“1-р сарын 13–19: ‘Гэрлэн багана би харлаа:’ Иосеф Смит—Түүх 1:1–26” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Иосеф Смит—Түүх 1:1–26,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Ариун ойн цоорхой, Грэг Олсэн
1-р сарын 13–19: “Гэрлэн багана би харлаа”
Иосеф Смит—Түүх 1:1–26
Та Сургаал ба Гэрээг залбирлын хариултуудыг багтаасан ном гэж хэлж болно. Энэ ном дээрх олон ариун нандин илчлэлт асуултуудын хариулт болж ирсэн байдаг. Хожмын үед цутган гарч буй илчлэлтийг өдөөж, энэ бүхнийг эхлүүлсэн асуултыг 14 настай хүү тавьсан юм. “Үгийн болон санаа бодлын үймээн самуун” (Иосеф Смит—Түүх 1:10) Иосеф Смитийг шашин шүтлэгт болон өөрийнхөө Бурхантай харилцах харилцаанд эргэлзэхэд хүргэсэн. Танд ч бас ийм зүйл тохиолдож байсан байх. Өнөө үед зөрчилдөөнтэй санаа бодол, итгэл үнэмшил бүхий дуу хоолой олон байгааг бид мэддэг. Бид эдгээр захиасыг ялгаж салган, үнэнийг олохыг хүсвэл Иосефтой адил зүйлийг хийж болно. Бид асуулт тавин, судраас судалж, тунгаан бодож, эцэст нь Бурханаас асууж болно. Иосефын залбирлын хариуд гэрлэн багана тэнгэрээс бууж ирсэн. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр үзэгдэж, түүний асуултуудад хариулсан юм. Иосеф энэ гайхамшигт туршлагын талаарх гэрчлэлдээ “Мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас асууж мөн олж авна” (Иосеф Смит—Түүх 1:26) хэмээн зоригтой тунхагладаг. Бид бүгд тэнгэрлэг үзэгдэл биш юм аа гэхэд ядаж л тэнгэрлэг гэрлээр гэрэлтсэн илүү тодорхой ойлголтуудыг хүлээн авах боломжтой.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч.
Иосефын тухай үнэнийг ихэнх тохиолдолд гуйвуулж байсан тул Иосеф Смитийн түүхийн зорилго нь “баримтуудыг болсон байдлаар нь” (Иосеф Смит—Түүх 1:1-ийг үзнэ үү) мэдэгдэх явдал байв. Таныг Иосеф Смит—Түүх 1:1–26-г унших үед түүний тэнгэрлэг дуудлагын талаарх гэрчлэлийг тань юу хүчирхэг болгосон бэ?
Түүнчлэн Гэгээнтнүүд номын 1:3–19-ийг үзнэ үү.
Би залбирлынхаа хариултыг хэрхэн хүлээж авах вэ?
Танд гаргах гэж байгаа шийдвэртээ “мэргэн ухаанаар дутаж” эсвэл эргэлзэж байсан удаа бий юү? (Иосеф Смит—Түүх 1:13). 1820 онд Иосеф Смитэд тохиолдсон туршлага таныг хувийн илчлэлт хүлээн авахад сайн загвар болох болно. Жишээлбэл: Та Иосеф Смит—Түүх 1:1–25-ыг уншихдаа өөрт тохиолдож байсантай адил туршлагыг олж мэд. Та юуны талаар сурч мэдсэн бэ?
-
Иосеф залбирлаар ариун нандин үйл явдалд хэрхэн бэлдсэн бэ? (8, 11, 14–15-р шүлгийг үзнэ үү).
-
Илчлэлт эрэлхийлэхэд судраас судлах үүрэг нь юу вэ? (11–12-р шүлгийг үзнэ үү).
-
Та эсэргүүцэлтэй нүүр тулах үедээ яах вэ? (15–16, 21–26-р шүлгийг үзнэ үү).
-
Хүлээн авсан хариултаа хүлээн зөвшөөрч, хариултын дагуу үйлдэж байна уу? (18–25-р шүлгийг үзнэ үү).
Хуваалцахад урь. Судруудаас хайх нь Ариун Сүнснээс сэтгэгдэл авахад урьдаг. Эдгээр сэтгэгдлийг хуваалцах нь Ариун Сүнсийг бусад хүнд болон хуваалцаж буй хүнд гэрчлэлээ үлдээхэд урих болно.
Та мөн хүмүүсийн Бурхантай харилцаж буй бусад жишээг судруудаас хайж болно. Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл бусад Ирээд, Намайг дага ном дахь зургууд танд санаануудыг өгч болох юм. Олсон жишээ бүрд зориулан өмнө жагсаасан асуултуудад хариулахыг хичээ. Залбиралдаа хариу авах талаар танд ямар туршлага байгаа вэ? Та сайхан туршлага олж авахад нь бусдад мөн адил туслахын тулд юу хийж чадах вэ?
Мөн Рассэлл М.Нэлсоны “Түүнийг сонс” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 108–112-р хуудаснаас үзнэ үү.
Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан.
Иосеф Смит Бурханыг залбиралд нь хариулна гэдэгт итгэлтэй байсан ч энэ хариулт амьдралыг нь, бүр дэлхийг хэрхэн өөрчлөхийг төсөөлөөгүй. Та Иосефын туршлагын талаар уншихдаа Анхны үзэгдлийн үр нөлөө амьдралыг тань хэрхэн өөрчилснийг тунгаан бод.
Жишээлбэл: Анхны үзэгдэл Иосеф Смитийн үед олон хүний итгэдэг байсан зүйлээс өөр Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын талаарх хэд хэдэн үнэнийг илчилсэн. Та Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг уншихдаа, “Анхны үзэгдэл болсны ачаар би … гэдгийг мэднэ” зэрэг мэдэгдлийг гүйцээх өөр өөр арга замуудыг бичих талаар бодож үз.
Иосефт тохиолдсон зүйлс болон үүнээс үүдэн гарч ирсэн бүх зүйлийн талаар тунгаан бодоход танд ямар мэдрэмж төрж байна вэ?
Түүнчлэн “Бурханаас асуу: Иосеф Смитийн Анхны үзэгдэл” (видео)-ийг Gospel Library-гаас; Иосеф Смитийн анхны залбирал”-ыг Дуулал номын д. 17-оос үзнэ үү.
Бурханаас асуу: Иосеф Смитийн Анхны үзэгдэл
Хэрэв хэн нэгэн мэргэн ухаанаар дутвал зургийн хэсгээс, Волтэр Рэйн
Анхны үзэгдлийн талаар яагаад олон түүх байдаг вэ?
Иосеф Смит амьдралдаа багаар бодоход дөрвөн удаа Ариун ойн цоорхойд болсон үйл явдлыг бичээчид хэлж бичүүлсэн байдаг. Үүнээс гадна Иосефын үзэгдлийнхээ талаар ярихыг сонссон хүмүүс хэд хэдэн түүхийг бичсэн байдаг. Хэдийгээр эдгээр түүхийг бичсэн, сонссон хүмүүс нөхцөл байдлаасаа шалтгаалан зарим талаараа өөр өөр байж болох ч адилхан юм. Түүх болгон дээр Иосеф Смитийн туршлагыг илүү сайн ойлгоход туслах нарийн зүйлс нэмэгдсэн байдаг нь сайн мэдээний дөрвөн ном тус бүр Аврагчийн тохинууллыг илүү сайн ойлгоход бидэнд тусалдагтай адил билээ.
Хүмүүс намайг эсэргүүцсэн ч би мэддэг зүйлдээ үнэнч байж чадна.
Гайхамшигт Анхны үзэгдлийн дараа Иосеф Смит өөрийн туршлагыг бусадтай хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсжээ. Түүнд тулгарсан эсэргүүцэл түүнийг гайхшируулсан. Түүний түүхийг уншаад, гэрчлэлдээ үнэнч үлдэхэд тань юу нөлөөлсөн бэ? Судрууд дахь өвөг дээдэс эсвэл таны мэддэг хүмүүсийн өөр ямар жишээ өөрт тохиолдсон сүнслэг туршлагууддаа үнэнч үлдэхэд таныг зоригжуулдаг вэ?
Мөн Гари Э.Стивэнсоны “Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахона сэтгүүлийн 111–114-р хуудаснаас үзнэ үү.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Иосеф Смит Бурханы бошиглогч байхаар бэлтгэгдсэн.
-
Иосеф Смитийн өсвөр насны талаар сурч мэдэх нь түүний туршлагаас суралцах үедээ түүнийг ойлгоход хүүхдүүдэд тусалж болно. Тэд Иосеф Смитийн зургийг бариад, түүний талаар мэддэг зүйлээ хуваалцаж болох юм. Хэрэв шаардлагатай бол Иосеф Смит—Түүх 1:3–14-өөс түүний тухай зарим мэдээллийг нэмж болно (мөн “1-р бүлэг: Иосеф Смит болон түүний гэр бүл”-ийг Сургаал ба Гэрээний түүхүүдийн х. 6–8-аас эсвэл Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү). Иосефыг бошиглогч болоход бэлтгэсэн ямар үйл явдал тохиолдсон бэ? Бурхан биднээр юу хийлгэхээр бэлтгэж болох вэ?
3:22Joseph Smith's Family: A family of faith
Иосеф Смитийн Анхны үзэгдэл зургийн хэсгээс, Грэг К.Олсэн
Бурхан судруудаар дамжуулан асуултуудад маань хариулдаг.
-
Судрууд зэрэг төрөл бүрийн номуудыг хүүхдүүддээ үзүүлэх талаар бодож үз. Эдгээр номоос хариултаа авч чадах асуултуудыг бодоход тэдэнд тусал. Дараа нь Иосеф Смит—Түүх 1:10–11-ийг хамт уншаад, Иосеф Смитэд ямар ямар асуулт байсан, судраас ямар хариултуудыг тэр олж авсныг олж мэд.
-
Иаков 1:5-ыг уншсан нь Иосеф Смитэд хэрхэн нөлөөлсөн болохыг дүрслэх үгсийг хүүхдүүд тань 12-р шүлгээс олох боломжтой байж магад. Тэгээд та нар судрын аль хэсэг танд хүчтэй нөлөө үзүүлсэн туршлагаасаа бие биетэйгээ хуваалцаж болох юм. Та мөн судруудын тухай “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) гэх мэт дууг хамтдаа дуулж болно. Бид яагаад судруудыг уншдаг талаар энэ дуу бидэнд юу зааж байна вэ?
Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож, хариулдаг.
-
Бид Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн харилцдаг тухай ярилцлагыг эхлүүлэхдээ та болон хүүхдүүд тань текст зурвас, утасны дуудлага эсвэл гараар бичсэн тэмдэглэл гэх мэт харилцааны янз бүрийн аргыг ашиглан бие биедээ асуулт тавьж болох юм. Бид Тэнгэрлэг Эцэгт хэрхэн асуулт тавих вэ? Бид Түүнийг хайрладаг, хүндэлдэг болохоо залбирлаараа хэрхэн харуулдаг вэ? Иосеф Смит—Түүх 1:16–19-ийг хамт уншаад, Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитийн залбиралд хэрхэн хариулсныг олж мэд. Дараа нь та болон хүүхдүүд тань Бурханаас тусламж гуйн, хариулт авсан туршлагаа хуваалцаж болно.
Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан.
-
Таныг Анхны үзэгдлийн тухай бага насны хүүхдүүддээ ярьж өгч байхад, тэд гараа сунган Ариун төгөлд мод мэт дүр эсгэн зогсохдоо дуртай байж болох юм. Иосефын залбирсан тухай таныг ярих үед салхинд найгаж буй мэт найгахыг хүүхдүүдээс хүс. Тэгээд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг Иосеф Смит дээр хүрч ирсэн тухай ярих үед хөдөлгөөнгүй, чимээгүй зогсохыг тэднээс хүс.
-
Том хүүхдүүд Анхны үзэгдлийн талаарх мэддэг зүйлээ ярихдаа энэ тойм дээрх нэг эсвэл хэд хэдэн зургийг ашиглахдаа дуртай байж магад. Тэднийг Иосеф Смит—Түүх 1:14–17-г хараад, Иосефт тохиолдсон зүйлийн талаарх бодол, мэдрэмжээ хуваалцахад урамшуулан дэмж (мөн “2-р бүлэг: Иосеф Смитийн Анхны үзэгдэл” гэдгийг Сургаал ба Гэрээний түүхүүдийн х. 9–12-оос эсвэл Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү).
3:23Joseph Smith's First Vision: An answer to a humble prayer
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.