Doctrine and Covenants 2025
11-р сарын 3–9: “Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой”: Сургаал ба Гэрээ 125–128


“11-р сарын 3–9: ‘Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой: Сургаал ба Гэрээ 125–128,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 125–128,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Сүнсний дэлхийд өвөг дээдэстэйгээ хамт байгаа гэр бүлийн уран зураг

Бид тэдэнтэй, тэд бидэнтэй, Кэйтлин Коннолли

11-р сарын 3–9: “Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой”

Сургаал ба Гэрээ 125–128

1840 оны 8-р сард Жэйн Нэйман найз Сэймоур Брансоны оршуулга дээр гашуудаж байхдаа тэнд бошиглогч Иосефын үг хэлэхийг сонсжээ. Жэйний өсвөр насны хүү Сайрус мөн нас бараад удаагүй байжээ. Сайрус баптисм хүртээгүй байсан нь Жэйний уй гашууг улам нэмэгдүүлж байсан ба мөнхийн бодгальд нь юу тохиох бол гэж санаа зовж байв. Иосеф баптисм хүртэхээсээ өмнө нас барсан хайртай ах Алвиныхаа талаар бас ижил зүйлийг бодож байсан. Тиймээс бошиглогч оршуулга дээр байсан хүн бүртэй сайн мэдээний ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүсийн талаар мөн тэдний төлөө бид юу хийж болох талаар Их Эзэний илчилсэн зүйлсийг хуваалцахаар шийджээ.

Нас барагсдын төлөөх баптисмын сургаал гэгээнтнүүдийг баярлуулж, тэд нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ талаар тэр даруй бодоцгоов. Одоо тэдэнд найдвар байна! Иосеф тэдний баяр хөөрөөс хуваалцан, энэхүү сургаалыг хуваалцсан захиандаа баяртай, бадрангуй хэлээр “Баяр хөөрийн учир уулс хашхираг; мөн хөндийнүүд та нар бүгдээрээ чанга хашхирагтун; мөн тэнгис далайнууд хийгээд хуурай газрууд та нар бүгдээрээ Мөнхийн Хааныхаа тухай гайхамшгуудыг өгүүлэгтүн!” гэж хуваалцжээ. (Сургаал ба Гэрээ 128:23).

Гэгээнтнүүд номын 1:415–427-г болон “Letters on Baptism for the Dead”-ийг in Revelations in Context-ийн х. 272–276-аас үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 126

Их Эзэн надаас гэр бүлээ халамжлахыг хүсдэг.

Үйлчилсэн олон номлолынхоо нэг болох Англи дахь номлолоо дуусгаж ирснийхээ дараа Бригам Янг бас нэгэн чухал дуудлагыг Бурханаас хүлээн авав. Эзгүй хойгуур нь зовлон туулсан “гэр бүлдээ онцгой халамж тавих” (3-р шүлэг) үүргийг тэр хүлээн авчээ. Та энэ хэсгийг судлах явцдаа яагаад Их Эзэн заримдаа бидний үйлчлэлээс золиослол шаарддаг талаар эргэцүүлэн бод. Та өөрийнхөө гэр бүлд анхаарал халамж тавихын тулд юу хийж болох вэ?

Түүнчлэн “Take Special Care of Your Family”-ийг in Revelations in Context-ийн х. 242–249-өөс үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 127:2–4

Би хэцүү цаг үеүдэд Их Эзэнд найдаж чадна.

1842 оны 8-р сард худал гүтгэлэг, баривчлах сүрдүүлэг Иосеф Смитийг дахин нуугдахад хүргэв. Гэвч энэ үед (одоогийн Сургаал ба Гэрээ 127) гэгээнтнүүдэд хандаж түүний бичсэн үгс эерэг үзэл, баяр баяслаар дүүрэн байсан. 2–4-р шүлэгт Бурханы талаар болон бусдын доромжлол, эсэргүүцлийн талаар юу зааж байна вэ? Эдгээр шүлгээс аль үг хэллэг нь танд хавчлага дарамт мэдэрсэн үед тус болж чадах вэ? Их Эзэн амьдралын тань “гүнзгий усанд” таныг хэрхэн түшин дэмжиж байгааг бичиж тэмдэглэх талаар эргэцүүлэн бод.

Сургаал ба Гэрээ 127:5–8; 128:1–8

“Та нар дэлхий дээр юуг ч цэдэглэлээ гэсэн тэнгэрт цэдэглэгдэх болно.”

Та Сургаал ба Гэрээ 127:5–8; 128:1–8-ыг уншаад, Их Эзэн Иосеф Смитэд нас барагсдын баптисмын цэдэг хөтлөх талаар ийм тодорхой заавар өгсөн шалтгааныг олж мэд. Энэ нь Их Эзэн болон Түүний ажлын талаар танд юу зааж байна вэ? Та энэ зааврыг хувийн тэмдэглэл зэрэг гэр бүлийн бүртгэл хөтлөх үйл явцтай тань хэрхэн холбогдоно гэж бодож байна вэ?

