Номын сан
Есүс Христ


“Есүс Христ,” Сэдэв ба асуулт (2023)

Есүс Христ

Сайн мэдээг судлах удирдамж

Есүс Христ

Дэлхийн Гэтэлгэгч ба Аврагч

Энэ дэлхий дээр олон хүн Есүс Христийн тухай сонссон хэдий ч өөрсдийнх нь төлөө юу хийснийг мэддэггүй. Сэргээгдсэн сайн мэдээний захиас нь Есүс Христ бол зүгээр нэг түүхэн хүн төдий биш гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тэр бол аврал болон мөнх амьдралыг бүх хүнд боломжтой болгохын тулд бүхнийг хийсэн Бурханы Цорын Ганц Хүү юм. Аврагч, Гэтэлгэгчийнх нь хувьд Түүний үүргийн талаар суралцсанаар та Түүнийг ачааг тань хөнгөлж, амьдралыг тань үүрд өөрчилж чадна гэдгийг олж мэднэ. Та Есүс Христэд итгэж, Түүний хязгааргүй хүчинд итгэхийг сонговол энэ амьдралд тохиолдож болох бүхий л сорилт бэрхшээлийг даван туулахдаа удирдамж, тусламж хүлээн авах боломжтой.

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн Ууган бөгөөд Цорын Ганц Хүү юм. Мөнх бус байдлын өмнөх дэлхийд Есүс Христ Бурханы хүүхдүүдийн Аврагч байхаар сонгогдсон (Абрахам 3:27-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бидний нүглийн улмаас зовж үхүүлэхээр Түүнийг энэ дэлхий рүү илгээсэн (Иохан 3:16–17-г үзнэ үү). Есүс Христ тэнгэрлэг хүчээр үхлийг ялж, амилсан. Тэр одоо амьд. Тэр хэзээ нэгэн өдөр дэлхий рүү буцаж ирнэ гэж амласан (Сургаал ба Гэрээнүүд 133:10–11, 25-ыг үзнэ үү).

Сэдвийн тойм: Есүс Христ

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бурхан тэргүүтэн, Мөнх бус байдлын өмнөх амьдрал, Бүтээлт, Есүс Христийн төрөлт, Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, Есүс Христийн Цагаатгал, Амилалт, Есүс Христийн Хоёр дахь ирэлт, Аврал

1-р хэсэг

Есүс Христ бол дэлхийн Аврагч, Гэтэлгэгч юм

Христ доголон эрийг эдгээсэн нь

Есүс Христийн тухай буюу Түүний хэн болох, бидний төлөө юу хийсэн, биднийг юу мэдээсэй, хийгээсэй гэж хүсдэг зэргийг мэдэхээс илүү чухал зүйл бидэнд байхгүй. Судрууд болон орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаалууд бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний чухал үүргийг таньж мэдэхэд бидэнд тусалдаг.

Мөнх бус байдлын өмнөх дэлхийд Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн Аврагч байхаар сонгогдсон гэдгийг бид судруудаас мэдэж авдаг (1 Петр 1:19–20; Абрахам 3:27-г үзнэ үү). Есүс Христ анхнаасаа л Түүний хүүхдүүдийг аварч, өргөмжлөхөд зориулсан Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэх гол хүн нь байсаар ирсэн билээ. Есүс Христ Эцэгийн удирдлага доор тэнгэр, газрыг бүтээсэн (Мосе 1:32–33-ыг үзнэ үү). Хуучин Гэрээний үед Есүс Христийг агуу Иехова гэдгээр нь мэддэг байв. Тэрээр эртний бошиглогч, итгэгчдийг удирдан чиглүүлж байсан. Түүний хайр, нигүүлсэл сорилт бэрхшээлтэй үед тэднийг хүчирхэгжүүлж байсан.

Есүс Христ 2000 гаруй жилийн өмнө гайхамшигтайгаар төрж дэлхийд ирсэн юм. Тэрээр Израилын нутагт амьдарч, хүмүүсийн дунд тохинуулж байв. Тэрээр өвчтэй нэгнийг эдгээх, нас барагсдыг амилуулах зэрэг хүчит гайхамшгуудыг үйлдсэн билээ (Maтай 11:4–5-ыг үзнэ үү). Тэрээр Өөрийн Сүмийг байгуулж, Өөрийг нь дагах хүн бүхэнд наманчлал, нүглүүдийн өршөөл, мөнх амьдралын тухай заасан. Есүс Христ Эцэгтээ үргэлж дуулгавартай байж, төгс амьдралаар амьдарсан (2 Нифай 31:7-г үзнэ үү).

Гетсеманид залбирч буй Христ

Есүс Христ Эцэгийн хүүхдүүдийг аврахаар дэлхийд ирсэн учраас тэдний нүглийн төлөөсийг өөрийн хүслээр Өөр дээрээ авсан. Олон зууны өмнө Исаиа: “Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. … Гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай” (Исаиа 53:4–5) хэмээн бошиглосон байдаг. Есүсийн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн асар их зовлон шаналлыг Тэрээр амссан (Лук 22:44; Сургаал ба Гэрээнүүд 19:15–20-ийг үзнэ үү). Түүнийг баривчилж, хилс хэргээр яллаж, цаазаар авах ял оноожээ. Түүнийг хэрцгийгээр загалмайд хадсан бөгөөд Тэрээр тэнд зовж шаналан, бидний төлөө амиа өгсөн (Maтай 27:50-ийг үзнэ үү). Гэвч Түүний үхэл төгсгөл байгаагүй юм. Есүс Христ булшнаас өндийж, амилсан бөгөөд дагалдагчдадаа тохинуулжээ (Лук 24:36–40; 3 Нифай 11:8–15-ыг үзнэ үү).

