“Есүс Христийн Хоёр дахь ирэлт,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Есүс Христийн Хоёр дахь ирэлт
Есүс Христ агуу хүч, алдар суундаа дахин ирэх болно.
Та алс хол амьдардаг хамаатан эсвэл найзыгаа айлчлан ирэхийг тэсэн ядан хүлээж байсан үеэ төсөөлж чадах уу? Та уг айлчлалд бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? Тэр хүний ирэхийг тэсэж ядан хүлээх зуураа мэдэрсэн аз жаргал, бэлдэх явцад гаргасан цаг, хүчин чармайлтынхаа тухай бод.
Олон хүн Аврагчийн маань Хоёр дахь ирэлтийг ч мөн адил агуу ихээр хүсэн хүлээдэг. Тэр эргэн ирснээр дэлхий дээрх дайн, сөргөлдөөн төгсгөл болж, 1000 жилийн энх тайван, зөв шударга байдлын эхлэлийг тавих болно. Бид Аврагчийн эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг учраас найдвар тээж, баяр баясгалантай байж чадна. Есүс Христ ирэхдээ бүх буруу зүйлийг засаж, “нулимс бүрийг нь арчина” (Илчлэл 21:4) гэдгийг бид мэднэ.
Та Хоёр дахь ирэлтийн үйл явдлуудыг судлахдаа тэрхүү гайхамшигт үйл явдалд бэлтгэхийн тулд юу хийж байгаагаа мөн юу хийж болохоо бодож үз.
Хоёр дахь ирэлт гэж юу вэ?
Хоёр дахь ирэлт бол Есүс Христ дэлхий дээр эргэн ирж, захирах үе юм. Есүс өөрөө бас эртний болон орчин үеийн олон бошиглогч Есүсийг дэлхийд хоёр дахь удаагаа ирнэ хэмээн заасан (Исаиа 66:14–15; Матай 24:42–44, 50; Үйлс 1:11). Түүнийг агуу хүч, алдар суутай амилсан нэгэн болж эргэн ирэхэд энэ нь дэлхийг үүрд өөрчлөх болно. Тэр үед Аврагч дэлхийг Өөрийн хаант улс хэмээн зарлаж, дэлхий даяар амар амгаланг тогтоох болно.
Сэдвийн тойм: Хоёр дахь ирэлт
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христ, Амилалт, Наманчлал
1-р хэсэг
Есүс Христ алдар суу, хүч чадалтайгаар дэлхий дээр эргэж ирэх болно
Есүсийг дэлхийд анх ирэхэд ихэнх хүн энэ талаар мэдээгүй. Тэрээр гэрээсээ хол газарт эгэл жирийн эмэгтэйгээс төрсөн ба түүнийг тэжээлийн тэвшинд тавьсан байсан. Есүс хоёр дахь удаагаа ирэхдээ шавь нартаа “Хүний Хүү тэнгэр элч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирнэ” (Maтай 16:27) хэмээн хэлжээ.
Бошиглогчид мөн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар байнга ярьдаг байв. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг “энэ сүүлийн эрин үеийн оргил хэсэг” хэмээн нэрлэсэн юм. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийх онцгой хүч болон үүргийг авсан бөгөөд энэ зорилгын тулд сэргээгдсэн” гэж хэлжээ.
Христийг эргэн ирэхэд бүх хүн үүнийг мэдэх болно (Сургаал ба Гэрээнүүд 101:23-ыг үзнэ үү). “Ингээд Эзэний цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно” (Исаиа 40:5) хэмээн бошиглогч Исаиа бичсэн байдаг. Энэхүү агуу үйл явдал нь Мянган жил хэмээн нэрлэгддэг алдар суут 1000 жилийн үеийг эхлүүлэх ба Есүс дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно. Сатан ямар ч хүч үгүй байж (Илчлэл 20:1–3; Сургаал ба Гэрээнүүд 45:55-ыг үзнэ үү), бүх хүн амар амгалан, баяр хөөртэй амьдрах болно.
Бодох зүйлс
-
Есүс Христийг эргэн ирэхэд дэлхий дээрх бүх ёс бус явдал төгсөх болно. Тэр цаг зарим хүний хувьд яагаад аймшигтай байх вэ? (Та Сургаал ба Гэрээнүүд 29:17-г уншиж, тунгаан бодож болно.) Аврагчийн Хоёр дахь ирэлт яагаад зөв шударга хүмүүст айдас төрүүлэхгүй байх вэ? (Та 1 Нифай 22:17, 22-ыг уншиж, тунгаан бодож болно.)
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүсийг эздийн Эзэний хувиар дахин ирэх үед олон чухал үйл явдал болно. Та бүхэн дараах судрын хэсгүүдээс нэгийг эсвэл түүнээс олон хэсгийг судалж, удахгүй болох эдгээр үйл явдлын талаар юу сурснаа хуваалцаж болно. Үүнд: Матай 25:31–46; Сургаал ба Гэрээнүүд 29:9–11; 63:53–54; 76:50–54, 63; 88:96–98; 101:24–25; 133:19, 25; Итгэлийн тунхаг 1:10. Эдгээр үйл явдал Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Бяцхан Есүсийн зургийг хараад, үүнийг Түүний Хоёр дахь ирэлтийн зурагтай харьцуул. Та энэ хоёр зургийн зарим ялгааг ярихад тань тус болох “Есүс даруухан төрсөн” дууны шүлгийг унших юм уу дуулж болох юм. Эдгээр зураг болон энэ дуу нь бидэнд Есүс Христийн тухай юуг ойлгоход тусалж байна вэ?
-
“Есүс Христийн Хоёр дахь ирэлт” (3:02) видеог үзээд, Аврагчийн эргэн ирнэ гэдгийг онцолдог видеон дээр дурдсан зүйлсийн талаар ярилц. Видеон дээр Есүс Христийг эргэн ирэх үеийн Түүний байдлыг дүрслэхдээ ямар үгс ашигласан байна вэ? Эдгээр үг Түүний талаар бидэнд юу заадаг вэ? Та мөн “Израилын Гэтэлгэгч” эсвэл “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууллын үгсийг хамтдаа унших юм уу дуулж, энэ нь Аврагчийн тухай болон Түүний дэлхий дээр эргэн ирэх талаар юу зааж байгаа талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Малахи 3:1; Лук 21:25–28; Үйлс 1:9–11; Сургаал ба Гэрээ 36:8
-
(Нийл Л.Андэрсэн, “Таны хаанчлал ирэх болтугай,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112)
2-р хэсэг
Бид Аврагчийн эргэн ирэх үйл явцад бэлтгэх ёстой
“Тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ” (Maтай 24:36; мөн Сургаал ба Гэрээнүүд 49:7-г үзнэ үү). Христийн Хоёр дахь ирэлтийн цаг үе олон хүнд гэнэтийн зүйл байх болно (2 Петр 3:10; Сургаал ба Гэрээнүүд 106:4-ийг үзнэ үү). Гэхдээ Есүс Христийн жинхэнэ шавь нар үүнд гайхах хэрэггүй. Их Эзэн дагалдагчид нь “гэрлийн хүүхдүүд [байх болно], мөн тэр өдөр хулгайч мэт та нар дээр ирэхгүй” (Сургаал ба Гэрээнүүд 106:5) хэмээн хэлсэн.
Аврагч энэ эрин үеийн эхэн үеийн гэгээнтнүүдэд хандан, “ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн та нар, учир нь Их Эзэн ойрхон байна” (Сургаал ба Гэрээнүүд 1:12) хэмээн хэлжээ. Бошиглогчид мөн Аврагчийг эргэн ирэхэд бэлтгэх хэрэгтэй хэмээн дахин дахин ярьж байсан. “Хэдийгээр бид Хоёр дахь ирэлтийн талаарх баримтыг өөрчилж чадахгүй, мөн хэзээ болох тодорхой цагийг мэдэх боломжгүй ч, өөрсдийн бэлтгэлийг хурдасгаж, эргэн тойрныхоо хүмүүсийн бэлтгэлд нөлөөлөх боломжтой” хэмээн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс зөвлөжээ. Их Эзэн өөрийгөө удахгүй ирнэ гэдгийг илтгэх тэмдгүүдийг өгсөн бөгөөд бид эдгээр тэмдгийг хайж, судалж болно (жишээлбэл: Иосеф Смит—Матай 1-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Аврагчийг эргэн ирэхэд бидний бэлтгэх нэг арга зам бол Түүний Сүнс бидэнтэй хамт байж чадах газруудад байхыг хичээх явдал юм. “Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү хөдөл; учрыг болгоогтун, энэ нь даруй ирэх болой” хэмээн Их Эзэн эртний гэгээнтнүүдэд заасан. Яагаад та ариун газруудад байхыг Аврагчийн эргэн ирэхэд бэлтгэх сайн арга зам гэж бодож байна вэ? Ерөнхийлөгч Өүкс тайлбарлахдаа: “Тэдгээр ‘ариун газрууд’ гэж юу вэ? Тэдгээрт мэдээж ариун сүм болон ариун сүмийн гэрээнүүдээ итгэлтэй сахих явдал орно. Үүнд хүүхдүүдийг эрхэмлэн дээдэлж, эцэг эхчүүдийг хүндэлдэг гэр орон орох нь мэдээж. Ариун газруудад мэдээж санваарын удирдагчдаас өгсөн үүргээ, түүний дотор салбар, тойрог, гадаснууд дахь номлолын үүрэг болон дуудлагаа итгэлтэйгээр биелүүлэх нь орно.” Христэд төвлөрсөн үйл ажиллагаануудыг ариун газруудад явуулахад цаг заваа зориулснаар та хэрхэн адислагдаж байгаагаа бод. Эдгээр үйл ажиллагаа таныг Их Эзэнийг ирэхэд хэрхэн бэлтгэж байна вэ?
-
Иосеф Смит—Maтай 1-ийг уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудын талаарх бошиглолуудыг хайж ол. Эдгээр үйл явдлыг мэдэх нь тэдгээрт бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ? Та гэр бүл эсвэл найз нөхдөдөө Хоёр дахь ирэлтэд бэлэн байхад мөн үүнд хөтлөх сорилтын үйл явдлуудад хэрхэн тусалж чадах вэ? Зөрчилдөөн, ядуурал, хилэнц үгүй болох Хоёр дахь ирэлтийн дараах амьдралд та зүрх сэтгэлээ хэрхэн бэлтгэж болох вэ? Аврагчийг эргэн ирэхэд та нарт ямар зан чанар байх нь чухал гэж бодож байна вэ? Эдгээр зан чанарыг хэрхэн хөгжүүлэх вэ? Хүлээн авсан мэдрэмжээ бичиж, үүнийхээ дагуу үйлд.
-
Их Эзэний сэргээгдсэн Сүмийн нэрийн тухай бод. “Хожмын үеийн гэгээнтэн” гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ? Та нар Аврагчид итгэх, Түүний ирнэ гэдэгт итгэх итгэл найдварынхаа талаар бусдад мэдүүлэхийн тулд өдөр тутмын яриандаа Сүмийн нэрийг хэрхэн түлхүү ашиглаж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Аврагч Өөрийг нь эргэн ирэхэд ямагт бэлэн байхын ач холбогдлыг бидэнд заахын тулд арван онгон охины тухай сургаалт зүйрлэлийг хуваалцсан (Maтай 25:1–13; Сургаал ба Гэрээнүүд 45:56–57-г үзнэ үү). Ахлагч Дэвид А.Бэднар энэ сургаалт зүйрлэлд дүрсэлсэн тосны талаар: “Энэхүү үнэт тосыг нэг удаад нэг дуслаар буюу ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30) мөн тэвчээртэй, тууштай байж олж авдаг. Түүнийг олоход амархан товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм” гэж заасан. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд бид хувь хүн болон гэр бүл, тойргоороо хийж болох зүйлсийн талаар ярилцах үедээ нэг удаад нэг дусал тосоор савыг дүүргэж болно.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд “Түүний ирэлтээр Түүнийг хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүсийг” цуглуулахад туслах онцгой бөгөөд бурханлаг үүрэг бидэнд бий. “Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь” хэмээх ерөнхийлөгч Нэлсоны нийтлэлийг үз. Дараа нь Аврагчийг хүлээн авахад дэлхийг бэлтгэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярилц. Аврагч яагаад Өөрийнх нь ирэлтэд дэлхийг бэлтгэхээр хожмын үеийн гэгээнтнүүдийг томилсон гэж та бодож байна вэ? Бид үүнийг хэрхэн хийх вэ?
-
Зарим хүн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудын талаар бодох үедээ санаа зовох юм уу айж болох юм. Та нар хамтдаа дараах үгийг уншиж болно. “Аврагчийн ирэхэд бэлтгэх хамгийн сайн арга бол сайн мэдээг хүлээн авч, түүнийг амьдралынхаа нэг хэсэг болгох явдал. Бид Есүсийн дэлхий дээр байхдаа заасны дагуу өдөр бүр өөрсдийн чадах хамгийн сайнаар амьдрах ёстой. Бид бошиглогчийн удирдамжийг эрэлхийлж, Түүний зөвлөгөөг дагаж чадна. Бид Ариун Сүнс бидний чиглүүлэгч байхаар зохистой амьдрах хэрэгтэй. Тэгээд бид Аврагчийн ирэхийг ямар ч айдасгүй харин аз жаргалтайгаар хүсэн хүлээх болно.” Дараа нь эдгээр зөвлөгөө бүр нь сайн мэдээний дагуу илүү сайн амьдрахад бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилц. Ингэснээр бид Аврагчийн эргэн ирэхтэй холбоотой үйл явдлуудын талаар бодох үедээ тайван байж, амар амгаланг мэдэрч чадна.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном, Израилын цугларалт ба Хоёр дахь ирэлт,” Лиахона, 2014 оны 7-р сар
-
Д.Тодд Кристоффэрсон, “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99–101
-
Эйми А.Врайт, “Тэр өдрийг Христ дотор тэсэн гар,” Лиахона, 2023 оны 11-р сар, 9–12