Номын сан
Бошиглогчид


“Бошиглогчид,” Сэдэв ба асуулт (2023)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганд үг хэлж буй нь

Сайн мэдээг судлах удирдамж

Бошиглогчид

Есүс Христийг гэрчлэхээр бурханлагаар дуудагдсан

Эрт үед Бурхан эгэл жирийн, итгэлтэй хүмүүсийг бошиглогчоор дуудаж, тэдэнд Өөрийгөө төлөөлүүлэх эрх мэдлийг олгодог байсан. Тэр тэдгээр үйлчлэгчийг сүнслэгээр өдөөж, тэдэнтэй ярьж, Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх хүчийг тэдэнд өгдөг байв. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний чухал захиаснуудын нэг нь өнөөдөр дэлхий дээр бидэнд амьд бошиглогчид байгаа явдал юм.

Их Эзэний бошиглогчид Бурханы хүүхдүүдэд зааж, Түүний ажлыг удирдахаар томилогдсон учраас бид тэдний үгэнд анхаарал тавих нь нэн чухал. Бошиглогчдын үүргийн талаар суралцах нь Их Эзэний үйлчлэгчийн хувьд тэдний тэнгэрлэг дуудлагад итгэх итгэлийг тань өсгөж, тэдний зөвлөгөө, удирдамжид итгэх хүслийг тань нэмэгдүүлж чадна. Амьд бошиглогчийг дагадаг хүмүүст Бурхан аюулгүй байдал, хамгаалалт, цаашлаад аврал болон мөнх амьдралыг амладаг.

Бошиглогчид гэж хэн бэ?

Бошиглогч бол Бурханыг төлөөлөн ярихын тулд Түүгээр дуудагдсан хүн юм (Иеремиа 1:4–5; Амос 3:7; Иохан 15:16; Сургаал ба Гэрээнүүд 1:37–38-ыг үзнэ үү). Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл, үнэн мөн чанарыг танилцуулдаг. Тэд нүглийг буруутган, үүний үр дагаврын талаар сэрэмжлүүлж, биднийг худал хуурмагаас зайлсхийхэд тусалдаг (Езекиел 3:16–17; Ефес 4:11–14-ийг үзнэ үү). Бошиглогчид заримдаа ирээдүйн үйл явдлыг бошиглодог. Бошиглогчид эрх мэдэл, түлхүүрүүд болон илчлэлтээ Бурханаас хүлээн авдаг тул эдгээр үүрэг хариуцлагаа биелүүлдэг.

Сэдвийн тойм: Бошиглогчид

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Илчлэлт, Иосеф Смит, Санваарын түлхүүрүүд, Есүс Христийн Сүм

1-р хэсэг

Есүс Христ өнөө үед бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг

Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Адамын өдрүүдээс хойш Бурхан хүүхдүүдийнхээ дунд бошиглогчдыг илгээсээр ирсэн. Их Эзэн Есүс Христ мөнх бус амьдралд тохинуулах үедээ төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр Өөрийн Сүмийг зохион байгуулсан (Ефес 2:19–20-ийг үзнэ үү). Бурхан бошиглогч Иосеф Смитийг дуудаж, Өөрийн Сүмийг сэргээж, Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг байгуулахдаа хожмын өдрүүдэд энэхүү загварыг дагасан юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч бол өнөө үед дэлхий дээр амьдарч байгаа бүх хүнд зориулсан Бурханы бошиглогч мөн. Бид Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчийнх нь хувьд дэмжин баталдаг. Тэр бол санваарын бүх түлхүүрийг ашиглах Бурханы эрх мэдэлтэй дэлхий дээрх цорын ганц хүн юм. Бид бас Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг.

Төлөөлөгч, бошиглогчдын ач холбогдлын талаар бошиглогч Иосеф Смит ийн олж харсан байдаг. “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд билээ.”

Бодох зүйлс

  • Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг номлоход мөн аврал, өргөмжлөлд шаардлагатай санваарын ёслолуудыг хүлээн авахад нь Бурханы хүүхдүүдэд туслахаар Бурханаар дуудагдсан. Түүний залгамжлагчид, түүний дотор өнөөгийн Сүмийн ерөнхийлөгч Их Эзэний төлөөлөгчдийн адил эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хүлээн авсан. Сургаал ба Гэрээнүүд 107:91–92-ыг уншина уу. Энэ судрын хэсэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Их Эзэний бошиглогчийн гүйцэтгэсэн чухал үүргийн талаар танд юу харуулж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Их Эзэний сонгосон үйлчлэгчдийг дагахыг эрэлхийлдэг Сүмийн гишүүд адислагддаг. Бүлгийнхээ гишүүдээс Хиламан 13:24–28 болон 3 Нифай 12:1–2-т заасан үнэнүүдийг харьцуулахыг хүс. Зарим хүн яагаад өнгөрсөн бошиглогчдыг хүндэлдэг атлаа амьд бошиглогчдыг үгүйсгэдэг вэ? Өнөөдөр дэлхий дээр бидэнд амьд бошиглогч, төлөөлөгчид байгаа учраас та ямар адислалуудыг хүлээн авч байсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Бид Есүс Христийн бошиглогчдод анхаарал хандуулснаар Түүнийг дагадаг

Ерөнхий чуулганы сэтгүүлийг уншиж буй гэр бүл

Их Эзэн Есүс Христ Өөрийнх нь амьд бошиглогч, төлөөлөгчдийг хүлээн зөвшөөрөх нь хэчнээн чухал болохыг онцолсон. Бид тэдний зөвлөгөөг сонсож, анхаарлаа хандуулах үедээ тэднийг хүлээн зөвшөөрдөг. “Миний үйлчлэгчдийг хүлээн авдаг тэр нь намайг хүлээн авдаг болой; мөн намайг хүлээн авдаг тэр нь Эцэгийг минь хүлээн авдаг болой; мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэр нь Эцэгийн минь хаант улсыг хүлээн авдаг; тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээнүүд 84:36–38).

Бурхан бидэнд Өөрийн үйлчлэгчдийн үгсийг Өөрийнх нь үгс мэт авч үзэхийг зарлигладаг. Тэрээр: “Миний өөрийн дуу хоолойгоор байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолойгоор байна уу, энэ нь адил болой” (Сургаал ба Гэрээнүүд 1:38) хэмээн тунхагласан. Бурхан Өөрийн бошиглогчдыг хүүхдүүддээ зааж, тэднийг удирдаж, мөнх амьдрал болон өргөмжлөлд бэлтгэхийн тулд илгээдэг учраас бид Есүс Христэд болон Түүний сонгосон үйлчлэгчдэд анхаарал хандуулах аваас хамгаалагдаж, адислагдах болно (Сургаал ба Гэрээнүүд 124:45–46-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Их Эзэний Сүмийн удирдагчид] Бурханы бүх хүүхдэд тун их санаа тавьдаг учраас Түүний үнэнийг тунхагладаг. Магадгүй бид хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг үргэлж хэлээд байдаггүй байх. Бошиглогчид алдарших нь ховор. Гэхдээ бид үргэлж үнэнийг заадаг!” хэмээн тайлбарлажээ. Их Эзэний бошиглогчид итгэх хүсэл тань түүний захиас үнэн гэдгийг таньж мэдэхэд танд хэзээ тусалж байсан бэ?

  • Эцсийн өдрүүдэд босож, Бурханы хүүхдүүдийг хууран мэхлэхийг оролдох хуурамч бошиглогчдын талаар судрууд сэрэмжлүүлдэг (Maтай 24:24-ийг үзнэ үү). Их Эзэн Сүмд хүлээн зөвшөөрөгдсөн тогтсон жаягаар дамжуулан Өөрийн бошиглогчдыг үргэлж тодруулах болно хэмээн тайлбарласан. Иохан 10:1–2 мөн Сургаал ба Гэрээнүүд 43:7-г унш. Их Эзэний үйлчлэгч хаалгаар орно гэдэг нь ямар утгатай вэ? Бурханаас ирэх илчлэл нь хүлээн зөвшөөрөгдсөн санваарын шугамаар үргэлж ирдэг гэдгийг мэдэх нь хууран мэхлэлтээс зайлсхийхэд танд хэрхэн туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийнхээ гишүүдтэй хамт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг унш. “Бошиглогчдыг дэмжин батлах нь тэдний бошиглолын эн тэргүүнд тавих зүйлсийг дэмжин батлахын тулд чадах бүхнээ хийнэ гэж хувьдаа амлаж байгаа хэрэг билээ. Бид тэднийг дэмжин баталснаар тэдний бошиглогч гэх дуудлагыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа тангараг маягаар харуулж байгаа юм.” Сургаал ба Гэрээнүүд 107:22-ыг унш. Бид “итгэл найдвар, итгэл ба залбирлаар” дамжуулан Тэргүүн зөвлөлийг ямар ямар арга замаар дэмжиж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын үүрэг

