“Гэтлэл 19: ‘Миний үнэт өмч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 19: ‘Миний үнэт өмч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 19–20; 24; 31–34: 48-р хичээл
Гэтлэл 19
“Миний үнэт өмч”
Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай бөгөөд бидний хүн нэг бүртэй гэрээний харилцаанд орохыг хүсдэг. Түүнийг израилчуудын талаар ямар бодолтой байсныг олж мэдэх нь бидний талаар юу гэж боддогийг нь ойлгоход бидэнд тусална. Их Эзэн Израилын хүүхдүүдийг Египетээс гаргасныхаа дараа тэдэнтэй гэрээ байгуулахаар Синаи ууланд авчирчээ. Энэ хичээл нь тэдэнтэй гэрээний харилцаатай болох Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ мэдрэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Харилцааг юу утга учиртай эсвэл чухал болгодог талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэд ойр дотно харилцаатай нэг хүнийхээ талаар бодож, уг хүнийхээ зургийг хичээлийн эхэнд үзүүлэхээр авчирч болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Онцгой харилцаа
Гэр бүлийн гишүүн эсвэл багш гэх мэт утга учир бүхий харилцаатай хэн нэгний зургийг үзүүлэх талаар бодож үз. Уг хүн та хоёрын харилцаа яагаад танд чухал болохыг хуваалц. Амьдралд нь чухал хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урь. Хэрэв суралцагчид ангид зураг авчирсан бол одоо зургаа хуваалцаж болно.
-
Энэ хүнтэй харилцах харилцаа тань юугаараа танд утга учиртай вэ?
Дараах асуултуудын талаар залбирч байгаад тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэднээс бодол санаа, мэдрэмжээ судлах тэмдэглэлдээ бичихийг хүс.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа тань танд хэр утга учиртай вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа тань таны бусад харилцаанаас юугаараа ялгаатай вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцаагаа тасралтгүй бэхжүүлснээр амьдрал тань ямар арга замаар өөрчлөгдөнө гэж та бодож байна вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо ойлгохын тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.
“Миний үнэт өмч”
Их Эзэн Өөрийн амласнаар (Гэтлэл 3:7–12; 19:1–4-ийг үзнэ үү) Израилын хүүхдүүдийг Египетээс гарсны дараа Синаи уул руу авчрав (судруудад Синаи уулыг зүгээр уул Хореб гэдэг (Гэтлэл 3:1-ийг үзнэ үү). Мосе болон Израилын хүүхдүүдийн хувьд Синаи уул ариун сүмтэй адил байсан буюу Бурхантай гэрээ байгуулах газар байв.
Гэтлэл 19:3–6-г уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй ямар харилцаатай байхыг хүсдэг талаар заасан үг, хэллэгийг хайж ол.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон Бурханы “үнэт өмч” (5-р шүлэг) байна гэдэг нь ямар утгатайг ийн тайлбарлав.
Хуучин Гэрээн дэх онцгой гэдэг үгийн еврей нэр томьёог segullah буюу “үнэт өмч” эсвэл “баялаг” гэсэн утгаар орчуулжээ. …
Иймээс онцгой гэх судрын нэр томьёо ‘үнэт эрдэнэс,’ ‘Бурханы бүтээсэн буюу Бурханаар сонгогдсон’ гэсэн утгатайг бид харж болно. Их Эзэний онцгой хүмүүсийн хувьд бидэнд үйлчлэгчид нь хэмээн бусдад танигдах нь хамгийн эрхэм дээд магтаал билээ. (“Children of the Covenant,” Ensign, 1995 оны 5-р сар, 34)
Суралцагчдад зарчмыг тодорхойлоход нь туслахын тулд 5-р шүлэг дээрх хэрэв, аваас гэсэн үгсийг онцолж болно.
-
Та нар эдгээр шүлгээс ямар зарчмуудыг тодорхойлж болох вэ?
Суралцагчид янз бүрийн зарчмыг, тухайлбал, хэрэв бид Их Эзэний дуу хоолойг дуулгавартай дагаж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахивал Түүний ариун хүмүүс болох болно гэсэн зарчмыг тодорхойлж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурхан бидний хоорондох гэрээний харилцааны талаар ийн заасан.
Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ байгуулахаас өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулсан тул Тэр бидэнд туслахаар хичээхээ хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд гаргасан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг. (Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 6)
-
Энэ мэдэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?
Дараах судрын хэсгүүдийг уншаад, Бурхан тантай гэрээний харилцаанд орохыг хүсдэг гэдгийг нотлох баталгааг хайж ол. Та эдгээр шүлгийг Гэтлэл 19:5–6-тай холбож эсвэл холбогдох эшлэл болгож болно.
Матай 11:28–30
Тит 2:11-14
1 Петр 1:15-16
Эдгээр шүлгээс Бурхан бидэнтэй гэрээний харилцаанд орохыг хүсдэг гэдгийг харуулсан үг, хэллэгүүдийг хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчид Аврагч бидэнд тусалж, бидэнд амралт өгөхийн тулд Өөр дээр нь ирэхэд урьсан гэдгийг дурдаж болох юм (Maтай 11:28–30-ийг үзнэ үү). Тэд мөн Аврагч биднийг Өөрийнх нь үнэт хүмүүсийн хувьд гэтэлгэж, цэвэршүүлэхийн тулд өөрийгөө өгснийг (Тит 2:14-ийг үзнэ үү) эсвэл Аврагч ариун учраас бид ч гэсэн ариун байж чадна (1 Петр 1:16-г үзнэ үү) гэдгийг дурдаж болно.
Миний Бурхантай харилцах харилцаа
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад суралцагчдыг бэлтгэхийн тулд, Бурхан тантай гэрээний харилцаанд орохыг хүсдэг гэдгийг мэдэрч байсан арга замуудынхаа талаар хуваалцаж болно. Хуваалцаж байхдаа та өөрсдийн туршлагыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
Та мөн Бурхан бидэнтэй гэрээний харилцаанд орохыг хүсдэгийг нотлох өөр баталгаануудыг дурдаж болно. Жишээлбэл: Бурханы хайрыг мэдрэх эсвэл биднийг сайн үйл хийж, илүү сайн болоход урамшуулан дэмжих сүнслэг өдөөлт хүлээн авах зэрэг байж болно.
Сүнснээс хүлээн авсан удирдамжаа эргэцүүлэн бодоод, дараах асуултуудын нэгд эсвэл хэд хэдэд нь судлах тэмдэглэлдээ хариул.
-
Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахих хүсэлтэй болоход тань тусалсан юуг та нар мэдэж авсан эсвэл мэдэрсэн бэ?
-
Бурхан тантай дотно гэрээний харилцаанд орохыг хүсдэг гэдгийг мэдэх нь Түүнд илүү их ойртох хүсэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахихыг хичээсний тань төлөө Тэрээр та нарыг хэрхэн адисалсан бэ?
Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа хүсвэл бодол санаа, мэдрэмжээ ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Гэрээ байгуулж, гэрээгээ сахисны тань төлөө Бурхан таныг ямар ямар арга замаар адисалсан тухай хуваалцахыг бод.
Израилчууд гэрээ байгуулахаар бэлтгэв
Дараах товч дүгнэлт нь Израил Бурхантай гэрээ байгуулахад бэлтгэхийн тулд юу хийснийг ойлгоход суралцагчдад тусална. Үүний дараа Их Эзэн арван зарлигийг илчилсэн бөгөөд тэдгээрийг дараагийн хоёр хичээлээр судална гэдгийг суралцагчдад дурдаж болно. Та мөн хичээлийг дуусгахдаа Бурхан хэрхэн бидэнтэй гэрээ байгуулахыг хүсдэг талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцаж болно.
Израилчууд Бурханы ариун хүмүүс болохын тулд Түүнтэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Их Эзэн дараа нь ирж, хүмүүстэй ярина гэдгээ хэлсэн (Гэтлэл 19:7–9-ийг үзнэ үү). Их Эзэн “бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирэх” (Египетээс гарсан нь 19:11) бэлтгэлийг хангахын тулд хүмүүсийг ариусгахыг эсвэл тэднийг ариун болгохыг Мосед мөн хүмүүст хувцсаа угаахыг зарлигласан. Хүмүүс өөрсдийгөө бэлтгэж, “Бурхантай уулзахаар” (Гэтлэл 19:17) Синаи ууланд цугларчээ. Тэнд тэд уулан дээр Их Эзэний оршин байгаа нотолгоог харсан. Их Эзэн Мосег уул өөд дуудаж, Түүнтэй ярьж, хүмүүст хандан Өөрийн хүслийг илчлэв (Eгипетээс гарсан нь 19:18–25-ыг үзнэ үү).