“Ариун явдал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Ариун явдал
Бэлгийн цэвэр ариун байдлын тухай Бурханы хууль
Ариун явдал нь бэлгийн харьцааг цэвэр ариун байлгах Бурханы хууль юм. Бодол санаа, үг хэл, үйл хөдлөлөө цэвэр ариун байлгахыг хичээх нь сүнслэг байдал, сэтгэл санаа, бие махбодын хувьд олон адислалыг авчирдаг. Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун хэвээр үлдэхийг хичээж цэвэр ариун байж чадаагүй бол наманчилж, Их Эзэний өршөөлийг эрэлхийлэх нь энэ амьдралд амар амгалан, баяр баясгаланг авчирч, нас барсныхаа дараа Бурхантай дахин хамт амьдрахад биднийг бэлтгэнэ.
Дэлхийн олон оронд ариун явдлыг дутуу үнэлдэг бөгөөд гэрлэхээсээ өмнө эсвэл гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохыг сонгох нь түгээмэл. Гэвч Бурхан бидэнд бүх зарлигийг өгдгийн адил шалтгаанаар ариун явдлын хуулийг өгсөн. Тэр бидэнд хайртай бөгөөд зарлигуудын дагуу амьдрах нь биднийг аюулаас хол байлгаж, үнэн бөгөөд үүрдийн аз жаргал руу хөтөлдгийг мэддэг.
Ариун явдал гэж юу вэ?
Ариун явдал нь бодол санаа, үг яриа, үйлдлээрээ бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх явдал мөн. Ариун явдалд гэрлэхээс өмнө ямар нэгэн бэлгийн харьцаанд орохгүй байх багтдаг. Энэ нь бас гэрлэсэн бол бие махбод, сэтгэл санааны хувьд эхнэр, нөхөртөө үнэнч байна гэсэн үг юм. Цэвэр ариун байх нь бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой порнограф болон өөр бусад агуулгатай зүйлээс зайлсхийхийг хэлнэ. Ариун явдалтай байх нь Бурханы зарлиг бөгөөд уг хуулинд дуулгавартай байх нь Их Эзэний өргөөнд ороход бэлтгэхэд бидэнд туслах чухал шалгуур юм. Ариун сүмд бидэнд ариун явдлын хуулиар амьдрах гэрээгээ илүү бүрэн дүүрэн дагах амлалт өгөхөд урьдаг.
Сэдвийн тойм: Ариун явдал
Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Сонгох эрх, Мөнх бус амьдрал, Порнограф, Наманчлал
1-р хэсэг
Ариун явдал бол Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг
Ариун явдлын хууль бол бидний аврал, өргөмжлөлийн төлөө өгсөн Бурханы төлөвлөгөөний нэн чухал хэсэг юм. Бид бэлгийн харьцаагаар дамжуулан Бурхантай хамтран бүтээгчид болж, Түүний хүүхдүүдийг дэлхийд авчирдаг. Цэвэр ариун байх нь Бурханы бидэнд олгодог бүтээх хүчийг хүндэтгэж байгааг харуулдаг. Энэ нь бас Бурханы бидэнд өгсөн бие махбоддоо талархаж байгааг харуулдаг.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэж, үр хүүхэд төрөхөд бий болдог гэр бүлийн харилцаа Тэнгэрлэг Эцэгийн маань хувьд мөнхийн ач холбогдолтой. Энэ нь бэлгийн харьцаа зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байна хэмээн Түүний зарлиглах болсон нэг шалтгаан юм. Түүнээс гадна эхнэр, нөхөр хоёр хамтран зүтгэгч байх нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх таатай орчныг бий болгоход тусалж, мөнхийн гэр бүлийн бат бөх суурийг тавьдаг.
Бодох зүйлс
-
Ариун явдал нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний чухал хэсэг талаар бод. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Мөнх бус амьдралыг бүтээх хүч бол Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу хүч юм” хэмээн заасан. Дараа нь янз бүрийн нөхцөл байдалд бодол санаагаа бэлгийн дур хүслийн хувьд цэвэр ариун байлгах нь энэхүү хүчээ хянаж, сүнслэг байдлын хувьд хүчирхэг байхад тань хэрхэн туслах талаар бод. Цэвэр ариун байхыг хичээх нь хэрхэн хүмүүсийн талаарх таны бодолд нөлөөлөх вэ? Энэ нь таны үзэх үзвэр, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь таны гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ? Та бэлгийн харьцааны зүй бус бодол, мэдрэмжид уруу татагдахдаа дотроо дуулж эсвэл давтах өөрийн дуртай Сүмийн дуулал, дуу, судрыг сонгож болно. Та мөн уг дуу эсвэл судрын хэсгийг цээжилж, байнга давтах зорилго тавьж болох юм.
