Номын сан
Мормоны Ном


“Мормоны Ном,” Сэдэв ба асуулт (2023)

Мормоны Ном уншиж буй залуу эрэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Мормоны Ном

Есүс Христийн бас нэгэн гэрээ

Эртний бошиглогчид Мормоны Номыг өнөө үеийн хүмүүст зориулан бичсэн. Библитэй эн зэрэгцэх судрын хувьд Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг. Уг номыг чин сэтгэлээсээ уншиж, судалдаг хүмүүс Ариун Сүнсийг мэдэрч, амьдралын хамгийн чухал ихэнх асуултад хариулт олох болно. Мормоны Номыг уншсанаар хүмүүс Бурхан амьд, Тэр тэдэнд хайртай, Есүс Христийн сайн мэдээ дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг өөрсдөө мэдэж авах боломжтой.

Орчин үеийн бошиглогчид Сүмийн гишүүдийг Мормоны Номыг тогтмол судлахад байнга уриалдаг. Тухайлбал ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхаглажээ. “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч байгаад судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар тунгаан бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр бүр өөрсдийгөө Мормоны Номд эзэмдүүлбэл тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.”

Мормоны Ном гэж юу вэ?

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ бол ариун судрын ном юм. Энэ нь дэлхийн бөмбөрцгийн баруун хязгаарт амьдарч байсан эртний бошиглогчдын бичээсүүдийг агуулдаг. Иосеф Смит Сэргээлтийн бошиглогчийн хувьд Мормоны Номыг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан (Сургаал ба Гэрээнүүд 135:3-ыг үзнэ үү). Мормоны Ном нь Библийн хамт Есүс Христийг гэрчилдэг бөгөөд сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (Езекиел 37:15–17; Сургаал ба Гэрээнүүд 20:8–9-ийг үзнэ үү). Түүнчлэн Мормоны Ном нь Иосеф Смитийн бошиглолын дуудлага, сайн мэдээний Сэргээлтийн үнэнийг гэрчилдэг.

Сэдвийн тойм: Мормоны Ном

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Судрууд, Библи, Иосеф Смит, Сайн мэдээний Сэргээлт

1-р хэсэг

Есүс Христ бол дэлхийн Гэтэлгэгч гэдгийг Мормоны Ном гэрчилдэг

Мормоны Ном

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Библийг ариун судруудын ном гэж үздэг. Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёр хоёул Есүс Христийг гэрчилдэг бөгөөд Бурханы хүүхдүүдийн авралыг гүйцэлдүүлэх Түүний ажлын гэрч юм. Мормоны Номыг Америк дахь Бурханы бошиглогчид бичсэн бөгөөд энэ нь Есүс Христийн бас нэгэн гэрээ болдог. Мормоны Ном нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг” агуулдаг бөгөөд Библид гардаг Есүс Христ болон Түүний бошиглогчдын тухай түүхүүд үнэн гэдгийг дэлхийд баталдаг (Сургаал ба Гэрээнүүд 20:8–12-ыг үзнэ үү). Библитэй хамт Мормоны Ном нь хүмүүст Бурханы төлөвлөгөөний талаар илүү тодорхой ойлголттой болоход тусалдаг бөгөөд тэднийг Есүс Христийг дагахад бэлтгэдэг (Езекиел 37:15–17; 2 Нифай 3:12-ыг үзнэ үү).

Мормоны Ном нь өнөө үед Бурханы хүмүүст агуу адислал болдог. Энэ нь Есүс Христийн үгсийг агуулдаг (2 Нифай 33:10-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

“[Мормоны Ном] амьдралын хамгийн чухал асуултуудын хариултыг агуулдаг. Энэ нь Христийн сургаалыг заадаг. Үүнд хэдэн зууны туршид мөн Библийн олон тооны орчуулгаас алдагдсан ‘агуу хийгээд эрхэм’ [1 Нифай 13:29–33-ыг үзнэ үү] үнэний олныг дэлгэрүүлэн тодорхойлдог.

Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг. … Есүс Христийн сайн мэдээний бүрэн хүч Мормоны Номд байдаг. Үнэхээр байдаг.”

Бодох зүйлс

  • Мормоны Ном бол “манай шашны тулгуурын чулуу” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 75-ыг үзнэ үү) хэмээн Иосеф Смит заажээ. Уран барилгад тулгуурын чулуу нь нуман хаалганы голд байрлах шаантаг хэлбэртэй чулуу бөгөөд энэ чулуу нь бусад чулууг байранд нь байлгаж, нуман хаалгыг нурахаас сэргийлдэг. Уран барилгын тулгуурын чулуу лугаа адил Мормоны Ном нь Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх бидний итгэл үнэмшлийн салшгүй нэг хэсэг юм. Мормоны Номын талаарх таны гэрчлэл сайн мэдээний бусад зарчмын талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Мормоны Номын үндсэн захиас нь Есүс бол Христ юм. Бүлгийнхээ гишүүдийг хоёр дахь догол мөрд онцгой анхаарал хандуулан Мормоны Номын нүүр хуудсыг уншихад урь. Нүүр хуудсанд Мормоны Номын ач холбогдлыг хэрхэн онцолж байна вэ? Дараах судрууд ч мөн тустай байж болох юм. Үүнд: 1 Нифай 6:4; Иаков 1:7; Омнаи 1:26; 3 Нифай 11:13–17; Moронай 10:32–33. Мормоны Номын зорилго нь Есүс бол Христ гэдгийг гэрчлэх явдал гэдгийг ойлгоход бусдад туслах нь яагаад чухал вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Мормоны Ном гарч ирсэн нь гайхамшиг байсан.

Алтан ялтаснууд

Мормоны Номыг Бурханы бэлэг болон хүчээр гаргаж ирсэн. Уг номыг анх эртний Америкийн бошиглогчид төмөр ялтаснууд дээр тэмдэглэсэн байдаг. Эдгээрийг олон зууны турш Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Иосеф Смитийн гэрийн ойролцоо булсан бөгөөд тэнгэр элч Моронай тэдгээрийг хаанаас олохыг Иосеф Смитэд үзүүлжээ. Уг цэдгийг орчуулах зэмсэг болох Урим ба Туммим нь ялтаснууд болон эртний бусад олдворын хамт хадгалагдсан байв (Иосеф Смит—Түүх 1:30–35-ыг үзнэ үү).

Иосеф Смит дөнгөж 23-тай, бага ангийн боловсролтой байсан хэдий ч Мормоны Номыг англи хэл рүү өдөрт найман хуудас орчуулдаг байв. Тэрээр эртний хэлний талаар ямар ч ойлголтгүй байсан ба ямар ч тэмдэглэл ашигладаггүй байв. Тэрээр 85 орчим хоногийн дотор уг номыг бүхэлд нь орчуулж дуусгасан. Хүмүүс түүнээс хэрхэн орчуулж чадсаныг асуухад, энэ нь “Бурханы бэлэг болон хүчээр” (Мормоны Номын нүүр хуудас; мөн Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993-ыг үзэ үү) хийгдсэн гэдгийг Иосеф энгийнээр хэлжээ.

1830 онд Сүм зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө Мормоны Ном англи хэл дээр хэвлэгдсэн юм (Church History Topics, “Printing and Publishing the Book of Mormon,” Gospel Library-г үзнэ үү). Өнөөдөр Мормоны Ном 100 гаруй хэлээр орчуулагдан дэлхий даяар хэрэглэгдэж байна.

Бодох зүйлс

  • Иосеф Смитэд ялтаснуудыг сэрэмжтэй хадгалан хамгаалахыг зарлигласан. Орчуулгын явцад ялтаснуудыг харсан хүн цөөхөн байв. Гэсэн хэдий ч Иосеф Смитэд ялтаснуудыг дотнын цөөн хүнд үзүүлж болно гэж хэлжээ. Тэднийг албан ёсоор “Гурван гэрч” болон “Найман гэрч” хэмээн нэрлэгдэх болсон. Та тэдний гэрчлэлийг “Гурван гэрчийн гэрчлэл,” “Найман гэрчийн гэрчлэл” хэсгээс унших боломжтой. Бусдад гурван гэрч болон найман гэрчийн туршлагыг олж мэдэхэд туслах нь яагаад чухал вэ? Та Мормоны Номын тухай гэрчлэлээ бусадтай хуваалцахын тулд юу хийж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Мормоны Номын орчуулгын үйл явц ямар байсан бол гэж олон хүн гайхаж байсан ч Иосеф Смит энэ номын талаар “Бурханы бэлэг болон хүчээр” (Мормоны Номын удиртгал; Сургаал ба Гэрээнүүд 135:3) орчуулагдсан гэж хэлэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Та Мормоны Ном үнэн гэдгийг өөрөө мэдэж авч чадна

Хүмүүс Мормоны Номын тухай ярьж байгаа нь

Есүс Христийн шавь болох нь насан туршийн үйл явц юм. Бидний хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу эргэн очих сүнслэг замын өөр өөр хэсэгт байгаа. Гэхдээ та хаана ч байсан Мормоны Ном тэдэнд илүү ойртоход тань тусалж чадна. Бурханы үг хөрвүүлэх хүчээр дүүрэн (Алма 5:7; 31:5-ыг үзнэ үү). Мормоны Ном таныг дэлхийн худал хуурмагаас зайлсхийхэд тусалж, сүнслэг аюулгүй байдал руу хөтлөх болно (1 Нифай 15:24; Хиламан 3:29–30-ийг үзнэ үү).

Мормоны Номын ач холбогдлын улмаас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүн Мормоны Ном үнэн гэдгийг өөрсдөө олж мэдэхээр эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг Их Эзэний үйлчлэгчид онцолсон юм. Мормоны Номын удиртгал хэсэгт “Биднийг Мормоны Номыг уншиж, агуулдаг захиасыг нь зүрх сэтгэлдээ тунгаан бодоод, энэ ном үнэн үү гэдгийг Мөнхийн Эцэг Бурханаас Христийн нэрээр асуухад урьдаг. Энэ замыг сонгож, итгэлээр асуусан хүмүүс энэхүү ном үнэн бөгөөд бурханлаг чанартай гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авах болно (Moронай 10:3-5-ыг үзнэ үү)” хэмээн дурдсан байдаг.

Бодох зүйлс

  • Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унш. “Мормоны Ном болон энэ номын гэрчилдэг Их Эзэн Есүс Христийн бурханлаг мөн чанарыг хүлээн зөвшөөрөхгүй бол, ямар ч хүн хожмын үеийн энэхүү ажилд бүрэн итгэж, манай өнөө үед амар амгалан болон тайвшралыг бүрэн хэмжээгээр олж чадахгүй юм.” Мормоны Ном нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Мормоны Ном нь биднийг Есүс Христ болон Түүний сургаалуудтай өөрсдийгөө нийцүүлэх үед оюун санаа, зүрх сэтгэл, амьдралыг маань өөрчлөх хүч чадалтай, тэнгэрээс бэлтгэсэн хөрвүүлэх хэрэгсэл юм. Бүлгийнхээ гишүүдтэй хамт ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг унш.

    “Мормоны Ном бол ‘Өөрийн сонгогдсон хүмүүсийг … цуглуулахын тулд … дэлхийг үер мэт арчих[ад]’ зориулсан зэмсэг юм. (Мосе 7:62.) Энэхүү ариун нандин судрууд бидний сургаал айлдах, заахын мөн номлолын ажлын төвд орших хэрэгтэй. …

    Христийн талаарх энэхүү шинэ гэрчийг өөрсдийн амьдралд болон туйлын хэрэгцээтэй энэ дэлхийд бүрэн дүүрэн авчрахын тулд бид өөрсдөө ямар алхам хийж болох талаар залбирч, тунгаан бодохыг би та бүгдэд уриалж байна.”

    Мормоны Номоор дэлхийг үерлүүлснээр Их Эзэний ажилд тусалж болох зарим арга маань юу вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Мормоны Номын тухай бусад эх сурвалж