Ерөнхий чуулган дээрх дэмжин батлах санал хураалт

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ажил хэргийг зохион байгуулж, удирдахад шаардлагатай санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг (Maтай 16:16–19; Сургаал ба Гэрээнүүд 81:1–2-ыг үзнэ үү). Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын дуу нэгтэй гаргасан шийдвэрүүдийг Түүний хүч дагалдах болно хэмээн Их Эзэн амладаг. Ерөнхий гарын авлагад ийн дурджээ. “Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүн бол бошиглогч, үзмэрч, илчлэгчид мөн. Хамтдаа тэд Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөлийг бүрэлдүүлдэг. Их Эзэний удирдлаган доор мөн нэгдмэл саналтайгаар энэхүү зөвлөл нь сургаалыг тайлбарлах, тунхаглах мөн Сүмийн бодлого журмыг батлах эрх мэдэлтэй (Сургаал ба Гэрээнүүд 1:38; 107:27–31-ийг үзнэ үү).”

Тэргүүн зөвлөлийн тухай бошиглогч Иосеф Смит ийн заасан. “Ерөнхийлөгчид [Тэргүүн] зөвлөл Сүмийг удирддаг бөгөөд Бурханы илчлэлтүүд болон ерөнхийлөгчийн зөвлөлөөр дамжин Сүмд ирдэг билээ. Энэ бол тэнгэрийн дэг жаяг бөгөөд [Мелкизедек] санваарын хүч, онцгой эрх юм.”

Бурхан Өөрийн бүх хүүхдийг удирдан залахын тулд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан илчлэл өгдөг ч хувь хүмүүс өөрийн онцгой хэрэгцээ, үүрэг хариуцлага болон асуултад туслах, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх илчлэлийг хүлээн авч чадна. Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг өдөөлт нь Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгсөн илчлэлтэй үргэлж нийцдэг.

Бодох зүйлс

  • Төлөөлөгч Паул төлөөлөгч, бошиглогчид бол Сүмийн суурь хэмээн тайлбарласан (Ефес 2:19–20-ийг үзнэ үү). Ефес 4:11–14-ийг унш. Их Эзэний төлөөлөгч, бошиглогчид биднийг “энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдахаас” (14-р шүлэг) хэрхэн хамгаалдаг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг бүлгийн гишүүдтэйгээ хамт унш.

    “Хэдэн арван жилийн өмнө Сүмийн нэг удирдагчийн хэлсэн үг манай Сүмийн сургаалтай нийцэхгүй байгаа юм шиг санагдсан үед цөөхөн хүн өөрсдийн итгэлд эргэлзсэн явдал бий. Сүмийн сургаалд удирдлага болгодог нэг чухал зарчим байдаг. Аль нэг сургаалыг Тэргүүн зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын 15 гишүүн бүгд адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй. Үнэн зарчмуудыг олон удаа, олон хүн заадаг. Бидний сургаалыг олоход хэцүү биш.”

    Сайн мэдээний үнэн зарчмуудыг болон Сүмийн албан ёсны сургаалыг бид хэрхэн таньж мэдэх талаар ярилцахад бүлгийн гишүүдийг урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

4-р хэсэг

Бид бошиглогчийн дуудлага болон үгсийн талаар сүнслэг баталгааг эрэлхийлж чадна

Ерөнхий чуулганыг зурагтаар үзэж буй гэр бүл

Хуучин Гэрээнд Их Эзэн бошиглогчдынхоо үүргийг ойртон ирж буй аюулаас сэрэмжлүүлэх үүрэгтэй нэгэн “харуул”-тай зүйрлэсэн байдаг (Езекиел 33:1–7-г үзнэ үү). Есүс Христ мөнх бус амьдралд тохинуулж байхдаа наманчлах хэрэгтэйг онцолсон (Maтай 4:17; 7:13–14; Лук 5:32-ыг үзнэ үү). Бошиглогчид Бурханы хүмүүст нүгэл, ёс бус явдлын үр дагаврын талаар сэрэмжлүүлж, наманчлах хэрэгтэйг заасан мөн адил захиасыг тунхаглах үүрэгтэй (Үйлс 10:43; Сургаал ба Гэрээнүүд 1:4–5-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та нар амьд бошиглогчийн гаргаж буй мэдэгдэл бүрийг ойлгодоггүй байж болно. Гэхдээ та нар бошиглогчийг бошиглогч мөн гэдгийг мэдэх юм бол Их Эзэнд даруухнаар, итгэлтэйгээр хандаж; Түүний бошиглогчийн тунхагласан юуны ч талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг гуйж болно” гэж заажээ.

Есүс Христийн Сүм зохион байгуулагдсан өдөр Их Эзэн хүмүүстээ Өөрийн бошиглогчийн үгсийг “[Өөрийн] амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр” (Сургаал ба Гэрээнүүд 21:4–5-ыг үзнэ үү) хүлээн авахыг зарлигласан. Энэ бурханлаг удирдамж нь бошиглогчийн үг, сургаалыг хүлээн авах нь үргэлж амар хялбар байдаггүйг харуулж байна. Бид тэдгээрийн ач холбогдлыг баталсан сүнслэг баталгааг тэр даруй мэдрэхгүй байж болно. Ийм учраас Их Эзэн бидэнд илүү тодорхой ойлголтыг хүлээх зуураа тэвчээртэй байж, итгэлээ хөгжүүлэхийг сануулдаг. Их Эзэн Өөрийнх нь бошиглогчдод тэвчээртэй бас итгэлтэйгээр найдах хүмүүст агуу адислалуудыг амласан билээ (Сургаал ба Гэрээнүүд 21:6-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Хуучин Гэрээнээс бид Сирийн хааны их цэргийн ахмад Нааманы тухай уншдаг. Тэрээр уяман гэж нэрлэгддэг өвчнөөр шаналж байв. Нааман Израилд эдгээх хүчтэй бошиглогч байдгийг мэдээд, түүнтэй уулзахаар аялсан юм (2 Хаад 5:1–9-ийг үзнэ үү). 2 Хаад 5:10–14-ийг судал. Их Эзэний бошиглогчийн заавруудад Нааман яагаад бухимдсан бэ? Эцэст нь бошиглогчийн үгийг хүлээн авч, эдгэрэхэд нь Нааманд юу нөлөөлсөн бэ? Энэ түүхийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Их Эзэний бошиглогчдын зөвлөгөөг дагахаар сонгох нь аюулгүй байдлыг авчирдаг. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах мэдэгдлийг бүлгийнхээ гишүүдийн хамт унш.

    “Гэвч бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх сонголт нь бидний зогсож буй байрыг өөрчилдөг. Энэ нь илүү аюултай болдог. Бошиглолын зөвлөгөөг үл хайхрах нь хүмүүст Ариун Сүнсний зөвлөгөөг цаашид хүлээн авах хүчийг сулруулдаг. …

    Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамааралгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байсныг ухаарсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсоод, баттай болохыг нь залбирч мэдэж авсныхаа дараа үүнийг дагах бүрдээ аюулгүй газар луу явж байгаагаа мэддэг. Замын турш зам надад бэлтгэгдсэн, бартаатай газрууд тэгшхэн болсон байсныг би олж мэдсэн. Бурхан намайг хайр дүүрэн халамжаар бэлтгэсэн, заримдаа бүр олон жилийн өмнө бэлдсэн замаар аюулгүй газар руу хөтөлсөн юм.”

    Бошиглогчийн зөвлөгөөг дагахаар сонгосны улмаас илүү аюулгүй байдал, хамгаалалт хүлээн авсан байж болох арга замаасаа хуваалцахад бүлгийн гишүүдийг урь.

Илүү дэлгэрэнгүй судлах

Бошиглогчдын талаарх бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 59.

  2. Russell M. Nelson, “The Love and Laws of God” (Brigham Young University devotional, Sept. 17, 2019), 3, speeches.byu.edu.

  3. Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84.

  4. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 5.1.1.1, Gospel Library.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 159.

  6. Нийл Л.Андэрсэн, “Итгэлийн тань сорилт,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49

  7. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46.

  8. Henry B. Eyring, “Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 24–26.