-
Ариун явдлын хууль яагаад танд чухлыг эсвэл чухал байж болох шалтгааныг тунгаан бод. “Ариун явдлын хуулийг дагахыг би сонгосон, учир нь …” гэж бич. Дараа нь Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дэх “Таны бие махбод бол ариун нандин юм” хэсгийг уншиж, энэ өгүүлбэрт хэрхэн хариулж болох арга замуудыг олж мэд. Дараа нь та ариун явдал яагаад танд чухал талаар хэн нэгнийг асуухад хэрхэн хариулахаа бод.
-
Ариун явдлыг судруудад заримдаа “ариун журам” гэж бичсэн байдаг. Их Эзэн ариун журам нь “бодол санааг маань … зогсолтгүй чимэн гоё[ж],” “тэгвэл өөртөө итгэх байдал [маань] баттай болох бол[ж]” мөн “санваарын сургаал … [бидний бодгаль] дээр намуухан буух болно мөн Ариун Сүнс [бидний] байнгын хамтрагч …байх” (Сургаал ба Гэрээнүүд 121:45–46) ёстой хэмээн хэлсэн. Энд буй чимэн гоёх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Ариун явдал, ариун журам нь хэрхэн хүмүүст амьдралдаа өөртөө итгэх итгэл, хүч чадал өгч байгааг та харж байсан бэ? Ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь хэрхэн таны сайн мэдээний тухай гэрчлэлийг нэмэгдүүлсэн бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Итгэлийн арван гурав дахь тунхгийг хамтдаа давт. Энэ тунхагт цэвэр ариун байхад бид итгэдэг бөгөөд энэ нь сайн сайхан зүйлсийг эрэлхийлэхэд биднийг урьдаг тухай өгүүлдэг. Аливаа зүйл ариун журамтай, сайн сайхан гэдгийг бид хэрхэн тодорхойлж болох вэ? Бодол санаагаа хуваалцсаныхаа дараа та нар амьдралдаа байгаа энэхүү тодорхойлолттой таарах зүйлсийн талаар мөн тэдгээр нь хэрхэн цэвэр ариун байхад тань тусалдаг тухай ярилцаж болно. Дараа нь зөвхөн ариун журамтай, сайн сайхан яриа, орчин, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзвэр үйлчилгээнд оролцоход тань туслах зорилгыг хамтдаа тавьж болно. Зорилгодоо хүрэхэд нь бие биедээ хэрхэн тусалж болох талаар ярилц. Дараа нь энэ үйл ажиллагаанаас юу сурснаа ярилцаж болох юм.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч: “Бэлгийн дур хүсэл нь үнэхээр ариун нандин, хүчирхэг зүйл учир энэ мэдрэмжийг Өөрийнх нь зорилгын дагуу ашиглахад тань бэлтгэх үүднээс Бурхан ариун явдлын хуулийг өгсөн. … Дэлхий дээр олон хүн Бурханы хуулийг үл ойшоож, бүр доог тохуу хийдэг ч Бурхан биднийг Өөрийнх нь шавь байх, дэлхийн жишгээс өндөр жишгээр амьдрахад урьдаг” хэмээн заадаг. Бэлгийн харьцаа болон ариун явдлын талаар Их Эзэн бидэнд ямар ямар захиас өгсөн бэ? (Та “Ариун явдал” гэж юу болохыг Судруудын удирдамжаас олж мэдэн эсвэл Сэдэв ба асуулт дээрх “Ариун явдал” тоймоос санаа авч болно.) Дэлхий эдгээр сэдвээр бидэнд ихэвчлэн ямар мэдээлэл өгдөг вэ? Ариун явдлын талаар худал хуурмаг мэдээлэлтэй эсвэл ариун бус байх уруу таталттай тулгарах үедээ та нар юу хийж болох талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Коринт 6:18–20; 1 Тимот 4:12; 2 Петр 1:2–8; 1 Нифай 10:21; Сургаал ба Гэрээнүүд 4:4–6
-
Миний сайн мэдээг номло удирдамж: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 83, 3-р бүлэг дэх Ариун явдлын хуулиар амьдар”
-
“We Believe in Being Chaste” (видео), Gospel Library
2-р хэсэг
Цэвэр ариун байхыг хичээх нь гайхалтай адислалуудыг авчирна
Бид порнографаас зайлсхийх гэх мэтээр ариун явдлын хуулийн дагуу амьдрахыг хичээснээр олон арга замаар адислагддаг. Бид цэвэр ариун байх Бурханы зарлигийг дагах үедээ Ариун Сүнсний нөхөрлөлийг урьж, амьдралдаа илүү нэмэгдэл сүнслэг хүч, чадлыг авчирдаг. Цэвэр ариун байх нь биднийг Есүс Христийн адил ариун, сүнслэг байдлын хувьд хүчирхэг болоход тусалдаг. Энэхүү сүнслэг бэлтгэл нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болж, Түүнд эргэн очих замдаа өсөж хөгжих боломжийг олгодог. Цэвэр ариун амьдралаар амьдрах нь бидэнд бусдад үлгэр жишээ болж, Их Эзэний өмнө зохистой зогсох боломжийг мөн олгодог.
Ахлагч Дэвид А.Бэднар: “Ариун явдал ба ариун журам нь өмнө нь ч, одоо ч мөн үргэлж ‘бүхнээс илүү хамгийн эрхэм мөн чухал’ (Moронай 9:9) байна” хэмээн заажээ. Ариун явдлыг ийн үнэ цэнтэй болгодог зүйлийн нэг нь бидэнд хувь хүний маань хувьд төдийгүй гэр бүлийн харилцаанд маань авчирдаг амар амгалан, баяр баясгалан юм. Энэ хуулийн дагуу амьдрах нь гэрлэлтэд маань илүү их хайр, итгэл найдвар өгч, эв нэгдлийг авчрахад бидэнд тусална. Түүнчлэн бид гэрлэхээсээ өмнө цэвэр ариун байж, гэрлэснийхээ дараа бүхий л талаар ханьдаа үнэнч байснаар энэ дэлхийн ихэнх зовлон шаналлаас зайлсхийж чадна. Мөн бид энэхүү зарлигийг амьдралынхаа турш дуулгавартай дагаснаар ариун явдлын хуулийг зөрчихөд гарч болзошгүй сүнслэг, сэтгэл санаа, бие махбодын өөр олон үр дагавраас зайлсхийж чадна.
Бэлгийн харьцааны нүгэл нь хүнд дарамт авчирдаг ч чин сэтгэлээсээ наманчлах хүн бүр Их Эзэнээр өршөөгдөх боломжтой.
Бодох зүйлс
-
Эхлэл 39:7–23 дахь Иосеф, Потифарын эхнэр хоёрын тухай түүхийг унш. Та энэ түүхээс Иосефын талаар юу сурч мэдсэн бэ? Уруу таталттай тулгарсан ч цэвэр ариун байдлаа хадгалахад сүнслэгээр бэлтгэгдсэн байсан түүний жишээнээс та юу сурч болох вэ? Ариун явдлын хуулийг дагахаар шийдсэний ачаар эцэст нь тэр хэрхэн адислагдсан бэ? (Жишээ нь: Эхлэл 41:37–45; 45:1–28-ыг үзнэ үү.) Цэвэр ариун бус зүйлийг хийхэд уруу татагдах үед энэ жишээ хэрхэн баттай зогсох зоригтой байхад танд тусалж болох талаар бодож үз.
-
Та ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” хэмээх захиас дээрх залуу эрийн түүхийг уншиж болно. Энэ залуу өөрийн туршлагаас юу ойлгож мэдсэн бэ? Энэ нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Цэвэр бус эсвэл ариун бус зүйл хийхээр уруу татагдсан үедээ зохистой хэвээр үлдэх зоригтой байхын тулд юу хийж болох талаар бод. Та зохистой хэвээр үлдсэнээр хэрхэн адислагдаж болох вэ? Хүлээж авсан мэдрэмжээ бич.
-
Сатан бэлгийн харьцааны нүгэл үйлдэж эсвэл порнограф үзсэнээр бид ариун явдлын хуулийг зөрчих үедээ Бурханы хайрыг хүлээн авах зохисгүй болдог гэдэгт биднийг итгүүлэхийг хүсдэг. Гэвч тийм биш ээ. Лук 15:11–32-ыг унш эсвэл “Үрэлгэн хүү” (5:36) видеог үзнэ үү. Ноцтой нүгэл үйлдсэн ч гэсэн Бурхан биднийг хайрладгийг энэ түүх хэрхэн харуулж байна вэ? Тэгээд Исаиа 43:25-ыг уншаад, энэ шүлгийн бидэнд өгч буй итгэл найдварын талаар бод. Хэрэв наманчлах хэрэгтэй ёс суртахууны нүгэл байгаа бол та бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцах цаг товлож, наманчлалын үйл явцыг эхлүүл эсвэл ийн үйлдэх хүсэлтэй болохын төлөө залбир. Наманчилж, Аврагчид болон Түүний цагаатгагч хүчинд найдах нь эдгэрэлт, найдварыг авчрах бөгөөд Түүнд илүү ойртоход танд тусална.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “селестиел ухаанаар бодохоор” сонгох үед маань, тэр дотроо цэвэр ариун байхад агуу адислалууд ирдгийг Сүмийн гишүүдэд сануулсан. Тэр: “Селестиел ухаанаар бодох нь ариун явдлын хуулийг дуулгавартай дагахад танд ч мөн тусална. Амьдралыг тань энэхүү тэнгэрлэг хуулийг зөрчихөөс илүү хурдан бусниулах зүйл цөөхөн байдаг. Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал нь гэрчлэлээ хамгийн хурдан алдах арга замуудын нэг юм. … Цэвэр ариун бус хүн селестиел хаант улсыг өвлөхгүйг Их Эзэн тунхагласан. Тиймээс та нар ёс суртахууны тал дээр шийдвэр гаргахдаа селестиел ухаанаар бодоорой” хэмээн хэлсэн байдаг. Селестиел ухаанаар бодох нь ёс суртахууны хувьд цэвэр ариун байхад тань хэрхэн туслах талаар мөн ийн үйлдсэнээр адислагдах арга замуудын тухай түүнчлэн ярилцаж болно.
-
“I Choose to Be Pure” (4:19) видеог үзээд, видеон дээрх өөр өөр өсвөр насныхан яагаад бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байхаар сонгосон мөн үүний үр дүнд тэдэнд ирнэ гэж бодож байгаа адислалуудынх нь талаар ярилц. Та нар ариун явдлын хуулийг сахихад туслахыг сонгох тухай сануулах ямар зүйл хийдгээ бие биетэйгээ хуваалцаж болно. Эсвэл амьдралынхаа туршид бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх шийдвэр төгс байгаагаа бичээд, үүнийг өөрийн байнга харж байх газарт байлгаж болно.
-
Ахлагч Гари Э.Стивэнсон “Зоригтой бай, хүч чадалтай, идэвхтэй бай” гэсэн хэлсэн үгэндээ: “‘Ганцаараа мөн хэн ч хараагүй байхад юуг сонгож, юуг хийх тань ариун нандин чанарын тань хамгийн хүчтэй хэмжүүр юм’ [Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 118]. Зоригтой бай! Хүчтэй бай! ‘Ариун газруудад зогсогтун та нар, бүү хөдөл’ [Сургаал ба Гэрээнүүд 87:8]” хэмээн заасан. Ганцаараа байхдаа цэвэр ариун байх нь яагаад чухал талаар ярилц. Дараа нь ялангуяа ганцаараа байхдаа цэвэр ариун байхад тань туслах, байж болох “ариун газруудын” тухай, хийж болох ариун зүйлсийн талаар хуваалцаж болно. Уг ариун газруудыг эрэлхийлж, цэвэр ариун байхыг сонговол бид ямар ямар адислал хүлээн авч болох вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Гэтлэл 20:14; 1 Коринт 10:11–13; 1 Тесалоник 4:2–4; 1 Тимот 4:12
-
Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41–44
-
Mary N. Cook, “A Virtuous Life—Step by Step,” Liahona, May 2009, 117–119
-
Lori Cluff Schade, “Marriage, Technology, and Emotional Infidelity,” Ensign, Jan. 2017, 50–55
-
“Virtue—A Cornerstone on Which to Build Our Lives,” Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 249–257
Ариун явдлын хуулийн талаарх бусад эх сурвалж
-
Судар
-
Дуулал болон хүүхдийн дуу
-
Хүүхдүүдэд зориулсан эх сурвалж