“1 Хаад 17: ‘Елиагийн үгийн дагуу тэр явж, үйлдсэн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Хаад 17: ‘Елиагийн үгийн дагуу тэр явж, үйлдсэн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1 Хаад 12–13; 17–22: 81-р хичээл
1 Хаад 17
“Елиагийн үгийн дагуу тэр явж, үйлдсэн”
Бидний хайрт Тэнгэр дэх Эцэг, Түүний хүү Есүс Христ хоёр бидэнд амьдралын хүнд хэцүү цаг үед Тэдэнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх боломжийг байнга олгодог. Ган гачгийн дунд бошиглогч Елиа Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс сүүлчийн хоолоо өгөхийг хүсдэг. Бэлэвсэн эмэгтэйг итгэлээр үйлдэх үед Их Эзэн түүнд агуу адислалуудыг амласан юм. Бэлэвсэн эмэгтэйн адил бид Түүний бошиглогчдыг дагаснаар Бурханд итгэх итгэлээ харуулж чадна. Энэ хичээл нь бошиглогчдын үгсийг дагаснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их итгэж үйлдэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн биднийг бошиглогчоор дамжуулан үйлдэхэд урьсан ямар нэгэн зүйлийг мөн үүнийг хийвэл өгнө хэмээсэн Түүний амлалтыг суралцагчдаар олуул. Ангид хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бошиглолын урилга
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бошиглогчдоороо дамжуулан бидэнд хэрхэн удирдамж заавар өгдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та дараах үйл ажиллагааг үзүүлж болно. Одоогийн бошиглогчийг болон түүний саяхан өгсөн урилгыг багтаах талаар бодож үз. Эсвэл суралцагчид хэд хэдэн бошиглогчийг (одоогийн бошиглогчийг оролцуулаад) нэрлэж, бошиглогч бүрээр дамжуулан Их Эзэний бидэнд өгсөн дор хаяж нэг урилгыг жагсааж болно.
Их Эзэний хүмүүстээ өгсөн урилгатай нь бошиглогчдыг тааруул.
|
|
Хариулт: 1–C (Ифер 2:16; 6:4, 12-ыг үзнэ үү); 2–D (Египетээс гарсан нь 14:21–22-ыг үзнэ үү); 3–A (1 Нифай 2:1–2-ыг үзнэ үү); 4–B (Сургаал ба Гэрээнүүд 136:1-ийг үзнэ үү). Хэрэв тэдгээр бошиглогчийн амьдарч байсан цаг үед амьдарч байсан бол уг бошиглолын удирдамжийг дагах байсан эсэхээ тунгаан бодоход та суралцагчдыг урьж болно.
Дараахын дагуу үйлдэж, амьд бошиглогчийн урилгад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
Та 1–10 хүртэлх оноогоор дараах мэдэгдэл бүр дээр өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?
-
Их Эзэн бошиглогчдоор дамжуулан ярьдаг гэдэгт би итгэдэг.
-
Их Эзэн өнөөдөр бошиглогчдоороо дамжуулан юу зааж байгааг би сайн мэднэ.
-
Би Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн сургаалуудыг дагадаг.
Та 1 Хаад 17-г судлахдаа, Ариун Сүнснээс ирэх бодол санаа, ойлголтод анхаар. Таны өнөөдрийн судалсан зүйл эдгээр мэдэгдлийн талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлж болохыг бод.
Елиа ба Зарефатын бэлэвсэн эмэгтэй
Дараах хоёр догол мөрийг уншиж, нэгтгэн дүгнэж болно.
Ёс бус байдлын улмаас Израилын хаант улс Израил, Иуда гэсэн хоёр хаант улсад хуваагджээ (1 Хаад 11–12-ыг үзнэ үү). Ёс бус хаан Ахабын хаанчлалын үед Их Эзэн Өөрийн бошиглогч Елиаг Израилын хүмүүс рүү илгээсэн.
Елиа Бурханы хүчээр тухайн нутагт бороо орохыг хорьж, олон жил ган гачиг авчиржээ. Их Эзэн Елиагийн хэрэгцээг хангаж, горхины хөвөөнд нуугдахыг түүнд зааварлаж, хэрээнүүд түүнийг хооллодог байв (1 Хаад 17:1–6-г үзнэ үү).
Судраас уншсан зүйлийнхээ хүчийг мэдрэх нэг арга зам бол өөрсдийгөө яг тэр нөхцөл байдалд орсноор төсөөлөх явдал юм.
Дараах шүлгүүдийг уншаад, асуултуудад Елиагийн эсвэл бэлэвсэн эмэгтэйн өнцгөөс хариулахад суралцагчдыг урь. Аврагч Өөрийн үгсийг бидэнд хэлдэг арга замуудын нэг нь бошиглогчдоороо дамжуулан өгөх явдал бөгөөд энэ түүх дэх Елиагийн үгс Их Эзэнээс ирсэн гэдгийг тайлбарлахад анхаар.
Суралцагчдыг хосууд болгон хувааж, хамтрагч бүр энэ түүхийг өөр өөр өнцгөөс уншиж болно. Дараа нь суралцагчид доорх асуултуудыг ашиглан хамтрагчаасаа ярилцлага авч болох ба тэд сурсан зүйлийнхээ талаар тэдний өнцгөөс хариулж болно.
Эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Elijah and the Widow of Zarephath” видеог цагийн код 4:09-өөс 10:06 хүртэл үзүүлээд, шүлгүүдийг даган уншиж болно.
1 Хаад 17:8–16-г уншина уу.
-
Елиа эсвэл бэлэвсэн эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ?
-
Их Эзэний амлалт хэрхэн гүйцэлдсэн бэ?
-
Елиа, бэлэвсэн эмэгтэй хоёр хоёул хэрхэн Есүс Христийн бэлгэдэл байж болох вэ?
Суралцагчдыг хариултаа хуваалцахад урь. Елиагийн хувьд Есүс Христийг суралцагчдад сануулж болох нэг арга зам бол бэлэвсэн эмэгтэйг аврагдахын тулд хэлсэн зүйлийг маань дага хэмээн урьсан явдал юм. Тэр мөн хоол хүнс нь үржинэ (1 Хаад 17:14–16) гэж Аврагчийн бусдад амласантай адилаар түүнд амласан (Матай 14:15–21-ийг үзнэ үү). Бэлэвсэн эмэгтэй Аврагчтай адилаар байсан бүхнээ золиослоход бэлэн байсан нь Есүс Христийг суралцагчдад сануулж болох арга замуудын нэг юм.
Энэ түүхээс ямар сургамж авсныг суралцагчдаас асуу. Тэд янз бүрийн зарчим хуваалцаж магад. Хэрэв тэд дараах үнэний талаар дурдаагүй бол нэмж оруулахад анхаар. Аврагчийн үгийн дагуу итгэлээр үйлдэх нь Түүний амласан адислалуудыг авчирдаг. Үүнд бошиглогчдоороо дамжуулан хэлсэн Аврагчийн үгс багтдаг.
-
Аврагчийн сургаалын дагуу итгэлээр үйлдэхэд юу саад болж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэддэг ямар зүйл тань танд итгэлээр үйлдэхэд туслах вэ?
Аврагчийн бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгс
Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн үгсийг хаанаас олж болохыг хуваалцахад суралцагчдыг урь. Судар, Ерөнхий чуулган хоёроос гадна Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимол, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэргийг суралцагчид хуваалцаж болох юм.
Эдгээр эх сурвалжаас аль нэгийг нь ашиглан, дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Зааврыг үзүүлээд, судлах тодорхой хугацааг суралцагчдад өгөх талаар бодож үз.
-
Судлах тэмдэглэлдээ хоёр багана зур. Зүүн талын баганад бэлэвсэн эмэгтэйн бинг төлөөлөн талх зур, баруун талын баганад домботой тос, савтай гурил зур (Хаадын дээд 17:12, 16-г үзнэ үү).
-
Зүүн талын баганыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүссэн зүйл гэж нэрлэ. Баруун талын баганыг Тэдний амласан адислалууд гэж нэрлэ.
-
Зүүн баганад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бошиглогчдоороо дамжуулан биднээс хийхийг хүсэж байгаа зүйлсийн жагсаалтыг гарга. Баруун талын баганад Тэдний үгсийг дуулгавартай дагаснаар ирэх амлагдсан адислалуудыг жагсаан бич.
Суралцагчдад жишээ үзүүлэх нь тус болж болох юм. Та зүүн баганад “Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах” гэж бичихийг санал болгож болно. Суралцагчид дараа нь Их Эзэний амласан адислалуудын талаар Сургаал ба Гэрээнүүд 89:18–21-ээс уншиж болно. Эсвэл та саяхны Ерөнхий чуулган дээрх бошиглогчийн хэлсэн үгсээс жишээ хуваалцаж болно.
Баганад бичсэн зүйлээ жижиг бүлэг дотроо хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагч бүрд багана бүрээс хамгийн багадаа нэг зүйлийг хуваалцах боломж олгоход анхаар. Дараа нь бүлгүүд дараах асуултын дагуу ярилцаж болно.
-
Бошиглогчдоороо дамжуулан өгсөн Их Эзэний үгсэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр ирэх адислалуудыг та хэрхэн харж байсан бэ?
Бошиглолын зөвлөгөөг дагаснаар адислал хүлээн авч байсан бодит жишээг хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Та энэ ярилцлагын хүрээнд ChurchofJesusChrist.org дээрх “That Night My Family Had Sufficient” (1:47) эсвэл “Fathers and Sons” (5:42) видеог үзүүлж болно.
Бурханы бошиглогчдыг дагахаар төлөвлө
Дараах үйл ажиллагааг гүйцэтгэж байхдаа Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Зүүн баганад Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан танаас хийхийг хүссэн, анхаарлаа төвлөрүүлбэл зохих ямар нэг зүйлийг бич эсвэл дугуйл.
-
Хэрэв Түүний зөвлөгөөг дагавал Их Эзэн таныг хэрхэн адисална гэж амласныг баруун талын баганад бич эсвэл дугуйл.
-
Бичсэн эсвэл дугуйлсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодоод, Их Эзэний бошиглогчоороо дамжуулан танаас хийхийг хүссэн зүйлийг дуулгавартай дагах төлөвлөгөөгөө бич.
Юу хийхээр төлөвлөж байгаагаа мартахгүй байх арга зам олоход суралцагчдыг урь. Жишээлбэл: Суралцагчид хариултынхаа зургийг авч, утасныхаа дэлгэцийн зураг болгон ашиглаж болно. 96-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь” гэсэн хичээл дээр төлөвлөгөөгөө мөрдөж, тайлагнах боломжийг суралцагчдад олгоно.
Суралцагчид Есүс Христийн бошиглогчийг дагахыг хичээж чармайснаар Түүнд илүү ойртоно гэдгийг гэрчлэн хичээлээ дуусгахыг бод.