“Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав
Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?
Суралцагчид цаг хугацааны явцад сайжирдаг шиг цаг хугацаа өнгөрөх тусам таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өсөлт хөгжлийг мэдрэх болно. Таныг бүлгийнхээ суралцагчдад үйлчилж, туслах үед Их Эзэн таныг дэмжинэ. Их Эзэн танд “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) заах болно. Таныг Сүнсийг эрэлхийлж, сайжруулахын тулд ажиллах үед Тэнгэрлэг Эцэг танд тусална гэдэгт найдаарай.
Хэл заах аргууд
Англи хэл заах зарим аргыг доор харуулав. Дүрмийн заавар, үгсийн сангийн дасгал, дуудлагын дадлагад төвлөрдөг хэлний хичээлээс ялгаатай нь EnglishConnect харилцан ярианы бүлгүүд нь суралцагчдад хэлийг утга учиртай ашиглахад нь туслахад чиглэдэг. Та эдгээр аргыг хэрэгжүүлснээр суралцагчдад илүү сайн туслах боломжтой болно.
Англиар ярих
Англи хэлээр ярих нь суралцагчдад ахиц дэвшил гаргахад тусалдаг бөгөөд хэлний бэлгийг эрэлхийлэх чухал арга болдог. Зөвхөн англиар ярихын төлөө чадах бүхнээ хийж, суралцагчдыг ч мөн адил ингэхэд урь. Энгийн үгсийн сан, богино өгүүлбэр ашигла. Удаан ярьж, шаардлагатай бол үг, хэллэгийг давтаж хэл. Асуулт асуусны дараа суралцагчдад бодож, хариулах хангалттай хугацаа өг. Суралцагчдын одоо хэрэглэж байгаа үг, хэв маягийг ашигла. Та үйл ажиллагааг удирдан явуулахдаа EnglishConnect суралцагчийн гарын авлагад өгөгдсөн үйл ажиллагааны орчуулагдсан зааварт суралцагчдыг хандуулж болно.
Үйл ажиллагааг харуулах
Суралцагчдад юу хийх ёстойг нь харуулах нь тэдэнд юу хийхийг хэлэхээс илүү тустай байдаг. Дадлага хийх явцад суралцагчид юу хийхийг загварчлахын тулд үйл ажиллагаа бүрийн эхэнд байгаа жишээ харилцан яриаг ашигла. Та харилцан ярианд хоёр дүрд тоглож болно. Эсвэл суралцагчдаас жүжигчлэн үзүүлэхэд туслахыг хүсэж болно.
Харилцан яриаг урамшуулан дэмжих
Суралцагчид хэлээ ашиглах дадлага хийснээр өөртөө итгэлтэй болж, илүү хурдан сурах болно. Алдаа бүрийг засах гэж бүү санаа зов; зүгээр л суралцагчдад харилцан яриа өрнүүлэхэд нь тусал. Бүлгийн ажиллагааны ихэнх цагийг хамтрагчтайгаа харилцан ярилцахад зарцуулахын тулд цагаа зохицуул.
Дахин давтахыг дэмжих
Дахин давтах дасгал нь өөртөө итгэх итгэл, чөлөөтэй ярих чадварыг бий болгодог. Суралцагчдыг хамтрагчаа сольж, дахин дадлага хийхийг урамшуул. Хамтрагчаа солих нь суралцагчдад шинэ зүйлийг сонсож, хэлэх илүү боломжийг олгодог. Суралцагчид өөр өөр хүмүүстэй мэддэг зүйлсээ ашиглах нь сурч буй зүйлээ батжуулахад нь тусалдаг. Энэ нь тэдний итгэлийг нэмэгдүүлж, нөхөрлөлийг дэмждэг.
Сурагчдыг чадваржуулах
Сурагчид таны хайр, урам зоригийг мэдрэх хэрэгтэй. Суралцагчдад англиар ярих оролдлого бүрийг тэмдэглэж, айдсаа даван туулахад нь тусал. Бүлэг тус бүрийг ажиглаж, татан оролцуулж, суралцагчид бие биетэйгээ дадлага хийж байхад сонс. Тэднийг байнга магт. Тэдэнтэй хамт дасгал хийж, амжилтад хүрэхэд нь тусал. Тэдний сурч, сайжруулж байгаа бүх арга замыг зааж өг. Та суралцагчдыг хайрлаж, урамшуулснаар итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчныг бүрдүүлдэг.
Христтэй адил багшийн хувьд сайжрах
EnglishConnect-ийн багшийн хувиар танд бусдад үйлчлэх онцгой боломж бий. Христийн сургаалын зарчмууд танд хамаатай. Та “Аврагчийн арга замаар заах нь” (2022) эх сурвалжаас зарчмуудыг судалж, хэрэгжүүлж болно. Та санваарын удирдагчийнхаа удирдлаган доор багшийн зөвлөлийн хуралд оролцож болно. Та мөн “Христийн адил багшийн хувиар сайжрах нь—хувь хүний үнэлгээ” (Аврагчийн арга барилаар заах нь, 37) хэсгийг ашиглан, гүйцэтгэлээ тогтмол үнэлж, сайжруулах боломжтой зүйлээ тодорхойлж болно. Юуг сайн хийж байгаагаа олж мэд. Сайжруулахыг хүсэж байгаа зүйлээ тодорхойлж, сурч буй зүйлээ хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гарга.
Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол суралцагчдыг хайрлаж, итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжил, хүсэл эрмэлзлийг бий болгохдоо Сүнсээр удирдуулахыг эрэлхийлэх явдал гэдгийг санаарай.