Doctrine and Covenants 2025
1-р сарын 6–12: “Анхаарагтун, Ай миний хүмүүс”: Сургаал ба Гэрээ 1


“1-р сарын 6–12: ‘Анхаарагтун, Ай миний хүмүүс’: Сургаал ба Гэрээ 1,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 1,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Хамтдаа судар уншиж буй гэр бүл

1-р сарын 6–12: “Анхаарагтун, Ай миний хүмүүс”

Сургаал ба Гэрээ 1

1831 оны 11-р сард Есүс Христийн сэргээгдсэн Сүм байгуулагдаад ердөө жил хагас болж байлаа. Сүм өсөж байсан ч тэд хорин хэдтэй бошиглогчоор удирдуулсан харьцангуй жижиг хотод амьдардаг, хүмүүсийн төдийлөн мэддэггүй итгэгчид хэвээр байв. Гэвч Бурхан эдгээр итгэгчийг Өөрийн үйлчлэгч, элч нар гэж үздэг байсан ба тэдэнд өгсөн илчлэлтүүдээ дэлхий даяар хэвлүүлэхийг хүсэж байв.

Сургаал ба Гэрээ 1-р хэсэг нь эдгээр илчлэлтэд өгсөн Их Эзэний өмнөх үг буюу удиртгал юм. Энэ нь Сүм гишүүдийн тоогоороо цөөн ч Бурханы гэгээнтнүүдээс хуваалцахыг хүсдэг захиас жижиг биш гэдгийг тодорхой харуулдаг. Энэ нь “дэлхийн бүх оршин суугчдад” наманчилж мөн Бурханы “үүрдийн гэрээг” байгуулахад “сэрэмжлүүлгийн дуу хоолой” (4, 8, 22-р шүлэг) болдог. Энэ захиасыг хүргэж буй үйлчлэгчид нь “сул доройчууд хийгээд эгэл борчууд” юм. Гэсэн хэдий ч Бурханд Өөрийн Сүмийг “тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас” урагш гарган авчрахад—тэр үед болон одоо—яг хэрэгтэй хүмүүс бол даруу үйлчлэгчид юм (23, 30-р шүлэг).

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 1

“Анхаарагтун, Ай миний хүмүүс.”

Удиртгалд номыг танилцуулдаг. Энэ нь уг номын сэдэв болон зорилгыг тодорхойлж, уншигчдыг уншихаар бэлтгэхэд тусалдаг. Та 1-р хэсгийг буюу Их Эзэний Сургаал ба Гэрээний “удиртгал” (6-р шүлэг)-ыг уншихдаа Их Эзэний илчлэлтүүдийн сэдэв болон зорилгуудыг хайж ол. Энэ жил та Сургаал ба Гэрээг судлахад туслах юу сурсан бэ? Жишээ нь: Та эдгээр илчлэлтээс “Их Эзэний дуу хоолойг сонсох” (14-р шүлэг) эсвэл “эдгээр зарлигуудыг судлагтун” (37-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бодож болох юм.

Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 1:4–6, 23–24, 37–39

семинарын шигтгээ зураг
Их Эзэн Өөрийн үйлчлэгчид, тэр дундаа хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан ярьдаг.

1-р хэсэг нь Их Эзэн Өөрийн сонгосон үйлчлэгчдээр дамжуулан ярьдаг хэмээх Түүний мэдэгдлээр эхэлж мөн төгсдөг (4–6, 23–24, 38-р шүлгүүдийг үзнэ үү). Та энэ илчлэлтийн талаар юу мэдэж авснаа бичнэ үү.

  • Их Эзэн ба Түүний дуу хоолой.

  • Яагаад бошиглогчид өнөө үед хэрэгтэй вэ.

Олж мэдсэн зүйлийн үр дүнд юу хиймээр санагдаж байна вэ?

Та хэзээ Их Эзэний үйлчлэгчдийн дуу хоолойгоор дамжуулан Түүний дуу хоолойг сонсож байсан бэ? (38-р шүлгийг үзнэ үү).

Та амьд бошиглогчдын тухай мэддэггүй найзтайгаа хамт 1-р хэсгийг уншиж байна гэж төсөөлж болох юм. Найзад тань ямар асуултууд байж болох вэ? Найздаа өнөө үед бошиглогчтой байх талаар ямар бодолтой байдгаа ойлгоход нь туслахын тулд та аль шүлгийг түүнтэй хамт ярилцахыг хүсэх байсан бэ?

Иосеф Смитийн илчлэлтийг хэвлэх талаар ахлагчдын зөвлөлийг ярилцах үед зарим хүн уг санааг эсэргүүцсэн гэдгийг олж мэдэх нь танд сонирхолтой байж магадгүй. Тэд Иосеф Смитийн бичгийн чадвар муу гэдгээс ичиж, илчлэлтүүдийг хэвлэн гаргах нь гэгээнтнүүдэд илүү их асуудлыг авчирна гэдэгт санаа зовж байлаа (Гэгээнтнүүд номын 1:140–143-ыг үзнэ үү). Хэрвээ та энэ зөвлөлийн гишүүн байсан бол эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх байсан бэ? Та 1-р хэсгээс тус болж болох ямар ойлголтыг авч болох вэ? (Жишээ болгож, 6, 24, 38-р шүлгүүдийг үзнэ үү).

Сүмийн гишүүд Ерөнхий чуулганаар удирдагчдыг дэмжин баталж байгаа нь

Их Эзэн Өөрийн үйлчлэгчид болох бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдаг.

Сургаал ба Гэрээ 1:12–30, 34–36

Сэргээлт нь хожмын үеийн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад надад тусалдаг.

