“Мосе 8: Ёс бус ертөнцөд Аврагчийг дагах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 8: Ёс бус ертөнцөд Аврагчийг дагах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 6–11; Мосе 8: 19-р хичээл
Мосе 8
Ёс бус ертөнцөд Аврагчийг дагах
Хүмүүс “үргэлжид хилэнцэт байв” (Мосе 8:22) гэж тодорхойлогдож байсан цаг үед Их Эзэн Ноаг бошиглогч байхаар дуудсан. Ноа болон түүний хөвгүүд маш их ёс бус, муу зүйлсийн дунд байсан ч Есүс Христийг дагахаар сонгожээ. Энэ хичээл ёс бус ертөнцөд амьдарч байгаа ч Аврагчийг илүү сайн дагахад суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Өнөөгийн дэлхийд Есүс Христийг дагахад тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Хичээлдээ ирэхдээ, дэлхийг ялж Есүс Христийг дагахад юу тусалсан талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ертөнцөд амьдарч байгаа ч ертөнцийнх биш
Хичээлийг эхлүүлэхдээ суралцагчдад хувин ус, жижиг хуурай эд зүйлийг үзүүл.
-
Хувинтай усанд хийсэн энэ зүйл хуурай гарч ирэх боломжтой юу? Яаж?
Бодлоо хуваалцах боломжийг суралцагчдад олгосны дараа уг эд зүйлийг гялгар уутанд эсвэл битүүмжилсэн саванд хийж хувинтай усанд хий.
-
Энэ үзүүлэнт хичээл ёс бус ертөнцөд зөв шударга байх бидний хичээл зүтгэлтэй хэрхэн холбогдож байна вэ?
Ёс бус ертөнцөд зөв шударга амьдрах чадвараа үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлүүдийг харуулах талаар бодож үз. Мэдэгдэл нэг бүр нь хэр үнэн болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь.
Дэлхий уруу таталтыг эсэргүүцэж, Есүс Христийг дагах нь надад хэцүү байдаг.
Би ёс бус ертөнцөд итгэлээ алдахгүй үлдэхийн тулд хаанаас тусламж хүсэж болохоо мэддэг.
Би Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж, Түүнийг дагахыг эрэлхийлэхэд өдөр бүр цаг зарцуулдаг.
Ариун Сүнс бидэнд юу хийх ёстойг харуулна гэдгийг суралцагчдад сануул (2 Нифай 32:5-ыг үзнэ үү). Улам их ёс бус болж буй ертөнцөд зөв шударга хэвээр үлдэхийн тулд юу хийж болохоо мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд суралцагчдыг урь.
Ёс бус ертөнц
Их Эзэн Енохыг болон түүний хотыг тэнгэрт аваачих үед (Мосе 7:69-ийг үзнэ үү) Енохын зөв шударга хүү Метусела дэлхийд үлджээ (Мосе 8:2-ыг үзнэ үү). Метуселагийн ач хүү Ноа, Ноагийн гурван хүү “Бурхантай хамт алхаж байв” (Мосе 8:27), харин дэлхий дээр үлдсэн хүмүүсийн ихэнх нь ёс бусыг сонгосон.
Дараах зааварчилгааг болон хүснэгтийг самбарт үзүүл. Судлах тэмдэглэлдээ уг хүснэгтийг зурахад суралцагчдыг урь. Суралцагчид жижиг бүлгүүдэд хуваарилагдан, хүснэгтийг бөглөж болно.
Мосе 8:12–22, 28–29-ийг уншиж, Ноагийн үеийн хүмүүсийн сүнслэг байдлын талаар олж мэд.
Дараа нь Ноагийн үеийн сүнслэг байдал, бидний өнөөгийн нөхцөл байдлын хоорондын ижил төстэй байдлыг тодорхойл.
|
Ноагийн үеийн олон хүний сүнслэг байдал |
Ноагийн үеийн болон бидний үеийн ижил төстэй байдал |
Олж мэдсэн зүйлээ бусад бүлэгтэй хуваалцахад бүлгүүдийг урь. Ангийнхныхаа хуваалцсан зүйлийг хүснэгтдээ нэмэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Суралцагчдад тусламж хэрэгтэй бол та дараахтай адил төстэй байдлуудыг онцолж болно.
1. Ноагийн ач охидын адилаар өнөө үед зарим хүн мөнхийн, гэрээний гэрлэлтээр дамжуулан Бурханы тэдэнд өгдөг адислалуудыг алддаг (12–15-р шүлэг-ийг үзнэ үү).
2. Өнөө үед зарим хүн мөн бошиглогчийн эсрэг тэмцэж, түүний зөвлөгөөг үгүйсгэдэг (18–20-р шүлэг-ийг үзнэ үү).
Хүмүүс наманчлахгүй бол юу тохиолдох талаар Их Эзэний Ноад хэлсэн зүйлсийг харахын тулд Мосе 8:16–17-г дахин үзнэ үү.
-
Их Эзэн хүмүүст наманчлахад нь хэр их хугацаа өгсөн бэ?
-
Энэ нь Бурханы мөн чанарын тухай бидэнд юу зааж байна вэ?
Ёс бус ертөнцөд Аврагчийг дагах
Ёс бус ертөнцөд Аврагчийг дагаж чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлийг уншихад нэг суралцагчийг урих талаар бодож үз.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэхүү унасан ертөнцийг хэрхэн даван туулах боломжтой талаар хуваалцсан.
Есүс Христ энэ унасан ертөнцийг ялж, бидний хүн нэг бүрийн төлөө Цагаатгалыг гүйцэлдүүлсэн учраас гэм нүгэлд нэвчсэн, хувиа хичээсэн, ихэнхдээ хэцүү бэрх энэ ертөнцийг та нар бас ялж чадна. (“Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)
-
Та эргэн тойрныхоо ёс бусад автсан хүнд туслахын тулд ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юуг ашиглах байсан бэ?
Дараах үнэний мэдэгдлийг самбарт гүйцээж бичихийг бод. Үүнийг ямар өөр арга замаар нөхөн бичиж болох талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
Би … ёс бус ертөнцөд Аврагчийг дагахыг сонгох боломжтой.
Ёс бус ертөнцөд Аврагчийг дагах арга замуудыг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд тэдэнд доорх зааварчилгааг болон дагалдах тараах материалын хуулбаруудыг өг. Суралцагчид бүлгээр ажиллаж болно. Тэд эх сурвалжуудыг хамтдаа судалж эсвэл бүлгийн гишүүд өөр өөр судрын хэсгүүд болон мэдэгдлүүдийг сонгон тусдаа судалж, дараа нь хамтдаа ярилцаж болно.
Дараах эх сурвалжуудаас сонгон, бидний эргэн тойрон дахь ёс бус байдал, уруу таталтыг үл хайхран Есүс Христийг дагахын тулд юу хийж болох талаар судлах тэмдэглэлдээ жагсаан бичээрэй.
Бүлгүүдэд судалж, жагсаалт гаргахад хангалттай цаг олгосны дараа үнэний мэдэгдлүүдийг гүйцээж бичихийн тулд бүлэг бүрээр олж мэдсэн нэг зүйлийг самбар дээр бичүүлэхийг бод. Жишээ нь: Мосе 8:13, 23–24 дээрээс суралцагчид Их Эзэнийг болон Түүний бошиглогчдыг сонсох, Есүс Христэд итгэх, наманчлах, Бурхантай гэрээ байгуулах зэргийг олж болно.
Цөөн суралцагч бичсэн зүйлс нь тэдэнд яагаад чухал талаар хуваалцаж болно.
Түр завсарлаад, суралцагчдынхаа өвөрмөц орчныг эргэцүүлэн бодох нь тэдэнтэй харилцах харилцаанд тань Христийн адил ялгаж таних, хайрлах, энэрэх сэтгэлийг бий болгодог. Жишээлбэл: Зарим суралцагч амьдралын туршлага дээрээ үндэслэн дараах асуултуудад танаас өөрөөр хариулж болно. Суралцагчдын үзэл бодлыг сайтар ойлгохыг эрэлхийлж, хайр, энэрлээр хандаж, Аврагчийг дагах хичээл зүтгэлийг нь сайшаа. (Суралцагчдынхаа өвөрмөц нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход тань туслах нэмэлт сургалт авах бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэдний хэн болохыг таньж мэдэхийг эрэлхийл” хэсгийг үзнэ үү.)
Эргэн тойронд тань буй ёс бус зүйлсийг даван туулахын тулд юу хийснээ тунгаан бод. Эдгээр үйлдэл нь таны тогтмол хийдэг жижиг бөгөөд энгийн зүйлс байж болох ба Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт ажилласан таны зорилго болон бусад туршлага байж болно.
-
Та Аврагчийг илүү сайн дагаж, эргэн тойрныхоо ёс бусыг даван туулахын тулд юу хийсэн бэ?
-
Таны хичээл зүтгэлд ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байсан уу? Хэрэв тийм бол та эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд юу хийсэн эсвэл хийж чадах байсан бэ? Та бусад хүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Есүс Христийг дагах миний төлөвлөгөө
Есүс Христийг дагаж болох арга замуудын талаар бодож үзэхэд суралцагчдад тусал. Та тэднийг дараах асуултуудад хариулахад урих байдлаар үүнийг гүйцэтгэж болно. Та суралцагчдыг хариултуудаа байнга харах боломжтой газраа бичих эсвэл итгэл даах найз нөхөд, гэр бүлийн гишүүд, Сүмийн удирдагчдад төлөвлөгөөгөө хуваалцахад нь урамшуулан дэмжиж болно. Эдгээр зөвлөмж нь юу сурч, хийхийг хүсэж байгааг нь суралцагчдад сануулж чадна.
-
Та өнөөдөр юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?
-
Эдгээр төрж буй сэтгэгдлээ дагах нь Аврагчийг дагаж, ертөнцийг ялан дийлэх чадварыг тань хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Өнөөдөр юу сурч, юу мэдэрсэн тухай болон Аврагчийг дагах нь ертөнцийг ялан дийлэхэд хэрхэн тусалж болох талаарх суралцагчдын гэрчлэлээр хичээлээ өндөрлөхийг бодож үзээрэй. Та мөн гэрчлэлээ тэдэнтэй хуваалцаж болно.