“2-р сарын 2–8. ‘Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв’: Мосе 7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“2-р сарын 2–8. ‘Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион гэж нэрлэв’,” Ирээд, Намайг дага: 2026
Енох цагийн голчийг харав, Жэннифэр Пэйжэт
2-р сарын 2–8: “Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”
Moсе 7
Түүхийн туршид хүмүүс Енох ба түүний хүмүүсийн цогцлоосон ядуурал, хүчирхийлэл байхгүй төгс нийгэм байгуулахыг хичээж ирсэн. Бурханы хүмүүсийн хувьд бид энэ хүслээ хуваалцахыг хүсдэг. Бид үүнийг Сионыг байгуулах гэдэг бөгөөд үүнд хэрэгцээтэй хүмүүсийг халамжлах, амар тайвныг хөхиүлэн дэмжихээс гадна гэрээнүүд байгуулж, зөв шударга амьдарч, бие биетэйгээ болон “Сионы Хаан” (Moсе 7:53) Есүс Христтэй нэг болох зэрэг нь ордог. Хэрэв дэлхий, танай орон нутаг эсвэл танай гэр бүл таны хүссэн шиг биш байвал Енох болон түүний хүмүүс хэрхэн нэг болсныг асуух нь тустай байж болно. Тэд эргэн тойрон дахь зөрчилдөөнөөс үл хамааран хэрхэн “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” (Moсе 7:18) болсон бэ? Moсе 7 Сионы тухай олон нарийн ширийн зүйл тайлбарласны дотор—Сион зүгээр нэг хот биш, харин зүрх, сэтгэлийн байдал юм гэсэн ойлголт нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд хамгийн үнэ цэнтэй байж болох юм. Сион нь Их Эзэний зааснаар “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм” (Сургаал ба Гэрээнүүд 97:21). Тиймээс Сионыг байгуулах хамгийн сайн арга бол өөрийн зүрх сэтгэл, гэр орон дотроосоо эхлэх явдал юм.
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Би Сионыг байгуулахад тусалж чадна.
Бошиглогч Иосеф Смит Енохын тухай болон түүний Ариун хотын талаар анх мэдээд сүнслэгээр өдөөгдсөн ажээ. Тэр “Их Эзэн Сионыг дэлхий дээр дахин байгуулах тэр өдөр ирснийг мэдсэн” (Гэгээнтнүүд 1:108–109) бөгөөд Сионыг байгуулах насан туршийн эрэл хайгуулаа эхлэв. Мосе 7-г унших нь өнөөдөр ч энэ хүчин чармайлтаа үргэлжлүүлэх урам зориг өгдөг.
Та нар “Сион гэж юу вэ?”, “Энэ нь дэлхийн бусад хэсгээс юугаараа ялгаатай вэ?” гэх мэт асуултуудыг судалснаар хичээлээ эхэлж болно. Moсе 7-г ялангуяа 16–21, 27, 53, 62–69-р шүлгүүдийг судлах үед өөрт ирсэн хариултуудаа жагсаан бичих талаар бодож үз.
Эдгээр асуултын хариулт бидэнд Сионыг байгуулахын тулд хийх ажил их байгаа гэдгийг тодорхой болгож болох юм. Бид үүнийг хэрхэн хийх вэ? Энэ нь та хэн нэгэнтэй “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” (Moсе 7:18) гэдгээ мэдэрсэн үеэ бодоход тусалж болох юм. Магадгүй энэ нь тойрог, гэр бүл, ажлын бүлэг эсвэл сургууль дээр байсан байж болно. Хүмүүс зөв шударга эв нэгдлийг бий болгохын тулд юу хийсэн бэ?
Санаа, мөн сүнслэг удирдамж олж авахын тулд судалж болох эх сурвалжууд: Нэг юм уу хэдэн шүлэг судлахаар сонгон авч, Сионыг байгуулахын тулд юу хийх сүнслэг өдөөлт авснаа бич:
-
Филиппой 2:1–4; 4 Нифай 1:15–18; Сургаал ба Гэрээнүүд 97:21; 105:5
-
Үлиссэс Соарэс, “Христ доторх ах, эгч, дүүс,” Лиахона, 2023 оны 11 сар.
-
Д.Тодд Кристоффэрсон, “Христ дотор нэг байх,” Лиахона, 2023 оны 5 сар.
Бурхан Өөрийн хүмүүсийг “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” (Мосе 7:18) байхыг хүсдэг.
Есүс Христ бол “Сионы Хаан” юм.
Есүс Христийг өөрсдийн Хаан гэж үзэх нь таны хувьд ямар утгатай вэ? Энэ шүлгэн дээрх Есүс Христийн бусад нэрийг анзаар. Тэдгээр нь Аврагчийн талаар юу зааж байна вэ? “Хаалгаар орж мөн [Түүгээр] дээш авирах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
“Хаадын Хаан Та ирээч,” Дуулал, х. 29-ийг үзнэ үү.
Бурхан Өөрийн хүүхдүүдийн төлөө уйлж мөн баясдаг.
Зарим хүн бидэнд тохиолддог зүйлсэд Бурханы сэтгэл өвддөггүй, биднээс хол байдаг хэмээн үздэг. Енох Мосе 7-д цэдэглэгдсэн үзэгдлээр Бурханы талаар өөр бодолтой болов. Тэр 28–40-р шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Та юу мэдэж авсан бэ? Бурханыг уйлж байгааг хараад Енох яагаад гайхсан гэж та бодож байна вэ? Тэр уйлдаг гэдгийг мэдэж авах нь танд яагаад чухал вэ?
Үзэгдлийг үргэлжлэх үед Енох ч бас уйлсан. Гэвч Бурхан баясах шалтгаанаа ч бас түүнтэй хуваалцсан. Эдгээрийг Мосе 7:41–69-өөс үзнэ үү. Та Енохын үзэгдлээс, амьдралдаа “шаналан өвдөж” байсан ч “зүрх сэтгэлээ өргөж, мөн баяртай байхад” (44-р шүлэг) туслах юуг мэдэж авсан бэ?
Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 70–73-ыг үзнэ үү.
Есүс Христ хожмын өдрүүдэд дахин ирэх болно.
Ялангуяа Мосе 7:59–67-д цэдэглэгдсэн Енохын үзэгдэл бол Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх анхны түүхэн бошиглолуудын нэг юм. Эдгээр шүлэг эцсийн өдрүүдийг дүрсэлж байгааг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Жишээлбэл: 62-р шүлгийн бошиглолууд хэрхэн биелж байгааг бодож үзээрэй. Эдгээр эшлэл нь хожмын өдрүүд дэх Бурханы ажлын тухай та нарт юу зааж байна вэ?
Хэнри Б.Айрингийн “Сионы эгч нар” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган-аас үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Бурхан биднийг “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” байхыг хүсдэг.
-
Хүүхдүүддээ Енох, мөн Сионы тухай сурахад нь туслахын тулд Хуучин Гэрээний түүхүүдээс “Енох бошиглогч” (19–21) эсвэл “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном) дууны хоёрдугаар бадгийг ашиглаж болно. Дараа нь та энэ түүхийг өөрийнхөө үгээр дахин ярьж өгөхөд туслахыг хүүхдүүдээсээ хүсэж болно. Энэ тоймд байгаа Енохын зургууд тус болж болох юм.
-
Хүүхдүүддээ “нэг зүрх сэтгэлтэй, нэг оюунтай” (Мосе 7:18) байх гэж юу болохыг ойлгоход нь туслах нэг арга зам бол нэг цаасан зүрх хийгээд, хүүхэд бүрд нэгийг өгөхөөр хангалттай тоогоор хайчлах явдал юм. Тэднээр цаасан дээр нэрийг нь бичүүлээд, хамтдаа эвлүүл. Тэднийг нийлүүлэх үед та нар хүүхэд болгоны таалагддаг зан чанаруудын талаар ярилцаж болох юм.
-
Мосе 7:18–21, 62–63, 68–69-д “Сион” гэсэн үг хэдэн удаа гарч ирж байгааг тоолоход нь хүүхдүүддээ тусал. Үгийг олох тоолонд Сионы тухай уг шүлэг юу өгүүлж байгааг олж мэдэхэд нь тэдэнд тусал (Gospel Library дахь Судруудын удирдамжаас “Сион”-ыг үзнэ үү). Бид эдгээр шүлэгт дүрсэлсэн хүмүүстэй хэрхэн илүү адилхан болж чадах вэ?
Судраас хувиараа судлахыг урамшуул. Та гэртээ гэрийнхэндээ, ням гарагт ангидаа зааж байгаа эсэхээс үл хамааран бусдад Есүс Христэд байнгын итгэлээ хөгжүүлэхэд нь туслах хамгийн сайн арга замуудын нэг бол судраас хувийн туршлага хуримтлуулах дадалтай болоход нь туслах явдал юм. Судартай холбоотой өөрийн туршлагыг хуваалцахын зэрэгцээ гэрийнхнээ эсвэл ангийнхнаа туршлагаа хуваалцахад урамшуулан дэмж. Бид судруудыг унших нь бусдыг хэрхэн адисалдаг тухай сонсоод, Их Эзэнээс үүнтэй адил адислалуудыг авахаар сүнслэгээр өдөөгддөг. (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү.)
Тэнгэрлэг Эцэг намайг Түүнийг дагахыг сонгоосой хэмээн хүсдэг.
-
Хүүхдүүддээ Moсе 7:32–33-ыг танилцуулахын тулд та тэдэнтэй саяхан хийх хэрэгтэй болсон сонголтынх нь талаар ярилцаж болно. Дараа нь та нар Тэнгэрлэг Эцэг биднээс юу сонгохыг хүсдэгийг мэдэхийн тулд эдгээр шүлгийг хамтдаа уншиж болно. Бид Түүнийг сонгодгоо харуулахын тулд ямар ямар сонголтыг хийж болох вэ? Хүүхдүүд тань эдгээр сонголтыг нэг нэгээрээ жүжиглэх үед бусад нь тухайн үйлдэл юуг төлөөлж байгааг тааж болох юм.
Есүс дэлхийд эргэн ирэх болно.
-
Мосе 7:59 дээр Енох Их Эзэнээс нэг асуулт асуув. Хүүхдүүдээс үүнийг олохыг хүсээд, дараа нь 60-р шүлгээс хариултаа олохыг урь. Та бас хэн нэгний гэртээ эргэж ирэхийг хүсэж байсан үеийнх нь талаар тэдэнтэй ярилцаж болох юм. Тэднээс ямар байсныг мөн бэлдэхийн тулд юу хийснийг нь асуу. Есүсийн эргэн ирэлтэд бид хэрхэн бэлтгэж болох вэ?
-
Аврагч хүмүүст үзэгдэж байгааг харуулсан зургуудыг үзүүлэхийг бод (Сайн мэдээний зургийн цуглуулга, д.60, 82, 83, 84-ийг үзнэ үү). Зурган дээрх хүмүүс юу хийж байна вэ? Есүстэй уулзахад хүмүүст ямар мэдрэмж төрж байсан бэ? Та нар “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) гэх зэрэг Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай дуу дуулаад, Есүсийг дахин ирэхэд ямар байна гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асууж болно. Есүсийг дахин ирэхийг харахад ямар санагдах талаар хуваалцах боломж хүүхдүүдэд өг.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.