Семинар
Сүмийн удирдагчдын захиасыг заах загвар: Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг судалж, хэрэгжүүлэх


“Сүмийн удирдагчдын захиасыг заах загвар: Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг судалж, хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Сүмийн удирдагчдын захиасыг заах загвар: Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг судалж, хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

207-р хичээл: Сүмийн удирдагчдын сургаал

Сүмийн удирдагчдын захиасыг заах загвар

Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг судалж, хэрэгжүүлэх

Studying General Conference on Mobile Device

Аврагч өнөө үед ч сонгосон үйлчлэгчтэйгээ ярьдаг гэдгийг мэдэх нь үнэхээр урам зориг өгдөг. Семинарын жилийн турш суралцагчдад эдгээр үйлчлэгчээр дамжуулан Түүний захиасыг судлах хэд хэдэн боломж тохионо. Та энэ загварыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын захиасыг заахад туслах хэрэгсэл болгон ашиглаж болно.

Суралцагчийн бэлтгэл: Хичээлээр судлах үгийн гарчгийг суралцагчидтай хуваалц. Хичээлийн өмнө уг үгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн уншиж, үзэх, сонсох даалгаврыг тэдэнд өг. Есүс Христийн үйлчлэгчдийн захиасыг судлахдаа Ариун Сүнсээр заалгахын төлөө залбиран зүрх сэтгэлээ бэлтгэхийг суралцагчдаас хүс.

Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг судлах боломжит үйл ажиллагаанууд

Жич: Энэ загварыг хэрхэн ашиглах жишээг 208-р хичээл: “Израилын найдвар” хичээлээс үзнэ үү.

Энэ загвар нь суралцагчдадаа Сүмийн удирдагчдын захиасыг заахад тань тусална. Энэ нь тусад нь авч үзэх хичээл биш юм. Энд Сүмийн удирдагчийн хэлсэн үгийг заах болгондоо ашиглаж болох олон төрлийн зааж, суралцах санаа багтсан байгаа.

Хэлсэн үгээр хичээл бэлдэхийн тулд эхлээд заах гэж байгаа үгээ судалж, суралцагчдад тань аль үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх нь хамгийн чухал болохыг олж мэд. Энэ шийдвэрийг гаргахад тань (1) Сүнсний өдөөлтөд онцгой анхаарал хандуулах, (2) сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн санааг санах, (3) Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд туслах үнэнүүдийг хайж олох, (4) суралцагчдынхаа хэрэгцээ, чадварыг бодож үзэх зэрэг нь тусална.

Дараа нь тухайн хэлсэн үгээс таны сонгосон үнэнүүдийг тодорхойлон, ойлгож, хэрэгжүүлэхэд суралцагчдад тань туслах санааг энэ загвараас сонго эсвэл өөрийн санааг ашигла. Та хичээлдээ энэ загварын хэсэг бүрээс нэг санааг сонгон авч ашиглаж болно.

Суралцагчдад судлах хэлсэн үгийг цахим хэлбэрээр өгч эсвэл хэвлэсэн хувилбарыг нь тарааж өгөөрэй. Та мөн төвлөрч заахаар сонгосон үгийнхээ хэсгээр тараах материал хийж болно.

Хичээлийг эхлүүлэх арга зам

Суралцах туршлагад бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд тэдний оюун санаа, зүрх сэтгэлд сонирхол төрүүлэх байдлаар хичээлийг эхлүүлэх арга замыг бодож ол. Дараах жишээнүүд байж болно:

Эргэцүүлэн бодоход хүргэх асуулт эсвэл мэдэгдэл. Үг хэлэгчийн захиастай холбоотой эргэцүүлэн бодоход хүргэх асуулт эсвэл мэдэгдлийг хуваалцаад, суралцагчдыг энэ талаар товчхон ярилцахад эсвэл анх өгсөн хариултаа тэмдэглэлдээ бичихэд урь. Жишээлбэл: Та тухайн хэлсэн үгийн гарчгийг самбарт бичээд, энэ сэдэв өнөө үед яагаад чухал гэж бодож байгааг нь суралцагчдаас асууж болно.

Үзүүлэнт хичээл, зураг эсвэл видео. Үг хэлэгчийн захиастай холбоотой үзүүлэнт хичээл, зураг эсвэл Сүмийн зөвшөөрөгдсөн видеог хуваалцаж, товчхон ярилц.

Түүх хуваалц. Үг хэлэгчийн захиастай холбоотой эсвэл үгэндээ дурдсан түүхийг хуваалц. Заримдаа хичээлийн эхэнд суралцагчдын сонирхлыг өдөөх үүднээс тухайн түүхийн хэсгээс хуваалцах нь зүйтэй байж болно. Хичээлийн сүүл хэсэгт үг хэлэгчийн захиасны зорилгыг харуулахын тулд тухайн түүхийн төгсгөлийг хуваалцаж болно.

Тухайн сэдвийн талаарх асуулт. Хэлсэн үгийн сэдвийг хуваалцаад, уг сэдвийн талаар өөрсдөд нь эсвэл бусдад байж болох аливаа асуултыг самбарт юм уу тэмдэглэлдээ бичихийг суралцагчдаас хүс. Та хичээлийн үеэр хариултаа эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

Холбогдох жишээ. Та ангийнхны судлах гэж буй захиасыг сонсож, хэрэгжүүлснээр ашиг тус хүртэж болох өсвөр насны хүүхдийн тухай холбогдох жишээг танилцуулж эсвэл суралцагчдад жишээ зохиох даалгавар өг.

Өөрөө өөрийгөө үнэлэх. Суралцагчдаас тухайн хэлсэн үгэнд авч үзсэн сэдвийн талаарх одоогийн ойлголт, хандлага эсвэл хэрэгжүүлэлтээ үнэлж эсвэл эргэцүүлэн бодохыг хүс. Үүнийг өөрийнхөө талаар эргэцүүлэн бодох асуултуудад хариулсан хариултаа тунгаан бодох эсвэл бичиж авах замаар хийж болно. Та хэлсэн үгэнд байгаа асуултыг ашиглаж эсвэл өөрийн асуултыг бичиж болно.

Захиасыг судлах арга зам

Хэлсэн үгийг судлахад нь суралцагчдад туслахын тулд өөрийн санаа, дараах санаануудаас нэг юм уу олныг эсвэл хэд хэдэн санааны хослолыг ашиглаарай.

Тухайн хэлсэн үгийн хамгийн хэрэгтэй, хамааралтай мөн суралцагчдын чадварт тохирсон хэсгийг сонгож ав. Жишээлбэл: Суралцагчдаас хэлсэн үгийг бүхэлд нь уншихыг хүсэхийн оронд богино, ойлгоход хялбар хэсэгчлэх нь ухаалаг байж болох юм.

Суралцагчдыг судлах явцдаа хувийн илчлэл авахыг эрэлхийлэх, сүнслэг өдөөлтийг судлах тэмдэглэл эсвэл цахим төхөөрөмж дээрээ бичихэд урь. Судлах нэмэлт санаануудыг ChurchofJesusChrist.org дээрх “Ерөнхий чуулганыг судлах” хэсгээс олж болно.

Хайж ол. Суралцагчид судалж байхдаа хайж олох зүйлтэй байвал илүү амжилттай байна. Суралцагчдын дараах зүйлсийг хайж олж болно. Үүнд:

  • Есүс Христ. Суралцагчид Аврагчийн тухай сүнслэг үнэн, Түүний тухай гэрчлэл эсвэл жишээ, Түүний хүч, цагаатгагч золиослол, хайр, зан чанар зэргийн тухай сургаалыг хайж олж болно.

  • Асуулт болон асуудлын хариулт. Хэрэв та энэ загварын “Хичээлийг эхлүүлэх арга зам” хэсэг дэх “Сэдвийн талаарх асуултууд” санааг ашигласан бол суралцагчид судалж байхдаа тэдгээр асуултын хариултыг хайж болно. Эсвэл тэднээс өөрсдөд нь болон бусдад байж болох хувийн асуулт эсвэл асуудлынхаа хариултыг хайж олохыг хүсэж болно. Суралцагчдыг судалж дуусмагц тэднээр олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Хэрэв та суралцагчдын өмнө нь тодорхойлсон асуултуудыг самбарт бичсэн бол тэд асуултуудын доор хариултаа бичиж болно. Дараа нь тэд хариултаа тайлбарлаж болох юм.

  • Холбогдох жишээнд туслах арга зам. Хэрэв та “Хичээлийг эхлүүлэх арга зам” хэсэг дэх “Холбогдох жишээ” санааг ашигласан бол суралцагчид үг хэлэгчийн захиас тухайн жишээн дээрх хүнд тус болох арга замуудыг хайж болно.

  • Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэг. Суралцагчид өөрсдийнх нь хувьд сүнслэгээр нөлөөлсөн эсвэл утга учиртай үг, хэллэгийн доогуур зурж эсвэл тэдгээрийн талаарх бодол санаагаа тэмдэглэж болно.

  • Мөнхийн үнэн, урилга, амласан адислалууд. Суралцагчид тухайн хэлсэн үгээс олж болох мөнхийн үнэн, урилга, амласан адислалуудыг хайж болно. Тэд тэдгээрийг өөр өөр арга замаар доогуур нь зурж эсвэл тэмдэглэлдээ гурван тусдаа баганын доор бичиж болно.

Бие даан судлах. Суралцагчид ихэнхдээ бие даан судлахдаа үр дүнтэй байдаг. Суралцагчдаас үгийн зарим хэсгийг судлаад, дараа нь олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа эсвэл жижиг бүлэгт хуваалцахыг хүс.

Жижиг бүлэгт хуваагдан судлах. Та суралцагчдыг жижиг бүлгээр судлахаар хувааж болно. Энэ нь тэд догол мөрүүдийг ээлжилж уншиж эсвэл бүлгийн нэг гишүүн уншихыг бүгд сонсоно гэсэн үг юм.

Хэлсэн үгийн аудио болон видеог ашигла. Суралцагчдын тань хувьд судлахад хамгийн чухал гэж үзсэн үгийн хэсгийн аудио болон видеог үзүүлж болно. Суралцагчдаас тухайн хэлсэн үгийн хэвлэсэн эсвэл цахим хувилбарыг ашиглан дагаж уншихыг хүс. Тэд тодорхой асуултад хариулсан эсвэл өөрсдөд нь утга учиртай санагдсан мэдэгдлүүдийг доогуур нь зурж болно. Тэд мөн судлах явцад төрсөн бодол, сэтгэгдлээ ч мөн бичин тэмдэглэж болно.

Догол мөрүүдийг дугаарлаад, хэлсэн үгийг ээлжлэн унш. Хэлсэн үгийн хувь дээр догол мөрийн дугаарыг бич эсвэл шивж оруул. Суралцагч нэг бүрд хуулбарыг өгөөд, хайж олох зүйлээ сонгохыг тэднээс хүс. Суралцагчид нэг эсвэл хэд хэдэн догол мөрийг уншаад, доогуур нь зурж, хажуу талд нь тэмдэглэл бичиж болно. Уг цаасыг дараагийн суралцагчид шилжүүлж, тэр мөн адил ажиллана. Бүх догол мөрийг судалж дууссаны дараа цаасыг анхны суралцагчид эргүүлэн өгөөд, ангийн бусад гишүүний хуваалцсан санал бодлыг харахыг тэднээс хүс.

Эш татсан эсвэл холбогдох судрууд. Суралцагчид тухайн хэлсэн үг дээрх эсвэл төгсгөлд нь байх эх сурвалж дээр дурдсан судруудыг харж болно. Суралцагчид шүлгүүдийг уншаад, тухайн хэлсэн үг эш татсан судруудыг эсвэл эш татсан судрууд тухайн хэлсэн үгийн захиасыг илүү сайн ойлгоход хэрхэн тэдэнд тусалж байгаа талаар ярилцаж болно. Суралцагчид цаасан судар дээрээ шүлгүүдийг доогуур нь зурж эсвэл тэдгээрийг Gospel Library-д холбож болно.

Ойлголтыг гүнзгийрүүлэх арга зам

Энэ хэсэг нь судалсан үгээ эргэн харж, ярилцахад суралцагчдад туслах зорилготой. Хэлэлцүүлэгт оролцоход нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагаанаас нэг эсвэл хэд хэдийг эсвэл өөрийн санааг ашиглаж болно. Суралцагчдыг хуваалцаж байхад нэмж тодруулах асуултуудыг тавиарай. Эдгээр сонголтыг бие даан, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

Есүс Христэд төвлөр. Хэрэв суралцагчид тань Есүс Христийн тухай сүнслэгээр өдөөгдсөн үнэнийг хайж олохоор тухайн хэлсэн үгийг судалсан бол самбар дээр Түүний зургийг байрлуул. Тухайн хэлсэн үгээс Түүний талаар олж мэдсэн зүйлээ зургийг тойруулан бичихийг суралцагчдаас хүс. Дараа нь тэд бичсэн зүйлээ мөн тэр нь Есүс Христийг илүү сайн таньж мэдэн, хайрлаж, дагах хүсэлтэй болоход нь хэрхэн тусалдаг талаар хуваалцаж болно.

Жүжигчлэн тогло. Суралцагчид хэн нэгэн тэднээс тухайн хэлсэн үгтэй холбоотой асуулт асууж байна гэж төсөөлж болно. Тэд уг найздаа тухайн хэлсэн үгээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн хариулах дадлага хийж болно. Эсвэл, хэрэв та “Холбогдох жишээнд туслах арга зам” зөвлөгөөг ашигласан бол суралцагчид хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ жишээн дээр гарч буй хүнд сурч мэдсэн зүйлээ ашиглан хэрхэн туслахаа жүжигчлэн үзүүлж болно.

Бие биедээ заа. Суралцагчид бие биедээ тухайн хэлсэн үгийн захиас өөрсдөд нь хэрхэн хамаатай эсвэл утга учиртай болохыг зааж болно. Эсвэл тэд уг сэдвийн талаар сурсан зүйлсээ мөн сурч мэдсэн зүйл нь хэрхэн тэдэнд Есүс Христийг илүү сайн дагахад тусалдгийг бие биетэйгээ хуваалцаж болно.

Хэлэх үгээ бэлд. Та суралцагчдад судалсан захиасаа заах гурваас таван минутын үг эсвэл хичээл бэлдэх даалгавар өгч болно. Суралцагчид захиасыг нь дэмжих хувийн туршлага эсвэл судрууд дахь нэмэлт эшлэлүүдийг багтааж болно. Суралцагчид үгээ хамтрагч, жижиг бүлэг эсвэл ангийнхантайгаа хуваалцах дадлага хийж болно.

Төрсөн бодол, мэдрэмжээ тэмдэглэж ав. Суралцагчдаар тухайн хэлсэн үгийг судлах явцад төрсөн бодол санаа, мэдрэмжийг нь бичиж тэмдэглүүл. Суралцагчид ямар нэг зүйлийг хийхээр Сүнсээр өдөөгдөж байснаа бичиж тэмдэглэж болно. Зохистой гэж үзвэл суралцагчдаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно.

Ямар нэгэн зүйл бүтээ. Хэлсэн үгээс суралцсан зүйлсээ ашиглан зураг зурах, зурагт хуудас, мийм бүтээх, сошиал медиагаар мэдээлэл оруулах гэх мэт зүйл хийх цаг суралцагчдад гарч болох юм. Энэ нь сануулга эсвэл бусдад урам зориг төрүүлэх ямар нэгэн зүйл байж болно. Суралцагчид бүтээсэн зүйлээ ангийнхантайгаа эсвэл жижиг бүлгээрээ хуваалцаж болно.

Бусадтай хуваалц. Та суралцагчдыг тухайн хэлсэн үгийн захиасыг гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудтайгаа хуваалцахад урамшуулан дэмжиж болно. Тэд хуваалцаж байхдаа энгийн гэрчлэлээ эсвэл заасан зүйлийнхээ дагуу үйлдэх урилгыг багтааж болно.

Захиасыг хэрэгжүүлэх арга зам

Энэ хэсэг нь хэлсэн үгийг судлах явцад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсээ хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад өгөх зорилготой. Та суралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэхийн тулд өөрийн санааг эсвэл дараахаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглаж болно.

Two people sitting at a table. Text boxes representing communication.Нэмэлт санаа авах бол ChurchofJesusChrist.org дээрх Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул хэсгийг үзнэ үү.

Урилгуудыг тодорхойлж, амьдралдаа хэрэгжүүл. Заримдаа хэлсэн үгэнд нэг юм уу хэд хэдэн урилга багтсан байдаг. Та суралцагчдаас эдгээр урилгыг тодорхойлж, урилгыг хэрэгжүүлэхийн тулд юу хийлгэхийг Их Эзэн хүсэх талаар залбирч, бодож үзэхийг хүс. Түүнчлэн тэд тэрхүү урилгын дагуу үйлдэх нь хэрхэн тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход туслах талаар бодож болно.

Сүнслэг өдөөлтийн дагуу үйлд. Суралцагчдыг үгийг судалж байхдаа төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийг урамшуулан дэмж. Тэд амьдралдаа тодорхой өөрчлөлт гаргах, ямар нэгэн хувийн зорилго тавих эсвэл тэрнийхээ дагуу ажиллах юм уу тухайн захиасыг өөр хэн нэгэнтэй хуваалцах удирдамж хүлээн авсан байж болно.

Төлөвлөгөө гарга. Сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах дараахтай төстэй асуултуудад тэмдэглэлдээ эсвэл цахим төхөөрөмж дээрээ хариулж болно.

  • Би юу хийхээр төлөвлөж байна вэ?

  • Би юуны учир үүнийг хийх ёстой гэж бодож байна вэ?

  • Үүнийг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

  • Үүнийг хийхдээ би хэнээс тусламж авч болох вэ?

  • Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?