Номын сан
Гэрлэлт


“Гэрлэлт,” Сэдэв ба асуулт (2023)

Алхаж буй залуу хос

Сайн мэдээг судлах удирдамж

Гэрлэлт

Эхнэр, нөхөр хоёр мөнхөд нэгдэн нийлэх боломж

Олон хүн гэрлэх мөчөө агуу баяр хөөртэйгөөр тэсэн ядан хүлээдэг. Гэрлэлтэд ер бусын сайхан, итгэл найдвар төрүүлэм зүйл байдаг. Гэрлэхээр сүй тавьсан хүмүүс хэн хүнээс илүү хайртай хүнтэйгээ шинэ амьдрал эхлүүлэхээр сэтгэл догдолдог.

Бид гэрлэснийхээ дараа гэр бүлийн харилцаагаа эрүүл, бат бөх байлгахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Аз жаргалтай, бат бөх гэр бүлийг бий болгоход хуримын дараах урт удаан хугацааны хөдөлмөр, тэвчээр, даруу зан, өршөөл, үнэнч байдал шаардлагатай. Гэсэн ч энэ их хичээл зүтгэл агуу шагнал авчрахуйц билээ. Их Эзэний өргөөнд гүйцэтгэсэн ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан гэрлэлт мөнхөд үргэлжлэх боломжтой. Ариун сүмийн гэрлэлтийг селестиел гэрлэлт гэж бас нэрлэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Селестиел гэрлэлт, өөр ямар ч харилцаа холбооноос илүү аз жаргалтай байх боломжийг бий болгодог” хэмээн заасан байдаг.

Гэрлэлт гэж юу вэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас томилогддог хэмээн заадаг (Сургаал ба Гэрээнүүд 49:15; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library-гаас үзнэ үү). Ариун сүмд лацдан холбуулсан эхнэр, нөхөр хоёр Бурхантай болон өөр хоорондоо гэрээ байгуулдаг. Хэрэв тэд гэрээндээ үнэнч байвал гэрлэлт нь мөнхөд үргэлжлэх болно.

Сэдвийн тойм: Гэрлэлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Үүрдийн гэрээ, Гэр бүл, Хишиг ба лацдан холбох ёслолууд

1-р хэсэг

Гэрлэлт бол Бурханы аз жаргалын төлөвлөгөөний цөм юм

Инээлдэж буй хос

Бид Бурханы мөнхийн гэр бүлийн нэг хэсэг бөгөөд дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт Тэнгэрлэг Эцэг, Эх хоёртойгоо амьдарч байсан. Тэнд бидэнд сурч мөн өсөж хөгжих боломж олгох төлөвлөгөөний талаар заасан юм. Тэрхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгон бид дэлхийд гэр бүлээрээ ирсэн. Эдгээр гэр бүл бидэнд өсөж хөгжин, Бурхантай илүү адилхан болоход тусалж чадна.

Гэрлэлт бол Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний цөм юм. Бошиглогч Иосеф Смит заахдаа гэрлэлт бол “Бурхан Өөрөө, мөнхийн санваарын эрх мэдлээр Едений цэцэрлэгт анх ёсжуулсан тэнгэрийн байгууллага” хэмээсэн. Гэр бүлүүд маань Их Эзэний өргөөнд тэрхүү санваарын хүчээр дамжуулан мөнхөд лацдан холбуулах үед бид мөнх бус байдлын өмнөх амьдралд үндэслэсэн, Бурханаас өгөгдсөн мөнхийн загварыг дагадаг.

