“1 Хаад 18: Их Эзэнийг дагахаар сонгох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Хаад 18: Их Эзэнийг дагахаар сонгох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1 Хаад 12–13; 17–22: 82-р хичээл
1 Хаад 18
Их Эзэнийг дагахаар сонгох
Та Бурханыг үнэнчээр дагахад бэлэн байна уу? Израилын Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг харуулахын тулд Елиа Баалын тахилчдыг сорилт өрсөлдөөнд дууджээ. Их Эзэн Елиагийн залбиралд хариулж, тэр тэмцээнд ялав. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэнийг дагах илүү их хүсэлтэй болоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бодит юм гэдгийг мэдсэн эсвэл Тэдний хүчийг амьдралдаа мэдэрч байсан нэг эсвэл түүнээс олон тохиолдлынх нь тухай суралцагчдаар бодуул. Эсвэл тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бодит гэдгийг мөн Тэднийг бүрэн дагах ёстой эсэхээ мэдэхийн тулд юу хийж болох талаар бодож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бид нэгэн зэрэг хоёр зүйлийг дагаж чадах уу?
Наалддаг тууз эсвэл өөр ямар нэг зүйлийг ашиглан доор үзүүлсэнчлэн шалан дээр эсрэг чиглэлд хоёр шугам үүсгэ. Нэг суралцагчаас хоёр шугамын хамгийн ойр байгаа газарт буюу голд нь зогсоод, хоёр хөлөө нэг нэг үзүүр дээр нь тавихыг хүс.
Хоёр шугамаар алхах гэж оролдохыг суралцагчаас хүс. Тэднээс хэр хол алхаж чадахаар байгааг нь асуу. Шаардлагатай бол хэсэгхэн хугацаанд хоёр шугамаар алхаж болох ч удаан алхаж болохгүйн зэрэгцээ аль ч шугамаар сайн алхаж чадахгүй гэдгийг онцол.
Суудалдаа эргэн суухыг суралцагчаас хүс.
Энэ хичээлийн хувьд нэг шугам нь Их Эзэний арга замыг, нөгөө нь Их Эзэний арга замд үл нийцэх бусад нөлөөллийг илэрхийлж болно.
-
Ямар ямар арга замаар бид Их Эзэнийг болон бусад нөлөөг нэгэн зэрэг дагахыг хичээж болох вэ?
Елиа Баалын пристүүдийг сорилтод дуудав
Доорх догол мөрийг тоймло эсвэл суралцагчдад үзүүлэхэд тохиромжтой гэж үзвэл ChurchofJesusChrist.org дээрх “Elijah and the Priests of Baal” (2:16) видеог цагийн код 0:07-оос 0:33 хооронд үзүүл.
1 Хаад 18-д Елиа Израилын хаант улсыг Их Эзэнд бүх зүйлээрээ үнэнч байлгахыг хүссэн. Елиа лацдан холбох хүчээ ашиглан газар дээр ган гачиг тохиолгосноос хойш бараг гурван жил өнгөрчээ (1 Хаад 17:1-ийг үзнэ үү). Гэвч Израил хуурамч бурхдыг, түүний дотор Баалыг шүтсээр байв (1 Хаад 18:18-ыг үзнэ үү). Елиа Баалын хэдэн зуун хуурамч бошиглогч, эш үзүүлэгчийг Баал уу аль эсвэл жинхэнэ Бурхан Иехова юу гэдгийг батлахын тулд Кармел уулан дээр хүчээ сориход уриалжээ (1 Хаад 18:19-ийг үзнэ үү). Сорилт өрсөлдөөн эхлэхээс өмнө Елиа ард түмэнд хандан үг хэлэв.
1 Хаад 18:21-ийг уншаад, ард түмэнд хандан Елиагийн хэлсэн үгийг унш. Энэ тохиолдолд тээнэгэлзэх гэдэг үг нь эргэлзэх эсвэл хазайх гэсэн утгатай.
-
Елиа ард түмнээс юу хийхийг хүссэн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Елиагийн мэдэгдлийг ийн өөрийн болгон хэлсэн.
Өнөө үед Елиа дараах байдлаар хэлэх байсан болов уу.
Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг нэг бол байдаг эсвэл байдаггүй. Гэхдээ байдаг бол Түүнийг шүтэн бишир.
Есүс Христ бол Бурханы Хүү, хүмүүн төрөлхтний Амилсан Гэтэлгэгч нэг бол мөн эсвэл үгүй. Гэхдээ Тэр мөн бол Түүнийг дага. (“Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байх,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30)
-
Ахлагч Кристоффэрсон, Елиа хоёрын мэдэгдлээс юу нь та нарт онцгой санагдсан бэ?
Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Бидний суралцаж болох зарим үнэн:
Их Эзэн бидэнд Түүнийг эсвэл хуурамч бурхдыг болон дэлхийн шударга бус арга замыг дагах сонгох эрхийг өгдөг.
Бид Тэнгэрлэг Эцэг оршдог, Есүс бол Христ гэдгийг мэдсэн үедээ Тэднийг үнэнчээр дагах ёстой.
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр надад байгаа гэдэгт би хэр их итгэдэг вэ?
-
Би тэднийг хэр зэрэг үнэнч дагадаг вэ?
-
Тэднийг бүрэн дагахад надад юу саад болж болох вэ?
Та үргэлжлүүлэн судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бүрэн дагахад танд саад болох аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаа мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Баал, Иехова хоёрын өрсөлдөөн
1 Хаад 18:23–24-ийг уншаад, Елиа болон Баалын хуурамч бошиглогчдын хоорондох өрсөлдөөний нөхцөлийг олж мэд.
Эхлээд Баалын эш үзүүлэгчид хуурамч бурхнаа олон цагийн турш дуудан орилолджээ. 1 Хаад 18:26–29-ийг уншаад, юу болсныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Хэрэв суралцагчдад эдгээр шүлгийг ойлгоход хэцүү байвал “Elijah and the Priests of Baal” видеог цагийн код 0:33-аас 1:19 хүртэл үзүүл.
Дараах үйл ажиллагаагаар суралцагчдад шүлгүүдийг унших, дараах зааврыг гүйцээх таван минут орчмын хугацаа өгөх талаар бодож үз. Зургийг гоё сайхан зурах шаардлагагүйг онцол.
Елиа Бурханыг дуудахад юу болсныг мэдэхийн тулд 1 Хаад 18:30–39-ийг унш. Дараа нь цаас аваад, хоёр нугал. Цаасны нэг тал дээр Елиа тахилаа бэлтгэж Бурханыг дуудах үед юу болсныг зур.
-
Хэрэв тэнд байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?
-
Энэ нь Их Эзэний талаарх гэрчлэл, Түүнийг дагах хүсэлд тань хэрхэн нөлөөлөх байсан бэ?
Дараах үйл ажиллагаагаар суралцагчдад таван минут орчмын хугацаа өгөх талаар бодож үз. Хэрэв Бурхан гэдгийг олж мэдсэн хүний эсвэл үүнийг олж мэдэхийн тулд хийсэн зүйлийг нь харуулсан жишээг үзүүлэх нь тустай гэж үзвэл ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонуудаас аль нэгийг нь үзүүл.
“His Grace: Choosing to Believe in God” (4:07)
“Faith Crisis: What Do We Do When We Feel Nothing?” (5:55)
Цаасныхаа нөгөө тал дээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол бодит юм гэдгийг мэдсэн эсвэл Тэдний хүчийг амьдралдаа мэдэрч байсан үеүдийнхээ талаар бич эсвэл зур. Эсвэл Тэд бодит мөн Тэднийг бүрэн дагах хэрэгтэй гэдгээ мэдэхийн тулд юу хийж болохоо бичиж эсвэл зурж болно.
Хийж дууссаных нь дараа, хэт хувийн зүйл биш бол зурсан эсвэл бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцах цагийг хэд хэдэн суралцагчид гаргаж өг. Олон суралцагчийг хуваалцахад урамшуулан дэмжих нь бусад суралцагчид янз бүрийн үзэл бодол байдгийг мэдэж аван, суралцаж байгаа үнэнүүд нь тэдэнд хэрхэн нөлөөлж болохыг ойлгоход тусална. Доорх асуултуудтай төстэй өөр асуултууд тавих нь тустай байж болно.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүчийг амьдралдаа олж харж байсан өөрийн туршлагыг эргэцүүлэн бодох нь Тэднийг шүтэн биширч, дагах үүрэг амлалтад тань хэрхэн туслах вэ?
-
Яагаад Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёрыг бүрэн дагах нь зөв гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдын Христийнхтэй адил зан чанаруудыг ажиглан, анзаарч харсан зүйлээ хуваалц. Та суралцагчдад сайжирч, сайн сонголт хийж байгааг нь онцлох замаар Их Эзэнд улам илүү ойртохыг хичээхэд тэднийг урамшуулан дэмжих боломжтой. Энэ хичээлийн хувьд та суралцагчид ямар арга замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахаар сонгож байгааг нь онцлон хэл. Үүнд семинарт явах, Их Эзэний үгийг судлах, Түүнд ойртохыг эрэлхийлэх сонголтыг нь сайшаан магтах зэрэг багтаж болно. Мөн үүнд суралцагчдаасаа олж харсан Христийнхтэй адил зан чанарууд бас багтаж болно. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Teacher Development Skills дээрх “Help learners intentionally strive to be more like Jesus Christ”-ийг үзнэ үү.
Энэ хичээлийг дуусгахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бүрэн дагах талаарх бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бич. Мэдрэмжээ санаж, илэрхийлэхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та энэ хичээлийн ачаар юу хийхийг эсвэл юу санахыг хүсэж байгаагаа оруулж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын гэрчлэл, Тэднийг бүрэн дагаснаар ирсэн адислалуудынхаа талаар хуваалц.