Семинар
Малахи 4: Лацдан холбох хүч


“Малахи 4: Лацдан холбох хүч,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Малахи 4: Лацдан холбох хүч,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

159-р хичээл: Малахи

Малахи 4

Лацдан холбох хүч

Cordoba Argentina Temple sealing room

Аврагч ариун нандин ариун сүмүүдэд лацдан холбох түлхүүрүүдээр дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг. Аврагч эдгээр түлхүүрийг “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх” (Maлахи 4:6) замаар сэргээх болно хэмээн Малахи бошигложээ. Энэ хичээл суралцагчдад зүрх сэтгэлээ эцэг эх, өвөг дээдэс, ирээдүйн үр удам руугаа эргүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: FamilySearch.org эсвэл FamilySearch Tree аппыг судлахад хэдэн минут зарцуулахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Тэд гэр бүлийнхээ модон дээрх хамаатнууд дээр дараад, тэдний талаар дэлгэрэнгүй мэдэж болно. Эсвэл тэд вэбсайт дээрх эсвэл тус апп дээрх “Нэмэлт” цэсээс гэр бүлийн түүхийн зарим үйл ажиллагааг гүйцэтгэж болно. Хэрэв суралцагчид эдгээр эх сурвалжийг ашиглах боломжгүй бол өвөг дээдсийнхээ талаар шинэ зүйл мэдэхийн тулд эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үндэс, мөчрүүд

Судлах тэмдэглэл дээрээ үндэс, мөчрүүдтэй мод зурахад суралцагчдыг урихыг бод. Мөн та үүнийг самбарт зурж болно.

Set of line art depicting a growing tree from a seedling to a full grown tree with roots, sunlight.
  • Модны эрүүл байдалд үндэс, мөчрүүдийн аль аль нь яагаад чухал үүрэгтэй вэ?

    Суралцагчдыг зурсан модныхоо их бие дээр нэрээ бичихэд урь.

  • Хэрвээ модны их бие таныг төлөөлбөл үндэс, мөчрүүд нь юуг төлөөлж болох вэ?

    Шаардлагатай бол судруудад Их Эзэн гэр бүлийн тухай заахдаа үндэс, мөчрүүдтэй модны зүйрлэлийг ихэвчлэн ашигладаг гэдгийг тайлбарла. Та мөн “By the Hand of Elijah the Prophet (Бошиглогч Елиагийн гараар)” (3:32)-ыг цагийн код 0:00-оос 0:35 хүртэл ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзэж болно.

    3:32

    Үндсийг өвөг дээдэс, мөчрүүдийг үр удам гэж нэрлэхэд суралцагчдыг урь. Дараах зааврыг өгнө үү.

  • Зурган дээрх үндэснүүдийн дэргэд өвөг дээдсийнхээ (эцэг эх, өвөө, эмээ гэх мэт) талаарх сэтгэгдлээ товч бич.

  • Зураг дээрх мөчрүүдийн дэргэд ирээдүйн үр удмынхаа талаар эсвэл тэдний (хүүхэд, ач зээ гэх мэт) талаар бодох үедээ юуг төсөөлж байгаагаа бич.

Малахи 4-ийг судлахдаа та Аврагч таны гэр бүлийн модны үндэс, мөчрүүдийг бэхжүүлж, хадгалахын тулд юу хийснийг тунгаан бодоорой. Та Тэнгэрлэг Эцэгээс мөнхийн гэр бүлээ бэхжүүлэхийн тулд юу хийж чадахаа ойлгоход туслахыг гуйн, дотроо залбирч болно.

Суралцагчид харилцан адилгүй гэр бүлийн нөхцөл байдалтай учир мөнхийн гэр бүлийн сургаалын тухай мэдрэмжтэйгээр, энэ байдлыг ойлгож ярих нь чухал. Аврагч тэдний нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэддэг бөгөөд Цагаатгалаараа дамжуулан өнгөрсөн, одоо, ирээдүйн гэр бүлд нь шаардлагатай найдвар, эдгээлтийг өгч чадна гэдгийг суралцагчдад сануул.

Малахигийн бошиглол

Малахи 4:1-ийг уншаад, Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ талаарх энэ бошиглолд үндэс, мөчрүүдийн талаар юу заасныг олж мэд.

  • Үндэс, мөчрүүдийн талаар сурсан зүйлс дээрээ үндэслэн, Аврагч юу зааж байна гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарлажээ.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Мөнхийн гэр бүлийг үүсгэж, одоогийн болон ирэх үе удмыг холбох лацдан холболтгүйгээр бид мөнхөд үндэс, мөчиргүй буюу өвөг дээдэс, үр удамгүй үлдэх байсан. (“Лацдан холбох хүч,” Лиахона, 2023 оны 11-р сар, 21)

Хайртай гэр бүлтэйгээ лацдан холбогдож эсвэл үүрд нэгдэх боломжгүй бол танд ямар санагдах байсныг тунгаан бод.

төгс эзэмших сургаалын дүрс зураг Малахи 4:5–6 бол төгс эзэмших сургаал юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз.

Малахи 4:5–6-г уншаад, Аврагч гэр бүлүүдийг хамтдаа лацдан холбогдох боломжтой байхын тулд юу хийнэ гэж амласныг олж мэд. Уншихад тань зүүлт тайлбарууд тустай байж болох юм.

  • Та энэ бошиглолын талаар юу ойлгож байна вэ? Танд ямар асуулт байна вэ?

Хэрэв суралцагчдад энэ бошиглолыг ойлгоход тусламж хэрэгтэй бол тэднийг Малахи 4:5–6Сургаал ба Гэрээнүүд 110:13–16; 138:47–48-тай холбож эсвэл холбоотой эшлэл болгоход урих талаар бодож үз. Суралцагчид эдгээр шүлгийг уншаад, Малахигийн бошиглолын талаар нэмэлт ойлголт олж авч болно.

Аврагч лацдан холбох түлхүүрүүдийг сэргээж, гэр бүлүүдийн зүрх сэтгэлийг нэг нэгэн рүү нь эргүүлэхийн тулд Елиаг илгээсэн гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал. Елиаг 1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэх үед энэ амлалт биелсэн. Түүний сэргээсэн лацдан холбох түлхүүрүүд дэлхий дээр болон тэнгэрт ариун нандин ёслолуудыг хүчин төгөлдөр болгодог. Үүнд ариун сүмүүдэд гүйцэтгэдэг ёслолууд багтдаг.

Ариун сүмийн зургийг болон дараах мэдэгдлийг үзүүлэхийг бод.

Oakland California Temple Exterior image. This image features the temple and temple grounds. You see trees, the fountain, and the entrance of the temple.

Ахлагч Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Аврагч биднийг ариун сүмүүдэд лацдан холбох хүчээр хэрхэн адисалдгийг олж мэд.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

[Их Эзэний ариун сүмд] дэлхийн хаана ч, хэзээ ч амьдарч байсан Бурханы хүүхдүүдэд хувь хүний аврал, гэр бүлийн өргөмжлөлийг боломжтой болгож байгаагаас бид лацдан холбох хүчний сүр жавхлан, ариун нандин байдлыг олж хардаг. Өөр ямар ч номлол, гүн ухаан эсвээс эрх мэдэл бүгдийг оролцуулсан ийм боломж олгодоггүй. Энэхүү лацдан холбох хүч Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайрын төгс илрэл билээ. …

Лацдан холбох хүчний хамгийн ариун, дээд илрэл бол гэрлэлтээр ирэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөнхийн нэгдэл ба хүн төрөлхтнийг бүх үе удмаар нь холбох холбоос юм. (“Лацдан холбох хүч,” Лиахона, 2023 оны 11-р сар, 20, 21)

  • Энэ мэдэгдлийн юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Ариун сүмийн ажил таныг өнгөрсөн, одоо эсвэл ирээдүйн гэр бүлийн гишүүдтэйгээ холбоотой байж, зүрх сэтгэлийг тань эргүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Зүрх сэтгэлээ эргүүлэх нь

Дараах үйл ажиллагаанууд суралцагчдад өвөг дээдэстэйгээ харилцаагаа бэхжүүлж, үр удмыг нь адислах шийдвэр гаргахад тусална. Та цагийн боломжоос хамааран суралцагчдыг эдгээр үйл ажиллагааны нэгийг эсвэл хоёуланг гүйцэтгэж дуусгахад урьж болно. Суралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн зааварчилгааг өөрчлөх талаар бодож үз. Жишээлбэл: Таны суралцагчдад боломжгүй байвал технологи ашиглахыг шаардсан зааварчилгааг хасаж эсвэл өөрчилж болно.

Үйл ажиллагаа A: Өвөг дээдэс рүүгээ зүрх сэтгэлээ эргүүлэх.

Дараах даалгавруудын нэгийг эсвэл хэд хэдийг гүйцэтгээрэй. Судлахдаа Аврагч болон Түүний лацдан холбох хүч хэрхэн таны өвөг дээдсийг, тэдэнтэй харилцах таны харилцааг хүчирхэгжүүлдэг талаар тунгаан бод. Судлах тэмдэглэлдээ зурсан зургийн “үндэснүүд”-ийн хажууд сурсан зүйлсээ бичээрэй.

  1. Эцэг эх, өвөө эмээгийнхээ талаарх эерэг дурсамжаасаа бич эсвэл FamilySearch.org дээрх “Дурсамж” хэсгээс эсвэл FamilySearch Tree апп-аас өвөг дээдсийнхээ тухай уншаарай. Аврагч яагаад таныг энэ өвөг дээдэстэй холбогдоосой гэж хүсэж байгаа талаар бод.

  2. Сургаал ба Гэрээнүүд 128:16–18-ыг судлахдаа, яагаад нас барагсдын төлөө баптисм хүртэх болон өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн бусад ажлыг хийх нь Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг болохыг олж мэд.

  3. Gospel Library-ийн Ерөнхий чуулганы сэдвүүдийн хэсгээс “Гэр бүлийн түүх”-ийг хай. Хэлсэн үгсээс нэгийг нь сонгож, заримыг нь эсвэл бүгдийг нь судал.

  4. Баптисмын ёслолыг нь гүйцэтгэх хэрэгтэй байгаа өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн модоо хайгаарай. Хэрэв боломжтой бол temples.ChurchofJesusChrist.org руу орж, дараа нь баптисм гүйцэтгэх цаг товло.

Үйл ажиллагаа Б: Зүрх сэтгэлээ үр удам руугаа эргүүлэх.

Дараах даалгавруудын нэгийг эсвэл хэд хэдийг гүйцэтгээрэй. Судалж байхдаа Аврагч болон Түүний лацдан холбох хүч таны үр удмыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж байгааг тунгаан бод. Судлах тэмдэглэлдээ зурсан “мөчрүүд”-ийн хажууд сурсан зүйлээ бич.

  1. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагаар асуусан асуултуудыг давтаж, таны хариултууд хэрхэн таны одоогийн болон ирээдүйн гэр бүлийг адисалж болох талаар тунгаан бод. Эдгээр асуултыг Өсвөр үеийнхний хүчирхэг байдлын төлөө: Сонголтуудыг хийхэд туслах хөтөч дэх хавсралтаас үзэх боломжтой.

  2. Залуу эмэгтэйчүүдийн уриа эсвэл Аароны санваарын чуулгын сэдвийг хайгаад, ирээдүйн хань ижил, хүүхдүүдээ адислахад таныг бэлтгэж чадах үг хэллэгүүдийг олж мэд.

  3. Сургаал ба Гэрээнүүд 49:15–17; 68:25–28-ыг судлаад, Их Эзэн гэрлэлтийн талаар, хүүхдүүдээ өсгөх талаар юу заасныг олж мэд. Таны одоо гаргах шийдвэр ирээдүйн гэрлэлтэд болон үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхэд хэрхэн нөлөөлөх тухай бод.

  4. Ариун сүмд орохуйц зохистой байж, мөнхийн гэр бүлд бэлтгэхийн тулд одоо юу хийж байгаагаа тайлбарлан, ирээдүйн хань ижил, хүүхдүүддээ захидал бич.

Тэднийг бичиж дууссаны дараа энэ үйл ажиллагаанаас сурсан эсвэл мэдэрсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг хуваалцахад урих талаар бодож үз. Үүнд тэдний судлах тэмдэглэлийнхээ үндэс эсвэл мөчрүүдийн хажууд бичсэн зүйлс багтаж болно. Суралцагчид Аврагчийн талаар болон мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүлээн авахад бидэнд туслах Түүний үүргийн талаар төрсөн мэдрэмжээ хуваалцаж болно.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын тайлбар, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлүүд дээр давтахыг хүсэж болно. Малахи 4:5–6-д байдаг судрын гол хэллэг нь “Елиа … ‘хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд уруу нь эргүүлнэ’” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материал дээр цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.