Гэр бүлийн түүхээ хөтөлж буй залуу эрэгтэй

Өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд үйлчлэх нь бидний зүрх сэтгэлийг тэдэнтэй холбодог.

Сургаал ба Гэрээ 128:5–25

семинарын шигтгээ зураг
Өвөг дээдсийн минь аврал миний авралд зайлшгүй чухал.

Бид энэ амьдралд баптисм хүртээгүй өвөг дээдэстээ яагаад хэрэгтэй байдаг нь Их Эзэний Иосеф Смитэд илчилсэн зүйлсээс тодорхой харагддаг. Бид тэдний өмнөөс баптисм хүртсэнээр тэд энэ ёслолыг хүлээн авах эсэхээ сонгох боломжтой болно. Мөн бошиглогч өвөг дээдсийн маань аврал “бидний авралд зайлшгүй чухал” гэж заасан. Та Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг уншиж байхдаа үүний шалтгааныг бодоорой.

5-р шүлэгт нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг “дэлхийн сууринаас өмнө бэлтгэсэн” гэж заадаг. Энэ үнэн Бурханы талаар болон Түүний төлөвлөгөөний талаар танд юу зааж байна вэ? Ахлагч Дэйл Г.Рэнландын “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” захиаснаас та өөр юу ойлгож авч болох вэ? (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Иосеф Смит санваарын ёслолууд болон нас барагсдын төлөөх баптисмын талаар заахдаа “холбох хүч,” “гагнагч холбоо” гэх мэт хэллэгүүдийг ашигласан. Сургаал ба Гэрээ 128:5–25-ыг уншихдаа эдгээртэй төстэй хэллэгүүдийг хайж ол. Танд энэ хэллэгийг дүрслэн үзүүлэх гинж, олс зэрэг хэрэглэгдэхүүн байна уу? Эдгээр нь яагаад энэ сургаалыг тайлбарлах тохиромжтой хэллэг болж байна вэ?

Дараах асуултуудыг эргэцүүлэн бодох нь эдгээр шүлгийг судалж ойлгоход тань дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Таны бодлоор нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмыг яагаад “үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн алдартай нь” (17-р шүлэг) гэж үзсэн бэ? Энэ сургаалыг ойлгоход тань ямар туршлага тусалсан бэ?

  • Хэрвээ “эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд … гагнагч холбоо” (18-р шүлэг) байхгүй бол дэлхий ямар байдлаар зүхэгдэж болох вэ?

  • 19–25-р шүлэг дээрх Иосеф Смитийн үгсийн юу нь таныг гайхшируулж байна вэ? Эдгээр шүлэг нь Есүс Христийн талаарх болон өвөг дээдсийнхээ төлөө хийлгэх ариун сүмийн үйлчлэлийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? (Мөн “Ирээд, баясагтун” дууллыг Дуулал номын д. 8-аас үзнэ үү.)

Эдгээр шүлгийг судалсныхаа дараа та өвөг дээдсийнхээ төлөө ямар нэг зүйл хийхээр сүнслэгээр өдөөгдөж болох юм. FamilySearch.org дээрх санаануудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Gospel Library дахь “Ариун сүм, гэр бүлийн түүх цуглуулгын Урам зориг өгөх видеонуудаас та бодит тусламж, урам зориг өгөх түүх, гэр бүлийн түүхийн талаарх удирдагчдын захиаснуудыг авах боломжтой.

Сүмийн холбогдох эх сурвалжуудыг ашигла. Ирээд, Намайг дага гарын авлагын тойм дахь холбооснууд нь сайн мэдээний үнэнүүдийг ойлгож, хэрэгжүүлэхэд мөн хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тань туслах хэрэгтэй эх сурвалжуудад хялбар нэвтрэх боломжийг олгоно. Жишээ нь: Дээрх FamilySearch холбоос нь өөрийн гэр бүлийн модыг үүсгэх, ариун сүмийн ёслол хэрэгтэй өвөг дээдсээ олох, өвөг дээдсийнхээ уг гарлыг харах, гэр бүлийнхээ түүхийг байршуулах зэрэг үйлдлүүд рүү хөтөлнө.

Мөн Кэвин Р.Данканы “Баяр баясгалангийн дуу хоолой!” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн х. 95–97-оос үзнэ үү.

“Агуу, гайхамшигт боломж.”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийнхүү хэлжээ.

