“Мэргэн ухааны үг,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Мэргэн ухааны үг
Биднийг бие махбод болон сүнслэг байдлаар адисалдаг Их Эзэний эрүүл мэндийн хууль
Хүний бие гайхамшигтай. Хүний бие эс, эд, эрхтэн, цогц тогтолцоонуудаас бүрддэг ба энэ бүхэн хамтдаа ажилладаг. Хүний зүрх өдөрт 100 мянга гаруй удаа цохилдог гээд бод доо. Тархи нь бодол, амьсгал, хараа болон бусад олон үйл явцыг хянадаг. Тэр ч бүү хэл, бие махбод өөрийгөө эдгээж, халдвартай тэмцэж чаддаг.
Энэ бүгд гайхамшигтай хэдий ч хүн бүр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь хамгаас гайхамшигтай билээ. (Мосе 2:27-г үзнэ үү). Бидний бие бол Бурханы өгсөн бэлэг юм. Бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг сонгохын хэрээр бие махбод маань бидэнд Түүнтэй илүү адил болох мөнхийн зорилгоо гүйцэлдүүлэхэд тусалдаг. Бид бие махбоддоо анхаарал халамж тавьж, хүндэтгэлтэй хандсанаар бие махбод гэх нандин бэлгийг өгснийх нь төлөө Түүнд хүндэтгэл үзүүлж чадна. Ингэх нэг чухал арга зам бол биднийг бие махбод болон сүнслэг байдлаар адисалдаг эрүүл мэндийн талаар илчлэгдсэн зарчмууд болох Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах явдал юм.
Мэргэн ухааны үг гэж юу вэ?
Мэргэн ухааны үг бол 1833 онд Их Эзэнээс бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт бөгөөд эдүгээ Сургаал ба Гэрээнүүд 89-д цэдэглэгдсэн байдаг. Мэргэн ухааны үг бидэнд үр тариа, жимс, ногоо зэргийг идэж, харин тамхи, архи, цай, кофе зэргээс зайлсхийхийг заадаг. Үүнээс гадна бошиглогчид бидэнд “хор хөнөөлтэй, хууль бус, эсвэл мансууруулж, донтуулдаг бодисоос” зайлсхийх хэрэгтэйг заасан. Мэргэн ухааны үг болон Сүмийн удирдагчид бидэнд хор хөнөөлтэй бүх бодис, дадал хэвшлийг тодорхойлж хэлдэггүй, харин эрүүл мэндэд нөлөөлөх “шийдвэрийг мэргэн, эрүүл саруул ухаанаар залбирч гаргах”-д биднийг уриалдаг.
Мэргэн ухааны үг анх “зарлигаар юм уу албадлагаар бус” (Сургаал ба Гэрээнүүд 89:2) өгөгдсөн ч Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах нь баптисм, номлогчийн үйлчлэл, ариун сүмийн ёслолууд зэрэг сэргээгдсэн сайн мэдээний бүрэн адислалыг хүлээн авах шалгуур гэдгийг Их Эзэний үйлчлэгчид заасаар ирсэн билээ.
Сэдвийн тойм: Мэргэн ухааны үг
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Зарлигууд, Хөрвөлт, Дуулгавартай байдал
1-р хэсэг
Мэргэн ухааны үг бол Их Эзэний эрүүл мэндийн хууль юм
Их Эзэн Мэргэн ухааны үг зэрэг илчлэлтийг өгдөг нь Түүний тухай болон бидний тухай нэг чухал зүйлийг хэлдэг. Зарим хүн шашин бол зөвхөн сүнслэг үйл хэрэгт хамаатай, харин бидний бие махбодод тийм ч хамаатай биш гэж бодож болох юм. Гэвч Есүс Христийн сайн мэдээ бидэнд бие махбод маань Бурханы мэлмийд ариун нандин бөгөөд бие, сүнслэг байдал хоёр хоорондоо нягт холбоотой гэж заадаг. Мэргэн ухааны үг бол Бурханы хайрын илрэл юм. Тэр биднийг бие махбод болоод сүнсний хувьд эрүүл, аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг учраас үүнийг өгсөн.
Бодох зүйлс
-
Мэргэн ухааны үгийн зарим хэсэг Эмма Смитийн санаа зовнилын улмаас сүнслэгээр нөлөөлөгдсөн. Энэ тухай Revelations in Context-ийн “The Word of Wisdom”-оос уншина уу. Дараа нь та Сургаал ба Гэрээнүүд 89 дэх илчлэлтийг уншиж байхдаа, Бурханы илчилсэн үнэнүүдийг Эммагийн санааг зовоосон асуудлаас илүү өргөн хүрээнд олж мэд. Энэхүү илчлэлт Их Эзэний тухай болон Тэрээр хүүхдүүддээ хэрхэн заадаг талаар юу зааж байна вэ?
-
Их Эзэн Мэргэн ухааны үгийг “амлалт бүхий зарчим” (Сургаал ба Гэрээнүүд 89:3) хэмээн нэрлэсэн. Та Сургаал ба Гэрээнүүд 89-ийг уншихдаа олж мэдсэн зарчмууд болон амлалтуудаа жагсаан бичиж болно. Ахлагч Дэвид А.Бэднарын тодорхойлсон дараах “зарчим” тус болж магадгүй. “Сайн мэдээний зарчим бол ёс суртахууны сонголтоо зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаал дээр суурилсан удирдамж юм.” Жагсаалт гаргасныхаа дараа эдгээр зарчмыг “ухаалгаар мөн талархалтайгаар” (11-р шүлэг) дагах нь ямар утгатайг тунгаан бод. Мэргэн ухааны үгийг дагаж амьдрах үед Их Эзэн амлалтуудаа биелүүлдгийг та хэрхэн ажигласан бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлоос “Таны бие махбод бол ариун нандин юм” хэсгийг хамтдаа унш. Дараа нь хэн нэгнийг биднээс яагаад архи, тамхи хэрэглэдэггүй, кофе, цай уудаггүйг асуухад нь юу гэж хариулахаа жүжигчлэн үзүүл. Та хариулахдаа Мэргэн ухааны үгийг дагаснаар бидэнд ирэх амлагдсан адислалуудыг мөн энэ илчлэлт таны хувьд яагаад чухал болохыг хуваалцаж болно. Энэ дасгалаас юу сурснаа болон хариултуудаа цаашид хэрхэн ашиглаж болох талаар ярилц.
-
Мэргэн ухааны үгийн тухай, мөн бид яагаад үүнийг дагадаг талаар ойлгоход түүхэн нөхцөл байдал тусалж болно. “Word of Wisdom: What Is It?” (5:09) болон “The Word of Wisdom: Development and Practice” (5:05) зэрэг видеонууд уг илчлэлтийн цаад нөхцөл байдлыг ойлгоход бидэнд тусална. Хүүхдүүд Сургаал ба Гэрээний түүх дэх “The Word of Wisdom” (2:10) видеог үзэх дуртай байж болох юм. Бурханы хувьд тухайн цаг үед эрүүл мэндийн хуулийг илчлэх нь яагаад чухал байсан тухай ярилц. Та Мэргэн ухааны үг Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрыг хэрхэн харуулдаг гэж бодож байна вэ? Эдгээр видео нь Мэргэн ухааны үгийн талаарх бусад асуултад хариулахад тань хэрхэн тусалж болох талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 166–168
-
Сүмийн түүхийн сэдвүүд, “Word of Wisdom (D&C 89),” Gospel Library
2-р хэсэг
Мэргэн ухааны үгийн зарчмуудыг дагах нь бидэнд бие махбодын болон сүнслэг адислалуудыг авчирдаг
Хэдийгээр Мэргэн ухааны үг нь биет зүйлсийн талаарх илчлэлт мэт сонсогдож болох ч адислалууд нь биет болон сүнслэг байдлын аль алинаар ирдэг (Сургаал ба Гэрээнүүд 89:18–21-ийг үзнэ үү). Үүнийг ерөнхийлөгч Бойд К.Пакэр ийн тайлбарлажээ. “Мэргэн ухааны үгийн үндсэн зорилгыг илчлэлттэй холбоотой … гэдгийг би мэдэж авсан. … Хэрэв ‘нөлөөнд автсан’ хүн энгийн үг яриаг арай ядан сонсож байгаа бол тэдний хамгийн торгон мэдрэмжид нөлөөлдөг сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулж чадах билээ? Мэргэн ухааны үг эрүүл мэндийн хуулийн хувьд үнэ цэнтэй ч бие махбодын гэхээсээ илүү сүнслэг байдлын тань хувьд илүү үнэ цэнтэй байж болно.” Энэ зарлигийг сахих нь бидэнд Ариун Сүнсийг хамтрагчаа болгоход тусалдаг ба ингэснээр бид илчлэлт хүлээн авч, мөнх амьдралын замаар өсөж хөгжих болно.
Бодох зүйлс
-
Мэргэн ухааны үг бидэнд зарим зүйлээс зайлсхийхийг заадаг ч эрүүл мэндийнхээ төлөө эерэг зүйлс хийхийг ч бас заадаг. Мэргэн ухааны үгийг илүү сайн дагаснаар нэгэн хүн амьдралаа хэрхэн өөрчилснийг мэдэхийн тулд “Word of Wisdom” (1:48) видеог үзнэ үү. Ахлагч Ричард Г.Скотт: “Дасгал хийж, хангалттай унтаж, зөв хооллох дадалтай байх нь илчлэлт хүлээн авч, ойлгох чадварыг маань нэмэгдүүлдэг” хэмээн заасан. Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах арга барилаа хэрхэн сайжруулж болох талаар тунгаан бод. Эдгээр өөрчлөлт нь сүнслэг байдлын хувьд танд хэрхэн ашиг тусыг өгч, илчлэлт хүлээн авахад тань тусалж болох вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Таны бие … Бурханы гайхамшигт бүтээл юм. Таны бие бол сүнсний тань ариун сүм юм” хэмээн заасан. 1 Коринт 6:19–20 болон Сургаал ба Гэрээнүүд 89:18–21-ийг уншиж байхдаа эдгээр үгийг тунгаан бод. Бие, сүнс хоёр ямар холбоотой талаар бодож үз. Та Мэргэн ухааны үгийн дагуу амьдарснаар бие махбодын болон сүнслэг ямар адислалуудыг хүлээн авсан бэ? Та Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах нь сүнсээрээ болон “биеэрээ Бурханыг алдаршуул[ахад]” (1 Коринт 6:20) хэрхэн танд тусалдгийг тунгаан бодож болох юм. Төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Мэргэн ухааны үгийг дагаснаар хүлээн авах адислалууд үргэлж бидний хүсэн хүлээсэн цаг хугацаа, арга замаар ирэхгүй байж болно. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын чуулган дээр хэлсэн “Тэвчээрээр үргэлжлүүл” захиаснаас тэр үүнийг хэрхэн олж мэдсэнийг хамтдаа унш. Дараа нь Мэргэн ухааны үгийг сахисны тань төлөө Бурхан таныг бие махбод болон сүнслэг байдлаар хэрхэн адисалсан, мөн ирээдүйд Тэр таныг хэрхэн адисалж болох талаар ярилцаж болно.
-
Бидэнд заримдаа Мэргэн ухааны үгийг дагахгүй байх дарамт шахалт тулгарч магадгүй. Даниел 1-ийг хамтдаа уншаад, Даниел болон түүний найзууд үүнтэй адил нөхцөл байдалд хэрхэн хариулсныг анхаар. Дараа нь ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш. “Даниел Иеховаг дагагч болон өссөн байсан юм. Тэрээр Абрахамын, Исаакийн мөн Иаковын Бурханд итгэж, шүтэн биширдэг байв. Тэрээр бошиглогчдын үгсийг судалж, Бурхан хүнтэй харилцдагийг мэддэг байсан.
Гэвч одоо бага залуу насандаа тэрээр Вавилонд сурагч-хоригдол болсон байв. Түүнийг хуучин итгэлээ орхиж, Вавилоны шашныг дага гэсэн дарамт шахалт асар их байсан байх. Гэвч тэр үг, үйлсээрээ өөрийн итгэлд үнэнч хэвээр үлдсэн юм. …
Хариуд нь Их Эзэн Даниелыг адисалжээ. Түүний итгэлийг сорьж, доог тохуу болгосон ч тэрээр өөрийн мэдэх үнэн зүйлсэд үнэнч хэвээр үлдсэн.”
Их Эзэн Даниелд болон түүний найз нөхдөд тухайн нөхцөл байдалд хэрхэн тусалсан бэ? (Даниел 1:9-ийг үзнэ үү). Амлалтаа биелүүлснийх нь төлөө Тэр тэднийг хэрхэн адисалсан бэ? (Даниел 1:15, 17–20-ийг үзнэ үү). Мэргэн ухааны үгийг дагах амлалт тань соригдох үед та нар хэрхэн Даниелтай адил байж болох тухай ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Леви 10:9; 1 Коринт 6:10; Сургаал ба Гэрээнүүд 49:18–21
-
Quentin L. Cook, “When Evil Appears Good and Good Appears Evil,” Ensign, Mar. 2018, 30–37
-
Дэвид A.Бэднар, “Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129–133
-
Boyd K. Packer, “The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 17–19
-
“Vaping, Coffee, Tea, and Marijuana,” New Era, Aug. 2019, 28