Ирээд, Намайг дага
2-р сарын 9–15. “Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу”: Эхлэл 6–11; Мосе 8


“2-р сарын 9–15. ‘Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу’: Эхлэл 6–11; Мосе 8,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“2-р сарын 9–15. ‘Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу’,” Ирээд, Намайг дага: 2026

Ноа ба түүний гэр бүлтэй хамт хөвөгч авдрыг орхин явж хадан дээр зогсож буй амьтад

Иехова амлалтаа биелүүлдэг, Сэм Ловлор

2-р сарын 9–15: “Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу”

Эхлэл 6–11; Мосе 8

Хожмын үед амьдарч байгаа учраас бидэнд үерийн түүхэд анхаарал хандуулах онцгой шалтгаан бий. Есүс Христ Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийг хэрхэн харах талаар бидэнд заахдаа “Гэвч Ноагийн өдрүүдэд энэ нь байсанчлан, мөн энэ нь Хүний Хүүгийн ирэлтэд тэрчлэн байх болно” (Иосеф Смит—Матай 1:41) хэмээн хэлсэн. Нэмж хэлэхэд, Ноагийн өдрүүдийг дүрсэлж буй “жигшүүрт” мөн “хүчирхийллээр дүүрсэн” гэдэг нь бидний үеийг ч бас амархан дүрсэлж болох юм (Эхлэл 6:12–13; Moсе 8:28). Бабелын цамхгийн түүхэн дэх бардамнал, үймээн самуун, дараа нь хуваагдсан нь мөн өнөө үед хамаатай санагддаг.

Эдгээр эртний түүх нь зөвхөн ёс бус байдал түүхийн туршид давтагддагийг бидэнд харуулдаг учраас үнэ цэнтэй байгаад зогсохгүй хамгийн чухал нь тэдгээр нь бидэнд энэ талаар юу хийхийг заадаг. Ноа “Их Эзэний мэлмийд ач ивээлийг ийн олсон буюу” (Мосе 8:27). Ийн Жаредын гэр бүл мөн түүний ах Их Эзэнд хандан ба Бабел дахь үймээн самуун болон хуваагдлаас хамгаалагдсан (Ифер 1:33–43-ыг үзнэ үү). Хэрэв бид жигшүүрт хэрэг, хүчирхийллийн үед өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн аюулгүй байлгах талаар эргэлзэж байвал эдгээр бүлэгт гарч буй түүхүүд бидэнд заах олон зүйлийг агуулдаг.

судлах дүрс

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Эхлэл 6; Мосе 8

семинарын дүрс зураг
Их Эзэний бошиглогчийг дагаснаар сүнслэг байдлаар аюулгүй байж чадна.

Өнөө үеийн нөхцөл байдалтай төстэй зүйлийг та Ноагийн үеийн дүрслэлээс олж харж байна уу? Ялангуяа Мосе 8:15–24, 28-ыг үзнэ үү. Ямар сэдвүүд дахин дахин дурдагдаж байна вэ?

Таны олж харах нэг чухал төстэй зүйл бол Бурхан Ноаг бошиглогчоор дуудсан ба Тэрээр өнөө үед ч мөн бошиглогч дуудсан байгаа. Та Moсе 8:13–30-аас бошиглогчдын талаар сурч мэдсэн үнэнүүдийн жагсаалтыг гаргаж болно. Одоогийн бошиглогч маань Ноатай юугаараа адилхан бэ? Мэдээж Их Эзэний өнөөгийн бошиглогч Үерийн талаар сэрэмжлүүлж эсвэл биднээс хөвөгч авдар барихад туслахыг хүсээгүй. Харин тэр бидэнд юуны тухай сэрэмжлүүлдэг вэ? Тэр биднийг юу хийхэд урьдаг вэ? Эдгээр асуултад хариулахад туслахын тулд та Gospel Library дахь Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас нэг бүлгийг ялангуяа “Урилга ба амлагдсан адислалууд” хэсгийг үзэж болно. Та ялангуяа өөртөө чухал санагдсан ямар нэг сэрэмжлүүлэг болон урилгыг сонгож болох юм.

Ахлагч Аллэн Д.Хэйни “бошиглогчоор дамжуулан хайраар дүүрэн төгс Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ үнэнийг илчлэх загварыг сонгосон билээ” (“Хожмын үеийн амьд бошиглогч,” Лиахона, 2023 оны 5 сар) хэмээн заасан. Ахлагч Хэйнигийн захиасыг судалж, бошиглогчтой байх нь Тэнгэрлэг Эцэгийн хайрыг илтгэж буй шалтгаануудыг хайж олохыг бод. Их Эзэний бошиглогчийг дагах нь хожмын үед аюулгүй амьдарч байгаагаа мэдрэхэд тань хэрхэн тусалсан бэ?

Мөн Gospel Library дахь Сэдэв ба асуултын “Бошиглогч” гэсэн сэдвийг мөн Gospel Library дахь “Why Do We Have Prophets?” видеог үзнэ үү.

1:37

Why Do We Have Prophets?

Эхлэл 6:5–13

Үер нь Бурханы нигүүлсэнгүй үйлдэл байв.

“Хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулах” (Эхлэл 6:7)-ын тулд үер илгээсэн Бурханы шударга ёсонд зарим хүн эргэлздэг. Ахлагч Нийл А.Максвэлл үерийн үед ‘бузар булай нь сонгох эрхийг устгах хүртлээ гаарч, шударга ёсны дагуу сүнснүүдийг нааш илгээх боломжгүй болсон байсан’ хэмээн тайлбарласан байдаг (We Will Prove Them Herewith [1982], 58). Та нар үер хэрхэн нигүүлсэнгүй үйлдэл байсныг бодож үзэж болно. Эхлэл 6:5–13-аас та Их Эзэний хүмүүсийг хайрлах хайр, нигүүлсэнгүй сэтгэлийг харуулсан юуг олж мэдсэн бэ?

Эхлэл 9:8–17

Бэлгэ тэмдэг, бэлгэдэл нь Их Эзэнтэй хийсэн гэрээгээ санахад надад тусалдаг.

Эхлэл 9:8–17-д цэдэглэснээр, солонго таны оюун санаанд юуг авчрах вэ? Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 9:21–25 (Библийн хавсралт) таны ойлголтыг юугаар баяжуулдаг вэ? Мөн та нар Бурханы гэрээнүүдийг тань сануулахын тулд өгсөн бусад зүйлийн (бэлгэдэл, эд зүйлс гэх мэт) жагсаалтыг гаргаж болно. Эдгээр зүйл танд юу зааж байна вэ? Эдгээр нь танд дурсан санахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэррит В.Гонгийн “Түүнийг үргэлж сана” хэмээх захиасыг 2016 оны 4 сарын Ерөнхий чуулган, 95–98; “Reverently and Meekly Now” дууллыг Hymns, 185-аас үзнэ үү.

Олс болон шатаар цамхаг руу авирч буй эрчүүд

Бабелын цамхгийн зураг, Дэвид Грийн

Эхлэл 11:1–9

Есүс Христийг дагах нь Тэнгэрлэг Эцэгт хүрэх цорын ганц зам мөн.

Цамхаг барьж буй Бабелын хүмүүсийн түүх, өнгөрсөн долоо хоногт та нарын судалсан Сионыг байгуулж буй Енох ба түүний хүмүүсийн түүхийн хооронд сонирхолтой ялгаа бий. Хоёр бүлэг хүмүүс хоёулаа тэнгэрт хүрэхээр хичээж байсан ч өөр өөр арга замаар хичээж байв. Сионы хүмүүс тэнгэрийг хэрхэн олж авсан бэ? (Moсе 7:18–19, 53, 62–63, 69-ийг үзнэ үү). Та нар Эхлэл 11:1–9 болон Хиламан 6:26–28-аас Бабелын хүмүүсийн тухай юу мэдэж авсан бэ? Энэ нь Бурханы оршихуйд эргэж ирэх хүчин чармайлтын талаар бидэнд юу зааж байна вэ? Бурхан бидэнд “тэнгэрт хүрэхэд” туслах юуг өгсөн бэ? (Эхлэл 11:4; мөн Иохан 3:16-г үзнэ үү).

Идэвхтэй суралц. Суралцах нь зөвхөн унших юм уу сонсохоос илүү оролцоо шаарддаг. Жишээлбэл, Бабелын цамхгийн тухай судлах үед та болон танай гэр бүлийнхэн биднийг Бурханаас холдуулах зүйлсийг жижиг цаасан дээр бичиж болно. Дараа нь та бусад жижиг цаасан дээр биднийг Бурханд илүү ойртуулах зүйлсийг бичиж болно. Эхний хэсэг цаасыг цамхаг хэлбэрээр, хоёр дахь хэсэг цаасыг ариун сүм хэлбэрээр байрлуул.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Эхлэл 6:14–22; 7–8; Мосе 8:16-24

Их Эзэний бошиглогчийг дагах нь намайг болон гэр бүлийг маань адисална.

