Номын сан
Өршөөл


“Өршөөл,” Сэдэв ба асуулт (2023)

Залбирч байгаа эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Өршөөл

Есүс Христээр дамжуулан найдвар, эдгэрэлт хүлээн авах

Өршөөл бол Бурханы бидэнд өгсөн бэлэг юм. Бид наманчлах үедээ өөрсдийн Аврагч Есүс Христээр дамжуулан өршөөгдөж чадна. Заримдаа харамсаж байгаа зүйлийнхээ төлөө өршөөл эрэлхийлэх хэцүү мэт санагдаж болно. Гэхдээ бид нүглүүдээ орхиж, Есүс Христийн цагаатгагч хүчээр дамжуулан зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрснээр эдгэрэлт, амар амгалан, баяр баясгаланг шинээр мэдрэх боломжтой.

Бид энэ амьдралдаа биднийг зовоож эсвэл гомдоосон хүмүүсийг уучлан өршөөж сурдаг. Бусдыг уучлах, ялангуяа биднийг гүн шархлуулсан хэн нэгнийг уучлах хэцүү байж магадгүй. Гэхдээ Их Эзэний өршөөх зарлигийг дагаж, Есүс Христийг тулж түшсэнээр зовлон шаналлаасаа ангижирч, ирээдүйг итгэл дүүрэн харах боломжтой. Бусдыг уучлах нь бидэнд Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр бид мөнх амьдралыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахад илүү сайн бэлтгэгдэх болно.

Өршөөл гэж юу вэ?

Өршөөл хүлээн авна гэдэг нь асар том, өчүүхэн жижиг гээд ямар ч бай нүгэл, алдаануудаасаа бүрэн уучлагдана гэсэн үг юм. Үүнийг Есүс Христийн Цагаатгалаар хүлээн авах боломжтой болсон. Тэр бидний нүглийн төлөө зовж шаналсан учраас чин сэтгэлээсээ наманчилж, Аврагчийн биднийг эдгээх чадварт итгэлтэй байвал бид дахин цэвэр болж чадна. Нүглүүдээ орхих үедээ бид Бурханы нигүүлслээр амар амгалан, хүч чадал, баяр баясгаланг мэдэрч чадна. Аврагч мөн биднийг уучилсны адил бусдыг уучлахыг бидэнд зарлигласан.

Сэдвийн тойм: Өршөөл

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Есүс Христэд итгэх итгэл, Наманчлал, Баптисм, Шүүлт, Төгс хайр

1-р хэсэг

Их Эзэн биднийг нүглээ чин сэтгэлээсээ наманчлах юм бол өршөөнө хэмээн амласан

Залуу насанд хүрсэн эрэгтэй

Тэнгэрлэг Эцэг бидэнд гэрээний зам дээрээ үлдэж, Түүнтэй дахин хамт амьдрахаар эргэж очиход туслах зарлигуудыг өгсөн. Сонгох эрхээр дамжуулан бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний адил зарлигуудыг дагахыг сонгодог. Мэдээж, бид зарлигуудыг төгс дагаж чадахгүй бөгөөд хувийн зовлон бэрхшээл, сул дорой байдал, уруу таталтаас болж алдаа гаргах нь олонтоо байх болно. Гэхдээ бид Аврагчид болон Түүний цагаатгагч золиослолд итгэх итгэлээ хэрэгжүүлэх юм бол нүгэл, алдаа дутагдлаа ялан дийлж чадна. Түүнчлэн бид наманчилж зарлигуудыг сахидаг бүх хүнд Бурхан өршөөл амласныг мэдсэнээр амар амгаланг олж чадна (1 Иохан 1:9; Сургаал ба Гэрээнүүд 1:31–32-ыг үзнэ үү).

Наманчилж, баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа бид нүглээсээ өршөөгдөж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг (Үйлс 2:38-ыг үзнэ үү). Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ Их Эзэнтэй гэрээ байгуулдаг ба Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөснөөр нүглээсээ өршөөгддөг (Moронай 6:1–4-ийг үзнэ үү).

Наманчлах үйл явцаар дамжуулан бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, бид сайныг үйлдэх, бусдад үйлчлэх хүсэлтэй болдог (Мозая 5:2; Алма 36:24-ийг үзнэ үү). Бурханы сайн сайхны ачаар бид баяр баясгаланг мэдэрч, нүглүүдээсээ ангижрахыг хичээдэг (Мозая 4:10–12, 26-г үзнэ үү). Бид чин сэтгэлээсээ наманчилж, гэрээнүүд байгуулж мөн сахин, эцсээ хүртэл тэвчсэнээр ариусгагдаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэж очихуйц зохистой болдог (3 Нифай 27:19–22-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Хаан Бенжамины хүмүүс нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахдаа баяр баясгалан, ухамсрын амар амгалангаар дүүрсэн юм. Мозая 4:1–3-ыг уншаад, Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд итгэл найдвар тавих нь хэрхэн амьдралд тань баяр баясгалан, амар амгаланг авчирч болох талаар тунгаан бод. Нүглүүдээ орхихдоо өөрсдийн хүслийг Бурханы хүсэлд илүү бүрэн дүүрэн нийцүүлэх арга замууд байдаг уу?

  • Бага Алма сайн мэдээнд хөрвөгдөхдөө өмнөх нүглүүдийнхээ зовлон шаналлыг мэдрэхээ больсон (Алма 36:12–14, 17–24-ийг үзнэ үү). Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт гэж юу болох, мөн бид хэрхэн Есүс Христийн сайн мэдээнд үнэхээр хөрвөгдөж болохыг тайлбарласан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны энэ видеог үзэхийг бодоорой. Та Их Эзэнд хөрвөгдөхийг хэрхэн хичээж байна вэ? Таны хөрвөлт хэрхэн таны болон эргэн тойрон дахь хүмүүсийн тань амьдралыг адисалсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бид өршөөл эрэлхийлэхдээ өөрсдийн Аврагч Есүс Христээр дамжуулан өсөж хөгжих, тэр ч байтугай өөрчлөгдөх боломжуудыг хайдаг. Авгалдай эрвээхэй болж, эсвэл үр цэцэг болон хувирч байгаа гэх мэт байгалийн жамаар өөрчлөгддөг зарим зүйлийн өөрчлөлтийг хурдасган харуулсан видеог үзнэ үү. Бидэнд Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжуулан хэрхэн гайхалтай сайн сайхан болох боломж байдаг талаар ярилц.

  • Ерөнхийлөгч Нэлсон бид бүгд наманчлах хэрэгтэй мөн өдөр бүр наманчилбал өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар нь болох болно хэмээн заасан. Түүний “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна захиасыг уншаад, та өдөр бүр наманчилснаар өөрийнхөө болон Бурхан, дэлхий ертөнцийг шинэ өнцгөөс хэрхэн харж болох талаар ярилц (мөн Судруудын удирдамж, “Наманчлах, наманчлал,” Gospel Library-ийг үзнэ үү).

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Их Эзэн бидэнд бусдыг уучлахыг зарлигласан

Залуу эрэгтэйчүүд ярилцаж байгаа нь

Христ загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолсон цэргүүдийг уучлахыг Эцэгээс гуйсан. Хайрын энэхүү үйлдэл нь өршөөлийн төгс жишээ бөгөөд Түүнтэй адил уучлахыг бидэнд сануулдаг.

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр бидэнд дайснуудаа хайрла, “өөрсдийг тань үзэн яддаг нэгэнд сайныг үйлд, та нарыг хавчигчдын төлөө залбир” (Maтай 5:44) хэмээн заасан. Бидэнд гүн шарх үлдээсэн хүмүүсийн төлөө залбирах нь боломжгүй зүйл гэж бид бодож байж болох ч ингэснээрээ бид Бурханд итгэж байгаагаа Түүнд харуулдаг. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Бидний дайсан гэж тооцогдож болох тэдний төлөө чин сэтгэлээсээ залбирах нь Бурханд өөрсдийн болон бусдын зүрх сэтгэлийг өөрчилж чадна гэдэгт итгэдгээ харуулдаг” хэмээн заасан.

Сургаал ба Гэрээнүүд 64:8–11-ээс, хэрэв бид уучилж өршөөхийг сонгохгүй бол биднийг гомдоосон хүнээс ч илүү буруутайд тооцогдоно гэдгийг мэдэж авдаг. Бид хүн бүрийг уучилснаар, Бурханд зарлигуудыг нь дагахад бэлэн байгаагаа харуулаад зогсохгүй Тэрээр хүүхдүүдийнхээ төлөө хамгийн сайн сайхныг хийнэ гэдэгт итгэдгээ харуулдаг.

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Нэлсон 2023 оны Христийн амилсны баярт хүндэтгэл үзүүлэн дэлхий даяарх хүмүүсийг өршөөлийн гайхамшгийг мэдрэхэд урьсан. Тэр: “Таныг бусдыг уучлах үед Аврагч уур хилэн, өшөө хорсол, өвдөлтөөс тань ангижруулна гэдгийг би амлая. Энх амгалангийн Ханхүү танд амар амгаланг авчрах болно” хэмээн хэлжээ. Та хэн нэгнийг уучлахад дурамжхан байгаагаасаа болж өшөө хорсол тээж эсвэл сэтгэлийн зовлон эдэлж байна уу? Та уучлан өршөөхийн тулд ямар алхмуудыг хийж болохоо бодож, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хэрхэн удирдан залах талаар эргэцүүлэн бод.

  • Бидэнд Аврагчийн тусламжийг авахын төлөө хичээнгүйлэн залбирах боломжгүй мэт санагдах үед ч Тэрээр бусдыг уучлахад шаардагдах хүч чадлыг бидэнд өгч чадна. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан, “Янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө. Ингэснээр тэдний буруу үйлдэл таны бодгалийг зовоож чадахгүй.” Өршөөл нь хэрхэн Аврагчийн бидэнд өгсөн бэлэг болохыг мөн Тэр хэрхэн бидэнд уучлах боломжгүй санагдах үед боломжтой болгодгийг тунгаан бод. Өршөөл уучлалыг бэлэг гэж бодох нь танд хэрхэн найдвар төрүүлдэг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Заримдаа уучилж өршөөхөд өршөөгдөхийг эрэлхийлэхтэй адил зүрх зориг гаргах шаардлага гардаг. Хэцүү бэрхшээлт нөхцөлд өршөөл үзүүлсэн хүмүүсийн зарим жишээг авч ярилц. Бид бусдыг уучилснаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ? Өөрсдийг нь ямар нэг байдлаар өвтгөж, гомдоосон хүний талаар бодож, тухайн хүний төлөө өөрсдөө хувьдаа залбирахад хүн бүрийг урь. Тэдний нөхцөл байдалд тохирох бол тта тэдэнд тухайн хүнд үйлчлэхээр хичээхийг зөвлөж болно. Мөн энэ нь тухайн хүнд хандах хандлагыг нь өөрчлөх эсэхийг мэдэхэд урьж болно.

  • Бид Аврагчаас Цагаатгагч золиослолоороо дамжуулан биднийг хүчирхэгжүүлэхийг хүссэнээр бусдыг уучлахад хэрэгтэй сүнслэг эрч хүчийг хүлээн авч чадна. Эрч хүч гэж юу вэ гэдгийг хурдаа авдаг галт тэрэг эсвэл гайхалтай үзүүлбэр үзүүлж буй тамирчны видеог үзүүлэх замаар харуул. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийн хэсгээс уншаад, сүнслэг эрч хүчдээ анхаарлаа төвлөрүүлсэн үед Аврагч хэрхэн бидэнд өөрсдийг маань ихээхэн гомдоосон хүмүүсийг уучлахад дэмжлэг үзүүлж чадах тухай ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах