янзын сүнслэг бэлгийн тухай өгүүлдэг (1 Коринт 12:1–11; мөн Сургаал ба Гэрээнүүд 46:11–25-ыг үзнэ үү). Биднийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэг бидэнд тэдгээр бэлгийг өгнө (Сургаал ба Гэрээнүүд 46:8–9-ийг үзнэ үү).

Сэдвийн тойм: Сүнслэг бэлэг

Сайн мэдээнээс суралцах удирдамж: Ариун Сүнсний бэлэг, Есүс Христэд итгэх итгэл, Найдвар, Төгс хайр

1-р хэсэг

Тэнгэрлэг Эцэг итгэлтэй хүмүүст сүнслэг бэлэг өгдөг

Индэр дээр зогсож буй эмэгтэй

Бурханыг хайрлаж, зарлигуудыг нь сахихыг хичээвэл Тэрээр бидэнд сүнслэг бэлэг буюу сүнслэг адислалуудыг өгдөг (Сургаал ба Гэрээнүүд 46:9-ийг үзнэ үү). Бид эдгээр бэлгээр дамжуулан өөрсдийн амьдралд адислалуудыг хүлээн авч, бусдын амьдралыг адисалж чадна. Сүнслэг бэлгүүд нь хилэнц байнга өсөн нэмэгдэж байгаа дэлхийд нэмэлт хүчийг өгдөг бөгөөд эдгээр адислалаар дамжуулан бид сүнслэг байдлын хувьд аюулгүй байж, амар амгаланг олох боломжтой.

Бодох зүйлс

  • Төлөөлөгч Паулын зааснаар, биеийн бүх хэсэг өөр өөрийн чухал үүргийг гүйцэтгэдгийн адил сүнслэг бэлэг бүр нь “Христийн бие” буюу Сүмийн бие махбодод зайлшгүй шаардлагатай (1 Коринт 12:27). 1 Коринт 12:12–30-ийг уншаад, бидний сүнслэг бэлгүүд бүх хүнийг адислахын тулд хэрхэн хамтран ажиллаж болдог тухай тунгаан бодож болох юм. Биеийн эрхтнүүд хамтдаа ажилладаг шиг бусдын сүнслэг бэлгүүд хэрхэн хамтран ажиллаж байгааг та харж байсан бэ? Өөр хүний сүнслэг бэлгийн ачаар та хэрхэн адислагдаж байсан бэ? Бас та сүнслэг бэлгүүдийнхээ талаар болон тэдгээр нь Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалдаг талаар тунгаан бодож болно. Хүлээн авсан аливаа өдөөлтийнхөө дагуу үйлд.

  • Ариун ёслолоос хүртэхдээ бид Ариун Сүнстэй үргэлж хамт байхыг амладаг бөгөөд Ариун Сүнсний хүчээр бид сүнслэг бэлгүүдийг хүлээн авдаг. Ариун ёслолын залбирлыг (Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-ийг үзнэ үү) уншаад, гэрээ байгуулж сахих нь сүнслэг бэлэг хүлээн авахад бэлэн байхад тань хэрхэн тусалдаг тухай тунгаан бод.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Таны гэрчлэл өөр хэн нэгний гэрчлэлээр хүчирхэгжиж байсан уу? Өөр хүний итгэл хэзээ итгэлийг тань гүнзгийрүүлж байсан тодорхой дурсамжаа санаж болох юм. Эсвэл та найзынхаа эсвэл гэр бүлийнхээ гишүүний гэрчлэлийн ашиг тусыг өдөр бүр мэдэрдэг байж болно. Бид Сургаал ба Гэрээнүүд 46:13–14-өөс Есүс Христийн тухай хэн нэгний гэрчлэлд итгэх нь сүнсний бэлэг юм гэдгийг мэдэж авдаг. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф залуу байхдаа хэрхэн уг бэлгийг найзуудынхаа үлгэр жишээ, хайр, үйлчлэлээр дамжуулан хүлээн авсан тухай энэ видеог үзэж болно. Дараа нь энэхүү сүнслэг бэлэгтэй хамааралтай ижил төстэй туршлагаасаа бие биетэйгээ хуваалц. Эргэн тойрны тань хүмүүсийн итгэлийн үлгэр жишээ та нарын амьдралыг хэрхэн адисалж байсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Бурханы танд өгсөн бэлгүүдийг олж мэд

Багштайгаа хамт байгаа хүүхдүүд

Бурхан бидний хүн нэг бүрд сүнслэг бэлгүүдийг өгсөн бөгөөд “тэдгээр бэлэг нь юу болохыг ямагт санаж, мөн оюундаа ямагт хадгала[хыг]” (Сургаал ба Гэрээнүүд 46:10) хичээхийг биднээс хүсдэг. Бид сүнслэг бэлгүүдээ санаж байхын тулд тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ? Бид сүнслэг бэлгүүдийн олон жишээ бүхий судруудыг судлахаас эхэлж болно. Уг бэлгүүдэд итгэл, хэлний бэлэг, гайхамшгуудын үйл ажил, Христийн тухай гэрчлэл зэрэг орно (1 Коринт 12:8–10; Moронай 10:9–16; Сургаал ба Гэрээнүүд 46:13–25-ыг үзнэ үү).