Сургаал ба Гэрээ 1 дээр Их Эзэн яагаад Өөрийн сайн мэдээг сэргээснээ тайлбарладаг. Та 12–23-р шүлгийг уншихдаа, хэдэн шалтгаан жагсааж болохыг хар. Туршлагаас тань харахад, Сэргээлтийн талаарх Их Эзэний зорилго хэрхэн биеллээ олж байна вэ?

Их Эзэн бидний өдрүүдэд ноцтой сорилт бэрхшээлүүд байх болно гэдгийг мэдэж байсан (17-р шүлгийг үзнэ үү). Та 17–30, 34–36-р шүлгүүдээс эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан амар амгалан, өөртэй итгэлтэй байдлыг мэдрэхэд туслах юуг олж мэдсэн бэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 77–80-аас үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 1:19–28

Их Эзэн “сул доройчууд хийгээд эгэл борчууд[ыг]” ашиглан Өөрийн ажлыг гүйцэлдүүлдэг.

Сургаал ба Гэрээ 1:19–28-ыг уншиж байхдаа, Их Эзэний үйлчлэгч байх гэдэг нь юу гэсэн утгатайг тунгаан бодож болно. Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг ямар ямар зан чанартай байгаасай гэж хүсдэг вэ? Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан юу хийдэг вэ? Эдгээр шүлэг дэх бошиглолууд хэрхэн дэлхий даяар мөн таны амьдралд биелэгдэж байна вэ?

Есүс Христийг эрж хай. Судруудын зорилго нь Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаар гэрчлэх явдал юм. Та Сургаал ба Гэрээ 1-ийг уншихдаа, танд Есүс Христийн талаар ямар нэгэн зүйл зааж буй зүйлийг тэмдэглэж авах юм уу тэмдэглэгээ үйлдэхийг бод.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 1:4, 37–39

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан намайг сүнслэг аюулаас сэрэмжлүүлдэг.

  • Их Эзэний сэрэмжлүүлгийн талаар ярилцаж эхлэхийн тулд та өөрсдийн харж чадахгүй аюулын талаар бусдаас ямар сэрэмжлүүлэг авдаг тухай ярилцаж болно. Халтиргаатай шал, хүчтэй шуурга эсвэл ирж яваа машин гэх зэрэг жишээ байж болох юм. Та болон танай хүүхдүүд сэрэмжлүүлгийн тэмдгийн талаарх жишээнүүдийг харж, эдгээр сэрэмжлүүлгийг Их Эзэний бидэнд өгсөн сэрэмжлүүлэгтэй харьцуулж болно. Сургаал ба Гэрээ 1:4, 37–39-ийн дагуу, Их Эзэн биднийг хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? Тэр хамгийн сүүлд бидэнд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Та магадгүй сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиасны нэг хэсгээс үзэж эсвэл уншаад, Бурханы “сэрэмжлүүлгийн дуу хоолойны” жишээг хайж болно.

  • Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) дууны сүүлийн бадаг гэх мэт бошиглогчийн тухай дууг хамтдаа дуул. Бошиглогч Бурханы үгийг ярьдаг талаар гэрчлэлээ хуваалц.

Сургаал ба Гэрээ 1:17

Сэргээлт нь хожмын үеийн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад надад тусалдаг.

  • Сургаал ба Гэрээ 1:17-ийн тухай ярилцахад урамшуулан дэмжихийн тулд та болон хүүхдүүд тань аялалд бэлтгэж байна гэж төсөөлж болно. Та юу баглаж боох байсан бэ? Хэрэв та бороо орно, таны машин эсвэл автобусны дугуй хагарна гэж урьдчилан мэдсэн бол уг аялалд бэлтгэхэд тань хэрхэн нөлөөлөх байсан бэ? 17-р шүлгийг хамт уншаад, Их Эзэн бидэнд юу тохиолдохыг мэдэж байсан талаар ярилц. Тэрээр үүнд хэрхэн бэлдсэн бэ? (Хэрэв шаардлагатай бол “сүйрэл” гэдгийг тайлбарла.) Энэ цаг үед тулгарч байгаа асуудлуудаа зохицуулахад Бурханы зарлигууд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 1:17, 29

Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан.

  • Аврагчийн сайн мэдээг сэргээхэд гүйцэтгэсэн Иосеф Смитийн үүргийн талаар олж мэдэхийн тулд та болон хүүхдүүд тань Аврагчийн болон Иосеф Смитийн зургийг (энэ тойм дээрх зургуудыг үзнэ үү) харж, Аврагч Иосеф Смитээр дамжуулан бидэнд юу өгсөн талаар ярилцаж болно. Хүүхдүүд тань Сургаал ба Гэрээ 1:17, 29-өөс жишээнүүдийг хайж болно. Бурхан “өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярь[сан]” (17-р шүлэг) гэдгийг яаж мэдсэнээ хүүхдүүддээ хэлж өг.

Бага Иосеф Смитийн хөрөг зураг

© 1998 Дэвид Линдсли

Сургаал ба Гэрээ 1:30

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Их Эзэний “үнэн бөгөөд амьд сүм” мөн.

  • “Үнэн бөгөөд амьд” Сүм гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Хүүхдүүдээ энэ асуултын талаар бодуулахын тулд та тэдэнд амьд ургамал, үхсэн ургамал зэрэг амьтай, амьгүй зүйлсийн зургийг үзүүлж болох юм. Аливаа зүйлс амьд гэдгийг бид яаж мэдэх вэ? Та дараа нь Сургаал ба Гэрээ 1:30-ийг уншаад, Сүмийн хувьд “үнэн бөгөөд амьд” гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилц.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс Христийн хөрөг

Beside Still Waters [Усны хажууханд], Саймон Дюүи

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас