“7-р сарын 6–12. ‘Израилд эш үзүүлэгч байдаг’: 2 Хаад 2–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“7-р сарын 6–12. ‘Израилд эш үзүүлэгч байдаг,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Голын захад, Анни Хэнри Надэр
7-р сарын 6–12: “Израилд эш үзүүлэгч байдаг”
2 Хаад 2–7
Бошиглогчийн гол үүрэг бол Аврагч Есүс Христийн талаар зааж, мөн гэрчлэх явдал юм. Бошиглогч Елишагийн тухай бидэнд байгаа цэдгүүдэд түүний сургаал, гэрчлэлийн талаар дорвитой мэдээлэл байдаггүй. Харин цэдгүүд түүний нэгэн хүүг үхлээс амилуулсан (2 Хаад 4:18–37-г үзнэ үү), багахан хоолоор олон хүнийг хооллосон (2 Хаад 4:42–44-ийг үзнэ үү), уяман өвчтэй хүнийг эдгээсэн (2 Хаад 5:1–14-ийг үзнэ үү) зэрэг түүний үзүүлсэн гайхамшгуудыг агуулсан байдаг. Бидэнд Христийн талаарх Елишагийн үгс байхгүй ч Христийн тухай гэрчилдэг Елишагийн тохинуулал болон гайхамшгууд байдаг. Эдгээр нь Их Эзэний тэнхрүүлэх, тэжээн тэтгэх, эдгээх хүч зэргийн хүчирхэг илэрхийлэл болдог. Гайхамшгууд бидний амьдралд бодож байгаагаас маань илүү олон удаа тохиодог. Бид тэдгээрийг харахын тулд айдастай залуу зарцынхаа өмнөөс “Өө, Эзэн, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч” (2 Хаад 6:17) хэмээн залбирсан Елишагийн итгэлийг эрэлхийлэх ёстой.
2 Хаад номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Хаад”-аас үзнэ үү.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
2 Хаад 2–6
Бурхан миний амьдралд гайхамшгуудыг бүтээж чадна.
Гайхамшгууд бидэнд Бурханы хүчийг харуулдаг. Эдгээр нь цэвэр ус хэрэгтэй, үржил шимгүй газар (2 Хаад 2:19–22-ыг үзнэ үү) эсвэл засах хэрэгтэй гээгдсэн сүх шиг (2 Хаад 6:4–7-г үзнэ үү) мөнх бус байдлын саад бэрхшээлийг даван туулахад бидэнд тусалж чадна. Гэхдээ хамгийн чухал нь гайхамшгууд биднийг Их Эзэн рүү эргүүлж чадна. 2 Хаад 2–6-г унших явцдаа олж мэдсэн гайхамшгуудаа жагсааж бичээд, тэдгээрээс олж авсан сүнслэг сургамж бүрээ тунгаан бодоорой.
Та нар Елишагийн гүйцэтгэсэн гайхамшгуудыг Есүс Христийн гүйцэтгэсэн гайхамшгуудтай харьцуулж болно (2 Хаад 4:8–37, Лук 7:11–16; 2 Хаад 4:42–44, Иохан 6:1–13; 2 Хаад 5:1–15, Лук 17:11–19-ийг үзнэ үү). Эдгээр гайхамшиг нь Аврагчийн мөн Түүний бошиглогчдын талаар танд юу зааж байна вэ?
Мөн 2 Нифай 26:12–13; 27:23; Moронай 7:35–37-г болон Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг инерцийн хүч” хэмээх захиасын “Гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ” хэсгийг Лиахона, 2022 оны 5-р сараас үзнэ үү.
Елиша шунем эмэгтэйн хүүг амилуулж байгаа нь, Фрэдэрик Лэйтон
2 Хаад 4:8–17; 7:1–16
Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгсөн үгсээ гүйцэлдүүлэх болно.
Их Эзэн Елишаг ирээдүйд болох зүйлсийг, мөн ихэвчлэн тохиолдох боломжгүй зүйлсийг бошиглоход сүнслэгээр өдөөсөн. Та нар 2 Хаад 4:8–17; 7:1–16-г уншихдаа өнөөдөр Их Эзэний Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгч буй үгсэд хэрхэн хандаж байгаагаа бодоорой. Та ямар ямар сургаал, бошиглол, амлалтыг амьд бошиглогчдоос сонссон бэ? Тэдний үгсийн дагуу итгэлээр үйлдэхийн тулд та юу хийж байна вэ?
3 Нифай 29:6; Сургаал ба Гэрээнүүд 1:37–38-ыг, мөн “Teachings of Presidents” collection-ийг Gospel Library-аас үзнэ үү.
2 Хаад 5
Даруу бөгөөд дуулгавартай байхад Есүс Христ намайг эдгээж чадна.
Та 2 Хаад 5-ыг уншихдаа Нааманы уяман өвчнийг өөрийн туулж буй сүнслэг сорилт бэрхшээлтэй харьцуулахыг бод.
Их Эзэний бошиглогчдоос сорилт бэрхшээлийнхээ талаар удирдамж эрэлхийлэхэд тань урамшуулсан энэ “шивэгчин” шиг хүн таны амьдралд байдаг уу? (2–3, 13-р шүлгүүдийг үзнэ үү).
Их Эзэн та нарыг “угаа, цэвэрш” (13-р шүлэг) гэх мэт хэтэрхий энгийн санагдах ямар зүйлийг хийхэд урьсан бэ? Түүний энгийн урилгыг хүлээн авахад юу саад болж болох вэ?
Та Нааман шиг даруу байдлаа хэрхэн харуулж болох вэ?
Нааманд тохиолдсон үйл явдал Израилын Бурханд итгэх түүний итгэлд нөлөөлсөн болохыг анхаарна уу (15-р шүлгийг үзнэ үү). Бид үүнээс юу сурч мэдэж болох вэ?
Мөн Лук 4:27; 1 Петр 5:5–7; Алма 37:3–7; Ефер 12:27-г болон Л.Витни Клэйтоны “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий” хэмээх захиасыг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85–87, мөн Gospel Library-аас “Naaman and Elisha” видеог үзнэ үү.
Naaman and Elisha
Судруудыг өөрийн амьдралтай харьцуул Заримдаа бодит зүйлийг амьдралынхаа сүнслэг зүйлсийн тухай өгүүлсэн түүхтэй харьцуулбал өөрт хэрэгтэй зүйлээ судраас илүү амархан олдог. Жишээлбэл: Та 2 Хаад 2–7-г судалж байхдаа уяман өвчин, зээлж авсан сүх, Иордан гол эсвэл довтолж буй их цэрэг гэх мэтийг өөрийн амьдралын нөхцөл байдалтай харьцуулж болно. Их Эзэний бидэнд зориулсан ямар сургамж эдгээр түүхэд байна вэ?
2 Хаад 6:8–23
“Бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм.”
Христийг дагах гэж хичээх үед танд Елишагийн залуу зарц шиг, тооны олноос айсан шиг мэдрэмж төрж байсан уу? Та 2 Хаад 6:8–23-ыг уншихдаа өөрийгөө түүний оронд байгаагаар төсөөл. Энэ түүх таны зовлон бэрхшээл, үүрэг хариуцлага, сайн мэдээний дагуу амьдрахын тулд гаргаж буй хүчин чармайлтын талаарх бодол санаа, мэдрэмжийг тань хэрхэн өөрчилсөн бэ?
Энэ талаар тунгаан бодох зуураа ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн нэгэн үгийг эргэцүүлэн бодно уу. Тэрээр “Елишагийн тэр зарцын адил та нартай хамт байгчид нь та нарыг эсэргүүцэгчдээс илүү олон бий. Тантай хамт байх зарим хүн таны мөнх бус нүдэнд харагдахгүй. Их Эзэн таныг дэмжин туслах бөгөөд заримдаа бусдыг тантай хамт байхад уриалан дуудах болно” хэмээн хэлсэн (“Ай үйлчлэлийг эхэлж буй та нар,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69).
“[Тантай] хамт байгчдын” (16-р шүлэг) буюу Бурхан таныг дэмжихийн тулд таны амьдралд тавьсан хүмүүсийн жагсаалтыг гаргахыг бод. Та сүнслэг нүдээ нээж, тэднийг таньж мэдэхэд туслахыг Түүнээс гуйж болно. Тэр магадгүй таныг бусдад туслуулахаар тэдний амьдралд тавьсан байж болох юм. Та нар бие биеэсээ хэрхэн хүч чадал, дэмжлэг авч чадах вэ?
Та Их Эзэний Сургаал ба Гэрээнүүд 84:88 дээр дүрсэлсэн дэмжлэгийг хэзээ мэдэрч байсан бэ?
Та нар бас Мишэлл Д.Крэйг эгчийн “Харах нүд” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган) захиасыг судалж болно. “Бурхан намайг юу хараасай гэж хүсэж байна вэ?” гэж өөрөөсөө асуу.
Ахлагч Роналд А.Расбанд 2 Хаад 6:8–23 дээр гардаг түүхийн талаар ийн хэлсэн: “Бидэнд айдсыг маань арилгах, чөтгөрүүдийг ялан дийлэх галт тэрэгнүүд байхгүй ч үүнээс сурах зүйл нь энгийн тодорхой юм. Их Эзэн бидэнтэй хамт байгаа бөгөөд биднийг анхаарч, зөвхөн Өөрийнхөө адисалж чадах арга замуудаар адисалж байдаг. Залбирал нь Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд бидний оюун санааг төвлөрүүлэхийн тулд бидэнд хэрэгтэй хүч чадал, илчлэлтийг боломжтой болгож өгдөг. Бид заримдаа айдсыг мэдрэх болно гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Зарим нөхцөлд би ч бас айдсыг мэдэрч байсан бөгөөд та нар ч бас мэдэрдэг. … Магадгүй энэ Сүмийн хувьд бид дэлхийд чухал нөлөө үзүүлэхэд тооны хувьд цөөхөн мэт санагдаж болох ч өөрсдийн сүнслэг нүдийг нээхэд ‘бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм’” [2 Хаад 6:16]” (“Бүү тэвдэн сандар,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21). Та эдгээр үгийг санаа зовж эсвэл айж байгаа хэн нэгэнд туслахдаа хэрхэн ашиглаж болох вэ?
“Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна” дууллыг Дуулал, 47-оос үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
2 Хаад 4
Бурхан миний амьдралд гайхамшгуудыг бүтээж чадна.
-
Гайхамшиг гэж юу болохыг ойлгоход нь хүүхдүүддээ тусалсны дараа тэднийг аль болох олон гайхамшгийн жишээг жагсаан бичихэд урь. Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл Ирээд, Намайг дага гарын авлагын зургууд танд тусалж болно. Дараа нь тэд 2 Хаад 4:1–7, 14–17, 32–35, 38–44-өөс гайхамшгуудыг хайж олж болно. Эдгээр гайхамшиг Тэнгэрлэг Эцэгийн талаар юу зааж байна вэ?
-
Та хүүхдүүдтэйгээ Бурхан гайхамшгуудаар дамжуулан хэрхэн хайраа харуулсан тухай ярилцаж болно. Та нар мөн “God’s Gracious Love” (Gospel Library) зэрэг дууг хамтдаа дуулж болно.
Гэрч болон зогсох, Квани Пови Виндэр
2 Хаад 5:1–15
Би Бурханы Өөрийн бошиглогчоор дамжуулан зарлигласан зүйлсийг хийхээр сонгож чадна.
-
2 Хаад 5:1–3, 9–14 дээрх түүхийг сурч мэдэхэд нь хүүхдүүддээ тусал. “Елиша Нааманг эдгээв” (Хуучин Гэрээний түүхүүд) эсвэл энэ долоо хоногийн тоймын Нааманы зургийг ашиглахыг бод. Елиша Иордан голд угаавал Нааманы өвчин эдгэнэ гэж хэлсэн ч тэр яагаад Иордан голд угаахыг хүсээгүй вэ? Нааман Елишагийн зааврыг дагаснаар хэрхэн адислагдсан бэ? Та нар Их Эзэнийг дуулгавартай дагасан, хүсэж байгаа гэдэгтээ итгэлгүй байсан ч дагасан үеэ бие биетэйгээ хуваалцаж болно.
1:52Elisha Heals Naaman
-
Та нар бас Нааманы зарц нар эш үзүүлэгч Елишаг дуулгавартай дагахаар шийдэхэд нь түүнд тусалсныг харуулдаг 2 Хаад 5:13-ыг онцолж болно. Танай хүүхдүүд дараа нь бошиглогчийг сонсож, дуулгавартай дагахад нь найзууддаа болон гэр бүлийнхэндээ тусалж болох арга замуудын талаар ярилцаж болно.
2 Хаад 6:8–17
Би ганцаараа биш.
-
Та болон танай хүүхдүүд өөрсдийгөө илд, морьд, тэрэгнүүдтэй цэргүүдээр хүрээлүүлсэн байгаагаар төсөөлж болно. Та нарт ямар санагдах вэ? Та юу хийж болох вэ? Танай хүүхдүүд дараа нь 2 Хаад 6:16–17-г уншиж байхдаа нүдээ аньж болно. (Мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Елиша ба Их Эзэний их цэрэг” хичээлийг эсвэл энэ тоймын сүүлд байгаа зургийг үзнэ үү.) Та “нүдийг нь нээгээч” (17-р шүлэг) гэж уншихдаа, хүүхдүүдээс нүдээ нээхийг хүс. Уг зарц юу харсан тухай ярилцаарай. Сорилт бэрхшээлтэй үед ганцаараа мэт санагдсан үед ч Их Эзэн тантай хамт байсныг мэдэрч байсан арга замаасаа хүүхдүүдтэйгээ хуваалц.
1:9Elisha and the Lord’s Army
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.