Семинар
Естер, 1-р хэсэг: Энэ цагийн төлөө ч юм бил үү


“Естер, 1-р хэсэг: Энэ цагийн төлөө ч юм бил үү,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Естер, 1-р хэсэг: Энэ цагийн төлөө ч юм бил үү,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Естер: 94-р хичээл

Естер, 1-р хэсэг

Энэ цагийн төлөө ч юм бил үү

Mormon Messages: Having Courage & Trusting the Lord: Stand Up for What You Believe In

Тэнгэрлэг Эцэг таныг энэ цаг үед, энэ газар луу яагаад хөтлөн чиглүүлснийг, мөн Түүний танаар ямар ажил хийлгэхийг хүсэж байгааг та хэзээ нэгэн цагт бодож үзэж байсан уу? Естер гэдэг өнчин иудей эмэгтэйд дээрхтэй төстэй асуулт байсан байж магадгүй юм. Естерийн Персэд олзлогдсон нь Түүний ард түмэн болох иудейчүүдийг аврахад Их Эзэнд туслах байр сууринд түүнийг аваачжээ. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг биднийг хэрхэн Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэхэд туслах нөхцөл байдалд тавьдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг өөрсдөөр нь дамжуулан энэ семинарын ангид эсвэл тэдний тойрог, салбар, сургууль, хот, гэр бүлд Өөрийн ажлыг хэрхэн гүйцэлдүүлж болох талаар залбирч, тунгаан бодохыг суралцагчдаас хүсэх талаар бодож үз.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэнгэрлэг төлөвлөгөө

A woman moving a piece on a chessboard

Шатрын хөлөг, дүрсүүдийг эсвэл шатрын хөлгийн зургийг үзүүлж хичээлээ эхэл. Шатрын тоглоомын талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв шаардлагатай бол тоглогчид өөрсдийн дүрсүүдийг стратегийн байрлалд байршуулж, тоглоомд ялах зорилготой байдгийг тайлбарла. Та суралцагчдаас ямар хүнийг чадварлаг шатарчин гэж бодож байгааг нь асууж болно. Хэрэв суралцагчид дурдаагүй бол тоглоомын явцад чадварлаг тоглогчид хэд хэдэн нүүдлийн урьдчилсан стратегийг боловсруулдаг гэдгийг хуваалцах талаар бод. Дараа нь та ахлагч Расбандын тайлбарыг хуваалцан бидний амьдрал хэрхэн шатрын тоглоом шиг байж болох талаар бодохыг суралцагчдаас хүсэж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн заасан.

Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Бидний амьдрал шатрын хөлөг мэт. Хэрвээ бид сүнслэг өдөөлтийг сонсох аваас Их Эзэн биднийг нэг байрнаас нөгөө рүү нүүлгэдэг. Бид эргэж хараад, Түүний мутар бидний амьдралд хэрхэн оролцож байсныг харж чаддаг. (“Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 48)

  • Яагаад бидний амьдралд Бурханы нөлөөг одоо бус, өнгөрсөн үе рүү харж байж илүү хялбар анзаардаг гэж та бодож байна вэ?

Естерийн цэдэг нь Естерийн амьдрал дахь Бурханы нөлөө түүнийг хэрхэн Бурханы ажлыг гүйцэтгэх байр сууринд тавьсныг дүрсэлдэг. Энэ хичээлээр та энэ цэдгийн эхний хэсгийг судлах болно. Суралцах үедээ Тэнгэрлэг Эцэг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах нөхцөл байдалд таныг хэрхэн оруулж байгааг ойлгохын тулд Ариун Сүнсийг эрэлхийлэн залбир.

Энэ цагийн төлөө ч юм бил үү

Персүүд Вавилоныг эзэлсний дараа Персэд Естер, түүний асран хүмүүжүүлэгч Мордехаи зэрэг олон иудей хүн үлджээ. Персийн хаан Ахашверош эхнэр Ваштидаа сэтгэл дундуур байсан тул түүнийг явуулжээ (Естер 1:1–12-ыг үзнэ үү). Ахашверош шинэ сүйт бүсгүй хайж, Персийн бүх эмэгтэйг түүний өмнө авчрахыг хүсэв (Естер 2:1–4-ийг үзнэ үү).

Естерийн түүхийг ойлгоход суралцагчдад туслахын тулд та дараах судрын хэсгүүдээс нэгийг судлуулахаар суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж болно. Ангийнхандаа зориулж, уг түүхийн өөрсдийн хэсгийг тоймлон ярихад бүлгүүдийг урь. Суралцагчид цэдгийг нэгтгэн дүгнэж болох сонирхолтой арга замыг та бодож үзэж болно. Тэд түүхийг төлөөлүүлэхийн тулд цаасан дээр бэлгэ тэмдэг зурж болно (жишээлбэл: титэм, хуримын гивлүүр, хааны бөгж, илд эсвэл уйлж буй эможи). Суралцагчид уг түүхийг жүжигчлэн үзүүлж, бусад нь түүхийг өгүүлэгч болж болно.

Естер Мордехаи хоёрт тулгарсан хүнд хэцүү нөхцөл байдлыг олж мэдэхийн тулд оноосон хэсгийг унш.

Eстер 2:5–11, 15–17

Eстер 3:1–13

Eстер 4:1–9

Суралцагчид эдгээр цэдгийг нэгтгэн дүгнэж хуваалцах үеэр хэт удаан хугацаа зарцуулахгүйн тулд цаг хугацаагаа анзаар.

  • Эдгээр шүлэг дэх үйл явдлуудын талаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу гэж бодсон гэж та бодож байна вэ? Мордехаин тухай? Естерийн тухай?

Eстер 4:10–14-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг өөрийнх нь амьдралын нөхцөл байдлуудад хэрхэн нөлөөлснийг ойлгоход Мордехаи Естерт хэрхэн тусалсныг олж мэд.

“Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?”(14-р шүлэг) гэсэн асуултыг суралцагчдаар тэмдэглүүлэхийг хүсэж болно.

Ахлагч Расбанд Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан бидний амьдралын нөхцөл байдалд нөлөөлдөг хэмээн гэрчилжээ.

Их Эзэн биднийг тэр шатрын хөлөг дээр хөдөлгөх болно гэдгийг би мэднэ. Тохиолдлын зүйл гэж санагдаж болох зүйл үнэндээ толгой дээрх үс бүрийг тоолж чадах хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгээр хийгдэж байдаг. Бүр бор шувуу ч Эцэгийн маань зөвшөөрөлгүйгээр газарт унахгүй. Их Эзэн бидний амьдралын хамгийн жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг бөгөөд тэдгээр үйл явдал, мөн боломж дэлхий дээр Бурханы хаант улсыг барилцахад туслах үед гэр бүл болон бусдыг өргөж дээшлүүлэхэд биднийг бэлтгэдэг. …

Тэнгэрлэг Эцэг оюун бодолдоо тодорхой нэг хүсэлтэйгээр биднийг тодорхой нэг нөхцөл байдалд аваачдаг. Тэр миний амьдралд ч ийн үйлдсэн бөгөөд та нарын амьдралд ч мөн ийн үйлдэж байгаа. (“Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу,” Лиахона, 2017 оны 11-р сар, 49)

  • Бид Естер, ахлагч Расбанд нарын түүхээс Тэнгэрлэг Эцэгийн талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Суралцагчдыг хариултаа хуваалцаж байх үед Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах нөхцөл байдалд оруулдаг гэх мэт суралцагчдын үгсийг ашиглан, үнэнийг самбарт бич.

Жич: Естер хааны өмнө очиж ард түмнээ аврах эр зориг гаргасан тухай 95-р хичээл: “Естер, 2-р хэсэг”-ээс судална.

Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг таньж мэдэх нь

Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэх нь ихэвчлэн хэт сэтгэл догдлуулам үйл явдал биш байдаг гэдгийг онцлон хэлэх нь тустай байж болно. Жижигхэн боловч чухал байж болно. Эдгээр жижигхэн боловч чухал үйл явдлын цөөн хэдэн жишээг та Мишэлл Крэйг эгчийн “Харах нүд” цагийн код 2:23-аас 4:54 хүртэл (Лиахона, 2020 оны 11-р сар, 16) эсвэл ахлагч Брүүк П.Хэйлсийн “Залбирлын хариу” цагийн код 2:16-аас 4:32 хүртэлх түүхүүдийн аль нэгийг хуваалцаж болно. Та мөн эдгээр цэдгийн видеог ChurchofJesusChrist.org сайтаас олох боломжтой.

6:27
12:39
  • Их Эзэн танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд Түүний мутар дахь зэмсэг байх боломжийг хэрхэн өгсөн бэ?

    Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслуулахаар танд өгсөн боломжуудыг олж мэдсэн туршлагаа хуваалцах талаар бодож үз.

    Тэнгэрлэг Эцэг хэрхэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх нөхцөл байдалд өөрсдийг нь оруулсан талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд дараах асуултын хариултыг дотроо тунгаан бодох цаг гаргаж өгч болно. Тэд бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэж болно.

  • 14-р шүлэг дэх Мордехаигийн хэлсэн үг таныг хэрхэн дүрсэлж болно гэж та бодож байна вэ?

Хэрэв та суралцагчдад эдгээр боломжийг амьдралдаа олж мэдэхэд илүү их тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах үйл ажиллагааг хийж дуусгахад суралцагчдыг урь.

Суралцах тэмдэглэл дээрээ өөрийн амьдрал дахь хэн нэгний нэрийг (гэр бүл, сургууль, сүм эсвэл бусад газрын) бич. Тэгээд тэмдэглэл дээрээ дараах асуултуудын дор хаяж нэгд нь хариулж бич.

  • Тэнгэрлэг Эцэг тэр хүнийг таны амьдралд “энэ цагийн төлөө” оруулсан гэсэн ямар нотолгоог та харсан бэ? (Естер 4:14)?

  • Тэнгэрлэг Эцэг таныг тодорхой хүмүүсийн эргэн тойронд эсвэл тодорхой нөхцөл байдалд “энэ цагийн төлөө” тавьсан гэдгийг та хэзээ харсан бэ? (Естер 4:14)?

Зохимжтой гэж үзвэл бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урьж болно. Суралцагчдыг хичээлийн үеэр ирсэн сүнслэг мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмжих талаар бодож үз.