“Есүсийн бүхний төлөө үйлдсэн Цагаатгал бусдын өмнөөс гаргах агуу золиослолыг төлөөлдөг. Тэр бүх хүн төрөлхтний өмнөөс үйлдэгч болсноороо загварыг гаргаж ирсэн юм. Өөр хүний өмнөөс нөгөө хүн үйлдэж болно гэдэг энэ загвар нь Их Эзэний өргөөнд болдог ёслолуудад ч үйлдэгддэг. Энд бид сайн мэдээний тухай сонсолгүй нас барсан хүмүүсийн төлөө үйлчилдэг. Гүйцэтгэсэн ёслолыг хүлээн авах аль эсвэл эсэргүүцэх сонголт тэдэнд бий. Тэдэнд энэ дэлхий дээр алхаж байгаа хүмүүстэй адил тэгш эрх өгөгддөг. Нас барсан хүмүүст амьд хүмүүст өгдгийн адил тэрхүү боломжийг олгодог. Бүхнийг Чадагч Өөрийн бошиглогчид өгсөн илчлэлтээр дамжуулан ямар агуу, гайхамшигт боломжийг өгсөн гээч” (“The Great Things Which God Has Revealed,” Liahona,, May 2005, 82–83).

хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 02

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 126:3

Би гэр бүлийнхнээ халамжлахад тусалж чадна.

  • Хүүхдүүдэд гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэхэд нь туслахын тулд “50-р бүлэг: Науву дахь гэгээнтнүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд номын х. 184 дэх Бригам Янгийн талаарх мэдээллийг хүүхдүүдтэй хуваалц эсвэл Gospel Library дахь холбогдох видеог үзүүл) мөн Сургаал ба Гэрээ 126-г өөрийн үгээр хураангуйлан хэл. Та “гэр бүлдээ онцгой халамж тавь” (3-р шүлэг) гэсэн хэллэгийг онцлон, бид гэр бүлдээ онцгой халамж тавина гэдэг нь юу гэсэн үг болох талаар хүүхдүүдтэй ярилцаж болно.

    1:33

    Chapter 50: The Saints in Nauvoo: January–July 1841

  • Гэр бүлийнхээ гишүүдийг “халамжлах” арга замуудын тухай хамтдаа ярилцах үедээ гэр бүлийн зураг (зурж болно) хараад ярих нь танд болон таны хүүхдүүдэд сонирхолтой байх болно. Мөн та нар “Гэр маань диваажин байж болно” (Дуулал, д.154) зэрэг дууллыг дуулж болох юм.

Сургаал ба Гэрээ 128:5, 12

Бурханы бүх хүүхэд баптисм хүртэх боломжтой байх хэрэгтэй.

  • Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 128:1-ийг уншин, Иосеф Смитийн бодол санааг ямар сэдэв эзэмдсэнийг мэдэж авахад урь. Мөн тэд 17-р шүлгээс ямар сэдвийг тэрээр “хамгийн алдартай” гэж үзэж байсныг олж мэдэх боломжтой. Олж мэдсэн зүйлээ хуваалцаж, яагаад энэ сэдэв сэтгэл хөдөлгөм болох тухай ярилцахыг тэднээс хүс.

  • Та хүүхдүүддээ өөрсдийн баптисмын гэрээг байгуулахад (мөн үүний дагуу амьдрахад) бэлтгэхэд нь туслахын зэрэгцээ амьдралынхаа явцад эдгээр гэрээг байгуулж чадаагүй хүмүүст хэрхэн туслах талаар олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлж чадна. Өөрийн таних, баптисм хүртэлгүй нас барсан хэн нэгний талаар хүүхдүүдэд ярьж өг. Та нар Сургаал ба Гэрээний 128:5-ыг хамтдаа уншин, ариун сүмийн баптисмын усан сангийн зургийг харж болох юм (энэ тоймын төгсгөлд байгаа зураг байж болно). Нас барсан хүмүүсийн төлөө ариун сүмүүдэд баптисм хүртэх тухай өөрийн бодлыг мөн ингэснээр нас барсан хүн бүр Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулах боломжтой болдог тухай хүүхдүүдэд ярь.

Сургаал ба Гэрээ 128:18

Тэнгэрлэг Эцэг надаас гэр бүлийн түүхийн ажлаа хийхийг хүсдэг.

  • Эцэг эх, эмээ өвөө, элэнц эмээ өвөө нарынхаа нэрс бүхий цаасан гинж болон үүнтэй ижил зүйлсийг хийхэд сонирхолтой байх болно (энэ хичээлийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Дараа нь та нар өвөг дээдсийнхээ талаар мэдэж авсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм. Хамтдаа Сургаал ба Гэрээ 128:18-ыг уншаад, гэр бүлийн түүхийг маань “бүрэн бүтэн” болгодог “гагнагч холбоо” юу болохыг олж мэд. Мөн “Courage: I Think I Get It from Him” (Gospel Library) видеог үзэж болох юм.

    1:38

    Courage: I Think I Get It From Him

  • Хүүхдүүдэд гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь туслах нэмэлт үйл ажиллагаануудыг хавсралт Б-д байх “Ариун сүм ба аз жаргалын төлөвлөгөө” хэсгээс эсвэл FamilySearch.org-оос үзэх боломжтой.

Цаасан гинж хийж буй ээж, охин хоёр

Ариун сүмийн ёслолууд гэр бүлүүдийг гинжин холбоос мэт нэгтгэж чадна.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Ариун сүмийн баптисмын усан сан

Ютагийн Огдэн ариун сүмийн баптисмын усан сан

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас