“Израилын цугларалт,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Израилын цугларалт
Өнөө үеийн дэлхий дээрх хамгийн агуу үйл хэрэг
Та багваахай гэх мэт ургамлыг үлээхэд үр нь тархан хийсэж байхыг харж байсан уу? Тэдгээр бүх үрийг яаж дахин цуглуулах вэ? Боломжгүй санагдах байх. Гэвч Бурханы хувьд бүх зүйл боломжтой.
Хуучин Гэрээнд өөр нэг тараалтын талаар буюу Бурханы гэрээт хүмүүс “салхи шуурганы хамт … бүх үндэстний дунд тараа[гдах]” (Зехариа 7:14) талаар гардаг. Гэвч Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан тэднийг нэгэн цагт дахин цуглуулах болно хэмээн амласан (Дэд хууль 4:27–31-ийг үзнэ үү).
Бид үүнийг “Израилын цугларалт” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Есүс Христийн Сүм хожмын өдрүүдэд сэргээгдэж, Түүний сайн мэдээ дэлхий даяар тархсан цагаас эхэлсэн юм. Сайн мэдээний Сэргээлт урагш авчрагдахын хэрээр энэхүү цуглуулах хүчин чармайлт эрчимтэй өрнөсөн билээ.
Израилын цугларалт гэж юу вэ?
Израилын цугларалтын талаар ярих үед Израил гэж Абрахам, Исаак, Иаковын үр удмыг хэлж байгаа юм. Энэ нь мөн баптисмын гэрээгээр дамжуулан тэдний гэр бүлд хүлээн авагдсан хүмүүсийг хэлдэг. Эрт үед Бурхан Израилын хүүхдүүдийг ёс бус байдал, эсэргүүцлийнх нь улмаас тараасан. Бурханы хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, аврал болон өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэж, Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээр гэрээнүүдээ сахихыг хичээх үед Израил цуглардаг.
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Үүрдийн гэрээ, Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, Патриархын адислал, Есүс Христийн Хоёр дахь ирэлт
1-р хэсэг
Есүс Христийн Сүмийн гишүүд бол Израилын угсааны нэг хэсэг юм
Их Эзэн Адамтай үүрдийн гэрээгээ байгуулсан. Тэрээр гэрээгээ Абрахам, Сара хоёртой болон тэдний хүү Исаактай мөн нэрийг нь Израил болгон өөрчилсөн ач хүү Иаковтай шинэчлэн байгуулсан. Израилын үр удмыг Израилын угсаа гэж нэрлэдэг. Харин өнөө үед энэ нэр томьёог илүү өргөн хүрээнд хэрэглэдэг.
Есүс Христэд итгэж, Түүний сэргээгдсэн Сүмд нэгдэн, Түүний гэрээний замд орсон хэн боловч удам угсаанаасаа үл хамааран Израилын угсаанд цуглуулагдаж, Их Эзэний гэрээт хүмүүсийн нэг хэсэг болдог (Гэтлэл 6:7; 1 Нифай 14:14; 3 Нифай 21:6; Абрахам 2:10). Христийн эдгээр дагалдагч бол гэрээний хүүхдүүд юм (3 Нифай 20:25–27-г үзнэ үү). Тэд гэрээгээ сахиснаар Абрахам, Исаак, Иаков нарт амласан адислалуудыг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээнүүд 38:17–20; 132:30–31; Абрахам 2:9–11).
Бодох зүйлс
-
Сүмийн гишүүд хэрхэн Израилын угсааны нэг хэсэг болдог талаар илүү ихийг мэдэхийн тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурхан ялах болтугай” гэсэн үгийг судалж болно. “Израил”-ын нэг хэсэг байна гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ? Та бас “Израилын Гэтэлгэгч,” “Израил аа, Бурхан дуудаж байна,” “Израилын найдвар” гэх мэт Израилын тухай өгүүлдэг дууллуудын үгийг уншиж эсвэл сонсоод, “Израил” гэдэг үгийг “гэрээгээ сахигчид” гэх үгээр орлуулж, ингэснээр ямар ойлголт олж авснаа хар.
-
Ахлагч Дэвид А.Бэднар Бурханы хуулиудыг дагаснаар Түүний гэрээт хүмүүсийн нэг хэсэг байхыг сонгохын ач холбогдлын талаар ийн заажээ. “Бидэнд Бурханы дуудлага, энэ дуудлагад хэрхэн хандах сонголт хоёрын аль аль нь байна. Олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддог билээ. Байх эсвэл сонгогдох гэдэг нь бидэнд өгөгддөг хязгаарлагдмал төлөв байдал биш юм. Харин ч та бид эцсийн эцэст ёс суртахууны сонгох эрхээ зөв шударгаар ашигласнаар сонгогдохыг сонгож чадна.” Бид Израилын угсааны хэсэг болж “сонгогдохыг сонгох” үед бидэнд ямар адислалууд ирэх вэ? Та сонгогдохыг сонгохын тулд өөр юу хийж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та нар ерөнхийлөгч Нэлсоны “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” хэмээх үгийн таних тэмдгийн тухай өгүүлсэн хэсгийг хамтдаа уншиж болно. Дараа нь хүнсний болон бусад савны шошгыг хараад, шошго нь тэдгээр зүйлийн талаарх бидний бодол санаанд хэрхэн нөлөөлдгийг ярилц. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд ямар гурван таних тэмдэг бусад бүх таних тэмдгээс илүү чухал гэж хэлсэн бэ? “Гэрээний хүүхэд” гэсэн таних тэмдэг нь Израилын угсааны гишүүн байхаас ирэх адислалуудыг ойлгоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ? 3 Нифай 20:25–27-г уншаад, Их Эзэн Өөрийнх нь гэрээт хүүхдүүд биднээс юу хүсэн хүлээдэг талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байгааг ярилц.
-
Бурхан олон зууны туршид тодорхой хүмүүстэй үүрдийн гэрээ байгуулсаар ирсэн ч тэрхүү гэрээнд хүн бүр оролцох боломжтой. Ахлагч Квинтин Л.Күк: “Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хүмүүс удам угсаанаасаа хамаарахгүйгээр, цугларсан Израилын нэг хэсэг болно” хэмээн заажээ. Та Израилын цугларалтын нэгэн хэсэг байхын ач холбогдлын талаар илүү ихийг мэдэхийн тулд ахлагч Күкийн “Гэртээ аюулгүй цуглах нь” захиасыг уншиж болно. Сурсан зүйлийнхээ талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Эхлэл 48–49; Галат 3:14, 27–29; Иаков 5; 3 Нифай 20–23
-
Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 4–11
2-р хэсэг
Израилын цугларалт бол өнөө үеийн дэлхий дээрх хамгийн агуу үйл хэрэг юм
Эртний израилчууд Иеховаг эсэргүүцэж Түүнтэй байгуулсан гэрээнүүддээ үнэнч байгаагүйн улмаас тараагдсан (Леви 26:33; Дэд хууль 4:23–27). Ийнхүү тараагдах нь цаг хугацааны явцад израилчууд бусад үндэстэнд эзлэгдэн, боолчлолд аваачигдах үед тохиосон юм (2 Хаад 17:6–23; 25:1–12; 1 Нифай 22:3–5). Бүр илүү эмгэнэлтэй нь, тэднээс олон нь Бурханы гэрээт хүмүүс гэдгээ мартжээ (2 Нифай 6:8–11-ийг үзнэ үү).
Гэвч Их Эзэн тэднийг мартаагүй. Тэрээр Өөрийн хүмүүсийг хэсэг хугацаанд тараагдсаны дараа цуглуулах болно гэж амласан (2 Нифай 10:6–8; Сургаал ба Гэрээнүүд 33:6). Бурханы хүмүүс Есүс Христийн сайн мэдээний талаар мэддэг болж, Түүнд ирэх үедээ цуглуулагддаг (1 Нифай 19:16-г үзнэ үү).
Бурханы хүмүүсийг цуглуулах ажлын гол зорилго бол ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад нь тэдэнд тусалж, тэднийг авралд бэлтгэх явдал гэж бошиглогч Иосеф Смит заасан. Тараагдсан Израилыг цуглуулах нь бошиглогч Иосефын үед чухал байсны адил өнөө үед ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг өнөөдөр “дэлхий дээрх хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэг” гэж нэрлэсэн. Энэ нь Бурханы хүүхдүүд Түүнийг мэддэг болж, эцэст нь Түүнд эргэн ирэх арга зам юм.
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалтын ач холбогдлын талаар олонтоо ярьсан. Тэрээр: “Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч болгохыг сонгосон хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна. Олон зууны туршид бошиглогчид энэ цугларалтын тухай зөгнөн хэлсэн байдаг ба яг одоо ид өрнөж байна! Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх нэн чухал оршил үйл явдлын хувьд энэ нь дэлхий дээрх хамгийн чухал ажил билээ!” хэмээн тунхаглажээ. Энэ бол дэлхий дээрх “хамгийн чухал ажил” гэсэн нь юу гэсэн утгатай байж болохыг бод. Энэ мэдлэг нь танд цаг зав, авьяас чадвар, хүч чадал, нөөц боломжоо яаж зарцуулах талаар шийдвэр гаргахад хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та 3 Нифай 10:5–6 болон Сургаал ба Гэрээнүүд 29:1–8-ыг судлаад, Их Эзэн хэрхэн эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулж байгаа талаар ярилцаж болно. Израилыг цуглуулах нь эм тахиа дэгдээхэйнүүдээ цуглуулахтай хэр адил вэ? Судрын эдгээр хэсгийг болон энэ асуултыг тунгаах зуураа эм тахиа болон дэгдээхэйнүүдийн зургийг хар. Зурган дээрээс чухал гэж үзсэн нарийн ширийн зүйлсийг нэг нэгэнтэйгээ хуваалц. Эдгээр нарийн ширийн зүйл Их Эзэний бидэнд цугларалтын тухай заахыг хүссэн зүйлийг ойлгоход хэрхэн туслах вэ? Бид бусад гэгээнтэнтэй хамт цуглуулагдах үедээ бие махбод болон сүнслэг байдлын хувьд хэрхэн хамгаалагддаг вэ?
-
Та өнөө үеийн цугларалтын талаар илүү ихийг мэдэхийн тулд “Jesus Christ Prophesies of the Gathering of Israel” видеог үзэж болно. Аврагч энэ түүхэнд Израилын цугларалт хэрхэн гүйцэлдэх талаар юу заасан бэ? Сурч мэдсэн зүйлийнхээ талаар болон энэ нь өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Ефес 1:10; 1 Нифай 22:7–12; Сургаал ба Гэрээнүүд 27:13; 133:26–32; Итгэлийн тунхаг 1:10
-
Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 79–81
-
“Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022, 125–127
3-р хэсэг
Гэгээнтнүүд Их Эзэнд Израилыг цуглуулахад нь туслах үүрэгтэй
Израил сүнслэг байдал болон бие махбодын аль алинаар цуглардаг (1 Нифай 22:3; Сайн мэдээний зарчмууд [2011], 274-ийг үзнэ үү). Есүс Христийн Сүм сэргээгдсэний дараахан Их Эзэн гэгээнтнүүдэд Охайогийн Көртланд, Миссуригийн Индэпэндэнс; Иллинойн Науву; цаашлаад Солт Лэйкийн хөндийд биечлэн цугларахыг зарлиглажээ. Өнөөдөр Сүмийн гишүүд нэг газар цугларахын оронд Аврагчид буюу Түүний сургаал, гэрээнүүдэд нэгдэн, амьдарч буй газраа Их Эзэний Сүмийг байгуулж байна (2 Нифай 10:2-ыг үзнэ үү).
Сүмийн гишүүд уг цугларалтад туслах үүрэгтэй (Сургаал ба Гэрээнүүд 29:2, 7; 88:81; Абрахам 2:10–11-ийг үзнэ үү). Сайн мэдээг хуваалцах нь энэхүү хичээл зүтгэлийн амин чухал хэсэг юм. Амьд болон нас барсан хүмүүсийн аль алиных нь дунд Израилыг цуглуулахад туслахыг эрэлхийлэх үед ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил ч бас чухал.
Бодох зүйлс
-
Ахлагч Роналд А.Расбанд Израилыг цуглуулахад туслах явцад номлогчийн ажил чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр: “Бурханы хүүхдүүд ‘тэдний тэргүүн дээр цутгагдаж болох агуу адислалуудыг’ [3 Нифай 10:18] мөн ‘үүрд мөнхийн баялгуудын’ [Сургаал ба Гэрээнүүд 78:18] амлалтыг хүлээн авч болохын тулд бид энэ хожмын үед тэднийг цуглуулж байна. Үүнтэй холбогдуулан Израилыг цуглуулахад бидэнд номлогчид хэрэгтэй байна. [Одоо байгаагаас] ч илүү олон номлогч хэрэгтэй байна. … Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувиар би та нарыг Израилыг цуглуулахад номлогчоор үйлчлэхэд … урьж байна” гэсэн. Номлогч байх албан ёсны дуудлагатай байсан ч бай, үгүй ч бай, Их Эзэнд хүмүүсээ цуглуулахад нь хэрхэн тусалж болох талаар бод. Төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээнүүд 18:10–16-г хамтдаа уншиж, Бурхан хүүхдүүдийнхээ талаар юу мэдэрдэг тухай сэтгэгдлээ хуваалц. Өөрийнхөө хүүхдүүдийг цуглуулах ажил Түүний хувьд яагаад тийм чухал вэ? Израилыг цуглуулахад туслахад бидэнд сүнслэгээр нөлөөлөх ямар зүйлсийг эдгээр шүлгээс олох вэ?
-
Бид Израилыг цуглуулахад хэрхэн тусалж чадах вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах хүчирхэг тайлбарыг тунгаа. “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш нэг алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.” Израилыг цуглуулах ажлын хэсэг болох үйл ажиллагааны жагсаалтыг гаргах нь хөгжилтэй байж болох юм. Хэн хамгийн урт жагсаалт гаргахаа хараарай. Түүнчлэн та нар Израилыг цуглуулах агуу ажилд туслахын тулд энэ долоо хоногт хийсэн эсвэл ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бие биетэйгээ хуваалцаж болно. (Жишээлбэл: Хүүхдийн хэсэгт эсвэл ням гаргийн ангид заах, гэр бүлийн түүхийн ажил хийх, ариун сүмд орох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр судар хуваалцах эсвэл тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах зэрэг байж болно.) Та хүмүүсээ Өөртөө цуглуулах ажилд нь Бурханд тусалснаар ямар адислалуудыг харсан бэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Исаиа 11:11–12; Иеремиа 16:14–16
-
Сүмийн түүхийн сэдвүүд, “The Gathering of Israel,” Gospel Library
-
Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144