  • Ихэнх хүүхэд Ноа болон хөвөгч авдрын түүхэнд дуртай байдаг. Хүүхдүүддээ энэ талаар мэддэг зүйлээ хуваалцах боломж олгох талаар бодож үзээрэй. Та тэдэнд туслахын тулд энэ тоймын зургуудыг, Хуучин Гэрээний түүхүүдНоа ба түүний гэр бүл” хичээлийг мөн “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном) дууллын гуравдугаар бадгийг ашиглаж болно. Танай хүүхдүүдэд түүхийн аль нэг хэсгийг жүжигчилж үзүүлэх нь таатай санагдаж болох юм. Жишээлбэл, багаж хэрэгсэл ашиглан бүхээг барьж эсвэл амьтад шиг бүхээг рүү алхан орж үзүүл.

  • Та нар Ноагийн тухай хамтдаа ярилцахдаа бид өнөө үед Бурханы бошиглогчтой байхаар хэчнээн их адислагдсаныг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Мосе 8:16–24-ийг судалж, өнөө үед Их Эзэний бошиглогчдын заасаар байгаа, Ноагийн заасан зүйлсийг олоход хүүхдүүдэд тусал. Бид эдгээр сургаалыг дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

Эхлэл 9:15–16

Бурхан надад өгсөн амлалтаа биелүүлнэ.

  • Таныг солонго нь юу төлөөлдөг тухай ярьж байх хооронд танай хүүхдүүдэд солонго зурах эсвэл будах нь таатай санагдаж болно (Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 9:21–25-ыг үзнэ үү [Библийн хавсралт]). Бурхан Ноа болон түүний гэр бүлийг солонго харсан үедээ юуны тухай бодоосой гэж хүссэн бэ?

  • Та хуримын бөгж, зураг, өдрийн тэмдэглэл гэх мэт амьдралд тань болж өнгөрсөн ямар нэгэн чухал үйл явдлыг сануулдаг зүйлийг хүүхдүүдэд үзүүлж болно. Хүүхдүүдэд өөрсдийн жишээгээ хуваалцах боломж олго. Энэ нь Есүс Христийг дагах баптисмын гэрээгээ санахад бидэнд тусалдаг ариун ёслол гэх мэт гэрээнүүдээ санахад маань туслах зүйлсийн талаар ярилцахад хүргэж болно (Сургаал ба Гэрээнүүд 20:75–79-ийг үзнэ үү).

Хос солонго

Бурхан Ноагийн гэр бүлд энэ солонго нь “Та нартай байгуулах Миний гэрээний тэмдэг” (Эхлэл 9:12) байх болно хэмээн хэлсэн.

Эхлэл 11:1–9

Есүс Христийг дагах нь тэнгэрт хүрэх цорын ганц арга зам юм.

  • Хүүхдүүдтэйгээ легогоор эсвэл бусад зүйлээр цамхаг барих хөгжилтэй байж болно. Ингэж барихдаа Бабелын хүмүүс өндөр цамхаг барьснаар тэнгэрт хүрч чадна гэж бодсоныг тайлбарла. Дараа нь та нар Аврагчийн зураг руу хамтдаа хараад, Тэр биднийг тэнгэрт хүрэхэд хэрхэн тусалдгийг хүүхдүүдээсээ асуу. Дараа нь та нар бие биетэйгээ Аврагчийг дагахын тулд хийж болох зүйлсийнхээ талаар ярилцаж болно.

  • Та болон танай хүүхдүүд Эхлэл 11:1–9 дээрх Бабелын цамхгийн түүхийг уншихаас гадна Хиламан 6:28-ыг уншиж болно. Энэ шүлэгт цэдэглэснээр хүмүүс яагаад Бабелын цамхгийг барьсан бэ? Энэ цамхгийг барих нь яагаад тэнгэрт хүрэх буруу арга зам байсан бэ? Дараа нь та нар 2 Нифай 31:20–21 болон Хиламан 3:28-аас тэнгэрт хүрэх зөв арга замыг хайж олж болно. Бабелын хүмүүст бид ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Ноагийн хөвөгч авдар

Ноагийн авдар, Адам Клинт Дэй. adamdayart.com

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Бошиглогчийг дагах нь намайг болон гэр бүлийг маань адисална