“Нехемиа: ‘Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Нехемиа: Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: 93-р хичээл
Нехемиа
“Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй”
Бурхан Нехемиад Иерусалимыг тойрсон хэрмийг дахин босгож, ард түмнээ хамгаалахад сүнслэгээр нөлөөлсөн. Нехемиагийн ард түмэн энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд байнгын аюул заналхийлэл, анхаарал сарниулсан зүйлсийг даван туулах ёстой байв. Бурхан бидэнд ч бас чухал ажил оноосон бөгөөд тэр ажлыг гүйцэлдүүлэхдээ бид саад бэрхшээлтэй тулгарч болох юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн даатгасан ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урамшуулан дэмжих зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангид ирэхдээ Тэнгэрлэг Эцэг тэднээс энэ долоо хоногт, дараагийн хэдэн жилд, хожмын амьдралдаа анхаарах ёстой гэж үзсэн гурван зүйлийн жагсаалтыг гаргаж ирэхийг урь. Та патриархын адислалаа авсан суралцагчдад жагсаалт гаргахаасаа өмнө үүнийг дахин уншихыг санал болгож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Анхаарал сарниулах зүйл
Бурханы ажлыг хийхээс анхаарлыг нь сарниулж болох зүйлсийг олж мэдэхэд суралцагчдад тусалснаар хичээлээ эхлэх талаар бодож үз. Үүнийг хийхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Хамгийн чухал зүйлсээ хийх нь” (1:42) видеог үзүүлж болно. Эсвэл та дараах догол мөр дэх мэдээллийг хуваалцаж, тухайн үед Тэргүүн зөвлөлийн гишүүн асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн мэдэгдлийг үзүүлж болно.
Олон жилийн өмнө нисгэгчид онгоц газардуулахаар бэлтгэж байх үед нисгэгчийн бүхээг дэх жижигхэн гэрэл ассангүй. Нисэх багийнхан гэрлийн чийдэн дээр анхаарлаа төвлөрүүлж, онгоц намаг руу доошилсоор байгааг анзаараагүй аж. Онгоц осолдож, 100 гаруй хүн амиа алджээ.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф энэхүү эмгэнэлт явдлаас чухал сургамж заажээ.
Онгоц нь механикийн хувьд төгс байдалд байсан. Ганцхан зүйл буюу шатсан гэрлийн чийдэнгээс бусад бүх зүйл ном ёсоороо ажиллаж байв. Ойролцоогоор хорьхон центийн үнэтэй жижигхэн гэрлийн шил бөөн хэрэг мандуулж, зуу гаруй хүний амь насыг харамсалтайгаар авч одсон билээ.
Мэдээж, шатсан гэрэл ослын шалтгаан байгаагүй. Энэ нь нисэх багийнхан хамгийн чухал зүйлийг харалгүй, тэр мөчид хамаатай гэж бодсон зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлснээс болсон байв.
Хамгийн чухал зүйлийн оронд өчүүхэн жижиг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хандлага зөвхөн онгоцны нисгэгчдэд биш, харин хүн бүрд тохиолддог. Бид бүгд аюулд учирч болно. (“Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–70)
Ерөнхийлөгч Угдорфын захиас Есүс Христийн шавь нарын хувьд бидэнд хэрхэн хамаарч болох талаар хуваалцахад суралцагчдыг урь.
Дараа нь та дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдаас дотроо уншихыг хүсэж болно. Энэ захиас өөрсдөд нь хэрхэн хамаатайг ойлгохын тулд Сүнсээр дамжуулан өөрсдийг нь удирдан чиглүүлэхийг Тэнгэрлэг Эцэгээс хүсэхэд тэднийг урамшуулан дэмж. Тэд бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэж болно.
Ерөнхийлөгч Угдорф ийн үргэлжлүүлсэн.
Түр амс хийгээд зүрх сэтгэл, оюун бодолд тань хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг шалгана уу. Та нар хамгийн чухал зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлдэг үү? Хувийн цагаа хэрхэн өнгөрөөдөг чинь үүнийг тодорхой харуулж болно. Цаг хугацаанд баригдсан үе өнгөрөхөд та нар юун тухай боддог вэ? Зүрх сэтгэл, бодол санаа чинь тухайн үед чухал мэт санагдах агшин зуурын зүйлүүд дээр анхаарсан байна уу эсвэл хамгийн чухал зүйлсийн тухай бодож байсан байна уу? (“Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70)
Нехемиагийн ажил
Нехемиа гэдэг иудей хүн Персийн хаан Артаксерксийн үйлчлэгч байсан гэдгийг суралцагчдад тайлбарла. Олон иудей хүн хэдэн жилийн өмнө ариун сүмийг сэргээн босгохоор Иерусалимд буцаж иржээ. Иерусалимын эргэн тойрон дахь хамгаалалтын хана болон хаалга нурсан учраас тэд халдлагад өртөх аюултай байгааг Нехемиа мэджээ.
Дараах үйл ажиллагааг жижиг бүлгээр гүйцэтгэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Бүлгүүдийг алхмуудаа яаралгүй, цаг гарган Нехемиагийн туршлагаас суралцаж ажиллахад урамшуул. Бүлгүүдийг ижил хуваарьтай байлгахын тулд зааврын алхмыг нэг нэгээр нь үзүүлж болно. Дараагийн алхмыг үзүүлэхийн өмнө, ажиллаж байгаа алхмаа хийж дуусгах хангалттай цагийг бүлгүүдэд гаргаж өг.
-
Нехемиа 1:1–4; 2:1–6, 11–12, 17–18-ыг унш. Нехемиагийн Иерусалимын хэрмийг сэргээн босгох хүсэл нь Бурханы сүнсээр өдөөгдсөн болохыг нотлох баримтуудыг хайж, ярилц.
-
Бурхан хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнээс Өөрийн бошиглогчдоор дамжуулан анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн гурван зүйлийг хоосон цаасан дээр бич. Үүнийг хийх нэг арга бол хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг товч дүгнэн ярилцах явдал юм.
Дараа нь өөр бүлэгтэй цаасаа солилцож, тэдний бичсэн зүйлийн талаар бүлгийнхэнтэйгээ ярилц. (Санамж: Нөгөө бүлгийнхээ цаасыг хадгал. Энэ үйл ажиллагааны 4-р алхамд та үүн дээр ямар нэгэн зүйл нэмэх болно.)
-
Нехемиа 2:19; 4:1, 7–8-ыг уншаад, Бурханы өгсөн ажилд иудейчүүдийн дайснууд хэрхэн хандсаныг олж мэд. Өнөө үед Сатан хэрхэн Бурханы биднээс хийхийг хүссэн зүйлээс анхаарлыг маань сарниулахын тулд ижил төстэй арга заль ашигладаг талаар ярилц.
-
Нөгөө бүлгийн цаасан дээрх гурван зүйлийн хажууд өсвөр насныхны хувьд Бурханы бошиглогчоороо дамжуулан өгсөн ажилд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг саад, бэрхшээлийг бич.
-
Нехемиа 4:9, 14–20-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн ажлыг гүйцэлдүүлэхэд сатааруулах зүйлс, бэрхшээлүүдийг даван туулах талаар Нехемиагийн хүмүүсээс юу сурч мэдсэнээ ярилц.
-
Цаасыг анхны бүлэгт нь буцаан өг. Нөгөө бүлгийнхнийхээ цаасан дээр чинь нэмж оруулсан анхаарал сарниулах зүйлс, бэрхшээлүүдийг уншиж, ярилц. Тэдгээрийг хэрхэн даван туулж, Бурханы бошиглогчдоороо дамжуулан өсвөр насны хүүхдүүдэд өгсөн ажилд анхаарлаа төвлөрүүлж чадах талаар санаануудыг хэлэлц.
-
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн ажлыг гүйцэлдүүлэх талаар сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ нэг өгүүлбэрээр нэгтгэн дүгнэ. Энэ үнэнийг самбар дээр бич.
Үйл ажиллагааны дараа сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж. Та суралцагчдыг самбар дээр өөр нэг бүлгийн бичсэн үнэнийг онцлон, үүнээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг урьж болно. Суралцагчдыг үнэнийг хуваалцах үед “Аврагчийн амьдралын ямар сургаал эсвэл жишээнүүд энэ үнэнийг илүү сайн ойлгоход бидэнд тусалж байна вэ?” гэх мэт асуултуудыг тэдэнд тавьж, Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусал.
Бүлгүүдийн бичсэн байж болох үнэний жишээнүүд нь:
Залбирлаар дамжуулан бид Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Түүнээс хамгаалалт, хүч чадлыг хүлээн авч чадна. (Нехемиа 1:4; 4:9)
Бурхан үйлчлэгчдэдээ Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэхэд тулгардаг эсэргүүцлийг даван туулахад туслах болно. (Нехемиа 4:20)
-
Энэ үйл ажиллагаагаар сурч мэдсэн зүйл тань Бурханы танд өгсөн ажилд анхаарлаа төвлөрүүлэхэд тань хэрхэн тусалж болох вэ?
ChurchofJesusChrist.org дээрх “The Soul’s Sincere Desire” (3:28) видео нь сайн зүйлс хүртэл Бурханы бидэнд өгсөн илүү чухал ажлуудад анхаарлаа хандуулахад хэрхэн саад болж болохыг анзаарч, ярилцахад суралцагчдад тусалж чадна.
Хувьдаа хэрэгжүүлэх
Дайснууд нь Нехемиаг тусгайлан бай болгодог байсныг суралцагчдад тайлбарла. Тэд Иерусалимын хэрмийг сэргээн босгох гэсэн Бурханы ажлыг зогсоохыг олон аргаар оролдсон. Нэг арга нь түүнийг илүү амархан хорлохын тулд хотоос гаргахаар уруу татахыг оролдох явдал байв.
Дараахыг чимээгүй гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Та тэдэнд хангалттай цаг гарган өгч, Бурхан тэднээс уг мэдэгдлийг хэрхэн дуусгахыг хүсэж байгаа талаар бодоход нь урамшуулан дэмжиж болно.
Нехемиа 6:1–4, 15–16-г уншаад, дайснууд нь Нехемиаг Бурханы ажлаас холдуулах гэсэн оролдлогод түүний хэрхэн хандсанаас юу сурч мэдсэнээ тунгаан бод. (Та 3-р шүлэг таны амьдралд ямар утга учиртай болохыг тэмдэглэж, тунгаан бодож болно.)
Өөрийн амьдрал дээр үндэслэн дараах мэдэгдлүүдийг гүйцээж бич. Бодол санаагаа судлах тэмдэглэл эсвэл судар дээрээ 3-р шүлгийн хажууд бич.
Тэнгэрлэг Эцэг намайг -д анхаарлаа хандуулаасай хэмээн хүсдэг гэдэгт би итгэдэг.
Надад тулгарч болзошгүй анхаарал сарниулах зүйлс эсвэл бэрхшээлүүд нь .
Тэнгэрлэг Эцэгийн ажилд анхаарлаа хандуулах зарим арга зам бол .