Бид “патриархын адислалаа уншин, биднийг сайн мэддэг хүмүүсээс асууж, төрөлхийн юунд сайн, юунд дуртайгаа хувьдаа олж тодорхойлсноор сүнслэг бэлгүүдээ олж мэдэж чадна. Хамгийн чухал нь бид Бурханаас асуу[ж] болно” (Иаков 1:5; Сургаал ба Гэрээнүүд 46:9; Сургаал ба Гэрээнүүд 112:10-ыг үзнэ үү). Бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бэлгүүдийг нээн илрүүлснээр Түүнийг болон өөрсдийгөө илүү сайн таньж мэддэг.

Бодох зүйлс

  • Сүнслэг бэлгүүдээ нээн илрүүлэхэд итгэл, тэвчээр шаарддаг ч Их Эзэн энэ үйл явцад таныг хөтлөн удирдаж чадна. Сургаал ба Гэрээнүүд 112:10-ыг уншаад, сүнслэг бэлгээ нээн илрүүлэхэд Бурхан хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодож болох юм. Дараа нь танд өгсөн сүнслэг бэлгүүдийн талаар олж мэдэхэд туслахыг Бурханаас залбиран гуй. Түүнчлэн гэр бүлийн гишүүд, найз нөхөд, зааварлагч багш нараасаа адислагдсан сүнслэг бэлгүүдээ таньж мэдэхэд тань туслахыг хүсэж болно. Сүнслэг бэлгүүдээ нээж илрүүлэхдээ тэдгээрийг санаж, тэдгээрийн талаар илүү ихийг мэдэж болохын тулд бичиж тэмдэглэ.

  • Сүнслэг бэлгүүдээ нээн илрүүлэх үед Их Эзэн эргэн тойронд байгаа хүмүүсийг маань адислахын тулд биднээр дамжуулан ажиллах боломжтой. Ахлагч Бага Жон К.Пингрий “Чамд зориулсан ажил надад буй” хэлсэн үгэндээ бусдыг анзаарах сүнслэг бэлгийг хүлээн авсан нэгэн эмэгтэйн түүхийг хуваалцсан. Тэр: “Тэр эмэгтэй байнга мартагддаг байсан хүмүүст анхаарлаа хандуулснаар баяр баясгаланг мэдэрдэг болсон бөгөөд Бурхан түүгээр дамжуулан ажиллаж, олон хүнийг адисалсан” хэмээн хэлсэн юм. Ахлагч Пингригийн захиас дахь “Сүнслэг бэлгүүдээ нээж, хөгжүүл” гарчигтай хэсгийг дахин үзнэ үү. Танд зориулсан Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ямар сүнслэг бэлэг танд байдаг вэ? Хувийн тохинуулалд тань тус болох, нээж илрүүлж болох сүнслэг бэлгүүд байна уу? Хүлээн авсан мэдрэмжүүдээ бичээд, тэдгээрийн дагуу үйлд.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Зарим сүнслэг бэлэг маань бидэнд тийм ч ил тодорхой биш байж болно. Жишээлбэл: Зарим хүнд “бусдыг шүүхгүй байх бэлэг; Бурханаас удирдамж авах бэлэг; шавь байх бэлэг; бусдыг халамжлах бэлэг; тунгаан бодох бэлэг; залбирах бэлэг; [мөн] хүчирхэг гэрчлэл хуваалцах бэлэг” байдаг. Та бүлгийнхээ бусад гишүүнээс ямар сүнслэг бэлэг байгааг олж хардаг вэ? Санаанд буусан зүйлээ бичээд, эдгээр бэлэг бүр нь хэрхэн бүгдийн хувьд адислал болох талаар ярилц. Бас бүлгийнхнийхээ танаас олж хардаг сүнслэг бэлгүүдийг тэмдэглэж аваад, тэдгээрийг хэрхэн хөгжүүлэхээ бодож үзээрэй.

3-р хэсэг

Сүнслэг бэлгүүдийг эрэлхийлж, ашиглах нь Христтэй илүү адилхан болоход бидэнд тусалдаг

Судраас судалж буй эмэгтэй

Их Эзэн биднийг итгэл, найдвар, төгс хайр зэрэг хамгийн сайн сүнслэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд урьдаг (Moронай 10:30; Сургаал ба Гэрээнүүд 46:8; Ифер 12:28-ыг үзнэ үү). Бид эдгээр сүнслэг бэлгээ хэрэгжүүлэхийг хичээснээр Есүс Христтэй илүү адил болдог. Энэ нь “бидний гар Түүний гар, бидний нүд Түүний нүд, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж,” Түүний нэгэн адил үйлчлэх илүү чадавхтай болгодог.

Бодох зүйлс

  • Ахлагч Жозэф Б.Вөртлин: “Би та нарыг амьдралдаа дүн шинжилгээ хийхэд уриалж байна. Та өөрийн ямар хүн болохыг хүсэж буй тийм хүн болохын тулд одоо хаана байгаагаа мөн хаана байх хэрэгтэйгээ тодорхойл. Ургуулан бодох чадварыг тань хөгжүүлж, зүрх сэтгэлийг тань баяр хөөрөөр дүүргэх сүнслэг, эрхэм дээд, зөв шударга зорилгуудыг тавь. Тэгээд тэдгээрээс хараагаа бүү салга. Тэдгээр зорилгодоо хүрэхийн тулд тогтмол ажилла” хэмээн заасан. Та сүнслэг бэлгүүдийг эрэлхийлж, хөгжүүлэхийн тулд энэ зөвлөгөөг хэрхэн дагаж болох вэ? Эдгээр бэлэг танд Есүс Христтэй илүү адилхан болоход хэрхэн туслах вэ? Та хөгжүүлэхийг найдаж байгаа сүнслэг бэлгээ мөн хэрхэн үүн дээрээ ажиллаж эхлэх санаагаа бичиж болох юм. Та тэрхүү бэлгийг олж авч мөн ашиглахыг эрэлхийлэхдээ тухайн бэлэг хэрхэн өдөр тутмын амьдралыг тань болон бусдыг адисалж байгааг бичиж тэмдэглэ. Мөн танд өгөгдсөн сүнслэг бэлгийнхээ төлөө талархан залбирч болно (Сургаал ба Гэрээнүүд 46:32-ыг үзнэ үү).

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Сүнслэг бэлгээр дамжуулан Христтэй илүү адил болохын тулд дадлага хийх шаардлагатай. Ахлагч Хуан Пабло Виллар: “[Тэнгэрлэг Эцэг] сүнслэг болон бие махбодын хичээл зүтгэл гаргуулахгүйгээр сүнслэг бэлгүүдийг зүгээр өгөхийн оронд тэдгээрийг хөгжүүлэх боломжийг бидэнд өгөх болно. Хэрэв бид Түүний Сүнстэй хамт байвал эдгээр боломжийг таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэж сурна” хэмээн хэлсэн.Faith and the Goal” (4:40) видеог үзээд, бие бялдрын авьяасаа хөгжүүлэхэд ямар их хүч чармайлт гаргадаг талаар ярилц. Дараа нь сүнслэг бэлгүүдийг хөгжүүлэхийн тулд шаардагдах ажлын талаар ярилц. Сүнслэг бэлгүүд дээрээ ажиллахын тулд та ямар ямар боломж бололцоог ашиглаж болох вэ? Сүнслэг бэлгүүд дээрээ ажиллах нь хэрхэн тэдгээрийг таны салшгүй нэгэн хэсэг болгоход туслах вэ?

  • Заримдаа бидэнд сүнслэг бэлгээ ашиглахаа санадаг үе, бас мартах үе ч бий. Ийм зүйл болох нь гарцаагүй. Хэн ч төгс биш шүү дээ. Гэхдээ энэ үйл явцад бид Их Эзэнийг урих нь хамгийн чухал юм. “Илүү ариун байлгаач” дууллыг дуулахыг бод. Дууллын үг хэрхэн Аврагчтай илүү адил болоход туслахыг гуйж байгааг анзаараарай. Та Түүнтэй илүү адил болохын тулд сүнслэг бэлгүүдээ ашиглахдаа хэрхэн Бурханы удирдамж зааврыг эрэлхийлж болох вэ? Та бас дуулалд дурдсан сүнслэг бэлгүүдийг бичээд, тэдгээрийн талаар Судруудын удирдамжаас илүү ихийг мэдэж авч болно. Эдгээр бэлгийн талаар сурч мэдсэн зүйлээ мөн тэдгээрийг хөгжүүлэх санаануудаа ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах