“Санах зүйлүүд: ‘Есүс бүх Израилд “Гэртээ ир” гэж хэлнэ,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“Санах зүйлүүд: ‘Есүс бүх Израилд “Гэртээ ир” гэж хэлнэ,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Санах зүйлүүд
“Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ”
Мосе Синайн цөлд Израилын хүүхдүүдийг уулын бэлд цуглуулсан. Саяхан чөлөөлөгдсөн, боол байсан энэ хүмүүсийг хүчирхэг хүмүүс болгохыг хүсэж байгаагаа Их Эзэн тэнд тунхаглав. “Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно” (Гэтлэл 19:6) хэмээн Тэр хэлжээ. Тэрээр тэдэнд өөрсдөөс нь том, хүчирхэг дайснуудаар хүрээлүүлсэн байсан ч хөгжин цэцэглэх болно хэмээн амласан.
Израилчууд олуулаа, хүчтэй буюу чадвартай байсан тул энэ бүхэн тохионо гэсэн үгс биш байлаа. Их Эзэний тайлбарласнаар “Хэрэв тэд одоо [Түүний] дууг дуулгавартай дагаж, [Түүний] гэрээг сахих аваас” (Гэтлэл 19:5) энэ нь тохиох байв. Тэдний өөрсдийн биш, харин Бурханы хүч тэднийг хүчирхэгжүүлэх байлаа.
Гэсэн ч израилчууд Бурханы дуу хоолойг байнга дуулгавартай дагаж байгаагүй ба цаг хугацааны аясаар Түүний зарлигуудыг сахихаа больжээ. Тэдний дундаас олон хүн өөр бурхдыг шүтэж, тэднийг хүрээлсэн улс орны соёл заншлыг дагах болов. Чухамхүү тэд өөрсдийг нь ялгаатай үндэстэн болгосон тэр зүйлээсээ буюу Их Эзэнтэй байгуулсан гэрээт харилцаанаасаа нүүр буруулжээ. Тэднийг хамгаалах Бурханы хүчгүйгээр юу ч тэдний дайснуудыг зогсоож чадахгүй байсан.
Тараалт
МЭӨ 735-аас 720 оны хооронд ассиричууд хэд хэдэн удаа арван хоёр овгийн арав нь оршдог Умард Израилын хаант улс руу довтлон, мянга мянган израил хүнийг боолчлон, Ассирийн хаант улс руу авч оджээ. Нэг талаас харахад, израилчууд төрсөн нутгаа алдаж, бусад улс үндэстэн дунд тараагдсан тул “алдагдсан овгууд” гэж нэрлэгдэх болов. Нөгөө талаас харахад, илүү гүн гүнзгий утгаараа буюу цаг хугацааны явцад Бурханы хүмүүс гэдэг өөрсдийн мөн чанарыг алдсан тул тэд ийн нэрлэгдэх болжээ.
Эцэст нь Иудагийн өмнөд хаант улсын олон хүн Их Эзэнээс нүүр буруулав. Ассиричууд энэ хаант улсын ихэнх хэсэг рүү довтолж, эзлэн авсан ба зөвхөн Иерусалим л гайхамшигтайгаар аврагдсан. Хожим нь МЭӨ 597–580 оны хооронд вавилончууд Иерусалимыг, түүний дотор ариун сүмийг устгаж, олон хүнийг олзлон авав. Ойролцоогоор 70 жилийн дараа Иудагийн үлдсэн хүмүүсийг Иерусалимд эргэн очиж, ариун сүм дахин барихыг зөвшөөрсөн аж. Гэвч олон хүн Вавилонд үлджээ.
Набузарадан Иерусалимыг устгасан нь, Виллиам Брасси Хөүл, © Providence Collection/licensed from goodsalt.com
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх овгийн израилчууд “салхи шуурганы хамт [өөрсдийн] мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цац[агдсан]” юм (Зехариа 7:14). Их Эзэн заримыг нь өөр нутгууд уруу удирдав. Зарим нь боолчлолоос зугтаж аль эсвэл улс төрийн юм уу эдийн засгийн шалтгаанаар Израилыг орхин явжээ.
Бид энэ бүх үйл явдлыг Израилын тараалт гэж нэрлэдэг. Хэд хэдэн шалтгаанаар тараалтын тухай мэдэх нь чухал. Нэгд, энэ нь Хуучин Гэрээний чухал сэдэв юм. Хуучин Гэрээний олон бошиглогч тараагдахад хүргэсэн уналтыг өөрсдийн нүдээр гэрчлэн харсан. Тэд үүнийг урьдаас харж, сэрэмжлүүлж байв. Зарим нь бүр энэ бүхнийг даван туулсан. Исаиа, Иеремиа, Амос болон Хуучин Гэрээний сүүлд байдаг бусад бошиглогчийг уншихдаа үүнийг санах нь тустай. Энэ нөхцөл байдлыг марталгүй санаж, Ассири, Вавилон зэргийн талаарх болон хуурамч шүтээнийг шүтэж, боолчлогдож, устгагдаж, эцэст нь сэргээгдэн босох тухай бошиглолуудыг уншихдаа та тэдгээр нь юуны талаар өгүүлж байгааг мэдэх болно.
Мормоны Ном бол тараагдсан Израилын нэг мөчрийн цэдэг тул Израилыг тараасан тухай ойлгох нь Мормоны Номыг илүү сайн ойлгоход тань мөн тусална. Энэ цэдэг МЭӨ 600 оны үед вавилончуудыг довтлохын өмнөхөн Лихайн гэр бүл Иерусалимаас зугтаж байгаагаар эхэлдэг. Лихай бол Израилын тараалтыг бошиглосон бошиглогчдын нэг байсан. Мөн түүний гэр бүл уг бошиглолыг гүйцэлдэхэд тусалсан бөгөөд Израилын нэг мөчрийг авч, дэлхийн нөгөө талд буюу Америк тивд суулгасан билээ.
Цугларалт
Гэхдээ Израилын тараалт бол дөнгөж тал түүх нь юм. Их Эзэн Өөрийн хүмүүсийг мартдаггүй бөгөөд хүмүүс Түүнийг орхисон ч Тэр тэднийг орхидоггүй. Бурхан Израилыг тараана гэсэн олон бошиглолыг хэзээ нэгэн цагт Тэр тэднийг цуглуулна гэсэн амлалт дагалддаг.
Тэр өдөр бол өнөөдөр юм. Цугларалт аль хэдийн эхэлсэн. Мосе Израилын хүүхдүүдийг Синай уулын бэлд цуглуулснаас хойш хэдэн мянган жил өнгөрсний дараа буюу 1836 онд Иосеф Смитэд “дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг” (Сургаал ба Гэрээнүүд 110:11) даатгахаар тэр Көртландын ариун сүмд иржээ. Өнөө үед тэдгээр түлхүүрийг атгадаг хүмүүсийн удирдлагаар Их Эзэний үйлчлэгчдийн очиж болох бүх газарт Израилын овгуудыг цуглуулж байна.
Мосе, Елиас, Елиа нар Көртландын ариун сүмд үзэгдсэн нь, Гэри И.Смит
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон цугларалтыг “өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.
Бид хэрхэн тусалж чадах вэ? Израилыг цуглуулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь арван хоёр овгийг өмнө нь амьдарч байсан газар нутагт нь эргүүлэн авчрах гэсэн үг үү? Үнэндээ энэ нь түүнээс ч агуу, мөнхийн утга агуулгатай. Ерөнхийлөгч Нэлсон ийн тайлбарласан.
Бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. …
Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.”
Энэ нь Исаиагийн хэлснээр “нэг нэгээрээ” (Исаиа 27:12) эсвэл Иеремиагийн зөгнөснөөр “Хотоос нэгийг, ургаас хоёрыг авах” (Иеремиа 3:14) маягаар явагдана.
Израилыг цуглуулах гэдэг нь Бурханы хүүхдүүдийг Түүнд эргүүлэн авчрах гэсэн утгатай. Энэ нь тэднийг Түүнтэй байгуулсан гэрээт харилцаанд эргүүлэн оруулах гэсэн утгатай. Энэ нь мөн зуун зууны өмнө “ариун үндэстэнг” байгуулах гэсэн Түүний санааг сэргээх гэсэн утгатай (Гэтлэл 19:6).
Гэртээ ир
Та нар Бурхантай гэрээ хийсэн хүний хувьд Израилын угсааных юм. Та нарыг цуглуулсан бөгөөд та нар бас цуглуулагчид билээ. Гэрээт хүмүүсийн олон зууны туршид үргэлжилсэн домогт түүх төгсгөлдөө хүрч байгаа бөгөөд та уг түүхийн чухал тоглогч юм. Энэ бол “Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ хэмээн хэл[эх]” цаг үе юм.
Гэртээ ирж, гэрээнд нэгд гэж цуглуулагчдад хандан хэлье. Сионд ир. Гэрт тань, Бурхан Эцэгт тань аваачих, Израилын Ариун Нэгэн Есүс Христэд ир.