“Хосеа: Их Эзэний хайр, нигүүлсэл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хосеа: Их Эзэний хайр, нигүүлсэл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хосеа 1–6; 10–14; Иоел: 146-р Хичээл
Хосеа
Их Эзэний хайр, нигүүлсэл
Хосеа номд Их Эзэн Израилчуудад Өөрийн хувиршгүй гэрээт хайрын талаар заахдаа Хосеа, Гомер хоёрын гэрлэлтийг бэлгэ тэмдэг болгон ашигласан. Бид Израилтай адил зарим үед Их Эзэнээс болон Түүнтэй байгуулсан гэрээнээсээ холдож болно. Тэгсэн ч гэсэн Есүс Христ үнэнч хэвээрээ байж, биднийг хайрладаг. Энэ хичээл Их Эзэний тэднийг гэсэн хувиршгүй хайр, нигүүлслийг ойлгоход нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний хайр, нигүүлслийг мэдрэхэд ямар туршлага тусалсан талаар бодоход суралцагчдыг урь
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийг санан дурсах нь
Хичээлээ эхлэхийн тулд Хосеа, Гомер хоёрын түүхтэй холбогдоход суралцагчдыг бэлтгэ. Үүнийг хийж болох нэг арга бол дараахтай адил жишээг ашиглах юм.
Камилл, Ханна хоёр сайн найзууд болоод бүтэн жил болжээ. Энэ хугацаанд тэд дотносож, хүнд хэцүү үед бие биедээ тусалж байсан. Ханна хэцүү байгаа зарим зүйлээ ярьжээ. Камилл үүнийг нь бусдад ярихгүй гэж амласан. Гэвч хэд хоногийн өмнө Ханна Камиллийг бусад найздаа түүний зовлон зүдгүүрийн талаар ярьсан болохыг олж мэджээ.
-
Та Ханнагийн оронд байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?
-
Камиллийг уучлах нь яагаад хэцүү байх вэ?
Энэ нь хэн нэгэн амлалтаа зөрчих үед бидэнд хэрхэн хууртагдсан мэт мэдрэмж төрж эсвэл гомддог тухай нэг жишээ гэдгийг тайлбарлах талаар бодож үзээрэй. Бид эдгээр нөхцөл байдалд тус болж чадахгүй арга замаар хариу үйлдэл үзүүлж болох ч Их Эзэн өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг.
Хосеагийн номд гэрлэлтийн харилцааны тухай өгүүлдэг. Судруудад Их Эзэн гэрлэлтийг тогтмол бидний Түүнтэй байгуулсан гэрээний харилцааны бэлгэ тэмдэг болгон ашигладаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний гэрээнүүд “[бид болон Их Эзэн] нэг нэгэндээ үнэнч, итгэл үүсгэсэн гэрээний харилцааг” бий болгодог гэж заасан (“Үүрдийн Гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 6).
Заримдаа Бурханы хүүхдүүд Их Эзэнд итгэлгүй болж, Түүнтэй хийсэн гэрээнээсээ холдон оддог. Та өнөөдөр Хосеагийн номыг судлахдаа Их Эзэн Түүний гэрээт хүмүүс Түүнээс холдсон үед ч гэсэн тэдний талаар юу мэдэрч, ямар хариу үйлдэл үзүүлдгийг олж мэд.
Хосеа, Гомер хоёр
Хосеа Гомер хоёрын түүхийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг харуулах эсвэл нэгтгэн дүгнэ.
Гомертой гэрлэх тухай Бурханы Хосеад өгсөн зарлигийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Gospel Library-н энэ хичээл дээрх Нэмэлт эх сурвалжууд хэсгээс үзнэ үү.
Хосеа бол Израилын хойд хаант улсад бошиглогч байсан бөгөөд Исаиатай ойролцоо үед бошиглож байжээ. Гомер завхай, янхан байсан хэдий ч түүнтэй гэрлэ хэмээн Их Эзэн Хосеад зарлиг болгов. Хосеа, Гомер хоёр гурван хүүхэдтэй болсон (Хосеа 1:2–8-ыг үзнэ үү).
Та Хосеа Израилчуудыг төлөөлдөг Гомерын талаар Их Эзэний өмнөөс ярьсан гэдгийг тайлбарлаж болно. Самбарт хоёр багана зурах талаар бодож үз. Нэгийг нь Хосеа Их Эзэнийг төлөөлдөг, нөгөөг нь Гомер Израилыг төлөөлдөг гэж шошгол.
Хосеа 2:5-ыг уншаад Гомерыг юу хийсэн гэж Хосеа хэлснийг олж мэд. “Тэдний эх” гэдэг нь Гомерыг хэлж байна.
-
Гомерын үйлдэл Израилчуудыг хэрхэн төлөөлж болох вэ?
Та Гомерын Хосеатай байгуулсан гэрээт гэрлэлт дэх үнэнч бус байдал нь Бурхантай байгуулсан Израилын гэрээт харилцаан дахь тэдний сүнслэг үнэнч бус байдлыг төлөөлж байсан гэдгийг тайлбарлаж болно. Хэрэв тустай гэж үзвэл суралцагчид 2 Хаад 17:14–16-г уншаад, Израил Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ хэрхэн зөрчсөнийг олж мэдэж болно.
Судруудыг өөрсдөдөө хамаатуулахад нь суралцагчдад туслах үүднээс та дараахтай адил асуулт тавьж болно. Суралцагчдын хариултуудыг самбар дээр Гомер Израилыг төлөөлдөг гэсэн гарчгийн доор жагсааж бич.
-
Өнөө үед хүмүүс заримдаа хэрхэн Их Эзэнээс болон Түүнтэй хийсэн гэрээнээсээ холддог вэ?
Суралцагчид Их Эзэнд хандахад хэтэрхий завгүй байх, техник технологийг зохисгүй ашиглах, бусадтай муугаар харьцах, өөр зүйлсийг Их Эзэнээс дээгүүр тавих, илүү ноцтой нүгэл үйлдэх зэрэг зүйлсийг хуваалцаж болно. Суралцагчид дараах асуултыг тунгаан бодохдоо энэ жагсаалтыг эсвэл өөр бусад зүйлийн талаар эргэцүүлэн бодож болно.
Таныг гэрээнүүдээ зөрчихөд уруу татаж болох арга замуудыг эсвэл Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээсээ холдож болох арга замуудын талаар эргэцүүлэн бод.
Та Их Эзэний хайр, нигүүлслийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд “Их Эзэний хайр, нигүүлслийг ойлгох нь” нэртэй тараах материал ашиглаж болно. Суралцагчдыг чимээгүйхэн, залбиралтайгаар тунгаан бодоход урамшуулан дэмжихийн тулд тэднийг бие даан ажиллуулж эсвэл ярилцлагыг удирдах бүлгийн удирдагчийг томилон хамтад нь ярилцуулж болно. Суралцагчдыг ажиллаж байх үед өрөөг тойрон явж, шаардлагатай бол тэдний асуултад хариул.
Их Эзэний талаар судлах нь
Тараах материал дээрээ бичсэн үнэний мэдэгдлүүдээ хуваалцахад суралцагчдыг урь. Тэд чанга унших юм уу самбар дээр Хосеа Их Эзэнийг төлөөлдөг гэсэн гарчгийн доор мэдэгдлүүдээ бичиж болно. Тэд дараахтай адил үнэнүүдийг бичиж болно:
-
Намайг Түүнээс холдож хөндийрсөн ч Есүс Христ хайр, нигүүлслээр дүүрэн байдаг.
-
Есүс Христ гэрээт хүмүүсээ наманчилж, гэрээгээ сахихад урьдаг.
Суралцагчдыг хуваалцах зуур та эдгээр нь судруудтай тодорхой холбоотойг олж харахад суралцагчдад туслах нэмэлт асуултууд тавьж болно: “Түүхийн аль хэсэг Түүний тухай үүнийг мэдэж авахад танд тусалсан бэ?” эсвэл “Та Хосеагаар дамжуулан Түүний тухай тэрхүү үнэнийг хэрхэн олж харсан бэ?”
Та дараах асуултыг асуухаасаа өмнө самбар дээрх бидний заримдаа Их Эзэнээс мөн Түүнтэй хийсэн гэрээнүүдээсээ холддог арга замуудын жагсаалтад суралцагчдыг хандуулж болно.
-
Их Эзэнээс холдсоноосоо болж урам нь хугарч, ичиж байгаа өсвөр үеийнхэнд Их Эзэний талаар таны суралцаж байгаа зүйл хэрхэн туслах боломжтой вэ?
Дараагийн асуултыг асуухаасаа өмнө өмнөх гэм нүглүүд гэх мэт хэт хувийн чанартай зүйлсээ хуваалцахгүй байхыг суралцагчдад зөвлөх нь ухаалаг хэрэг болно. Та бас өөрийн амьдралын туршлагаас хуваалцаж болно.
-
Та нар Их Эзэн хайр, нийгүүлслээ ямар арга замаар харуулдаг болохыг өөрсдийн эсвэл таньдаг хүнийхээ амьдралаас харж байсан уу?
Ойлголтоо харуулах
Суралцагчид сурсан зүйлээ тайлбарлах эсвэл тунгаан бодох боломжтой үед энэ нь тэдэнд цаашид илүү сайн заах Ариун Сүнсийг урьдаг. Тэдний хувьд үүнийг хийх нэр арга зам нь дараах бяцхан бичвэрийг бичих үйл ажиллагаа байж болно.
Дараах зүйлсээс нэгийг сонго.
-
Зурвас бичих. Уучлал хүртэх боломжгүйгээр Их Эзэнээс хэт холдсон хэмээн бодож магадгүй хэн нэгний талаар бод (та өөрөө ч байж болно). Тэр хүнд урам хайрласан зурвас бичээд, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар тус болно гэж бодож буй сурсан зүйлээ хуваалц.
-
Тодорхойлолт бичих. Та өнөөдөр сурсан эсвэл мэдэрсэн зүйлдээ үндэслэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарыг хэрхэн тодорхойлж дүрслэх вэ?
Бид Гомер шиг Түүнээс холдсон үедээ наманчилж, Түүн рүү эргэж ирэх хайрын урилгыг хүлээн авах сонголтыг хийж чадна гэдгийг та суралцагчидтай хуваалцаж болно. Их Эзэний тухай гэрчлэлээр төгсгөх талаар бодож үз.