“Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох: ‘Их Эзэн хичээл зүтгэлд дуртай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох: ‘Их Эзэн хичээл зүтгэлд дуртай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
177-р хичээл: Бие даах чадвартай болох
Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох
“Их Эзэн хичээл зүтгэлд дуртай”
Бие даах чадвартай болох нь өөрсдийнхөө хэрэгцээг хангахын зэрэгцээ бусдыг адислахын тулд Есүс Христийн сургаалыг дагахад бидэнд тусалдаг. Өсвөр насандаа бие даах чадвартай болохыг сурах нь насанд хүрсэн хойноо илүү их чадавхтай болоход хөтөлдөг. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд бие даах чадвартай болох нь яагаад чухал болохыг ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Өмнө нь өөрсдийнх нь төлөө бусдын хийж байсан зүйлийг одоо өөрсдөө хийхийг суралцагчдаас хүс. Жишээлбэл: Тэд хоол хийх, хувцас угаах, эцэг эхийнхээ ихэвчлэн төлдөг зүйлийг төлж эсвэл гэртээ ямар нэгэн зүйлийг засаж янзлах зэрэг байж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бид үйлдсэнээрээ өсөж хөгждөг
Хичээл эхлэхийн өмнө нэг суралцагчид бишоп Ваддэллын мэдэгдлийн хуулбарыг, өөр нэг суралцагчид Сэдэв ба асуулт дээрх мэдэгдлийн хуулбарыг өг. Эдгээр мэдэгдлийг уншаад, Аврагчийн тухай сурсан зүйлээ мөн бие даах чадварыг өөрсдийн үгээр хэрхэн тайлбарлах байснаа хуваалцахад тэднийг урь.
Дараах ангаахайны зургийг үзүүлж, дараах асуултуудыг харуулснаар энэ хичээлийг эхлүүл. Та асуултуудыг нэг нэгээр нь үзүүлээд ярилцуулахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, тэдэнд асуулт бүрийг ярилцах цаг гаргаж өгч болно.
-
Хэрэв эцэг эх нь ангаахайг үүрэндээ үүрд байлгаж, үргэлж хоол хүнсээр нь хангаж өгвөл энэ шувуунд юу тохиолдох вэ?
-
Үүнийг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөн дэх бидний өсөлт хөгжилтэй хэрхэн харьцуулж болох вэ?
Өсөж хөгжихийн тулд ихээхэн хэмжээгээр суралцах хүсэл, өөрсдийнхөө ахиц дэвшлийн төлөө хариуцлага хүлээх байдлаас шалтгаалдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Өсөж хөгжих хичээл зүтгэлд маань туслах Аврагчийн чадварын талаар та гэрчилж болно.
Бие даах чадвар
Самбар дээр бие даах чадвар гэж бичээд, дараах хоёр мэдэгдлийг харуул. Эдгээр мэдэгдлийг уншаад, Аврагчийн тухай сурч мэдсэн зүйлсээ болон бие даах чадвар гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлахаар бэлтгэхэд суралцагчдыг урь. Хэрэв та хичээл эхлэхээс өмнө эдгээр мэдэгдлийг суралцагчдад өгсөн бол ангийнхнаараа ярилцахаас өмнө бодол санаагаа хуваалцахад тэднийг урь.
Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп В.Кристофэр Ваддэлл ийн тайлбарласан.
Их Эзэн биднийг өөрсдийн хийж чадахаас илүүг хийхийг шаарддаггүй. Гэхдээ Тэрээр биднээс хийж чадах зүйлээ хийж чадах үедээ хийхийг хүсэн хүлээдэг. Ерөнхийлөгч Нэлсон сүүлийн Ерөнхий чуулганаар бидэнд сануулснаар “Их Эзэн хичээл зүтгэлд дуртай.”
… Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байж, бие даасан байна гэдэг нь “Есүс Христийн ач ивээл буюу боломжтой болгогч хүч, өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг болоод материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авна гэдэгт итгэх явдал юм.” (“Талх тариатай байжээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47–48)
Gospel Library дахь Topics and Questions хэсэгт:
Аврагч биднийг үйлдэхэд, мөн бие дааж амьдран, Өөртэй нь адил болоход урьдаг. Тэр бидэнд туслах болно. … Түүний арга замд “өөрийн болон гэр бүлийнхээ амьдралын хэрэгцээг хангахын төлөө хичээл зүтгэл гаргах, чадвар сайтай байх, үүрэг хариуцлага хүлээх” гэсэн бие даах чадварын зарчмуудад суралцаж, баримтлан амьдрах явдал ордог (Providing in the Lord’s Way: Summary of a Leader’s Guide to Welfare [2009]). (Topic and Questions, “Self-reliance,” Gospel Library)
-
Та нар эдгээр мэдэгдлээс Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ?
-
Та нар бие даах чадварыг өөрийн үгээр хэрхэн тодорхойлох вэ?
Суралцагчдыг өмнөх асуултад өгсөн хариултаа хуваалцах хооронд тэдний хэлснийг самбар дээр бие даах чадвар гэсэн үгийн хажууд бич. Бие даах чадвартай болох нь Есүс Христтэй илүү адил болоход бидэнд тусалдаг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.
Дараах заавар, асуултуудыг үзүүлээд, бие даахын тулд хүсэлтэй байн, гаргасан хичээл зүтгэлийнхээ талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Өсвөр насны хүүхдийн хувьд дараах зүйлсэд чадвараа дээшлүүлэх нь юу гэсэн үг болохыг та нар хэрхэн тодорхойлох вэ?
Сайн мэдээний мэдлэг
Одоогийн болон ирээдүйн санхүүгийн хэрэгцээ
Боловсрол ба ажил эрхлэлт
Бие махбодын хэрэгцээ
Сэтгэл санаа, нийгмийн хэрэгцээ
-
Эдгээр зүйлийн аль нэгэнд өөрийн чадварыг хөгжүүлэх нь дэлхий дээрх та нарын амьдрал ба мөнхийн өсөлт хөгжлийг хэрхэн адислах вэ?
Бие даах чадварын үлгэр жишээ
Судрууд дээрх хувь хүмүүс сүнслэг ба материаллаг хэрэгцээгээ хангахын тулд бие даах чадвараа хөгжүүлэхэд гаргасан хичээл зүтгэлээрээ хэрхэн адислагдсаныг харах нь суралцагчдад тустай байж болно.
Дараах заавар, эшлэл болон асуултуудыг үзүүл. Та суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хуваарилж, суралцагч бүрийг өөр өөр эшлэлийг уншихад урь. Дараа нь суралцагчид уншсан зүйлээ бүлэгтээ нэгтгэн дүгнэж, дагалдах асуултуудын талаар бодол санаагаа хуваалцаж болно.
Дараах судрын түүхүүдийн нэгийг уншиж, дагалдах асуултыг тунгаан бод.
Мосе 4:23–25; 5:1 (Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс явсан нь)
-
Бурхан Адам, Ева хоёрыг хоол хүнснийхээ төлөө хөдөлмөрлөхийг шаардсан нь Бурхан газар дэлхийг тэдэнд зориулж аяндаа хоол хүнс бий болгохоор бүтээснээс хэрхэн тэднийг илүү их адисалсан бэ?
Эхлэл 6:14–16 (Ноа буух гэж буй үерээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй болов)
-
Бурхан өөрөө гайхамшгаар хөлөг онгоцыг бүтээж өгснөөс Ноагаар хийлгэх нь хэрхэн түүнийг илүү адисалсан байх вэ?
Гэтлэл 19:19–20 (Мосе цөлд Их Эзэнээс заавар хүлээн авахыг эрэлхийлсэн нь)
-
Бурхан Мосед нэмэлт илчлэл өгөхөөс өмнө түүнийг ууланд авирахыг хүлээсэн нь Мосег хэрхэн адисалсан байж болох вэ?
Бүлгүүдийг хуваалцаж дууссаны дараа та бие даах чадвартай болж буй хувь хүмүүсийн орчин үеийн жишээг харахад нь суралцагчдад туслахын тулд “All I Needed” (1:44) видеог үзүүлж болно.
Есүс Христийн үлгэр жишээ
Есүс Христ нэгэн цагт залуу байсныг мартахад амархан байж болно. Шинэ Гэрээнд Түүний гайхамшигт төрөлтийнх нь тухай цөөхөн бүлэгт, насанд хүрсэн амьдралынх нь тухай олон бүлэгт багтаасан байдаг. Гэсэн хэдий ч бид Түүний өсвөр үеэ хэрхэн өнгөрүүлсэн талаар бага сага зүйл мэдэж авч чадна.
Лук 2:52-ыг уншаад, Аврагчийн залуу байхдаа өсөж, хөгжиж байсан зүйлсийн талаар олж мэд.
Дараагийн ярилцлагад анхаарлаа хандуулах 52-р шүлгийн хэсгүүдийн нэгийг (оюун ухаан, бие махбод, сүнслэг байдал, нийгмийн байдал) цөөн суралцагчтай бүлгүүдэд оноож өг.
Зарим өсвөр насныхны дараах зүйлсийг хийж болох арга замуудын талаар бүлгийнхэнтэйгээ санаагаа солилц.
-
Тухайн зүйл дээр өөрт нь шаардлагатай хэмжээнээс ч илүү бусдад найдаж болох тухай.
-
Тухайн зүйл дээр өөрсдийн чадавхыг нэмэгдүүлж болох тухай.
Суралцагчдын бодож магадгүй зарим жишээ нь багаар хийх сургуулийн даалгаврыг өөр хэн нэгнээр хийлгэнэ гэж найдах (оюун ухаан), гэрийн ажлыг эцэг эхээрээ л хийлгэх (бие махбод), Ням гаргийн бүх хичээлийг нэг өсвөр үеийн удирдагч ганцаараа заана гэж бодох (сүнслэг байдал), эсвэл бусад хүнийг бүгдийг нь цуглуулах үйл ажиллагааг төлөвлөхийг хүсэх (нийгмийн байдал) гэх мэт байж болно.
Сурч мэдсэн зүйлээ хуваалц
Бие даах чадварын талаар сурсан эсвэл мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодож, хуваалцах боломжийг суралцагчдад олго. Дараах үйл ажиллагаагаар дамжуулан үүнийг гүйцэтгээрэй. Суралцагчид үүнийг ганцаараа эсвэл бусадтай хамт гүйцээж болно.
Нэг удирдагч та нараас энэ долоо хоногт семинараас сурсан зүйлээ тойргийнхоо өсвөр үеийнхэнтэй хуваалцахыг хүссэн гэж төсөөл. Дараахыг ашиглан бие даах чадварын талаар сурч мэдсэн зүйлээ бич.
-
Бие даах чадвар гэж юу болох тухай тайлбар
-
Яагаад бие даах чадвартай болох нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөнд чухал байдаг талаар
-
Хэн нэгний бие даах чадварыг харуулсан хувийн эсвэл судрын жишээ
-
Өсвөр насныхан амьдралынхаа ямар ч зүйлд илүү бие даах чадвартай болох нэг арга зам
Сайн дураараа бичсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь. Ангийнхныхаа хуваалцсан зүйлийг сонсоод, өөрийн ойлголтыг судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.