11-р сарын 30–12-р сарын 6. ‘Нигүүлслийг хайрлагч Тэрээр’: Мика; Нахум; Хабаккук; Зефаниа,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
11-р сарын 30–12-р сарын 6. ‘Нигүүлслийг хайрлагч Тэрээр,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Эхэнд Үг байсан, Эва Тимоти
11-р сарын 30–12-р сарын 6: “Нигүүлслийг хайрлагч Тэрээр”
Мика; Нахум; Хабаккук; Зефаниа
Хуучин Гэрээг унших нь ихэвчлэн сүйрэл устгалын тухай бошиглолуудыг уншина гэсэн үг. Их Эзэн ёс бус хүмүүст Өөрийн шүүлтийг анхааруулахын тулд бошиглогчдыг байнга дууддаг байв. Мика, Нахум, Хабаккук, Зефаниа нарын тохинуулал үүний сайн жишээ юм. Эдгээр бошиглогч тухайн үедээ бат бөх, хүчирхэг мэт санагдаж байсан Ниневе, Вавилон, Иерусалим гэх мэт хотуудын сүйрлийг айдас төрүүлэм нарийвчлалтай зөгнөсөн. Гэхдээ энэ нь хэдэн мянган жилийн өмнө болж өнгөрсөн үйл явдал. Өнөөдөр яагаад эдгээр бошиглолыг унших нь үнэ цэнтэй вэ?
Хэдийгээр эдгээр бардам, ёс бус хотууд устгагдсан ч бардамнал, ёс бус байдал оршсоор байна. Бид үүний ул мөрийг зүрх сэтгэлээсээ ч олж харж болно. Хуучин Гэрээний бошиглогчид эдгээр хилэнцээс бид хэрхэн нүүр буруулж болохыг илчилдэг. Энэ нь өнөөг хүртэл бид тэдний үгсийг уншсаар байгаагийн нэг шалтгаан байж магадгүй. Тэд зөвхөн сүйрлийн бошиглогчид биш, харин чөлөөлөлтийн бошиглогчид байсан юм. Христэд ирж, Түүний өршөөлийг хүлээн авах урилгууд устгалын дүрслэлүүдийг намжаадаг. Микагийн зааснаар, Их Эзэн биднийг буруушаан зэмлэхдээ баясдаггүй, харин “Нигүүлслийг хайрлагч” (Мика 7:18) ажээ. Энэ бол эрт дээр үед Их Эзэний зам байсан, өнөөдөр ч гэсэн Түүний зам хэвээр. “Түүний замууд үүрдийнх юм” (Хабаккук 3:6).
Эдгээр номын тоймыг Судруудын удирдамж дахь “Мика,” “Нахум,” “Хабаккук,” “Зефаниа” хэсгүүдээс уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Mика 6:1–8
“Их Эзэн чамаас юу шаарддаг вэ?”
Мика биднийг “ЭЗЭНий өмнө юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийхөд” (Мика 6:6) ямар байхыг төсөөлөхөд урьдаг. Их Эзэн таны амьдралыг үнэлж дүгнэхдээ юуг чухалчилж үздэг талаар 6–8-р шүлэг танд юу зааж байна вэ?
Мөн Дэйл Г.Рэнландын “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121–124-өөс үзнэ үү.
“ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог” (Нахум 1:7).
Нахум 1
Их Эзэн хүчирхэг мөн нигүүлсэнгүй.
Нахумын үүрэг даалгавар бол Израилыг тарааж, Иудаг харгисласан балмад хэрцгий Ассирийн эзэнт гүрний нийслэл Ниневегийн сүйрлийг зөгнөн хэлэх явдал байв. Нахум эхлээд Бурханы уур хилэн, зүйрлэшгүй хүчийг дүрслээд, дараа нь Бурханы нигүүлсэл, сайн сайхны талаар бас ярьсан. Та 1-р бүлгээс эдгээрийг болон Бурханаас олж харсан бусад шинж чанар бүрийг ойлгоход тус болох шүлгүүдийг тодорхойлж болно. Их Эзэний тухай эдгээр зүйлийг нэг бүрчлэн мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Хабаккук
Би Их Эзэний таалал, Түүний цаг хугацаанд итгэж чадна.
Заримдаа бошиглогчдод ч гэсэн Их Эзэний арга замын талаар асуух зүйл гарч ирдэг. Иудад ёс бус явдал өргөн тархаж байсан үед амьдарч байсан Хабаккук цэдгээ Их Эзэнд хандан тавьсан асуултуудаар эхлүүлжээ (Хабаккук 1:1–4-ийг үзнэ үү). Та Хабаккукийн санааг зовоож байсан асуудлыг хэрхэн хураангуйлан хэлэх вэ? Өнөө үед хүмүүс Бурханы талаар үүнтэй төстэй ямар ямар асуулт тавьдаг вэ? Танд бас тийм мэдрэмж төрж байсан уу? Тэд мөн түүний асуултуудыг, тухайлбал, Марк 4:37–38, Сургаал ба Гэрээнүүд 121:1–6 дахь судрын бусад асуулттай харьцуулж болно.
Их Эзэн Хабаккукийн асуултуудад хариулж, Иудаг шийтгүүлэхээр халдеичууд (вавилончууд)-ыг илгээнэ гэв (Хабаккук 1:5–11-ийг үзнэ үү). Гэсэн ч Хабаккук тайвширсангүй. Учир нь “өөрсдөөс нь илүү зөвт [Иуда]-г буруутууд [Вавилон] залгиж байхад” (12–17-р шүлгийг үзнэ үү) Их Эзэн зүгээр зогсож байсан нь шударга бус мэт түүнд санагджээ. Хариулагдаагүй асуулт байвал Их Эзэнд итгэхэд тань сүнслэгээр нөлөөлөх юуг та Хабаккук 2:1–4-өөс олж мэдсэн бэ? (мөн Марк 4:39–40; Сургаал ба Гэрээнүүд 121:7–8; Gospel Library, “God Will Lift Us Up” видеог үзнэ үү).
God Will Lift Us Up
3-р бүлэг бол Хабаккукийн магтаал ба итгэлийн залбирал юм. 3-р бүлэг дэх Хабаккукийн өнгө аяс 1-р бүлгийнхээс ямар ялгаатай вэ? 17–19-р шүлгийг тунгаан бодоход тань туслах нэг санаа байна: Бурханы танд өгсөн материаллаг болон сүнсний адислалуудын жагсаалт гарга. Тэгээд та нар материаллаг адислалуудаа алдсан гэж төсөөл. Тэр алдсан адислалуудаа бодоход танд ямар мэдрэмж төрж байна вэ? 17-р шүлэгт дүрслэгдсэнтэй адил зовлон бэрхшээлтэй үед “Их Эзэний дотор баясан хөөр[өх]” (18-р шүлэг) нь яагаад хэцүү байж болох вэ? Амьдрал шударга бус мэт санагдаж байсан ч Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү хөгжүүлж болох талаар тунгаан бод.
Мөн Гэррит В.Гонг, “Бүх зүйл бидний сайн сайхны төлөө,” Лиахона, 2024 оны 5-р сар; “Хөтлөөч намайг,” Дуулал, д.51; Gospel Library-аас Сэдэв ба асуултууд, “Асуултуудад хариулт эрэлхийлэх”-ийг үзнэ үү.
Тэвчээртэй бай. Заримдаа бид асуултынхаа хариултыг тэр даруй авахыг хүсдэг ч сүнслэг ойлголтыг олж авахад цаг хугацаа шаардагддаг тул албадах боломжгүй юм. Их Эзэний Хабаккукт хэлсэнчлэн “Хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно” (Хабаккук 2:3).
Зефаниа
“Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар Эзэнийг хайгтун!”
Та Зефаниагийн бошиглолыг, ялангуяа Зефаниа 1:4–6,12; 2:8, 10, 15; 3:1–4-ийг уншихдаа сүйрэлд хүргэсэн зан байдал, зан чанаруудыг анзаараарай. Дараа нь Бурханы авч үлдэх хүмүүсийн зан байдлыг Зефаниа 2:1–3; 3:12–13, 18–19-өөс үзнэ үү. Эдгээр шүлэгт Их Эзэн танд зориулан ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ?
Зефаниа 3:14–20
Их Эзэн Сионд байгаа хүмүүстэйгээ хамт баясах болно.
Зефаниа 3:14–20-ийг уншсаныхаа дараа дараах өгүүлбэрийг хэдэн арга замаар гүйцээж болохыг хараарай: “Баясан, бүх зүрхээрээ баярла.” Учир нь … Баярлах эдгээр шалтгааныг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал бэ? Та эдгээр шүлгийг 3 Нифай 17-д өгүүлсэн үйл явдалтай харьцуулаад, Есүс Христ Өөрийн хүмүүсийн, тэр дундаа та нарын талаар ямар мэдрэмжтэй байдаг талаар тунгаан бод.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Mика 5:2
Есүс Христ Бетлехемд төрсөн.
-
Энэ бол бяцхан Есүсийг Бетлехемд олоход нь мэргэдэд тусалсан Микагийн бошиглол байсныг хүүхдүүд мэдэхгүй байж магадгүй. Хүүхдүүд Мика 5:2, Матай 2:1–6-г ашигласнаар туршлагаасаа ярьж өгч болох юм. Дараа нь та Есүсийн төрсөн нь яагаад тийм чухал байсан талаар бошиглогчид Түүний төрөхийг олон жилийн өмнөөс мэдэж байсан тухай ярилцаж болно.
Ариун хүүхэд мэндэллээ, Дана Вүд
Нахум 1:7
“Эзэн бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог.”
-
Хүүхдүүд Нахум 1:7-г уншсаныхаа дараа энгийн “бат бэхлэлт” эсвэл цайз барьж эсвэл зурж болно (энэ тоймд нэг зураг байгаа). Хүмүүст цайз хэрэгтэй байж болох зарим шалтгаан юу вэ? Бидний цаг үеийг юу “зовлон шаналангийн өдөр” болгодог вэ? Есүс Христ хэрхэн бидний хувьд бат бэхлэлт болдог вэ?
Хабаккук 2:3
Бурхан үргэлжид Өөрийн амлалтыг биелүүлэх болно.
-
Та хүүхдүүддээ Хабаккук 2:3-ыг танилцуулахын тулд биднийг хүлээсний дараа л ирэх сайн зүйлс буюу боловсрох шаардлагатай жимс эсвэл хайрах хэрэгтэй гурилын зуурмаг гэх мэтийн зүйлийн тухай ярилцаж болно. Хэрэв бид жимс эсвэл зуурмагийг бэлэн болоогүй түүхий байхад нь идэх гэж оролдвол юу болох вэ? Дараа нь та Хабаккукийн тухай ярьж болно. Тэрээр Их Эзэний дэлхийн ёс бус байдлыг зогсоох цаг хугацааг мэдэхийг хүсжээ. Их Эзэний хариултыг Хабаккук 2:3-аас унш. Бурханы амласан зүйлийн талаар бодоход нь хүүхдүүддээ тусалж болно. Жишээ бүрээр нь та нар хамтдаа “Хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно” гэж хэлж болно.
Хабаккук 2:14
Би Есүс Христийн тухай мэдлэгээр дэлхийг дүүргэхэд тусалж чадна.
-
Та хүүхдүүдтэйгээ Хабаккук 2:14-ийг харуулахын тулд ваар юм уу бусад савыг Есүсийн хийсэн эсвэл заасан зүйлсийг төлөөлсөн үгсээр дүүргэж болно. Бид дэлхийг Их Эзэний мэдлэгээр дүүргэх ажилд хэрхэн тусалж чадах вэ?
-
Хүүхдүүдэд дэлхийн газрын зураг үзүүл (Church History Maps, д.7, “Map of the World”-ийг үзнэ үү). Тэдэнд амьдардаг газраа, тэдний таньдаг номлогчдын үйлчилж байсан газруудыг олоход тусал. Та нар мөн “Бид энэ дэлхийд Түүний үнэнийг авчирна” (Хүүхдийн дууны ном, д.92) гэх мэт сайн мэдээг хуваалцах тухай дууг дуулж болно. Бид Есүс Христийн тухай бусдад юу ярьж болох вэ?
Зефаниа 3:14–20
Есүс Христ Өөрийг нь дагадаг хүмүүстэй хамт баясдаг.
-
Зефаниа 3:14–20-оос хүүхдүүд “хашхир, … баясан, бүх зүрхээрээ баярлах” хүслийг нь төрүүлдэг ямар нэгэн зүйлийг хайж болно. Та нар хамтдаа баяр баясгалантай дуу дууллууд болон дуунуудыг дуулж эсвэл Есүс Христийн сайн мэдээнээс олж буй баяр баясгалангийнхаа тухай ярилцаж болох юм.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.