“Санах зүйлс: Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Санах зүйлс
Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших
Хуучин Гэрээний Эхлэл номоос Естер хүртэлх номуудаас бид ихэвчлэн түүхийн үйл явдлыг сүнслэг талаас нь дүрслэн өгүүлж хүүрнэсэн болохыг мэдэж болно. Ноа хөвөгч авдар барьж, Мосе Израилыг чөлөөлж, Ханна хүүтэй болохын төлөө залбирсан гэх мэт. Бид Иовын үеэс эхлэн бичгийн өөр хэв маягийг хардаг. Хуучин Гэрээний зохиогчид эдгээр номд гүн гүнзгий мэдрэмжийг эсвэл агуу бошиглолуудыг мартагдашгүй арга барилаар илэрхийлэхийн тулд яруу найргийн хэл рүү хандсан байдаг.
Хуучин Гэрээний түүхэн номуудад яруу найргийн шигтгээ энд тэнд нь оруулсан хэд хэдэн жишээг бид өмнө нь харсан. Харин Иов номоос хойш яруу найраг илүү түлхүү орж ирэхийг бид мэдэх болно. Иов, Дуулал, Сургаалт үгс зэрэг нь бараг бүхэлдээ, харин Исаиа, Иеремиа, Амос гэх мэт бошиглогчдын бичвэрүүд хэсэгчлэн яруу найраг хэлбэрээр бичигдсэн байдаг. Яруу найраг унших нь энгийн түүх уншихаас өөр тул үүнийг ойлгохын тулд ихэвчлэн өөр унших аргачлал хэрэгтэй. Хуучин Гэрээний яруу найргийн утга учрыг олоход тань туслах зарим санааг доор өгөв.
Еврей яруу найрагтай танилцах
Нэгд, Хуучин Гэрээн дэх еврей яруу найраг нь бусад яруу найргийн адил толгой холбож бичээгүйг мэдэх нь тустай байж болно. Хэдийгээр хэмнэл, үгийн тавилт, авианы давталт нь эртний еврей яруу найргийн онцлог шинж чанар ч гэсэн энэ нь ерөнхийдөө орчуулгын явцад алдагдсан байдаг. Таны анхаарч болох нэг онцлог шинж бол “параллелизм” гэж нэрлэгддэг ямар нэгэн бодол буюу санааг давтах явдал юм. Исаиагийн дараах энгийн жишээ байна:
Сион оо, хүч чадлаар хувцаслагтун.
Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. (Исаиа 52:1)
Дуулал 29-д давтсан мөр олон байдаг. Жишээлбэл:
ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай. (Дуулал 29:4)
Мөн хоёр дахь мөрд эхний мөрийн хэсэг давтагдана гэдгийг мэдсэнээр уг судрын хэсгийг ойлгоход илүү амар хялбар болгодгийг харуулсан нэг жишээ дурдъя.
Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд,
Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн. (Амос 4:6)
Эдгээр жишээн дээр яруу найрагч нэг санааг бага зэрэг ялгаатай байдлаар давтсан байна. Энэ арга барил нь давтагдаж байгаа санааг онцлохын зэрэгцээ ялгаатай байдлыг ашиглан илүү бүрэн дүрсэлж, үйл явдлыг өрнүүлдэг.
Өөр нөхцөлд доор жишээнд харуулснаар хоёр давтагдсан хэсэгт ижил төстэй хэллэг ашиглан эсрэг тэсрэг хоёр санааг илэрхийлжээ.
Эелдэг хариулт уурыг зайлуулдаг:
Эвгүй үгс хилэнг хөдөлгөдөг. (Сургаалт үгс 15:1)
Энэ параллелизм нь тохиолдлын шинж чанартай зүйл биш юм. Бичээчид зориуд ийн бичдэг байжээ. Энэ нь тэдэнд сүнслэг мэдрэмж эсвэл үнэнийг хүч чадал, гоо үзэсгэлэнгээр илэрхийлэхэд тусалсан. Тиймээс Хуучин Гэрээний бичвэрт параллелизм орсон байхыг олж харвал энэ нь бичээчийн захиасыг ойлгоход тань хэрхэн тусалж байгааг өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл: Исаиа “үзэсгэлэнт хувцас”-ыг “хүч чадал”-тай, “Сион”-ыг “Иерусалим”-тай холбосноор юу хэлэхийг хүссэн бэ? (Исаиа 52:1) Хэрэв “эвгүй үгс” гэдэг нь “эелдэг хариулт” гэсэн хэллэгийн эсрэг агуулгатай гэдгийг мэдэж байвал бид энэ талаар ямар дүгнэлтэд хүрч болох вэ? (Сургаалт үгс 15:1).
Тэрээр бодгалийг сэргээсэн, Волтэр Рэйн
Еврей яруу найраг бол миний шинэ найз
Зарим хүн яруу найраг уншихыг шинэ хүнтэй уулзахтай харьцуулдаг. Хуучин Гэрээний яруу найргийг унших нь биднээс өөр хэлээр ярьдаг, биднээс алсад амьдардаг буюу хоёр мянга гаруй настай хэн нэгэнтэй уулзахтай адил байж болох юм. Тэр хүн эхлээд бидэнд ойлгомжгүй зүйл хэлж болох ч энэ нь бидэнд хэлэх үнэ цэнтэй үгс түүнд байхгүй гэсэн үг биш юм. Бид зүгээр л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж, тэдний хардаг өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй. Бид зүрх сэтгэлдээ үнэндээ бие биенээ маш сайн ойлгодог болохоо мэдэж болох юм. Хэрэв бид тэвчээртэй, энэрэнгүй байвал шинэ танил маань яваандаа эрхэм найз болж чадна.
Тиймээс Исаиагийн номын хэсгээс анх удаа уншихдаа шинэ танилтайгаа анх удаа уулзаж байна гэж бодоорой. “Миний анхны сэтгэгдэл ямар байсан бэ?” гэж өөрөөсөө асуу. Энэ судрын хэсгийн үг бүрийг ойлгохгүй байсан ч танд ямар мэдрэмж төрсөн бэ? Дараа нь дахин нэг удаа унш. Болж өгвөл хэд хэдэн удаа унш. Чанга унш. Ийм байдлаар зарим хүн нэмэлт утга санааг олдог. Исаиагийн сонгосон зарим тодорхой үгийг, ялангуяа таны оюун ухаанд зурагдан дүрслэгдэж буй үгсийг олж хар. Эдгээр зураглал танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Тэд Исаиад төрсөн мэдрэмжийн талаар юу хэлж байна вэ? Та Хуучин Гэрээний эдгээр яруу найрагчийн үгсийг судлахын хэрээр тэд гүн гүнзгий сүнслэг захиасыг хүргэхийн тулд тухайн үгс, хэв маягийг зориуд сонгосон гэдгийг мэдэх болно.
Яруу найраг бидэнд мэдрэмж, үйл явдлыг ойлгоход тусалдаг гайхамшигтай найз маань байж болно. Хуучин Гэрээний яруу найраг нь бидний Бурхантай харилцдаг харилцаатай холбоотой, хамгийн чухал мэдрэмж, үйл явдлыг ойлгоход тусалдаг тул эрхэм нандин юм.
Хуучин Гэрээний яруу найргийг судлахдаа судраас суралцах нь Есүс Христ рүү хөтөлж байвал юу юунаас илүү үнэ цэнтэй гэдгийг санаарай. Түүнд итгэх итгэлийг тань хөгжүүлэх бэлгэ тэмдэг, зураглал, үнэнийг хайж ол. Суралцаж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг сонсоорой.
Мэргэн ухаан хайрлах ном зохиол
Эрдэмтэд Хуучин Гэрээний яруу найргийн нэг ангиллыг “мэргэн ухаан хайрлах ном зохиол” хэмээн нэрлэдэг. Иов, Сургаалт үгс, Номлогчийн үгс зэрэг нь энэ ангилалд багтдаг. Дуулал нь магтаал, гашуудал, шүтлэг бишрэлийн мэдрэмжийг илэрхийлдэг бол мэргэн ухааны ном зохиол нь хэзээ ч хуучрахгүй зөвлөгөө, гүн ухааны асуултууд дээр төвлөрдөг. Жишээлбэл: Иовын ном нь Бурханы шударга ёс, хүмүүний зовлон зүдгүүрийн учир шалтгааныг шинжлэн судалдаг. Сургаалт үгсэд өвөг дээдсийн цуглуулж, өвлүүлэн үлдээсэн мэргэн үгс зэрэг хэрхэн сайн сайхан амьдрах талаарх зөвлөгөө багтдаг. Номлогчийн үгс нь амьдралын зорилгын тухай, тухайлбал бүх зүйл түр зуурын, эмх замбараагүй мэт санагдах үед бид жинхэнэ утга учрыг хаанаас олох вэ гэсэн асуултуудыг авч үздэг. Мэргэн ухаан хайрлах ном зохиолыг Бурханы талаар болон Түүний бүтээсэн дэлхийн талаар ажиглан харсан зүйлээ хуваалцдаг, эдгээрийг илүү сайн ойлгоход тань туслах хүсэлтэй, сүнслэгээр өдөөгдсөн багштайгаа бодол төрүүлсэн яриа өрнүүлж байгаа мэтээр бодож болох юм.