“12-р сарын 21–27. ‘Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ’: Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“12-р сарын 21–27. ‘Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн, Саймон Диүви
12-р сарын 21–27: “Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”
Христийн мэндэлсний баяр
Хуучин Гэрээ нь тэсэн ядан хүлээх мэдрэмжийг агуулдаг. Энэ утгаараа энэ нь Христийн мэндэлсний баярын улиралтай адил юм. Адам, Ева хоёроос эхлэн Хуучин Гэрээний патриарх, бошиглогч, яруу найрагч, хүмүүс Мессиагаар дамжуулан шинэчлэгдэж, чөлөөлөгдөнө гэсэн итгэл найдвар тээн, илүү сайн сайхан өдрүүдийг тэсэн ядан хүлээж байв. Египет, Вавилонд олзлогдсон буюу өөрсдийн гэм нүгэл, эсэргүүцлээс болж боолчлолд орсон ч израилчуудад энэхүү итгэл найдвар хэрэгтэй байдаг байв. Энэ бүх үйл явдлын үеэр бошиглогчид Мессиа, Аврагч “олзлогдогсдод эрх чөлөөг тунхагла[хаар]” (Исаиа 61:1) ирэхийг тэдэнд сануулдаг байсан.
Есүс Христийг Бетлехемд төрөхөд тэрхүү итгэл найдвар биелж эхлэв. Израилын хүчирхэг Аврагч малын хашаанд төрсөн ба Түүнийг тэжээлийн онгоцон дотор тавьсан байв (Лук 2:7-г үзнэ үү). Гэхдээ Тэрээр зөвхөн эртний израилчуудын Аврагч байгаагүй. Тэрээр таныг аврахаар, өвчин зовлон, зовлон шаналлыг тань үүрч, сул дорой байдлыг тань тээж шархалснаар биднийг эдгээхээр ирсэн (Исаиа 53:4–5-ыг үзнэ үү). Иймээс Христийн мэндэлсний баярыг өнөөдөр ч гэсэн баяр баясгалангаар дүүрэн хүсэн хүлээдэг. Мессиа 2000 гаруй жилийн өмнө ирсэн бөгөөд бид Түүнийг эрэлхийлэх бүрд Тэр бидний амьдралд орж ирсээр байна.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Би Гэтэлгэгчдээ баясдаг.
Христийн мэндэлсний баяр бол Есүс Христ дэлхий ертөнцөд баяр баясгалан авчирсан тул баясгалант цаг мөч гэгддэг. Аврагчийг төрөхөөс хэдэн зууны өмнө Хуучин Гэрээний бошиглогчид ч гэсэн ирэх гэж буй Мессиагийн тухай ярихдаа баясаж байсан. Дараах хэсгүүдийн заримыг нь уншаад, Аврагчийн үйл хэргийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүст энэ нь яагаад үнэ цэнтэй байсныг бодоорой: Дуулал 35:9; Исаиа 25:8–9; 44:21–24; 51:11; Зефаниа 3:14–20; Мосе 5:5–11. Эдгээр судрын хэсэг яагаад таны хувьд эрхэм нандин бэ? Эдгээр судрын хэсгүүд баяр баясгалантай байх ямар шалтгааныг өгдөг вэ?
Мөн Даллин Х.Өүкс, “Үлэмж баярлуулах сайхан мэдээ” (Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2022 оны 12-р сарын 4), Gospel Library; “Хүн зон баярла”, Дуулал, д.107-г үзнэ үү.
Бэлгэ тэмдгүүд нь надад Есүс Христийг санахад тусалдаг.
Христийн мэндэлсний баяртай холбоотой олон уламжлал биднийг Христ рүү чиглүүлдэг бэлгэдлийн чанартай байдаг. Та энэ жил Хуучин Гэрээнээс судлахдаа Аврагчийг төлөөлсөн олон бэлгэ тэмдгийг анзаарсан байх. Тэдгээрээс цөөхөн хэдийг нь доор жагсаав. Эдгээрийг судалж, Түүний талаар танд юу зааж байгааг тэмдэглэх талаар бодож үзнэ үү.
-
Од (Тооллого 24:17; Матай 2:2; Илчлэл 22:16).
-
Хоньчин (Дуулал 23; Лук 15:4–7; Иохан 10:11)
-
Хурга (Эхлэл 22:8; Гэтлэл 12:5; 1 Петр 1:18–20).
-
Ус (Гэтлэл 17:1–6; Иеремиа 2:13; Езекиел 47:1–12; Иохан 4:7–14).
-
Чулуу (1 Самуел 2:2; 2 Самуел 22:2–3; Дуулал 118:22–23; Исаиа 28:16; Ефес 2:20).
-
Мөчир (Исаиа 11:1–2; Иеремиа 23:5; 33:15).
-
Гэрэл (Дуулал 27:1; Исаиа 9:2; 60:19; Мика 7:8; Иохан 8:12).
Та Есүс Христийг гэрчлэх өөр ямар бэлгэдэл, эшлэл, цэдгийг судраас олж мэдсэн бэ?
Мөн 2 Нифай 11:4; Мозая 3:14–15; Мосе 6:63; Судруудын удирдамж (Gospel Library) дахь “Христийн бэлгэдэл буюу бэлгэ тэмдгүүд”, “Есүс Христ”-ийг үзнэ үү.
“Түүний нэрийг Гайхамшигт хэмээн дуудах болно.”
Есүс Христийг олон янзын нэр, цолоор дууддаг. Дуулал 23:1; 83:18; Исаиа 7:14; 9:6; 12:2; 63:16; Амос 4:13; Зехариа 14:16; Мосе 7:53 зэргээс нэр цолнуудыг олж мэд. Таны санаанд өөр ямар цол орж ирсэн бэ? Христийн мэндэлсний баярын дууллуудаас Есүс Христийн нэр цолуудыг олж жагсааж бичих нь танд таалагдаж болох юм. Цол тус бүр нь Түүний тухай таны бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ирэх жилийн туршид Аврагчийг санахад тань туслах Түүний цол эсвэл үүргийг сонгох талаар бодож үз.
Квинтин Л.Күк, “Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан,” Лиахона, 2021 оны 11-р сар; “Дээрээс элч нар магтахыг Сонс!,,” Дуулал, д.115-ыг үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Хуучин Гэрээ надад Есүсийн тухай заадаг.
-
Та хүүхдүүдтэйгээ Христийн мэндэлсний баярын чимэглэл болгож Есүс Христийн тухай яриа өрнүүлж болно. Магадгүй, та Христийн мэндэлсний баярын од, гэрэл эсвэл бэлэг нь хэрхэн Аврагчийг бидэнд сануулдаг тухай ярьж болно. Дараа нь та Есүс Христийг бэлгэдэж болох ямар нэг зүйлийг дараах судруудын нэг юм уу хэдэн хэсгээс олж харж болно: Эхлэл 22:8; Тооллого 24:17; Дуулал 23:1; 27:1. Танай хүүхдүүд шүлэг бүрийг уншихдаа зурсан зургаа эсвэл чимэглэлээ барьж болох юм. Есүс хэрхэн хурга, од, хоньчин эсвэл гэрэлтэй адил вэ? Христийн мэндэлсний баярын тухай “Одод гялалзаж байв” (Хүүхдийн дууны ном, д.24) гэх мэт дууг дуулж болно.
-
Таныг Исаиа 9:6-г уншиж өгөхөд хүүхдүүд мөн энэ тоймын төгсгөлд байгаа зургийг харж болно. Хүүхдүүдээсээ “Хүүхэд төрөв” гэсэн үгсийг сонсоод, бяцхан Есүсийг зааж өгөхийг хүс. Хуучин Гэрээн дэх бошиглогчид Есүсийг төрөх болно гэдгийг мэдэж байсан тухай гэрчлэлээ хуваалц.
-
Ирэх жил Шинэ Гэрээнээс Есүс Христийн амьдралын талаар судлахаар бэлдэхдээ энэ жил Хуучин Гэрээнээс Түүний талаар юу сурч мэдсэнээ гэр бүлийнхэнтэйгээ дахин авч үзэн, ярилцаж болох юм. Та сурч мэдсэн зүйлээ эргэн санахын тулд энэ материалын тойм, хувиараа суралцах цагаараа хөтөлсөн тэмдэглэлээ харж болно. Бага насны хүүхдүүдэд Хуучин гэрээний түүхүүд эсвэл Ирээд, Намайг дага гарын авлага дээрх зургуудыг үзэх нь тус болж болох юм. Бидэнд ямар бошиглол, түүх тодоос тод үлдсэн бэ? Бид Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ?
Христийн мэндэлсний баярын уламжлал нь Есүс Христ рүү чиглүүлдэг.
-
Израилын гэр бүлүүдийн уламжлалт Алгасал баяр ба бусад найр наадам нь зүрх сэтгэл, оюун ухааныг нь Их Эзэнд чиглүүлэх зорилготой байв (Гэтлэл 12-ыг үзнэ үү). Христийн мэндэлсний баяраар Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг ямар уламжлал танайд, мөн танай хүүхдүүдэд байдаг вэ? Танай гэр бүлийн түүхээс уламжлагдаж ирсэн ямар ямар уламжлалын талаар та мэдэх вэ? Та нар гэр бүлээрээ хийж эхлэхийг хүсэж байгаа зарим уламжлалын талаар ярилцаж болох юм. Тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх (broadcasts.ChurchofJesusChrist.org), Есүс Христэд “бэлэг” болгож ямар нэг зүйл санал болгох, найзаа Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтыг хамтдаа үзэхэд урих, Христийн мэндэлсний баярын дуу өөрөө зохиох эсвэл Христ мэндэлсэн тухай мэдээг хуваалцах бүтээлч арга зам олох зэрэг санаанууд байж болох юм.
Гэр орондоо суралцах, амьдрах хоёр салшгүй холбоотой. “Сайн мэдээ нь гэр оронд шууд хамааралтай. Гэр оронд тань тантай хамт сайн мэдээнээс суралцаж байгаа хүмүүс бол өдөр бүр хамт амьдардаг хүмүүс тань юм. Үнэн хэрэгтээ, сайн мэдээний дагуу амьдрах нь бидэнд ихэнх тохиолдолд сайн мэдээнээс хэрхэн суралцах арга болдог. Тиймээс та гэр орондоо сайн мэдээнээс суралцаж бас зааж байхдаа, суралцаж байгаа зүйлээ хийж байгаа зүйлтэйгээ холбох арга замуудыг хайж олоорой. Та гэртээ сайн мэдээг зөвхөн ярьдаг биш, харин үүний дагуу амьдрахаар эрмэлздэг байгаасай” (Аврагчийн арга барилаар заах нь, 31).
Христийн мэндлэх үеийн дүрслэл, Итан Браун
Тэнгэрлэг Эцэг Хүүгээ миний Аврагч байхаар надад бэлэг болгон өгсөн.
-
Та хүүхдүүддээ Христ мэндэлсэнд хүндэтгэл бишрэлтэй хандаж, баяр баясгаланг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Та нар “Христ Хүү” видеог (ChurchofJesusChrist.org) үзэж эсвэл хамтдаа Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20-ийг уншиж болох юм. Хүүхэд бүр видео эсвэл судраас нэг хүнийг сонгоод, тухайн хүн Аврагчийн талаар ямар бодолтой байсныг хуваалцаж болно. Дараа нь та нар бие биетэйгээ Түүний тухай сэтгэгдлээ хуваалцаж болно.
17:53The Christ Child
-
Та хүүхдүүдтэйгээ олон жилийн турш баяр баясал авчирсан эсвэл өгсөн бэлгийнхээ тухай ярьж болох юм. Дараа нь та нар Исаиа 25:9-ийг хамтдаа уншаад, Тэнгэрлэг Эцэг бидэнд Аврагч илгээсэнд яагаад баясдаг тухайгаа ярилцаж болно. Есүс Христийн бидний Аврагчийн хувьд гүйцэтгэх үүргийг илүү сайн ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэднийг Исаиа 25:8–9; 53:3–5; Хосеа 13:14-ийг уншихад урь. Их Эзэн биднийг хэрхэн авардаг талаар эдгээр судар бидэнд юу заадаг вэ?
-
Та мөн Христийн мэндэлсний баярын “Тэжээлийн тэвшинд” (Хүүхдийн дууны ном, 26) эсвэл “Ай, бяцхан хот Бетлехем минь” (Дуулал, д.114) гэх зэрэг дууг дуулж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг хайрладаг гэдгийг мэдэхэд нь туслах үгсийг уг дуун дээр олоход нь хүүхдүүддээ тусал.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.