“Мика: ‘Юуг Их Эзэн чамаас шаарддаг вэ?,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мика: ‘Юуг Их Эзэн чамаас шаарддаг вэ?,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
152-р хичээл: Мика; Нахум; Хабаккук; Зефаниа
Мика
“Юуг Их Эзэн чамаас шаарддаг вэ?”
Бидний олонх нь чин сэтгэлийн хичээл зүтгэл маань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үнэхээр таалагдах болов уу гэж боддог. Их Эзэний тааллыг олохын тулд хэрхэх вэ хэмээн бошиглогч Мика боджээ. Микад “Түүнтэй хамт зөвийг үйлд, энэрлээр хайрла, даруухнаар алх” (Мика 6:8) хэмээн сургасан. Энэ хичээл суралцагчдад зөвийг үйлдэх, энэрлээр хайрлах, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой даруухнаар хамт алхах төлөвлөгөө гаргахад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн хэд хэдэн гишүүн, найз нөхдийнхөө тухай бодоод, эдгээр хүн бүрийн таалалд нийцүүлэхийн тулд хийж болох тодорхой зүйлсийг бодоход уриарай. Тэд хүн нэг бүрд хэрхэн өөр өөр зүйл хийж болох талаар тэмдэглэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өөр өөр хүмүүст таалагдах
Хичээл эхлэхийн өмнө та дараах гүйцэд бус асуултыг самбар дээр бичиж болно.
Суралцагчдыг асуултад хэд хэдэн удаа хариулж, хоосон зайг тус бүр өөр өөр хүнээр (ээж, аав, багш, бишоп, найз) бөглүүлэхэд урьснаар хичээлээ эхлүүлэхийг бод. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдаж болно. Дараа нь та хэд хэдэн суралцагчийг сайн дураараа ангийнхантай хуваалцахад урьж болно.
Хэрэв жишээ гаргах хэрэгтэй бол та амьдралынхаа өөр өөр хүмүүсийг ашиглан, өөрийнхөө хариултуудаас хуваалцаж болно.
-
Хэрэв та ______________-д нийцүүлэхийг хүссэн бол юу хийх байсан бэ?
-
Бид яагаад хэнд нийцүүлэхийг хичээж байгаагаасаа шалтгаалан өөр өөрөөр үйлдэж болох вэ?
Суралцагчдыг өмнөх асуултуудад хэдэн хариулт хуваалцсаны дараа самбар дээрх хоосон зайд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ гэж бич.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт юу таалагдах талаар тунгаан бодоорой. Тэдэнд таалагдахын тулд одоо хийж байгаа зүйл мөн та өөрөөр үйлдэж болох байсан зүйлийнхээ талаар бод. Хичээлийн төгсгөлд, төрсөн сэтгэгдлийнхээ дагуу хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахад таныг урьж болох юм.
Бид Их Эзэнд таалагдахын тулд юу хийж болох вэ?
Мика Израилын болон Иудагийн ард түмэнд хандан ярихдаа тэдний ёс бус байдлаас болж тэдэнд ирэх шүүлтийн тухай бошиглов. Их Эзэнээс хүлээн авсан агуу адислалуудаа санахыг Мика Израилаас гуйсан бөгөөд наманчилж, Түүнд нэгдэхэд урьсан юм (Мика 2–5-ыг үзнэ үү).
Мика 6:4-ийг уншаад, Их Эзэний Израилыг гэх Өөрийн хайрыг харуулсан арга замуудын заримыг олж мэд.
Дараа нь Мика 7:7–8, 18–20-ийг уншаад, Мика Их Эзэнийг Өөрийн гэрээт хүмүүсийн төлөө юу хийх болно гэж хэлснийг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны төлөө эдгээр зүйлийг хэрхэн хийсэн бэ?
Та суралцагчдыг өмнөх асуултад судлах тэмдэглэл дээрээсээ хариулаад, дараа нь хамтрагчтайгаа эсвэл ангийнхантайгаа бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.
Суралцагчдыг хуваалцсаны дараа бид Их Эзэний бидний төлөө хийсэн агуу зүйлсийн талаар хэрхэн ойлгосныхоо дагуу үйлчилж, Түүнд таалагдахыг бодох нь зүйн хэрэг гэдгийг онцолж болно. Бошиглогч Мика Их Эзэнд таалагдахын тулд бид юу хийж болох вэ гэсэн асуултад хариулахыг оролдсон гэдгийг тайлбарла.
Доорх унших урилга, асуултууд суралцагчдыг Микагийн захиаснаас нэг үнэнийг олж тогтооход урина. Суралцагчдад судрын хэсгээс үнэнийг олж тогтооход туслах нь судрыг илүү утга учиртай судлахад тусална. Судрыг утга учиртай судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэх, Түүнд хөрвөгдөх чухал алхам юм. (Хөрвөлтийн үнэнийг олж мэдэхэд нь суралцагчдад туслах талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг бэхжүүлэхэд хөтлөх үнэнд төвлөр” хэсгээс үзнэ үү.)
Заримдаа хүмүүс Их Эзэний таалалд нийцэхийн тулд юу хийж болох талаар буруу санаа бодолтой байдаг. Их Эзэний хайрыг илүү сайн ойлгоход бошиглогч Мика бидэнд тусалдаг.
Мика 6:6–7-д бошиглогч дэлхийн ямар ч эд баялаг Их Эзэний таалалд нийцэхгүй гэдгийг харуулахын тулд бүр эсрэг тэсрэг жишээнүүдийг ашигласан байдаг.
Мика 6:8-ыг уншаад, бид Их Эзэнд таалагдахын тулд юу хийж болохыг олж мэд.
-
Та Их Эзэний таалалд нийцэх талаар суралцсан зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид бид зөвийг үйлдэж, нигүүлсэж хайрлан, Их Эзэнтэй хамт даруухнаар алхвал Түүнд таалагдана гэдэг үнэнийг өөрсдийн үгээр илэрхийлж болно.
Их Эзэн юуг шаарддаг вэ?
Хичээлийн төгсгөлд та суралцагчдыг 8-р шүлэгт тодорхойлсон арга замуудаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт таалагдахын тулд хичээл зүтгэлээ сайжруулах төлөвлөгөө гаргахад урь.
Суралцагчдыг энэ төлөвлөгөөг гаргахад бэлтгэхийн тулд “Их Эзэн биднээс юуг шаарддаг вэ?” гэсэн тараах материалыг ашиглахыг бод.
Та суралцагчдыг бүлэгтэйгээ хамт тараах материалын нэг юм уу түүнээс олон хэсгийг судалсны дараа, зөвийг үйлдэх, нигүүлсэж хайрлах, даруухнаар алхах гэсэн гурван баганатай хүснэгтийг самбар дээр зурж бүтээхэд урьж болно. Тараах материалыг судалсны дараа суралцагчид өсвөр насны хүүхдийн Их Эзэний таалалд нийцүүлж болох арга замуудыг жижиг цаасан дээр бичээд, тэдгээрийг самбар дээр холбогдох баганын доор нааж болно. Үйл ажиллагааны төгсгөлд суралцагчид бүх цаасан дээрхийг уншиж болно. Ингэснээр өөрсдөд нь тухайн үед сэтгэгдэл төрүүлсэн ямар нэгэн зүйлийг сонгоход тэдэнд тусалж болно.
Их Эзэнд талархдагаа харуулах
Суралцагчдыг ангийнхныхаа саналуудыг авч ярилцсаны дараа дараах зааварчилгаа, өдөөлтийг үзүүл.
Өнөөдөр Ариун Сүнс зөвийг үйлдэж, нигүүлсэж хайрлан, Их Эзэнтэй хамт даруухнаар алхахад тань туслах ямар нэгэн зүйлийн талаар таны оюун ухаанд бодол эсвэл зүрх сэтгэлд мэдрэмж төрүүлсэн байж болно. Судлах тэмдэглэлдээ дараах өдөөлтүүдийг гүйцээн бичсэнээр сурсан, мэдэрсэн зүйлсийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гарга.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт таалагдахын тулд би Мика 6:8-д гардаг “” гэдэг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлмээр байна.
-
Миний хийхийг хүсэж байгаа нэг эсвэл хоёр тодорхой зүйл бол: .
Тэнгэрлэг Эцэг Өөрт нь таалагдах бидний чин сэтгэлийн хичээл зүтгэлд дуртай гэдгийг та суралцагчдад баталж болно. Эдгээр хүчин чармайлт Есүс Христтэй илүү адил болоход бидэнд өдөр бүр тусалдаг. Биднийг үргэлжлүүлэн илүү сайныг үйлдэж, илүү сайн байхыг хичээх үед Аврагч бидний чин сэтгэлийн хичээл зүтгэлийг өсгөн нэмэгдүүлэх болно гэдэг гэрчлэлээ та хуваалцаж болно.