Бурхан гэрлэлтийг үндэслэсэн нэг шалтгаан бол бид бие биеэсээ илүү сайн суралцаж, бие биеэ халамжилж болохын тулд билээ. Бат бөх гэрлэлт нь илүү бат бөх гэр бүлүүд рүү хөтөлдөг бөгөөд энэ нь мөнхийн зорилгоо гүйцэлдүүлэхэд бидэнд тусалдаг. Бат бөх гэр бүлүүд нь түүнчлэн энэ дэлхий дээр бат бөх нийгмийг бий болгоход хөтөлдөг. Есүс Христийн сайн мэдээний зарчмууд дээр үндэслэсэн гэрлэлт нь өсөж хөгжин, энэ амьдралын хамгийн агуу баяр баяслыг мэдрэхэд бидэнд тусалж чадна. Эдгээр нь мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрах мөнх амьдралд биднийг бэлтгэхэд тусалж чадна.

Бодох зүйлс

  • Ахлагч Үлиссэс Соарэс: “Гэрлэлтийн харилцаанд давуу болон дутуу байдал гэж үгүй бөгөөд [эхнэр нөхрийн] хэн нь ч бусдаасаа түрүүлж эсвэл хоцорч алхдаггүй. Тэд Бурханы бурханлаг үр удмын хувиар зэрэгцэн алхдаг. Тэд бодол, хүсэл, зорилгоороо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой нэг бол[дог]. … [Ийм хосууд] хүндэтгэл, талархал, хайраар хамтдаа алхаж, мөнх байдалд хүрэх аялалдаа өөрсдийгөө умартан, бие биеийнхээ сайн сайхныг эрэлхийл[дэг]” гэжээ. Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болох “мөнх байдалд хүрэх аялал”-ынхаа талаар бод. Хань ижилтэйгээ “зэрэгцэн” алхах нь энэ аянд тань хэрхэн туслах вэ? Хэрэв та гэрлэсэн бол ханьтайгаа энэ аялалд илүү их хүндэтгэл, талархал, хайраа харуулахын тулд юу хийж болох вэ? Мөн ханьдаа зориулж ямар нэг тодорхой зүйл хийхээр төлөвлөж болно. Төрсөн мэдрэмжүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсон гэрлэлт болон үүнтэй холбоотой зарим адислалыг хараахан хүлээн аваагүй байгаа хүмүүсийн талаар ийн өгүүлсэн юм.

    “Та нарын зарим нь сэтгэлд нийцсэн хүнээ олохгүй байх, ижил хүйстэндээ татагдах, бие махбодын болоод оюун санааны хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бүтэлгүйтнэ гэсэн айдастай байх зэрэг шалтгаанаас болоод гэрлэлтийн адислал авч чадаагүй байгаа. Эсвэл та нар гэрлэсэн боловч гэрлэлт тань салалтаар төгсөж, хоёр хүний ажлыг ганцаараа хийж байгаа байх. Та нарын зарим нь гэрлэсэн боловч асар их хүсэж, гуйн залбираад ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа.

    … Есүс Христэд итгэж найдсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөр бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй.”

    Та ахлагч Кристоффэрсоны үгсээс гэрлэлтийн адислалуудыг хүлээн аваагүй эсвэл яг одоо эдгээр адислалыг мэдрээгүй байгаа танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд тусалж болох юуг олсон бэ? Бурхан “гачигдал, гарз” амссан болон “Өөрт нь ханддаг хүмүүсийг” хэрхэн адисалдаг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Сургаал ба Гэрээнүүд 121:36–42-ыг ханьтайгаа эсвэл бусадтай хамт уншиж, энэ хэсэг гэрлэлттэй хэрхэн холбогдож байгааг ярилц. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн зөвлөжээ. “Хэрэв бид нэг нэгнээсээ муу муухай зүйлсийг биш, харин сайн сайхан чанаруудыг эрж хайх юм бол хүмүүсийн маань гэр орон илүү их аз жаргалтай байна гэдэгт би итгэлтэй байдаг. Гэр бүл салалт, үнэнч бус байдал, уур хилэн, өс хонзон, хэрүүл маргаан хамаагүй бага байх болно. Тэнд илүү их уучлал, хайр, амар амгалан, аз жаргал байх болно. Энэ бол Их Эзэний хүсэл юм.” Гэрлэлт бол аз жаргалын төлөвлөгөөний цөм гэдгийг санах нь ерөнхийлөгч Хинклигийн зөвлөгөөг дагахад бидэнд хэрхэн тусалж чадах талаар ярилц. Дараа нь та нар гэрлэлтээс илүү их аз жаргалыг олох санаануудаа хуваалцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн ачаар гэрлэлт мөнхийн байж чадна

Ариун сүмд буй хос

1843 онд бошиглогч Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээнүүд 132 дээр цэдэглэсэн, мөнхийн гэрлэлтийн сургаалыг агуулсан нэгэн илчлэлтийг хэлж бичүүлжээ. Энэ бол гэрлэлт санваарын эрх мэдэл, амлалтын Ариун Сүнсээр лацдагдвал дэлхий дээр болон үүрд мөнхөд аль алинд нь хүчинтэй гэх сургаал юм. Мөнхийн гэрлэлтийг түүнчлэн селестиел гэрлэлт эсвэл “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” (Сургаал ба Гэрээнүүд 131:2) гэж нэрлэдэг . Энэ нь ариун сүмийн лацдан холболт хэмээн нэрлэдэг санваарын ёслолоор дамжуулан боломжтой болдог. Энэхүү ариун нандин ёслолыг Их Эзэний өргөөнд гүйцэтгэдэг.

Мөнхийн гэрлэлт нь эхнэр, нөхөр, Их Эзэн гурвын хооронд гэрээт харилцааг бий болгодог. Мөнхийн гэрлэлтийн гэрээ нь өргөмжлөлд шаардлагатай (Сургаал ба Гэрээнүүд 131:1–4-ийг үзнэ үү). Хэрэв бид энэ гэрээнд үнэнч байвал гэрлэлт, гэр бүлийн харилцаа маань мөнхөд үргэлжлэх болно.

Бодох зүйлс

  • Сургаал ба Гэрээнүүд 132:19–20-ийг уншаад, эдгээр шүлэг гэрлэлтийн гэрээний талаар юу зааж байгааг тунгаан бод. Жюли Б.Бэк эгч: “Ариун сүмийн гэрлэлтийн гэрээнд бүрэн хамтарч орсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн итгэлтэй байвал уг гэрээний адислалуудыг адил тэгш хүртдэг [Сургаал ба Гэрээнүүд 131:1–2-ыг үзнэ үү]. Тэдний гэрээ энэ амьдралын дараа хүчинтэй байх бөгөөд тэдэнд хүч, өргөмжлөл амлагдсан хэмээн Их Эзэн хэлсэн билээ [Сургаал ба Гэрээнүүд 132:19–20-ийг үзнэ үү]” гэж заасан. Гэрээний гэрлэлтийн амлагдсан адислалууд нь хэцүү цаг үед гэрлэсэн хосуудад бие биедээ үнэнч үлдэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Герман дахь тоосгон байшин
  • Бурхан биднийг зүгээр нэг гэрлэлт биш, харин мөнхийн гэрээт гэрлэлтийг бий болгоосой гэж хүсдэг. Ахлагч Брүс С.Хэйфэн “Гэрээний гэрлэлтэд асуудал гарахад эхнэр, нөхөр хоёр асуудал дээрээ ажиллан шийдвэрлэдэг. Тэд бие биетэйгээ байгуулсан гэрээнүүдийнхээ хүрээнд Бурханд болон нийгэмдээ өгч мөн өсөж хөгжихийн тулд гэрлэдэг” гэж заасан. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн зөвлөлд үйлчилж байхдаа “Агуу гэрлэлт өдрөөс өдөрт, нэг нэгээр тоосго тавихтай адил амьдралын туршид бий болдог юм” гэжээ. Дээрх тоосгон байшингийн зургийг хараад бат бөх гэрлэлтийг бүрдүүлэх “тоосгонууд”-ын тухай бод. Та ерөнхийлөгч Угдорфын “Авран хадгалдаг тэднийг магтъя” ерөнхий чуулганы захиасыг уншиж, эхнэр, нөхрүүдэд өгсөн түүний зөвлөгөөг эргэцүүлэн бодож болно. Та гэрлэлтээ бэхжүүлэх эсвэл бат бөх гэрлэлтэд бэлтгэхийн тулд дараагийн хэдэн 7 хоногт ямар “тоосгонууд”-ыг өрж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Гэрлэлтээ бат бөх байлгах хүчин чармайлт нь маш өргөн үр нөлөөтэй. Гэрлэлт нь эхнэр нөхөрт төдийгүй үр хүүхэд, үр хүүхдүүдийн үр удамд мөнхөд нөлөөлдөг. Ахлагч Мэттю Л.Карпэнтэр “Үүрд үлдэх жимс” захиасандаа гэрлэлтийн гэрээний “жимсийг” хадгалахын ач холбогдлын талаар жимсийг шилэн саванд нөөшлөхтэй зүйрлэн хэлсэн. Тэрээр: “Хэрэв бид Бурхантай гэрээнүүд байгуулж, сахивал гэрээтэй хамт дагалдан ирэх адислалууд энэ амьдралын дараа ч үргэлжлэх ба үүрд үлдэх жимс болж, бидний дээр үүрд лацдагдах буюу нөөцлөгдөх болно” гэж заажээ. Та нар хамтдаа нөөшилсөн жимс идэнгээ уг захиасыг уншиж эсвэл сонсож болно. Гэрлэлтээ хэрхэн тэтгэж, энэ амьдралаас гадна үүрд мөнхөд “үлдэх жимсийг” бий болгох тухай ярилц.

  • Ихэнх гэрлэсэн хосуудад үе үе хүндрэл бэрхшээл тулгардаг бөгөөд мөнхийн гэрлэлтэд хүрэх боломжгүй мэт санагдаж болно. Гэвч ерөнхийлөгч Хинкли: “Гэрлэлтийн ихэнх асуудлын шийдэл нь гэр бүл салалт биш. Энэ нь наманчлал, уучлал, сайхан сэтгэл, анхаарал халамжийн илэрхийлэлд оршдог. Энэ нь алтан дүрмийн хэрэгжилтээс хамаардаг” гэж зөвлөсөн. Хэрэв гэрлэлтэд тань сорилт бэрхшээл тулгарч байгаа бол гэрээнүүдээ санах нь хүсэж байгаа өөрчлөлтүүдийг гаргахад хэрхэн тусалж болох талаар хамтдаа ярилц. Гэрлэлтэд тань бэрхшээл үүсгэж байгаа ямар нэг зүйлийг сонгоод, үүнийг шийдвэрлэхийн тулд хамтран ажилла (Танд туслах олон санаа Сүмийн Гэрлэлтийг хүчирхэгжүүлэх нь удирдамжид бий). Шаардлагатай бол итгэл даах хүнээс (Сүмийн удирдагч, сэтгэл засалч, гэрлэлтийн зөвлөх гэх мэт) тусламж хүс.

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Рассэлл M.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107.

  2. History, 1834–1836, page 136, josephsmithpapers.org.

  3. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library-аас үзнэ үү.

  4. Үлиссэс Соарэс, “Их Эзэнтэй хамтрах,” Лиахона, 2022 оны 11-р сар, 42–43.

  5. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

  6. Gordon B. Hinckley, “Living Worthy of the Girl You Will Someday Marry,” Ensign, May 1998, 51.

  7. Julie B. Beck, “An Outpouring of Blessings,” Liahona, May 2006, 12.

  8. Bruce C. Hafen, “Covenant Marriage,” Ensign, Nov. 1996, 26.

  9. Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60.

  10. Мэттю Л.Карпэнтэр, “Үүрд үлдэх жимс,” Лиахона, 2024 оны 5-р сар, 62.

  11. Gordon B. Hinckley, “The Women in Our Lives,” Liahona, Nov. 2004, 84.