“Энэрэл,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Энэрэл
Христийн цэвэр хайрыг агуулах
Бид үе үе, заримдаа бүр ойр ойрхон бухимдаж, сэтгэлээр унадаг. Магадгүй бид хөршүүд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ нэгдмэл бус байж болох юм. Эсвэл үр хүүхэд, хань ижилдээ тэвчээргүй хандах үе ч бий. Бид бусдыг шүүж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа анзаарч болно. Мэдээж, хэн ч төгс биш бөгөөд заримдаа ийм мэдрэмж төрөх нь хэвийн зүйл. Гэхдээ эргэн тойрныхоо хүмүүсийг хэрхэн илүү хайрлаж, тэдэнд хэрхэн илүү тэвчээртэй хандаж болох талаар та бодож байсан уу?
Хариулт нь энгийн бөгөөд Бурханы бэлэг болох энэрлээр дамжуулан зүрх сэтгэл тань зөөлрөх болно. Энэрлийг хөгжүүлэх нь Есүс Христтэй адил болж байгаа хэрэг бөгөөд энэ нь насан туршийн үйл явц юм. Харин та нарыг Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёртой илүү адил болохыг итгэлтэйгээр эрэлхийлэх үед Тэд та нарт туслах болно.
Энэрэл гэж юу вэ?
Энэрэл бол Есүс Христийн цэвэр хайр (Моронай 7:47-г үзнэ үү). Энэ бол хайрын хамгийн дээд, хүчтэй хэлбэр билээ. Энэрэл биднийг бүх зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан, хүч чадлаараа Бурханд болон бусдад үйлчлэхэд хөтөлдөг (Сургаал ба Гэрээнүүд 59:5-ыг үзнэ үү).
Сэдвийн тойм: Энэрэл
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христ, Итгэл, Найдвар, Сүнсний бэлэг, Үйлчлэл
1-р хэсэг
Энэрэл бол бүх хүний төлөөх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын цэвэр хайр юм
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг төгс хайрладаг. Бошиглогч Мормон: “энэрэл бол Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) хэмээн заасан. Есүс Христ өлссөн, нүгэл үйлдсэн, зовж зүдэрсэн, өвдсөн хүмүүст амьдралынхаа туршид хайр, энэрлээ үзүүлсэн. Тэрээр ядууст төдийгүй баячуудад мөн найз нөхдөдөө болон харь хүмүүст тохинуулсан. Тэр Өөрийг нь гүтгэсэн, цовдолсон хүмүүсийг ч уучилсан (Лук 23:34-ийг үзнэ үү). Есүс Христ бол төгс хайрын төгс төгөлдөр жишээ юм.
Бодох зүйлс
-
Есүс Христийн төгс хайр Түүний үйлдэл бүрд нөлөөлсөн. Матай 26:39; Лук 7:22; 1 Нифай 19:9 дээрх жишээнүүдийг авч үз. Эдгээр судрын хэсэг бүр нь хэрхэн бидэнд Христийн хайрыг харуулж байна вэ? Та Аврагчийн хайрын эдгээр жишээг 1 Коринт 13 дээрх Паулын энэрлийн тодорхойлолттой харьцуулж болох юм. Аврагч та нарт хэрхэн энэхүү хайрыг үзүүлсэн бэ?
-
Бошиглогч Иосеф Смит: “Хайр бол Бурханы гол шинж чанаруудын нэг” хэмээн заажээ. Бурхан намайг хайрладаг гэдгийг би мэднэ. Учир нь … гэсэн үгсийг тэмдэглэлдээ бичих талаар бодож үз. Долоо хоногийн турш энэ өгүүлбэрийг өөр өөр арга замаар гүйцээж бич. Санаа авахын тулд “Бурхан бол хайр” эсвэл “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” зэрэг дууны үгийг уншиж эсвэл дууг сонсож болно.
Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаа
-
Ахлагч Жэффри Р.Холландын заасан дараах зүйлсийг авч үз. “Үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг өөрийн бүх зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан, хүч чадлаар хайрлах ёстой гэсэн тушаал байдаг. Гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг Өөрийн бүх зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрладаг явдал юм.” Таныг гэх Бурханы агуу хайрыг мэдэх нь таны мэдрэмж, бодол санаа, үйлдлийг хэрхэн өөрчилж болох талаар ярилц.
-
“Charity: An Example of the Believers” (4:50) видеог үзэх нь Христийнхтэй адил хайр хэрхэн амьдралыг өөрчилдөг тухай ярилцахад сүнслэгээр нөлөөлж болох юм. Энэ видеон дээрх залуу эмэгтэйчүүд Христийнхтэй адил хайрыг шинэ удирдагчдаа хэрхэн харуулсан бэ? Энэ хайр түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь бусад залуу эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ? Аврагчийн хайрыг мэдрэх хэрэгтэй байж болох эргэн тойрныхоо хүмүүсийн талаар бод. Нэг юм уу хоёр хүнтэй Христийн хайрыг хуваалцаж болох арга замуудын талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Лук 10:30–37; 1 Иохан 3:16–18; 4:7–11, 18–19
-
Алан Т.Филлипс, “Бурхан таныг мэддэг бас хайрладаг,” Лиахона, 2023 оны 11-р сар, 49–52
-
Майкл Т.Рингвүүд, “Бурхан биднийг үнэхээр хайрласан тул,” Лиахона, 2022 оны 5-р сар, 88–90
-
Сюзан Х.Портэр, “Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой,” Лиахона, 2021 оны 11-р сар, 33–35
2-р хэсэг
Энэрэл бол Есүс Христийн дагалдагчдын олж авч болох хамгийн агуу хүч юм
Энэрэл бол бидний хийдэг эсвэл өгдөг зүйл биш. Энэ бол бидний зүрх сэтгэлийн төлөв байдал, амьдрах арга барил юм. Бидний хэн болж, юу мэдэрч байгаа нь л биднийг хайр дүүрэн үйлдэхэд хүргэдэг (Моронай 7:45–47-г үзнэ үү).
Энэрэл үгүй бол бид юу ч биш; энэрэл байхад бидэнд бүх зүйл бий (Ифер 12:34; Моронай 7:44-ийг үзнэ үү). Бусад бүх зүйл үгүй болдог ч энэрэл үүрд гуйвшгүй бөгөөд хэзээ ч мөхөхгүй (Моронай 7:46–47-г үзнэ үү). Тиймээс, бид хэрхэн энэхүү бэлгийг авч болох вэ? Бошиглогч Мормон ийн хэлсэн. “Зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун, … түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын тулд … [Есүс Христ] хүрч ирэхэд бид түүнтэй адил байхын тулд” (Моронай 7:48).
Бид гэр бүл, сүмийн цуглаан, нийгэм, уулзсан хүн бүртэйгээ харьцахдаа энэрлийг амьдралдаа хэрэгжүүлж сурдаг. Бид бусдын хэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын адил тэднийг харахыг хичээснээр хүмүүсийг Тэдэнтэй адил хайрлаж эхэлнэ.
Бодох зүйлс
-
1 Коринт 13:1–7-г уншаад, өөрийгөө эдгээр шүлэгт байгаагаар төсөөлөн бод. Дараа нь 8-р шүлгийг унш. “Энэрэл хэзээ ч мөхөхгүй” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? 4–7-р шүлэгт жагсаасан зан чанаруудаас танд илүү сайн үлгэр жишээ байхад туслах зан чанар байгаа эсэхийг бодож үз.
-
Энэрэл нь аливаа бэлэгтэй адил Бурханаас ирдэг бэлэг хэдий ч бид үүнийг хүлээн авах ёстой. Моронай 7:48; 8:26-аас энэрлийн бэлгийг хэрхэн хүлээн авах талаар та юу мэдэж авсан бэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэрлийн тухай дараах чухал үнэнүүдийг заасан юм. “Энэрэл бол зөрчилдөөний эсрэг ерөндөг. Энэрэл бол бидэнд амиа боддог, өөрийгөө хамгаалдаг, бардам, атаархуу эгэл хүнээ орхиход тусалдаг сүнслэг бэлэг юм. Энэрэл нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн гол зан чанар. Энэрэл амар тайвныг тогтоогчийг тодорхойлдог.” Ерөнхийлөгч Нэлсоны үгсийг тунгаан бодох үед Сүнс танд юу хийхэд сүнслэгээр нөлөөлж байна вэ? Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг бусдад энэрч хайрлах сануулга болгон байнга харж болох газарт байрлуулах талаар бодож үз.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та Есүс Христийн дагалдагчийг хэрхэн таньж мэдэх вэ? “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн Аврагч заасан. Бүлгээрээ энэрлийн жинхэнэ үлгэр жишээ болсон, хүндэлдэг хүмүүсээ бод. Та тэднийг Христийн цэвэр хайрыг хэрхэн харуулж байхыг харсан бэ? Эдгээр хүний аль нэгд мессеж илгээх эсвэл зурвас бичиж, түүний талаар бахдан хүндэлдэг зүйлээ хуваалцах талаар бодож үз.
-
Өдөр тутмын зарим чухал сонголтын талаар ярилц. Дараа нь Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дээрх “Бурханаа хайрла, хөршөө хайрла” ([2022], 10–15) хэсгийг уншаарай. Эдгээр сонголт бүрийг хийхэд энэрлийн бэлэг хэрхэн удирдамж болж болох талаар ярилц.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах зөвлөгөөг бодож үз. “Танай гэр бүлд ямар ч асуудал бэрхшээл тулгарсан бай, тэдгээрийг шийдэхийн тулд юу ч хийх хэрэгтэй байсан бай, шийдвэрийн эхлэл, төгсгөл нь энэрэл буюу Христийн цэвэр хайр юм.” Хувь хүмүүс болон гэр бүлүүдэд өнөөдөр тулгарч байгаа зөрчилдөөн, атаа жөтөө зэрэг зарим асуудал, сорилт бэрхшээлийг жагсаан бичихийн тулд хамтран ажилла. Тэгээд та Моронай 7:45-ыг уншаад, энэ шүлэгт дүрсэлсэн энэрлийн зан чанарууд нь жагсаалт дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болох талаар ярилцаж болно. Дараа нь та асуудлуудын нэгийг шийдвэрлэхэд туслах энэрэлтэй байх энгийн төлөвлөгөө гаргаж болно. Төлөвлөгөөндөө Бурханыг оролцуулж, шаардлагатай бол бусдаас тусламж эрэлхийл.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98–101.
-
Үлиссэс Соарэс, “Энх амгалангийн Ханхүүгийн дагалдагчид,” Лиахона, 2023 оны 5-р сар, 85–87
-
Ж.Аннэтт Дэннис, “Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 80–82
-
Marvin J. Ashton, “The Tongue Can Be a Sharp Sword,” Ensign, May 1992, 18–20
-
“Энэрэл бол Христийн цэвэр хайр,” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 479–492