“Дуулал 136: ‘Эзэнд талархагтун,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дуулал 136: ‘Эзэнд талархагтун,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Дуулал 102–3; 110; 116–19; 127–28; 135–39; 146–50: 108-р хичээл
Дуулал 136
“Эзэнд талархагтун”
Дуулал ном олон дууллын адилаар бүх зүйлд талархал илэрхийлэх хэрэгтэйг бидэнд сануулдаг. Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх нь бидний мэлмий, зүрх сэтгэлийг нээж, Тэдний хайр, нигүүлслийг олж харах, Тэднийг хайрлах бидний хайрыг нэмэгдүүлэх боломж олгоно. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархлаа илэрхийлснээр Тэдний хайрыг мэдрэхэд суралцагчдад туслах болно.
Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэгт хариу болгон юу ч гуйхгүйгээр талархлаа илэрхийлэн залбирахад суралцагчдыг урь. Суралцагчид туршлагаасаа олж авсан бодол сэтгэгдлээ ангийнхантайгаа хуваалцахад бэлдэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Би Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болох вэ?
Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болох талаар тунгаан бодоход нь суралцагчдад туслах замаар хичээлээ эхлүүлнэ үү. Үүнийг хийх нэг арга бол суралцагчдыг дараах хувилбарыг төсөөлөхөд урих явдал юм.
Нэг өдөр нэг найз тань та нарт “Заримдаа сүм, семинар дээр хүмүүс Бурханы хайрыг мэдрэх талаар ярьдаг. Би мэдэрдэг эсэхээ мэдэхгүй байна. Би амьдралдаа Түүний хайрыг мэдрэхийн тулд юу хийж болох вэ?” гэж асуув.
-
Та найздаа юу гэж хариулах байсан бэ?
Суралцагчид янз бүрийн хариулт өгч эсвэл юу хэлэхээ мэдэхгүй байж болно. Суралцагчдыг хариулсны дараа та дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) бид Бурханы хайрыг мэдрэхийн тулд хийж болох нэг зүйлийг тайлбарласан:
Ах эгч нар аа, бид авсан адислалуудынхаа төлөө талархал өргөхөө санадаг бил үү? Чин сэтгэлээсээ талархах нь адислалуудаа хүлээн зөвшөөрөхөд төдийгүй тэнгэрийн үүдийг нээж, Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг. (“Талархал бол бурханлаг бэлэг,” Ерөнхий чуулган, 2010 оны 10-р сар, 93-97)
-
Та Ерөнхийлөгч Монсоны заасныг хэрхэн дүгнэх вэ?
Суралцагчдыг хариултаа хуваалцах үед дараах үнэнийг самбар дээр бич: Адислалууддаа талархал илэрхийлэх нь Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг.
Дуулал 136:1–3, 26-г уншаад, дуулал зохиогч Бурханд яагаад талархдаг гэдгийг олж мэднэ үү.
-
Та юу анзаарсан бэ?
Та суралцагчдыг “Түүний хайр энэрэл мөнхийнх” гэсэн хэллэгийг тэмдэглэхэд урьж болно. Та дуулал зохиогч талархах бүрдээ Бурханы хайрыг ойлгодог гэдгийг онцолж болно. Еврей хэлээр эдгээр шүлэг дээрх нигүүлсэл гэдэг үгийг hesed гэх ба “Бурханы Өөртэй нь гэрээнд орсон хүмүүст үзүүлдэг онцгой хайр, нигүүлсэл” (Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 6) гэсэн утгатайг тайлбарлаж болно.
-
Яагаад адислалуудынхаа төлөө талархал илэрхийлэх нь Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг гэж та бодож байна вэ?
Бурханы адислалуудыг танин мэдэх
Их Эзэнд талархлаа илэрхийлэхдээ хэр байгаагаа дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд та дараах үйл ажиллагааг хийж болно. Ариун Сүнс бидэнд санахад тусалдаг учраас бид суралцаж, сайжрах боломжтой гэдгийг суралцагчдад сануулаарай. Суралцагчдыг хариултаа бодох үедээ Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсоход урина уу.
Өнгөрсөн долоо хоногт тохиолдсон үйл явдлынхаа талаар бод. Судлах тэмдэглэлдээ хэзээ ч, нэг эсвэл хоёр удаа, хэдэн удаа, эсвэл олон удаа гэсэн үг хэллэгүүдийг ашиглан дараах асуултад хариулна уу.
-
Та амьдралдаа Их Эзэнээс ирсэн тодорхой адислалыг хэр олон удаа таньж байсан бэ?
-
Та адислалуудынхаа төлөө Их Эзэнд хэр олон удаа талархлаа илэрхийлсэн бэ?
-
Та Түүний хайрыг хэр олон удаа мэдэрсэн бэ?
Суралцагчид хариултаа тунгаах үед тэд өөрсдөө таньж мэдээгүй эсвэл талархлаа илэрхийлээгүй Их Эзэний өгсөн ямар ч адислалын талаар бодож болох юм.
Суралцагчдад адислалуудаа таньж мэдэхэд туслахын тулд “Дуулал 136: Их Эзэнд талархах нь” тараах материалыг ашиглана уу.
Суралцагчид тараах материал дээр дангаараа ажиллаж болно эсвэл та суралцагчдаар тараах материалын эхний нүдийг бөглүүлээд, дараагийн нүдийг ангийн өөр суралцагчаар бөглүүлэхийн тулд дамжуулж өгч болно. Суралцагчид нүд бүрийг бөглөх хүртэл үргэлжлүүлэн дамжуулна. Дараа нь тараах материалыг анхны суралцагчид ангийн суралцагчдынх нь бөглөсөн зүйлийг харуулахаар буцааж өгч болно. Суралцагчдад хэсэг бүрийг тунгаан бодож хариулах хангалттай хугацаа өг.
Үйл ажиллагааны дараа та Бурханд талархал илэрхийлэх талаар суралцагчдын сурсан эсвэл мэдэрсэн зүйлийн талаар ярилцаж болно. Ярилцлагынхаа нэг хэсэг болгон та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархлаа илэрхийлэх нь Тэднээс ирэх хайр болон Тэднийг гэх өөрсдийн хайрыг мэдрэхэд бидэнд хэрхэн тусалж болохыг онцолж болно.
Суралцагчдад ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа та ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзэх боломжтой дараах видео бичлэгийг хуваалцаж болно:
-
“Principles of Peace: Gratitude” (2:32)
Бурханд талархал илэрхийлэх
Та Бурханд талархал илэрхийлэх дадлага хийхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараах үйл ажиллагаанаас нэгийг хийхэд урьж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархлаа илэрхийлэх дараах сонголтоос нэгийг сонгоно уу. Та үүнийг хийж байхдаа Тэднээс мэдэрч болох хайранд анхаарлаа хандуулаарай.
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл тэмдэглэлдээ бичиж, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд талархаж явдгаа илэрхийл.
-
Та талархдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Эдгээр зүйлийг дараагийн залбиралдаа багтаахаа битгий мартаарай.
Төгсгөлд нь та Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд талархлаа илэрхийлэх нь Бидэнд Тэдний хайрыг мэдрэх, Тэднийг хайрлах бидний хайрыг өсгөхөд хэрхэн тусалдаг талаар хуваалцаж болно.