Семинар
1 Самуел 15: Бурханы бүх зарлигийг сахин биелүүлэхийг хичээх нь


“1 Самуел 15: Бурханы бүх зарлигийг сахин биелүүлэхийг хичээх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Самуел 15: Бурханы бүх зарлигийг сахин биелүүлэхийг хичээх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Самуел 8–10; 13; 15–16: 72-р хичээл

1 Самуел 15

Бурханы бүх зарлигийг сахин биелүүлэхийг хичээх нь

The Old Testament prophet Samuel talking to Saul. Samuel is declaring to Saul that he will become the king of Israel.

Хэдийгээр Бурхан биднийг удирдан чиглүүлж, баяр баяслыг авчрахын тулд зарлигуудыг өгдөг ч гэсэн бид Түүний зарлигуудад Саулынх шиг хариу өгөхөд уруу татагдаж болох юм. Амалекчуудтай сөргөлдөх тухай тодорхой зааврыг Бурхан бошиглогч Самуелаар дамжуулан Саулд болон цэргүүдэд нь өгчээ. Саул, мөн түүний цэргүүд Бурханы зарим зарлигийг дагасан ч, бусдыг нь дагах хэрэггүй гэж үзжээ. Энэ хичээл нь Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Хүмүүс Бурханы зарлигуудад дуулгаваргүй байхыг яагаад сонгож болох шалтгаануудын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид жагсаалтаа утсан дээрээ тэмдэглэж эсвэл жижиг цаасан дээр бичиж болно. Жагсаалтаа ангид авчрахад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цайны газар

Таалагддаг зүйлээ сонгоход тохиромжтой байгаа нөхцөл байдлыг тийм биш нөхцөл байдалтай харьцуулах замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Та хэд хэдэн төрлийн хоол эсвэл хоолны зургийг үзүүлж болно. Энэ бүх хоол хүнсийг идэх боломжтой гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь.

  • Та аль хоолыг идэхээр сонгох вэ? Та алийг нь идэхгүй байхаар сонгох вэ? Яагаад?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншаад, Бурханы зарлигуудад дуулгавартай байх бидний хандлага хоол хүнсээ хэрхэн сонгохоос хэрхэн ялгаатай байх ёстойг олж мэд.

14:32
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бурханы бүх зарлиг нь Түүний хүүхдүүдийг адисалж, тэдэнд баяр баясгаланг авчрах болно гэдгийг мэдсэний үндсэн дээр зарлигуудыг сахих итгэлтэй байгаарай. Ямар зарлигуудыг сахих, ямар зарлигуудыг сахихгүй байхыг сонгож болно гэж хэлэх хүмүүстэй [та] тааралдах болно. Үүнийг би дуулгавартай байдалд хандахдаа зоогийн газарт хоол сонгож буй мэт хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгож байж сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Бурхантай уулзахаар бэлтгэхийн тулд хүн Түүний бүх зарлигийг сахих ёстой. Зарлигуудыг дуулгавартай дагахад итгэл шаарддаг бөгөөд Түүний зарлигуудыг дагах нь итгэлийг бэхжүүлдэг. (“Ирээдүйг итгэлээр угт,” Ерөнхий чуулган, 2011 оны 4-р сар, 34)

Ерөнхийлөгч Нэлсон Бурханы бүх зарлигийг үнэний мэдэгдэл болгон сахих талаар юу гэж заасныг нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Суралцагчдын өөрсдийнх нь үгсийг ашиглан, Бурханы бүх зарлигийг сахихыг хичээх нь баяр баясгалан руу хөтөлдөг эсвэл Бурханы зарлигуудаас алийг нь дагахаа сонгож, сонголт хийснээр зовлонд хүргэдэг гэсэн үнэнийг олж тогтооход нь тусал.

  • Хэн нэгэн яагаад Бурханы зарим зарлигийг дагахгүй байхыг сонгож болох вэ?

Дараах асуултуудыг дотроо тунгаан бодож, Бурханы зарлигуудад дуулгавартай байх өөрийн арга барилыг тунгаан бод.

  • Та сахихыг хүсэж буй эсэхдээ итгэлгүй байгаа зарлиг эсвэл жишгийг сонссон үедээ ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

  • Бурханы бүх зарлигт дуулгавартай байх нь таны хувьд хэр чухал вэ?

Өнөөдөр суралцах явцдаа Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагахын ач холбогдлыг ойлгохын тулд Сүнсний тусламжийг эрэлхийл.

Саул хааны сонголт

1 Самуел 15-аас өмнөх үйл явдлуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг нэгтгэн дүгнэх эсвэл унших талаар бодож үз.

Их Эзэн Самуелд израилчуудад хаантай болохыг зөвшөөр хэмээн хэлснийхээ дараа Саул гэгч залуу эрэгтэйг хаан болгон тослохыг зааварласан (1 Самуел 8–10-ыг үзнэ үү). Филистчүүд довтлохоор заналхийлэхэд Саул өөрийн хийх эрхгүй золиосыг өргөж, Их Эзэний зарлигийг зөрчсөн (1 Самуел 13:8–9-ийг үзнэ үү). Тэгээд Самуел дуулгаваргүй байдлынхаа үр дагавруудын талаар Саулд заасан (1 Самуел 13:10–14-ийг үзнэ үү). 15-р бүлэгт Саул Их Эзэний зааврыг ягштал дагахгүй байгаа үеийнхтэй адил загварыг харж болно.

1 Самуел 15:1–3, 7–9-ийг унш. Тэнд Их Эзэн Саулд болон түүний армид тодорхой зарлигуудыг өгсөн. Уншиж байхдаа Саул болон түүний арми аль аль зарлигийг дуулгавартай дагахаар сонгосон мөн аль зарлигуудыг нь дагахгүй байхаар сонгосон болохыг олж мэд.

Бид Бурхан Саулд болон түүний армид амалекчуудыг болон тэдний амьтдыг устгахыг тушаасан бүх шалтгааныг мэдэхгүй гэдгийг суралцагчдад сануулж болно. Гэвч бид Бурхан төгс бөгөөд Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдгийг мэддэг ба Бурханы зарлигт үзүүлсэн Саулын хариу үйлдлээс бид үнэ цэнтэй сургамж олж авч чадна.

  • Ерөнхийлөгч Нэлсоны заасан үнэн Саулд болон түүний армид хэрхэн туслах байсан бэ?

Хандлага ба үйлдлээ зөвтгөх нь

Дараах суралцах үйл ажиллагаа нь Бурханд дуулгаваргүй болоход хүргэх хандлага, шалтгуудыг таньж мэдэхэд суралцагчдад тусална. Суралцагчид үйл ажиллагааг бүлгээрээ эсвэл бие даан хийж гүйцэтгэж болно.

Амалекчуудтай тулалдсаны дараа Самуел Саулд өөрийнх нь болон цэргүүдийнх нь дуулгаваргүй байдлын талаар ярив.

1 Самуел 15:13–24-ийг уншаад Бурханы зарлигуудад дуулгаваргүй байх сонголтыг хийсэн Саулын шийдвэрт нөлөөлсөн хандлага, шалтгуудыг олж мэд.

Суралцагчид олж мэдсэн зүйлсээ самбар дээр жагсаан бичиж болно. Тэд Саулыг:

  • Дуулгавартай байдлынхаа талаар худал хэлсэн (13, 20-р шүлэг).

  • Дуулгаваргүй байдлаа зөвтгөхийг хичээсэн (15, 21-р шүлэг).

  • Хийсэн үйлдэлдээ бусдыг буруутгасан (15, 21-р шүлэг).

  • Бардам зан гаргасан (17-р шүлэг).

  • Юу хамгийн чухал болохыг эрэмбэлж чадаагүй (22-р шүлэг).

  • Бурханд дуулгавартай байхаас илүү бусдын юу гэж бодож буйд санаа зовдог (24-р шүлэг).

Та Саулын хандлага, үйлдлээ зөвтгөхийг Матай 26:36–39 дэх Аврагчийн хандлага, үйлдлүүдтэй харьцуулахад суралцагчдыг урьж болно. Аврагчийн үлгэр жишээнээс дуулгавартай байдлын талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Дараа нь суралцагчдыг бүлгүүдэд хуваарилах талаар бодож үз. Тэднээс дараах жагсаалтыг гаргахыг хүс.

Өнөө үед хүмүүсийн үл тоомсорлох, тоохгүй байхаар сонгож болох зарим зарлигийн жагсаалтыг гарга.

Бүлэг бүрээс өөрсдийн жагсаалтаас нэг зарлигийг сонгохыг хүс. Хэн нэгэн өсвөр насны хүүхэд 1 Самуел 15 дээрээс тодорхойлсон зарим хандлага эсвэл өөрийгөө зөвтгөх үйлдлийг гаргаж, уг зарлигийг дагахгүй байхаар уруу татагдаж болох нөхцөл байдлын жишээг тэднээр зохиолгуул. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Үнэнч шударга байдал: Чи үүнд итгэсэн нь дээр!” (4:46) гэдгийг үзэж болно. Уг видеог цагийн код 1:27 дээр зогсоогоод, тухайн залуу эмэгтэйн нөхцөл байдлыг жишээ болгон ашиглахад суралцагчдыг урь. (Та суралцагчдыг доорх асуултуудад хариулсны дараа видеоны төгсгөл хэсгийг үзүүлж болно.)

4:47

Өөрсдийн жишээг ашиглан доорх асуултуудыг бүлгийнхэнтэйгээ ярилцахад урь.

  • Энэ нөхцөл байдалд байгаа хүн Саулын ашигласан хандлагад эсвэл өөрийгөө зөвтгөх байдлыг ашиглахад хэрхэн уруу татагдаж болох вэ?

  • Энэ зарлигийг дуулгавартай дагах эсвэл дагахгүй байх сонголтууд нь эцэстээ хэрхэн баяр баясгалан эсвэл зовлон шаналал руу хөтөлж болох вэ?

  • Хэрэв бид ийм нөхцөл байдалд орсон бол Бурханд дуулгавартай байхыг сонгоход бидэнд сайн мэдээний холбогдох ямар сургаал туслах байсан бэ?

Бурханы хайр

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад биднийг дагах ёстой гэсэн хуулиудыг өгдгийг ойлгоход бидэнд ийн тусалсан.

13:12
Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Эцэгийн мөн Хүүгийн хайр үнэгүй өгөгдсөн ч гэлээ, давхар найдлага, хүлээлтийг агуулдаг. … Ерөнхийлөгч Нэлсоны үгийг дахин эш татъя. “Бурханы хуулиуд биднийг гэх Түүний хязгааргүй их хайраас мөн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаасай хэмээх хүслээс бүрэн үүдэлтэй.”

Тэд та нарт хайртай учраас, та нарыг “байгаагаар чинь” үлдээхийг хүсдэггүй. Тэд та нарт хайртай учраас, та нарыг баяр баясгалантай, амжилттай байгаасай хэмээн хүсдэг. Тэд та нарт хайртай учраас та нарыг наманчлаасай гэж хүсдэг, учир нь энэ бол аз жаргалд хүрэх зам юм. Гэхдээ энэ бол та бүхний сонголт. Тэд таны сонголтыг хүндэтгэдэг. Та нар Тэднийг хайрлаж, Тэдэнд үйлчилж, зарлигуудыг нь сахихаар сонгох ёстой. Улмаар Тэд та нарыг илүү ихээр адисалж мөн хайрлах болно. (“Бурханы хайр,” Ерөнхий чуулган, 2021 оны 11-р сар, 16–18)

  • Та Бурханы зарлигууд тийм ч чухал биш гэж боддог хэн нэгэнтэй энэ үгээс юуг хуваалцах вэ?

  • Бурханы тодорхой зарлигийг сахих нь “баяр баясгалантай, амжилт бүтээлээр дүүрэн” байхад тань хэрхэн тусалсан бэ?

Бурханы бүх зарлигт дуулгавартай байхыг сонгох нь

Та Бурханы зөвлөгөөг эсэргүүцсэн Саулын сонголт нь Самуелд Саулын оронд өөр хаан олохыг зааварлахад хүргэсэн гэдгийг суралцагчдад хэлж болно (1 Самуел 13:14; 15:28-ыг үзнэ үү).

Бурханы зарлигуудад дуулгавартай байхын ач холбогдлын тухай ойлголтоо харуулахад нь суралцагчдад туслахын тулд дараах зааврыг үзүүлэх талаар бодож үз.

Судлах тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудын нэгийг сонгож гүйцэтгэ.

  1. Танд Хожмын үеийн гэгээнтэн бөгөөд зарим зарлигийг зөрчихийг зөвтгөдөг найзууд байна гэж төсөөл. Тэд таныг ч бас ингэхийг шахаж шаардаж байсан. Бурханы зарлигуудыг дагахад тань туслах юуг энэ хичээлээс санахыг хүсэж байгаагаа бич.

  2. Хоосон зайг бөглө: Би Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хүсдэг, учир нь . Өнөөдөр мэдэрсэн буюу сурч мэдсэн зүйлээс маань санахыг хүсэж байгаа зүйл бол .

Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагахыг хичээснээр ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.