Ирээд, Намайг дага
Санах зүйлүүд: Гэрээ


“Санах зүйлүүд: Гэрээ,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Гэрээ,” Ирээд, Намайг дага: 2026

бодох дүрс

Санах зүйлүүд

Гэрээ

Хуучин Гэрээний туршид та гэрээ гэдэг үгийг байнга унших болно. Өнөө үед бид ихэвчлэн гэрээнүүдийг Бурхантай хийсэн ариун нандин амлалт хэмээн боддог, харин эрт дээр үед гэрээнүүд нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцааны чухал хэсэг байсан. Өөрсдийн аюулгүй байдлын төлөө мөн оршин тогтнохын тулд хүмүүс бие биедээ итгэж чаддаг байх шаардлагатай байсан бөгөөд гэрээнүүд нь энэ итгэлцлийг хангах арга зам байсан.

Тиймээс Бурхан Енох, Ноа, Мосе нартай болон бусадтай гэрээнүүдийн талаар ярих үедээ тэднийг Өөртэй нь итгэлийн харилцаанд орохыг урьж байв. Бид энэ гэрээг шинэ бөгөөд үүрдийн гэрээ буюу Абрахамын гэрээ гэдэг бөгөөд энэ нь Абрахам, Сара хоёртой хийгдэж, дараа нь тэдний үр удам болох Исаак, Иаков нарт (мөн израил гэдэг) шинэчлэгдсэн гэрээний заалт юм. Хуучин Гэрээнд үүнийг зүгээр л ”гэрээ” гэдэг байв. Үндсэндээ Хуучин Гэрээ нь өөрсдийгөө энэхүү гэрээний өв залгамжлагчид буюу гэрээт хүмүүс хэмээн үздэг хүмүүсийн түүх гэдгийг та нар харах болно.

Абрахамын гэрээ нь ялангуяа хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд өнөөг хүртэл чухал билээ. Яагаад? Бид Абрахам, Исаак, Иаков нарын шууд үр удам уу үгүй юү гэдгээс үл хамааран бид бүгдээрээ Их Эзэнтэй гэрээнд ордог. Ийм учраас Абрахамын гэрээ гэж юу болох, энэ нь өнөө үед бидэнд хэрхэн хамаатай болохыг ойлгох нь чухал юм.

Абрахамын гэрээ гэж юу вэ?

Абрахам “зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг” (Aбрахам 1:2) хүсэж байсан учраас Бурхан түүнийг гэрээний харилцаанд орохыг урьсан. Абрахам ийм хүсэлтэй байсан анхны хүн нь байгаагүй, тэр мөн гэрээг хүлээн авсан анхны хүн ч бас байгаагүй. Энэ нь эцсийн эцэст үүрдийн гэрээ байсан юм. Абрахам “эцгүүдийн адислалуудыг” (Абрахам 1:2) эрэлхийлсэн бөгөөд энэ нь Адам, Ева хоёрт, дараа нь эдгээр адислалыг хичээнгүйлэн эрэлхийлэгчдэд өгөгдсөн адислалууд байсан.

Бурхан Абрахамтай хийсэн гэрээндээ газар нутгийн өв залгамжлал, олон үр удам, санваарын ёслолуудыг хүлээн авах боломж, үе удмын турш алдарших нэр зэрэг гайхамшигтай адислалуудыг амласан. Гэхдээ энэ гэрээний гол анхаарал нь Абрахамын болон түүний гэр бүлийн хүлээн авах адислалуудад бус харин Бурханы бусад бүх хүүхдэд үзүүлэх адислалд төвлөрсөн байсан. “Чи тэгээд ерөөл болтугай, газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” (Эхлэл 12:2–3) хэмээн Бурхан тунхагласан.

Энэ гэрээ нь Абрахам, Сара хоёрт болон тэдний үр удамд Бурханы хүүхдүүдээс давуу эрх олгосон уу? Зөвхөн бусдыг адислах гэдэгтээ энэ нь давуу эрхтэй билээ. Абрахамын гэр бүл “энэ тохинуулал болон Санваарыг бүх үндэстэнд гэрчлэх,” “авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудыг” хуваалцах байсан (Aбрахам 2:9, 11). Бурханы гэрээт хүмүүс байх нь бусдаас илүү гэсэн үг биш харин бусдад илүү сайн байхад нь туслах үүрэгтэй гэсэн үг.

