“11-р сарын 17–23: ‘Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар’: Сургаал ба Гэрээ 133–134,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 133–134,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Арван охин, Хорхэ Кокко
11-р сарын 17–23: “Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”
Сургаал ба Гэрээ 133–134
1833 онд танхайрагчид Сүмийн хэвлэлийн газар луу дайрч, тэндхийг сүйтгэжээ. Тухайн үед хэвлэж байсан материалууд дунд Сүмийн анхны оролдлого болох Зарлигуудын ном хэмээх Бурханы хожмын үеийн илчлэлтүүдийг нэг боть болгосон материалууд байв. Танхайрагчид үдээгүй байсан хуудаснуудыг тараан цацах үед эр зоригтой гэгээнтнүүд заримыг нь авч үлдсэн боловч тэдгээр нь Зарлигуудын номын бүрэн бус цөөхөн хуулбар байжээ.
Бидний мэдэх Сургаал ба Гэрээний 133-р хэсэг бол Зарлигуудын номын хавсралт буюу Их Эзэний нийтлэн гаргасан илчлэлтүүдийн төгсгөлийн хүчирхэг дүгнэлт байх байсан. Энэ нь улиран тохиох шүүлтийн өдрийн талаар анхааруулж, өнөө үеийн илчлэлт бүрд өгөгдсөөр буй Вавилоны бэлгэдэл болсон дэлхийн зүйлсийг орхихыг олонтоо давтан сэрэмжлүүлдэг. Сионыг байгуул. Хоёр дахь ирэлтэд бэлтгэ. Мөн энэ захиасыг “бүх үндэстэн, мөн ястан мөн хэлтэн мөн хүмүүст” (37-р шүлэг) түгээ. Зарлигуудын номын анхны төлөвлөгөө гүйцэлдээгүй ч энэ илчлэлт бол Их Эзэний ажил урагш ахина, “учир нь Тэрбээр … ариун мутраа ил гаргах болно, мөн дэлхийн бүх хязгаар Бурханыхаа авралыг харах болно” (3-р шүлэг) гэж хэлсний гэрч мөн сануулга юм.
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Есүс Христ намайг Вавилоныг орхин, Сионд ир хэмээн дуудсан.
Сионы сүнслэг байдлын эсрэг тал нь Вавилон бөгөөд энэ нь судрууд дээр сүнсний боолчлол, ёс бусыг бэлгэдсэн эртний хот юм. Та Сургаал ба Гэрээ 133:4–14-ийг уншихдаа Аврагч танд “Вавилоноос [гарах] …” (5-р шүлэг) мөн “Сион … уруу [явах] …” (9-р шүлэг) дуудлагыг ямар арга замаар өгдгийг тунгаан бод. Та Түүний дуудлагад хэрхэн хариулж байна вэ? Та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Come to Zion” гэсэн захиаснаас Сионы талаар өөр юу ойлгож авсан бэ? (Liahona, Nov. 2008, 37–40).
Сургаал ба Гэрээ 133:1–19, 37–39
Одооноос би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна.
Сургаал ба Гэрээний 1-р хэсэгт хэлсэн Их Эзэний оршил үг болон 133-р хэсэг дэх Зарлигуудын номын анхны хавсралт хоёулаа “Анхаарагтун, Ай миний сүмийн хүмүүс” (Сургаал ба Гэрээ 1:1; 133:1) хэмээх Их Эзэний хүсэлтээр эхэлдэг. Та Сургаал ба Гэрээ 133:1–19, 37–39-ийг судлан, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд “сонсогтун” (анхааран сонсож, дага) хэмээн таныг урьж буй Их Эзэний захиаснуудыг жагсаа. Та (1) өөрийгөө мөн (2) дэлхийг Түүний ирэлтэд бэлтгэхэд туслахын тулд Түүний танаас хийхийг хүсэж буй зүйлсийн тодорхой жагсаалтыг гаргаж болно. Эдгээр жагсаалт танд юу зааж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийг ирэх үед дэлхий ямар байх, бид үүнд хэрхэн бэлтгэх талаар чухал үнэнүүдийг хуваалцсан. Түүний “Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь,” (Лиахона, 2020 оны 4-р сар, 6–11) хэмээх захиаснаас эдгээр үнэнийг ол. Танд “дэлхийг Аврагчийн ирэлтэд бэлтгэхийн тулд” юу хийх эсвэл юуг үргэлжлүүлэн хийх сүнслэг мэдрэмж төрж байна вэ? (“Аароны санваарын чуулгын уриа,,” Gospel Library).
Мөн Матай 25:1–13 болон Рассэлл М.Нэлсоны “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; “Эзэний хүүхдүүд ирцгээгтүн” дууллыг Дуулал номын д. 28-аас; Topics and Questions дэх “Second Coming of Jesus Christ”-ийг Gospel Library-аас тус тус үзнэ үү.
Есүс Христийн Хоёр дахь ирэлт зөв шударга хүмүүсийн хувьд баяр баясгалан нь байх болно.
19–56-р шүлэг дэх Аврагчийн ирэлтийн тухай дүрслэлийг уншихад таныг тэрхүү өдрийг хүлээхэд хүргэж байгаа ямар зүйл байна вэ? Ямар үг, хэллэг хүмүүсээ хайрлах Их Эзэний хайрыг тодорхойлж байна вэ? “Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг, мөн Түүний нигүүлслийн дагуу, [таны] дээр түүний хүртээсэн тэр бүгдийг” хувийн туршлага болгон бичиж тэмдэглэ (52-р шүлэг).
Эдгээгч зургийн хэсгээс, Кэлси ба Жэсси Лайтвийв
“Засгийн газрууд нь хүний тусын тулд Бурханаар тогтоогдсон.”
Эрт үеийн гэгээнтнүүдийн засгийн газартай харилцах харилцаа ярвигтай байсан. 1833 онд гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдөх үедээ орон нутгийн болон улсын засгийн газраас тусламж хүссэн боловч ямар ч дэмжлэг, нөхөн төлбөр хүлээж аваагүй. Үүний зэрэгцээ Сүмээс гадуурх зарим хүн Сионы тухай сургаалыг тайлбарлахдаа гэгээнтнүүд дэлхийн засгийн газрын эрх мэдлийг үл тоож байна гэж хэлж байв. Сургаал ба Гэрээ 134 нь зарим талаар засгийн газрын талаарх Сүмийн байр суурийг тодорхойлох зорилгоор бичигджээ. Энэ хэсэг нь Их Эзэний гэгээнтнүүд засгийн газрын талаар ямар ойлголттой байх ёстой талаар бидэнд юу зөвлөж байна вэ?
Та 134-р хэсгийг уншихдаа засгийн газрын баримтлах зарчим болон иргэний үүрэг хариуцлагын талаар судал. Эдгээр санаа нь эхэн үеийн гэгээнтнүүдэд хэрхэн тусалж байсан бэ? Таны амьдардаг газарт эдгээрийг хэр хэрэгжүүлэх боломжтой вэ?
Түүнчлэн Итгэлийн тунхаг 1:11–12-ыг болон Topics and Questions дахь “Religious Freedom”-ийг Gospel Library-аас үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Их Эзэн надаас дэлхийн нүгэл хилэнцээс хол байхыг хүсдэг.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Их Эзэн биднийг хол байлгахыг хүсдэг зарим газар, нөхцөл байдлын жагсаалтыг гаргаж болох юм. Дараа нь жагсаасан газар, нөхцөл байдлуудыг (Gospel Library) Судрын удирдамж дахь “Бабел, Вавилон” дээрх тодорхойлолттой харьцуул. Үүний дараа Сургаал ба Гэрээ 133:4–5, 14-ийг хамтдаа уншиж болно. “Вавилоноос гарагтун …” (5-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Мөн та Их Эзэний биднийг урьсан газар, нөхцөл байдлын талаар ижил төстэй жагсаалт гаргаж, Судруудын удирдамж дахь “Сион” гэсэн тодорхойлолттой харьцуулж болно.
Сургаал ба Гэрээ 133:19–21, 25
Есүс Христ дахин ирэх болно.
-
Хүүхдүүдэд спорт, тэмцээн, чухал зочин, дуртай баярын өдөр гэх мэт ямар нэг зүйлд бэлдэхэд ямар байдгийг жүжигчлэн үзүүлэх нь хөгжилтэй санагдаж болох юм. Бэлтгэл яагаад чухал вэ? Дараа нь та Сургаал ба Гэрээ 133:17–19, 21-ийг хамтдаа уншаад, Их Эзэн биднээс юунд бэлтгэхийг хүсдэг талаар олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Та тэдэнд энэ долоо хоногийн тойм хэсэг дээрх зургуудыг үзүүлж, тэднээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар юу мэдэхийг асуу. Мөн бид 19–25, 46–52-р шүлгээс өөр юу сурч болох вэ? Энэ баяр баясгалант өдөрт бэлтгэхийн тулд бид юу хийж болох вэ?
-
Та Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хийж болох зүйлсийг дүрсэлсэн олон янзын зураг, хэрэглэгдэхүүнийг нууж болно (судраас унших, сайн мэдээг хуваалцах эсвэл гэр бүлдээ үйлчлэх гэх мэт). Хүүхдүүдээр нуусан зураг, хэрэглэгдэхүүнийг олуулж, эдгээрийг хийх нь Аврагчийг эргэн ирэх үед Түүнтэй уулзахад бидэнд хэрхэн туслах тухай ярилц.
-
“Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хамтдаа дуул. Аврагчийг гэх хайраа мөн Түүний эргэн ирэх үйл явцын тухай юу бодож явдгаа нэг нэгэнтэйгээ хуваалц.
Есүс Христ хайраар дүүрэн мөн нинжин сэтгэлтэй.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Есүсийн хайр, нинжин сэтгэлийг харуулсан зургуудыг үзэж болно. (Жишээ нь: Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 42, 47-г үзнэ үү.) Есүс хайр, нинжин сэтгэлээ харуулах өөр юу хийсэн бэ? Хамтдаа Сургаал ба Гэрээ 133:52-ыг уншаад, “Их Эзэнийхээ хайраар дүүрэн нинжин сэтгэлийг…дурдах” арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал.
Түүний гэрэлд зургийн хэсгээс, Грэг Олсэн
Сургаалыг энгийн байдлаар тодорхой заа. Их Эзэн сайн мэдээгээ “эгэл жирийн хийгээд энгийн байдлаар” (Сургаал ба Гэрээ 133:57) заадаг. Эдгээр үг танд гэр орон болон ангид сайн мэдээг заах талаар ямар зөвлөгөө өгч байна вэ?
Их Эзэн надаас хуулиудад дуулгавартай байхыг хүсдэг.
-
Хүүхдүүд өөрсдийн дагаж мөрддөг хууль дүрмүүдийг жагсаан бичиж болно. Эдгээр хуулийг хэн ч сахидаггүй байсан бол амьдрал ямар байх байсан бэ? Дараа нь Сургаал ба Гэрээ 134:1–2-ыг тэдэнтэй хамт уншаад, тэдэнд ойлгомжгүй байж болох үг, хэллэгийг ойлгоход нь тусал. Яагаад Их Эзэн биднээс хуулиудыг дагахыг хүсдэг вэ? (мөн Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү).
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.