Ирээд, Намайг дага
7-р сарын 20–26. “Бидний хараа Тан дээр байна”: 2 Шастир 14–20; 26; 30


“7-р сарын 20–26. ‘Бидний хараа Тан дээр байна’: 2 Шастир 14–20; 26; 30,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“7-р сарын 20–26. ‘Бидний хараа Тан дээр байна,’” Ирээд, Намайг дага: 2026

Иехошафат хаан залбирч байгаа нь

Иехошафат хааны залбирал, Кээли Рэи

7-р сарын 20–26: “Бидний хараа Тан дээр байна”

2 Шастир 14–20; 2630

Иудагийн хаант улс бүслэгдэв. Гурван хүчирхэг өстөн улсын цэргүүд бүгд нэг дор давшиж, тулалдахаар зэхэж байлаа. Иудагийн хаан Иехошафат энэ хүнд хэцүү үедээ тэнгэр газрын Хаанд хандав. Иехошафат ард түмнээ ариун сүмд цуглуулан, залбирав. Тэр өөрсдийн эгэл байдлаа хүлээн зөвшөөрч, өөрсдийг нь аврахыг гуйсан. Их Эзэн хариуд нь “Бүү ай, бүү шантрагтун” (2 Шастир 20:17) хэмээн хамгаалалт амлав.

Бидний гэрийн гадаа биднийг устгахаар заналхийлсэн довтлогч цэргүүд ирээгүй байж болох ч бидэнд заримдаа саад бэрхшээл, хилэнцээр бүслэгдсэн мэт санагдах үе байдаг. Бидний аврагдах зам Иехошафатын эрэлхийлсэн замтай адил бөгөөд бид ч бас түүн шиг “Өө, бидний Бурхан, … бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна” (2 Шастир 20:12) гэж залбирч чадна.

2 Шастир 14–30-аас та Иехошафат болон Иудагийн бусад хааны тухай олж унших болно. Тэдний итгэлээр удирдуулсан шинэчлэл, ялалт, сорилт бүхэн таны амьдралд хэрхэн хэрэгжиж болохыг бодож үз.

2 Шастир номын тоймыг Bible Dictionary дэх “Chronicles” хэсгээс уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

2 Шастир 14–16

Бурханд итгэх нь надад амар амгаланг авчирна.

Аса Иудагийн хаан байхдаа өнөөгийн бид бүхэнтэй адил янз бүрийн сорилттой тулгардаг байв. Та нар түүнд тулгарсан сорилт бэрхшээлүүдийн талаар уншихдаа тэр итгэлээ хаана тавьдаг байсныг, энэ нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрхэн өөрчлөгдсөнийг ажигла.

Эшлэл

Асад тулгарсан асуудлууд

Асагийн итгэлээ тавьсан зүйл

Эшлэл

2 Шастир 14:9–12

Эшлэл

2 Шастир 15:1–8

Эшлэл

2 Шастир 16:1–10

Бид яагаад заримдаа Их Эзэнд итгэхээ больдог вэ? Та Асагийн амьдралаас өөр юуг мэдэж авсан бэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бидний Бурхантай харилцах харилцаа” хэмээх захиасыг 2022 оны 5-р сарын Лиахона сэтгүүлээс үзнэ үү.

2 Шастир 18

Үүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй байсан ч би үнэнийг хамгаалж чадна.

Эш үзүүлэгч Микаиа Иехошафат хаан, Ахаб хаан хоёрын Сирийн эсрэг дайны амжилтыг зөгнөхдөө ихээхэн дарамт мэдэрсэн байх. Ийм дарамттай байсан нотолгоог 2 Шастир 18:1–12-оос хайж олно уу. Та 13–27-р шүлгээс Микаиагийн эр зориг, шударга байдлын ямар нотолгоог олж мэдсэн бэ? (14-р шүлэгт Микаиа егөөдсөн хариулт өгсөн бөгөөд түүний жинхэнэ хариулт 16-р шүлэгт байгааг анхаар.) Микаиагийн үгс 28–34-р шүлэгт хэрхэн биелсэн бэ?

Та ямар нөхцөлд Микаиа шиг дарамтад орж болох вэ? Их Эзэний төлөө, мөн Түүний сургаалын төлөө зогсох зоригийг юу танд өгдөг вэ?

Иудагийн газрын зураг

Иехошафат хааны үед гурван улс Иерусалим руу довтолсон.

2 Шастир 20:1–25

семинарын дүрс зураг
Хүнд хэцүү үед би Бурханд болон Түүний бошиглогчдод хандаж чадна.

Та нар 2 Шастир 20:1–12-ыг уншихдаа Иехошафат хаан олон улс үндэстэн Иуда руу довтлохоор ирэхэд юу хийснийг хайж ол. Та хүнд нөхцөл байдалд хэрхэн түүнтэй адил үйлдэж болох вэ?

Их Эзэн Иехошафатын залбиралд хэрхэн хариулсныг 14–17-р шүлгээс олж болно. Хүнд хэцүү үед таныг эсвэл таны таньдаг хэн нэгнийг тайтгаруулж болох ямар үг хэллэгийг та тэндээс олж мэдсэн бэ?

Маргааш нь Иерусалимын хүмүүс дайсны цэргүүдтэй уулзахаар явав. 2 Шастир 20:20-ийг уншихдаа Иехошафат Иерусалимын хүмүүст юу гэж захисныг хайж ол. Түүний үг хэрхэн биелсэн бэ? (22–23-р шүлгийг үзнэ үү). Түүнд итгэж, Түүний бошиглогчдыг дагасны төлөө Бурхан таныг хэрхэн адисалсан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би бошиглогчдын хэлсэн үг сургаал мөн эсэхийг асуухаа больж, тэднийг дагахад л анхаарлаа хандуул гэсэн зарчмыг баримталдаг. Би хэзээ ч ‘Бошиглогч хэзээ бошиглогчийн хувиар эсвэл хувь хүнийхээ хувьд ярьдаг бол?’ гэж өөрөөсөө асууж байгаагүй. ‘Би хэрхэн түүнтэй илүү адил болох вэ?’ гэдэгт л санаа тавьдаг байсан” хэмээн хэлсэн (in Lane Johnson, “Russell M. Nelson: A Study in Obedience,” Ensign, Aug. 1982, 24).

Мөн Сургаал ба Гэрээнүүд 21:4–6; Gospel Library дахь “A Secure Anchor” видеог болон “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий” гарчигтай хэсгийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)-ийн 4–5-р хуудаснаас үзнэ үү.

3:37

A Secure Anchor

Үнэний талаарх энгийн мэдэгдлийг олж тогтоо. Ахлагч Нийл А.Максвэлл: “Судрууд бидэнд маш олон сургаалын очир эрдэнийн чулуунуудыг санал болгодог. Сүнсний гэрэл талстууд дээр гэрэлтэх үед эдгээр нь селестиел ойлголтуудыг гялалзуулж, бидний дагах ёстой тэрхүү замыг гэрэлтүүлдэг” (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21) хэмээн заасан. Судруудыг судлахдаа богинохон боловч хүчирхэг захиаснуудыг олж тогтоон, тэмдэглэж, тунгаан бодох цаг гарга. Зарим жишээг 2 Шастир 14:11; 15:7; 18:13; 20:15; 26:5-аас олж болно. Та “сургаалын өөр ямар очир эрдэнийн чулуунуудыг” олж болох вэ?

2 Шастир 26:3–21

Бардамнал сүйрэл рүү хөтөлдөг.

Иудагийн бусад олон хааны адилаар Уззиагийн хаанчлал агуу амжилтаар эхэлсэн ч эмгэнэлт үйл явдлаар төгссөн. Энэ загварыг 2 Шастир 26-аас хайж ол. Уззиагийн амьдралын эргэлтийн цэг юу байсан гэж та хэлэх вэ?

Та 16–23-р шүлгийг уншихдаа энэ үед зөвхөн тахилчдад л ариун сүмд утлага уугиулахыг зөвшөөрдөг байсныг санаарай. Таны бодлоор, Уззиа хаан яагаад Бурханд дуулгаваргүй байсан бэ? Та энэ эмгэнэлт туршлагаас юу сурч мэдсэн бэ?

Та даруу бай” дууллыг Дуулал номын х. 64-өөс үзнэ үү.

2 Шастир 30

Би амар тайвныг тогтоогч байж чадна.

2 Шастир 30-д Хезекиа Иудагийн хаан байв. Тэр израилчуудын тэмдэглээгүй удсан Алгасал баярыг тэмдэглэхээр Израилын өрсөлдөгч хаант улсыг Иерусалимд цугларахад урив (1–12-р шүлгийг үзнэ үү). Тэрхүү урилга, мөн үүнийг Израилын зочид, Иудагийн эзэд хэрхэн хүлээн авч байгаа нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна бэ?

Алгасал баярыг тэмдэглээгүй удсан байсан тул Иерусалимын зарим зочин энэ баярт хэрхэн оролцох тухай нарийн ширийн зүйлийг мэддэггүй байв. Та нар 2 Шастир 30:18–27-г уншихдаа Хезекиагийн хариултаас мөн хариултын үр дүнгээс юу мэдэж авсан бэ?

Рассэлл М.Нэлсоны “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй” хэмээх захиасыг Лиахона сэтгүүлийн 2023 оны 5-р сарын дугаараас үзнэ үү.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

2 Шастир 14–1620

Би Бурханд итгэж чадна.

  • Их Эзэнд итгэх итгэлийг танилцуулахын тулд та шүхэр, хүрэм гэх зэрэг бороо ороход таныг хуурай байлгана гэж итгэдэг ямар нэг зүйлийг хүүхдүүддээ үзүүлж болно. Бид яагаад эдгээр зүйлд итгэж болох талаар тэднээр яриул. Мөн үүнийг Их Эзэнд итгэх итгэлтэйгээ харьцуулахад нь тэдэнд тусал. Бид сүнслэг байдлын хувьд аюулгүй байхын тулд яагаад Түүнд итгэдэг вэ?

  • Та Аса хаан, Иехошафат хаан хоёр Их Эзэнд итгэснээр сорилт бэрхшээлд хэрхэн хандсаныг ойлгоход нь хүүхдүүддээ тусалж чадна (2 Шастир 14:11; 20:3–5, 12-ыг үзнэ үү). Их Эзэнд итгэдгээ Түүнд харуулах арга замуудыг бие биетэйгээ хуваалц.

2 Шастир 20:1–29

Бурхан миний залбирлыг сонсож, тэдгээрт хариулдаг.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас Иехошафатын залбирлын түүх болон Их Эзэний хариултыг ойлгоход нь хүүхдүүдэд тань туслах болно. Та болон танай хүүхдүүд Бурхан залбирлыг тань сонсож, хариулсан үеийг хуваалцаж болно. Хариултууд нь таны бодож байгаагүй цаг хугацаа, арга замаар ирсэн тохиолдлуудыг багтааж болно. “I Pray in Faith” (Children’s Songbook, 14) зэрэг залбирлын тухай дуу хүүхдүүдийн тань итгэлийг хөгжүүлэхэд тусалж чадна.

2 Шастир 26:3–23

Би даруухан байж чадна.

  • Танай хүүхдүүд бардамналын аюулын талаар суралцахын тулд шоонууд эсвэл жижиг аягануудаар цамхаг барьж болно. Тэднийг шоо эсвэл аяга болгоноо цамхаг дээр байрлуулахдаа 2 Шастир 26:3–15-аас Уззиагийн амжилтуудаас нэгийг дурдахад тэдэнд тусал. Тэднийг цамхгаа дуусгахад Уззиа цамхгаа хэрхэн өндөр, бат бөх хэвээр байлгаж болох байсныг хүүхдүүдтэйгээ ярилц. Юу үүнийг нурааж болох байсан бэ? Дараа нь та нар 16-р шүлгийг уншихдаа зүрх сэтгэлээ “ихэд бардам болгох” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцаж болно. 16–23-р шүлэгт Уззиад юу тохиолдсоныг хүүхдүүдтэйгээ хуваалц. Тэднээр цамхгийг нураалга. Даруу байхын тулд бид юу хийж болох тухай ярилц.

Хезекиа Бурханыг магтсан нь

Хезекиа хаан ба ард түмэн Бурхандаа талархаж байгаа нь, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

2 Шастир 30

Би амар тайвныг тогтоогч байж чадна.

  • Дээрх зураг дээр Хезекиа Алгасалыг тэмдэглэхээр Израилын хаант улсаас Иудагийн хөршүүдийг урьсныг харуулдаг. Та энэ зургийг хүүхдүүдтэйгээ хамт хараад мөн зарим зочин Мосегийн хуулийн дагуу өөрсдийгөө угаагаагүй байсныг тайлбарласан 2 Шастир 30:18–19-ийг уншиж болно. Хезекиа юу хийсэн бэ? Энэ нь зочдод ямар сэтгэгдэл төрүүлэх байсан бэ? Хезекиагийн адилаар бусадтай хэрхэн харьцаж болох талаар бодож үзэхэд нь хүүхдүүддээ тусал.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Духан дээр нь уяман өвчин гарч ирмэгц Уззиа ариун сүмээс хөөгдөж байгаа нь

Уззиагийн бардамнал ба шийтгэл, А.М.Бүүн

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Бурхан залбирлуудыг маань сонсож, хариулах болно