Энэхүү гэрээ нь Абрахамын хүсэн хүлээж байсан адислал байсан. Үүнийг хүлээн авсныхаа дараа Абрахам өөрийн зүрх сэтгэлдээ “Үйлчлэгч чинь таныг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн бөлгөө; эдүгээ би таныг оллоо” (Aбрахам 2:12) хэмээн хэлсэн.

Энэ нь хэдэн мянган жилийн өмнө байсан ч энэ гэрээ нь бидний өдрүүдэд сэргээгдсэн юм. Энэ нь Бурханы хүмүүсийн амьдралд одоо ч гэсэн биеллээ олсоор л байна. Гэрээний биелэлт нь хожмын өдрүүдэд Бурханы ажил хөгжин урагшлах эрч хүчийг бий болгож, дэлхий даяар гэр бүлүүдийг адисалж байна. Абрахамтай адил зөв шударга байдлын дагалдагч болохыг хүсдэг хэн ч, мөн Их Эзэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хэн ч үүний нэг хэсэг байж болно.

Ариун сүмийн өмнө зогсож буй гэр бүл

Абрахамын гэрээ миний хувьд ямар утга учиртай вэ?

Та бол гэрээний хүүхэд. Та баптисм хүртэхдээ бас ариун ёслолоос хүртэхдээ Бурхантай гэрээ хийдэг. Мөн та ариун сүмийн ариун нандин ёслолуудаар гэрээний бүрэн байдлыг хүлээн авдаг.

Бид эдгээр гэрээ, ёслолоор дамжуулан Бурханы хүмүүс болцгоодог. Бид Түүнтэй “үүрдийн холбоогоор” холбогдсон билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүр мөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй. … Бид Бурхантай гэрээнд орсноор Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй” гэж заасан. Та үүнийг Хуучин Гэрээн дэх Бурханы гэрээт хүмүүсийн түүхээс мөн Түүний гэрээт хүүхдүүдийн нэгийн хувиар өөрийн амьдралаас олж харах болно.

Есүс гараа сунган усан дээр зогсож байгаа нь

Ирэгтүн, бүү ай, Дан Вилсон

Энэ бол бошиглогч Иосеф Смитээр дамжин Абрахамын гэрээний сэргээлтийн ачаар бидэнд өгөгдсөн ариун нандин ойлголт юм. Тиймээс Хуучин Гэрээн дэх гэрээнүүдийн талаар уншихдаа зөвхөн Бурханы Абрахам, Исаак, Иаков нартай ямар холбоотой болох талаар бодох хэрэггүй. Түүний та нартай харьцах харьцааны талаар бас бодоод үзээрэй. Тоо томшгүй олон үр удмын талаарх амлалтын тухай уншихдаа өнөөдөр Абрахамыг эцэг гэж дууддаг зөвхөн тэр сая сая хүний талаар бодох хэрэггүй. Түүнчлэн мөнхийн гэр бүлүүд болон мөнхийн өсөлтийн талаар танд амладаг Бурханы амлалтын талаар бод. Газар дэлхийн өв залгамжлалын талаар уншиж байхдаа зөвхөн Абрахамд амласан тэр газар нутгийн тухай бодоод хэрэггүй. Мөн дэлхийн өөрийнх нь селестиел хувь заяа—“Их Эзэнийг хүлээдэг” “дөлгөөн хүмүүст” амлагдсан өвийн тухай бод (Maтай 5:5; Дуулал 37:9, 11). Бурханы гэрээт хүмүүс “дэлхийн бүх гэр бүлийг” (Абрахам 2:11) адислах болно гэсэн амлалтын тухай уншихдаа зөвхөн Абрахамын тохинууллыг эсвэл түүнээс үе дамжсан бошиглогчдын тухай гэж бүү бод. Есүс Христийн гэрээний дагалдагчийн хувьд та хийж чадах зүйлээ, мөн таны эргэн тойронд байгаа гэр бүлүүдэд хэрхэн адислал нь болох талаар бас бодоод үзээрэй.