Өнөө үед Есүс Христийн Сүмийн гишүүд Түүнийг амласныхаа дагуу дэлхийд эргэн ирэхийг нь харуулдан хүлээж байна. Энэ нь хэзээ тохиохыг хэн ч мэдэхгүй (Сургаал ба Гэрээнүүд 49:7-г үзнэ үү), харин Түүний Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүд болон үйл явдлуудын тухай судруудад өгүүлдэг. Их Эзэнийг эргэж ирэхэд дэлхий өөрчлөгдөж, Тэрээр зөв шударга хүмүүст бүх зүйлийг илчлэх болно (Сургаал ба Гэрээнүүд 101:23–34-ийг үзнэ үү).

Христ хүмүүстэй мэндчилж буй нь

Бодох зүйлс

  • Тэнгэрлэг Эцэг бидний аврал, өргөмжлөлийн төлөөх төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд Есүс Христийг сонгосон юм. Сургаал ба Гэрээнүүд 38:1–3-ыг уншиж, Есүс Христийн дэлхий дээр төрөхөөсөө өмнө эзэмшиж байсан мэдлэг, хүчийг авч үз. Их Эзэний мэдлэг, хүч чадлын хязгааргүй цар хүрээг мэдэх нь өнөөдөр Түүнд итгэх итгэл, найдварыг тань хэрхэн өсгөж болох вэ?

  • Есүс Христийг олон янзын нэр, цолоор мэддэг. Есүс Христийг яагаад Аврагч (Үйлс 4:10–12; Хиламан 14:15–16), Гэтэлгэгч (Тит 2:13–14; 2 Нифай 2:6–7, 26) гэж нэрлэдгийг илүү сайн ойлгохын тулд эдгээр судрын хэсгийг унш. Есүс Христ бол таны Аврагч, Гэтэлгэгч гэдгийг өөрөө мэдэж авах нь яагаад чухал вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийн гишүүдтэйгээ хамт “Excerpts from ‘The Living Christ: The Testimony of the Apostles’” (2:45) видеог үзэж, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхийг сануулж буй арга замуудыг олохоор сонс. Та мөн Судруудын удирдамж (Gospel Library) дахь “Есүс Христ” гэсэн хэсгийн хамгийн дээд талд байгаа хураангуйлсан мэдээллийг судлахад бүлгийн гишүүдийг урьж болно. Энэ мэдээлэл нь Есүс Христийг өөрийн Аврагч, Гэтэлгэгч хэмээн бодоход танд хэрхэн тусалж чадах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христэд ирэгтүн

Цагаан нөмрөг өмссөн Есүс Христ

Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь Хүү болох Есүс Христийг хүлээн авах хүмүүст элбэг дэлбэг адислалуудыг бэлтгэсэн (Сургаал ба Гэрээнүүд 84:37–38-ыг үзнэ үү). Есүс Христ: “Хэрэв та нар надад ирэх аваас та нар мөнх амьдралыг авах болно. Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч түүнийг би хүлээн авах болно” (3 Нифай 9:14) хэмээн тунхаглажээ. Бид Түүнд итгэж, нүглээ наманчилж, баптисм хүртэж, Бурханы зарлигуудыг дагаж, ариун сүмийн ариун нандин ёслолуудыг хүлээн авах үедээ Их Эзэний урилгыг хүлээн авах хүсэлтэй байгаагаа харуулдаг.

Бид итгэл, наманчлалаар Есүс Христэд даруухнаар хандах юм бол нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч чадна (Мозая 4:2–3-ыг үзнэ үү). Есүс Христийн Цагаатгал нь мөн бидэнд “бурханлаг хүч буюу өнөө үеийн ачаа дарамт, саад бэрхшээл, уруу таталтуудыг даван туулах хангалттай хүч[тэй]” байх боломжийг олгодог. Есүс Христээс бидний хүлээн авсан хайр, нигүүлсэл, өршөөл бидний амьдралыг үүрд өөрчилж, Бурханы хүслийг биелүүлэхээр урагшлах хүч чадлыг бидэнд өгнө (Мозая 5:2; Хиламан 15:7–8-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Есүс Христ бидний өвчин, шаналлыг өөр дээрээ авсан учраас биднийг сул дорой байдалтай байхад маань хэрхэн дэмжиж, туслахыг мэдэх болно. Алма 7:11–13-ыг уншиж, Есүс Христ та нарын зовлон шаналал, сорилт бэрхшээлийг хэрхэн төгс ойлгож, хэн ч танд ийн үйлдэхгүй байхад хүртэл таныг хэрхэн адисалж, тайтгаруулахаа мэддэг тухай эргэцүүлэн бод. Сорилт, уруу таталтын үед Аврагч хэзээ танд тусалсан бэ? Тайтгарал хэрэгтэй үед та Түүнд хэрхэн найдаж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Биднийг уучилж, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлэх хязгааргүй тэнгэрлэг хүч Есүс Христэд бий. Үүнийг мэдэх нь сорилт бэрхшээлийг илүү их найдвар тээн даван туулахад бидэнд тусалдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

    “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!”

    Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг ярилц. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа зарим асуулт, бэрхшээлийг олж тогтооход бүлгийн гишүүдийг урь. Бидний Аврагч Есүс Христээр дамжуулан шийдэл олох арга замуудын талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах