“Есүс Христийн сайн мэдээнээс суралцах ба заах,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Есүс Христийн сайн мэдээнээс суралцах ба заах
Христийн сургаалаар дамжуулан Түүнд илүү ойртох нь
Суралцахуй нь хүчтэй. Бидний оюун ухаан мэдлэгээр дамжуулан шинэ санаануудыг олж нээдэг ба мэдлэг нь олон гайхалтай туршлагыг боломжтой болгодог. Гэхдээ Есүс Христийн сайн мэдээний үнэнүүдийг мэдэх нь үүнээс илүү чухал юм. Суралцаж, өсөж хөгжих нь бидний энэ дэлхийд ирсэн хамгийн чухал шалтгаануудын нэг билээ. Бид суралцсанаар өөрсдийн үнэхээр байж болох хэмжээнд очиж, Бурханы хүүхдүүд, Түүний хаант улсыг өвлөгчдийн хувиар өөрсдийн хүчин чадавхад хүрдэг. Бидний энэ дэлхийд ирсэн гол зорилгуудын нэг нь өөр ямар ч аргаар сурч чадахгүй зүйлсээ сурах явдал юм.
Есүс Христийг дагагч бидний хувьд Түүний сайн мэдээг зааж, Түүний амар амгалан, баяр баяслыг бусадтай хуваалцах олон боломж бий. Их Эзэн эхэн үеийн гэгээнтнүүдэд хандан: “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд нэг нэгээрээ ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (Сургаал ба Гэрээнүүд 88:122) хэмээн хэлсэн. Бид бүгд Сүмийн удирдагчид, багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд болон бусад хүний заадаг сайн мэдээний захиасыг сонсож, итгэлээ хэрэгжүүлснээр адислагддаг. Бид бүхэн сүм дээр, гэр орондоо, өөр хаана ч байсан сайн мэдээнээс суралцаж, заах боломжтой.
Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүнийг бусдад заах нь яагаад чухал вэ?
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх өөрсдийн итгэлийг мөн эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг бэхжүүлэхийн тулд сайн мэдээг судалж, заадаг. Энэ нь мөн бидэнд Тэдэнтэй илүү адил болж, эцэст нь Тэдэнтэй хамт амьдрахын тулд тэнгэрлэг гэртээ эргэн очиход тусалдаг. Бид сайн мэдээг заахдаа хамгийн агуу багш болох Есүс Христийн үлгэр жишээг дагадаг билээ. Бид сайн мэдээнээс суралцаж, үүгээр амьдарч, мөн үүнийг бусдад зааснаар Бурханд эргэж очих замаараа үргэлжлүүлэн алхаж чадна.
Сэдвийн тойм: Сайн мэдээг заах нь
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христэд хөрвөх, Бошиглогчид, Судрууд, Үнэн
1-р хэсэг
Бид судалж, итгэлээр суралцахыг эрэлхийлдэг
Бид Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан сүнслэг байдлын хувьд өсөж хөгжиж чадна. Бид судруудыг судалж, итгэлээр уншин “[Түүний] үйлчлэгчдийн дуу хоолойг” дагах үедээ Түүний сайн мэдээний сургаалуудад суралцдаг (Сургаал ба Гэрээнүүд 1:38; мөн Сургаал ба Гэрээнүүд 88:118-ыг үзнэ үү). Биднийг судалж, сурсан зүйлсээ хэрэгжүүлэх үед Ариун Сүнс сайн мэдээний үнэнүүдийг бидэнд батлан өгч, өсөж хөгжин Бурхантай илүү адил болоход тусалж чадна (Сургаал ба Гэрээнүүд 19:23-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!” хэмээн заасан. Аврагчийн амьдрал, сургаалуудыг судалснаар таны асуулт болон асуудлууд хэрхэн хариулагдаж байсан бэ? Таны итгэл тухайн цаг үед хэрэгтэй байсан хариултуудыг олж мэдэхэд тань хэрхэн тусалсан бэ? Энэ долоо хоногт та судалж, итгэснээр Аврагчийн талаар юуг сурч мэдэж болохыг, мөн энэ нь өнөөдөр танд тулгарч байгаа асуулт эсвэл асуудалд хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бод. Та төлөвлөн бичээд, төлөвлөгөөгөө дагаж мөрдөх сануулга бэлдэж болно.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээнүүд 88:118 дахь Их Эзэний зөвлөгөөг уншиж, тунгаан бод. Судлах мөн итгэлээр суралцах хоёрын ялгаа юу вэ? Энэ хоёр зарчим хэрхэн уялдаж болох вэ? Бидний сайн мэдээг судлах арга барил сургууль дээр эсвэл онлайнаар суралцахаас өөр байдаг уу? Яагаад? Их Эзэн “шилдэг номууд” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Та нарын хүн нэг бүр Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дэх “Үнэн таныг чөлөөлнө” хэсгээс судлаад, мэдлэг олж авснаар ирэх адислалуудын талаар сурсан зүйлсээ ярилцаж болно. Сурсан зүйлтэйгээ хамаатай зорилго тавих талаар бодож үзээрэй.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дэвид А.Бэднар, “Их Эзэний арга замаар суралцах нь,” Лиахона, 2018 оны 10-р сар, 50–53
-
Үлиссэс Соарэс, “Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй,” Лиахона, 2022 оны 5-р сар, 115–117
-
“Хичээнгүйлэн суралцахад урь,” Аврагчийн арга барилаар заах нь (2022), 24–27
2-р хэсэг
Бид Есүс Христийн сайн мэдээг заахдаа Түүний үлгэр жишээг дагадаг
Бид бүхэн мөнхийн чадавхдаа хүрэхийн тулд “Бурханы сайн үгээр тэжээгдэ[х]” (Моронай 6:4) хэрэгтэй. Есүс Христийн сайн мэдээг хуваалцах нь бид бүгдэд гэрээнийхээ зам дээр сүнслэгээр өсөж хөгжихөд тусалж чадна. Биднийг Сүнсээр удирдуулан хайраар заах үед бүх хүн бидний хуваалцах захиасны үнэнийг мэдэрч, өөрчлөгдөн, Есүс Христийг дагах хүсэлтэй болж чадна (Сургаал ба Гэрээнүүд 42:12–14-ийг үзнэ үү).
Бид зааж байгаа хүмүүсээ хайрлан, Христийн үнэн сургаалыг Сүнсээр дамжуулан зааж, хичээнгүйлэн суралцахад урьснаар бусдад заах Аврагчийн үлгэр жишээг дагадаг (Иохан 7:14–18-ыг үзнэ үү). Хичээнгүйлэн суралцахад урина гэдэг нь суралцагчдыг үйлдэхэд урамшуулна гэсэн үг. “Аврагч тохинууллынхаа эхэн үеэс дагалдагчдаа Өөрийн өгдөг үнэн, хүч, хайрыг мэдэрч үзэхэд урьсан. Энэ бол жинхэнэ суралцахуй учраас Тэр ийн үйлдсэн. Энэ нь зөвхөн сонсох эсвэл унших тухай бус, харин өөрчлөгдөж, наманчилж, хөгжих тухай юм.”
Бодох зүйлс
-
Ирээд, Намайг дага гарын авлагын оршилд, заах нь яагаад ариун үүрэг хариуцлага болохыг ойлгоход бидэнд тусалдаг. Энэ нь бидэнд “Сайн мэдээг судлах, заах бүхий л зорилго нь бидний хөрвөлтийг гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход туслах явдал юм” гэж заадаг. Та Есүс Христтэй илүү адил заахад тань туслах Аврагчийн арга барилаар заах нь номоос нэг хэсгийг сонгон судалж болно. Сайн мэдээ таныг болон бусдыг Түүнтэй илүү адил болоход удирдан чиглүүлж болохын тулд та үүнийг хэрхэн илүү сайн зааж болох вэ? Та гэр орондоо болон сүм дээр эсвэл бусад орчинд сайн мэдээг илүү сайн заахын тулд ямар жижиг зүйлсийг хийж чадах вэ? Та бусдад сайн мэдээг илүү сайн заахын тулд хэрхэн илүү хичээнгүйлэн суралцахыг эрэлхийлж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Бага Жон С.Пингрий Ерөнхий чуулган дээр хэлсэн “Мөнхийн үнэн” захиасандаа: “Бидний зорилго бол Ариун Сүнсний хөрвүүлэгч хүчийг урих замаар үнэнийг заах явдал юм” гэж заасан. Дараа нь тэрээр зааж байхдаа Сүнсийг урихад бидэнд тусалж чадах Их Эзэн болон Түүний бошиглогчдын өгсөн 7 энгийн урилгыг хуваалцсан. Та эдгээр 7 зарчмыг болон тэдгээр нь бидэнд сайн мэдээг Сүнсний хүчээр заахад хэрхэн тусалж чадах талаар ярилцаж болно. Магадгүй та 7 зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийг санахад бие биедээ туслах хөгжилтэй аргыг бодож олж болох юм. Жишээ нь: Товчлол эсвэл бусад энгийн цээжлэх аргыг бодож олж болно.
-
Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад Тэргүүн зөвлөл биднийг ийн урьсан. “Бид таныг Есүс Христийн тухай болон Тэрээр сайн мэдээг хэрхэн заасан талаар илүү дэлгэрэнгүй суралцахад урьж байна. Түүний үг, үйлдэл, зан чанарыг залбиран байж судлан, Түүнд илүү ойртож дагахыг хичээгээрэй.” Аврагчийн зарим үг, үйлдэл, зан чанарын талаар ярилц. Тэдгээр нь танд сайн мэдээг заах үедээ Сүнсийг урихад хэрхэн тусалж болох вэ? Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад зааж байгаа хүмүүсээ хайрлах, Сүнсээр заах, сургаалыг заах, хичээнгүйлэн суралцахад урих зэрэг Христтэй адил заах дөрвөн зарчмыг хуваалцдаг. Сайн мэдээний үнэнүүдийг гэр оронд болон сүм дээр мөн өөр хаа нэгтээ заахдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлж болох арга замуудын тухай ярилц. Та мөн Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын 37-р хуудсан дээрх хувийн үнэлгээг гүйцэтгэж болно. Та олж авсан ойлголтынхоо талаар ярилцаад, Христийн сайн мэдээг заахад бэлтгэж, заах арга барилдаа ямар нэгэн өөрчлөлт гаргамаар байгаа эсэхээ залбирч тунгаан бодож болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Иохан 14:16–17, 26; Алма 37:33–37; Сургаал ба Гэрээнүүд 11:21–22; 42:12–17; 88:122
-
Jeffrey R. Holland, “A Teacher Come from God,” Ensign, May 1998, 25–27
-
Dieter F. Uchtdorf, “A Teacher’s Checklist” (address given during the Teaching in the Savior’s Way broadcast, June 12, 2022), Gospel Library
-
Нийл Л.Андэрсэн, “Есүс Христийн хүч ба цэвэр үнэн сургаал” (өсвөр үеийнхэн болон залуучуудад заах тухай нэвтрүүлэг, 2023 оны 6-р сарын 11), Gospel Library
-
“Invite Diligent Learning” (видео), Gospel Library
3-р хэсэг
Сайн мэдээнээс суралцаж, заах явц гэр оронд төвлөрсөн үед хамгийн үр өгөөжтэй байдаг
Бид Их Эзэн Есүс Христэд хөрвөгдөхийн тулд сайн мэдээнээс өөрсдөө суралцах хэрэгтэй. Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй (Сургаал ба Гэрээнүүд 68:25–28-ыг үзнэ үү). Боломжтой бол гэр орон нь сайн мэдээний үнэнүүдээс суралцах хамгийн шилдэг орчин юм. Сүмийн удирдагчид, багш нар гэрт төвлөрсөн байдлаар сайн мэдээнээс суралцаж, заахыг урамшуулан дэмжих үед хүн бүр адислагддаг. Бид гэр орондоо сайн мэдээг залбирч судалснаар сайн мэдээнээс суралцах илүү их цаг гаргаж, илүү баялаг туршлагатай болох боломжтой. Мөн бид олж авсан мэдлэгээ бусдад заахын тулд сүм дээр хуваалцаж болно.
Дэвин Ж.Дюррант ах: “Гэр орондоо зааж сургахыг хамгийн сайнаараа хичээж байдаг та бүхэн энэхүү хичээл зүтгэлдээ амар амгалан, баяр баясгаланг олох болтугай. Мөн та нарт өөрсдийгөө сайжруулах шаардлагатай эсвэл илүү сайн бэлтгэх хэрэгтэй гэж санагдвал Сүнсийг өөрсдөд тань нөлөөлөх үед даруухнаар хариу үзүүлж мөн үйлдэхийн тулд та нар өөрсдөө үүрэг хүлээгээрэй” гэх мэргэн зөвлөгөөг өгсөн.
Бодох зүйлс
-
Алма 32:28–31-ыг уншин тунгаан бодохдоо өчүүхэн жижиг үр сүр жавхлант мод болж хувирдаг гайхамшгийн тухай бод. Дараа нь Жан Э.Нюүмэн ахын зөвлөгөөг унш. “Хүүхдүүд эцэг эхээсээ олон зүйлийг өвлөн авдаг ч гэрчлэлийг өвлөх боломжгүй. Бид үр ургуулж чадахгүйн адилаар хүүхдүүддээ гэрчлэл өгч чадахгүй. Гэвч бид ‘үгийг хааж боомилдог’ өргөсгүй, сайн хөрс бүхий тэжээллэг орчныг бүрдүүлж чадна. Бид хүүхдүүд маань болон бидний хайртай бусад хүн үр суулгах газар бүхий, ‘үгийг [сонсоод], үүнийг [ойлгох]’ [Матай 13:18–23-ыг үзнэ үү] мөн тэд өөрсдөө ‘уг үр сайн’ [Алма 32:30] гэдгийг олж мэдэж болох туйлын сайн нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж чадна.” Таныг болон танай гэр бүлийг мөнхийн үнэнүүдээс суралцахад зориулж гэр орныг тань илүү тэжээллэг орчин болгоход юу туслах вэ? Сайн мэдээний сайн сайхны талаар мэдэж авахад та нар бие биедээ хэрхэн тусалж чадах вэ? Та нар Христийн тухай бие биеийнхээ гэрчлэлийг арчлан, хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Хэрвээ Есүс Христийн тухай болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар таны эсвэл миний мэддэг бүх зүйл бусад хүний бидэнд заасан юм уу хэлсэн зүйл байдаг бол Түүний тухай болон Түүний хожмын үеийн сүр жавхлант ажлын талаарх бидний гэрчлэлийн суурь элсэн дээр баригдсан гэсэн үг юм [Матай 7:24–27-г үзнэ үү]. Бид бусад хүний, тэр тусмаа хайрладаг, итгэж найддаг хүмүүсийнхээ сайн мэдээний гэрэл, мэдлэг дээр л тулгуурлаж эсвэл түүнээс нь зээлээд байж болохгүй.” Хиламан 5:12-ыг хамтдаа уншихдаа ахлагч Бэднарын хэлсэн үгсийг бод. Та далайн эргийн зургийг харж байхдаа (эсвэл цөөрөм, горхи эсвэл нуурын эргээр алхахдаа) энэхүү эшлэл болон шүлгийг тунгаан бодож, ярилцаж болно. Хүмүүс яагаад гэр орноо элсэн дээр барьдаггүй талаар бод. Тэд ямар төрлийн суурь дээр барьдаг вэ? Та гэрчлэлээ бат бөх суурин дээр барихын тулд юу хийж болох вэ? Сайн мэдээнээс суралцах ямар дадал хэвшлийг та өнөөдөр эхлүүлж эсвэл дагахаар дахин шийдвэр гаргаж болох вэ? Та “Мэргэн, мунхаг хоёр” эсвэл “Бат бөх суурь” гэх мэт дуунуудыг хамтдаа дуулж, Есүс Христийн сайн мэдээний бат бөх суурин дээр амьдралаа барих талаар бодож болно.
-
Хүмүүс яагаад байшингаа шинэчлэн загварчилдаг талаар товчхон ярилц. Тэр ч байтугай байшингийн томоохон засварын зургийг харж болно. Гэр орноо үр дүнтэй шинэчлэхийн үр дагавар юу вэ? Ерөнхийлөгч Нэлсон сайн мэдээнээс сурах нь “гэр бүл болгон өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд хариуцлагатай бөгөөд анхааралтай үйлдэхээр хичээхэд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх боломжтой юм. Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад … танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх болно. … Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно” гэж заасан билээ. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл хамт амьдардаг хүмүүстэйгээ харахыг хүсэж байгаа өөрчлөлтүүдийнхээ талаар ярилц. Та сайн мэдээнээс суралцах илүү сайн төв болгохын тулд гэр орноо хэрхэн “өөрчилж” болох вэ? Сайжруулсан мөн гэр оронд төвлөрсөн байдлаар сайн мэдээг судлах нь хэрхэн та бүхнийг хүчирхэгжүүлж чадах вэ? Хүссэн өөрчлөлтөө гаргахын тулд та юу хийж болох вэ? Мөн өсөлт хөгжлөө хэрхэн хэмжиж болох вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дэвин Ж.Дюррант, “Гэр орондоо заах нь баяр баясгалантай бөгөөд ариун нандин үүрэг хариуцлага юм,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53–58
-
Гэр орондоо сайн мэдээнээс суралцах нь (сайн мэдээг судлах эх сурвалжийн цуглуулга), ChurchofJesusChrist.org