Ирээд, Намайг дага
12-р сарын 7–13. “Эзэнд ариун”: Хаггаи 1–2; Зехариа 1–4; 7–14


“12-р сарын 7–13. ‘Эзэнд ариун”: Хаггаи 1–2; Зехариа 1–4; 7–14,’ Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“12-р сарын 7–13. ‘Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Хавайн Лайэ ариун сүм бүрхэг тэнгэрийн дор

Хавайн Лайэ ариун сүм

12-р сарын 7–13: “Эзэнд ариун”

Хаггаи 1–2; Зехариа 1–4; 7–14

Олон арван жилийн турш боолчлогдож байсны дараа Хаггаи, Зехариа гэх мэт бошиглогчдын хамт хэсэг израил хүнийг Иерусалим руу эргэж очихыг зөвшөөрөв. Энэ хүмүүсийн зарим нь ариун сүм сүйрэхээсээ өмнө ямархуу байсныг санаж байлаа. Хэзээ нэгэн өдөр Эзэний “өргөөг урьдын сүр жавхлантай байдлаар нь” (Хаггаи 2:3) барьж чадах болов уу гэж бодож байсан хүмүүст хандан Хаггаи “Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун. … Бүү айгтун. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно. … Энэ газарт Би амар тайвныг өгнө” (Хаггаи 2:4–5, 7, 9) хэмээсэн Их Эзэний урмын үгийг хэлжээ.

Гэхдээ ариун сүмээс гадна өөр бусад олон зүйлийг сэргээх шаардлагатай байлаа. Бурханы хүмүүс олон талаараа сүнслэг байдлын хувьд нурангид дарагдсан байв. Ариун хүмүүсийг сэргээх нь ариун өргөөг барихын тулд чулуу зүсэж, чулууг байрлуулахаас илүү их зүйлийг шаарддаг. Энэ нь “Их Эзэнд ариун” гэсэн бичгийг зөвхөн ариун сүмийн ханан дээр биш эсвэл бүр “морьдын хонх” дээр биш харин “Иерусалим … дахь хоолны тогоо бүр” (Зехариа 14:20–21) дээр сийлсэн байх ёстой гэсэн утгатай юм. Тэдгээр нь мөн зүрх болгон дээр сийлэгдэх ёстой.

Хаггаи, Зехариа номуудын тоймыг Судруудын удирдамж дахь “Хаггай”, “Зехариа” хэсгүүдээс үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Хаггаи 1; 2:1–9

семинарын дүрс зураг
“Өөрсдийн зам мөрийг хянагтун.”

Иерусалимыг сэргээн барихын тулд олон чухал зүйл хийх шаардлагатай байв. Гэвч израилчуудыг буцаж ирснээс хойш ойролцоогоор 15 жил өнгөрсөн ч ариун сүмийг сэргээн босгох ажлыг нэн тэргүүнд тавиагүйд Их Эзэн дургүйцжээ (Хаггаи 1:2–5; Езра 4:24-ийг үзнэ үү). Хаггаи 1; 2:1–9-ийг уншиж байхдаа тэдгээртэй адил асуултуудыг авч үз:

  • Израилчууд сүм барьж дуусаагүй байсан учраас ямар үр дагавар амсах болсон бэ?

  • Их Эзэний өргөөг барьж дуусвал Тэрээр ямар адислал өгөхөөр амласан бэ?

  • Хаггаи 1:5–7-д Их Эзэний танд өгсөн захиас юу вэ? Та нар өөрсдийн эн тэргүүнд тавих зүйлсийг Их Эзэнийхтэй хэрхэн нийцүүлж болох вэ? Та Бурханыг амьдралынхаа эн тэргүүнд тавьсныхаа төлөө хэзээ адислал хүртсэн бэ?

Эртний хожмын үеийн гэгээнтнүүд Хаггаин үеийн израилчуудтай адил нөхцөл байдалтай тулгарсан (Сургаал ба Гэрээнүүд 95-ыг үзнэ үү). Та ариун сүмүүдийн талаарх Их Эзэний бодол санааны тухай энэ хоёр жишээнээс юу мэдэж авсан бэ?

Мөн Дэйл Г.Рэнланд, “Есүс Христ бол үнэт эрдэнэ,” Лиахона, 2023 оны 11-р сар, 96–99; Тэрэнс М.Винсон, “Аврагчийн үнэнч шавь нар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6; “Таны өргөөнд бид хайртай,” Дуулал, д.129; ChurchofJesusChrist.org, “Provo City Center Temple Completed” видеог үзнэ үү.

7:17

Provo City Center Temple Completed

Зехариа 1–3; 7–8; 14

Их Эзэн намайг ариун болгож чадна.

Таны бодлоор, Зехариа 14:20-д дурдсан шиг өдөр тутмын зүйл дээр сийлэгдсэн “Эзэнд ариун” байх нь ямар ач холбогдолтой вэ? (Мөн Гэтлэл 28:36–38-ыг үзнэ үү). Өнөөдөр ариун сүмүүд дээр үүнийг сийлсэн байх нь ямар ач холбогдолтой вэ? Энэ үг таны хувьд ямар утга агуулгатай вэ? Та хэрхэн ариун байдлыг өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгож чадах вэ? Их Эзэн Өөрийн хүмүүст өгсөн Зехариа 1:1–6; 3:1–7; 7:8–10; 8:16–17 дахь илүү ариун болох урилгыг уншихдаа эдгээр асуултыг тунгаан бод.

Та мөн Зехариа 2:10–11; 8:1–8; 14:9–11, 20–21-ийг уншаад, бүгдээрээ ирээдүйд Их Эзэнтэй хамт ариун байдалд орших тэр өдөр амьдрал ямар байхыг мэдэж авч болно. Иерусалимын ирээдүйн талаарх Зехариагийн бошиглолын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Тэнд өгүүлсэн ямар зүйлийг та өөрийн амьдарч буй нийгмээс олж харахыг хүсдэг вэ? Зехариагийн дүрсэлсэн нөхцөл байдалд амьдрахад та өөрийгөө хэрхэн бэлтгэж болох вэ?

Есүс Иерусалимд илжиг унан ирэв

“Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, даруухнаар илжиг унажээ” (Зехариа 9:9). Ялгуусан байдалтай орж ирсэн нь, Харри Андэрсон

Зехариа 9:9–11; 11:12–13; 12:10; 13:6–7; 14:1–9

Есүс Христ бол амлагдсан Мессиа мөн.

Зехариагийн бичсэн хэд хэдэн бичвэрт Есүс Христийн дэлхий дээрх тохинуулал, хожмын Хоёр дахь ирэлтийнх нь талаар өгүүлжээ. Зехариагийн бошиглолууд, тэдгээр нь хэрхэн биелсэн тухай өгүүлэх судруудыг доор харуулав. Уншиж байхдаа өөрөөсөө: Энэ нь надад Бурханы төлөвлөгөөний талаар юу зааж байна вэ? гэж асуу.

  • Зехариа 9:9–11 (Матай 21:1–11; 1 Петр 3:18–19-ийг үзнэ үү)

  • Зехариа 11:12–13 (Матай 26:14–16; 27:1–7-г үзнэ үү)

  • Зехариа 12:10 (Иохан 19:37; Илчлэлт 1:7-г үзнэ үү)

  • Зехариа 13:6–7; 14:1–9 (Матай 26:31; Сургаал ба Гэрээнүүд 45:47–53-ыг үзнэ үү)

Зехариа 9:9–11-д дүрсэлснээр Иерусалимд Есүсийг угтаж авах хүмүүсийн дунд байх нь ямар байх бол гэж та нар бодож байна вэ? Та нар Түүнийг амьдралдаа, гэр орондоо, нийгэмдээ хэрхэн урин авчирч чадах вэ?

Мөн Gospel Library-аас Судруудын удирдамж, “Мессиа”; “The Lord’s Triumphal Entry into Jerusalem” видео; Роналд А.Расбанд, “Бүхний дээд Бурханд Хосанна,” Лиахона, 2023 оны 5-р сар, 108–112-ыг үзнэ үү.

1:22

The Lord's Triumphal Entry into Jerusalem

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Хаггаи 1:2–8

“Өөрсдийн зам мөрийг хянагтун.”

  • Та хүүхдүүдтэйгээ Хаггаи 1:2–5-ыг уншиж байхдаа Их Эзэн яагаад хүмүүст таалагдаагүйг олж мэдэхэд нь тэдэнд тусал. 6-р шүлгээс нэг үг хэллэг сонгоод, зургийг нь зурахыг хүүхдүүдээс хүс. Тэд үүнийг нэг нэгэндээ үзүүлж, зураг бүр нь ямар үг хэллэгийг төлөөлж байгааг таах хэрэгтэй. Биднийг Их Эзэний хүсдэгээс өөр зүйлсэд цаг зарцуулах үед энэ нь хоол идсэн байтлаа цадаагүй байхтай хэр адил байдаг вэ? Та нар Их Эзэний хувьд чухал зүйлсэд хэрхэн цаг гаргаж болох талаар бие биетэйгээ ярилцаж болно.

  • 8-р шүлгийг хүүхдүүдэд уншиж өгөөд, тэднийг “уул өөд явж,” “мод авчран,” “[Их Эзэний] өргөөг барь[ж байна]” гэдгийг дүрслэн үзүүлэхэд урь. Хүүхдүүд тань ердийн өдөр хийдэг, үүний дотор Их Эзэний тэднийг хийгээсэй хэмээн хүссэн зүйлсийнхээ жагсаалтаа гаргаж болно. Жагсаалтдаа Их Эзэний хамгийн чухал гэж хэлж болох зүйлсийг дугуйлах замаар “зам мөр[өө] хянах”-ыг хүүхдүүдээс хүс.

Гэр оронд төвлөрч заах. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэр орон бол “сайн мэдээнээс суралцах төв” байх ёстой хэмээн заасан (““Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119-ийг үзнэ үү). “Өөрсдийн зам мөрийг хянагтун” гэсэн Хаггаин зөвлөгөөг гэр бүлээрээ судлахдаа Бурханыг хэрхэн амьдралынхаа эн тэргүүнд тавих талаар ярилц.

Зехариа 3:1–7

Гэрээ байгуулж, түүнийгээ сахих нь надад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусална.

  • Зехариа үзэгдэлдээ “бузар муу хувцас өмссөн” дээд пристийг харсан (Зехариа 3:3). Тэнгэр элч түүнд цэвэрхэн хувцас өгөв. Та нар хүүхдүүдтэйгээ Зехариа 3:1–7-г хамтдаа уншиж, бохир хувцас, цэвэр хувцас зэрэг нь юу байж болох талаар ярилцсанаар чухал үнэнүүдийг олж мэдэхэд нь тусалж чадна. Баптисм хүртсэнийхээ дараа ч бид хэрхэн нүглээсээ цэвэршүүлэгдэж болох вэ? Баптисмын гэрээ маань хэрхэн бидэнд “[Их Эзэний] замаар алхахад” тусалдаг вэ?

  • Та хүүхдүүдтэйгээ баптисмын зургийг энэ тоймд байгаа зурагтай адил харж болно. Бид баптисм хүртэхдээ яагаад цагаан хувцас өмсдөг вэ? Та нар мөн “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, д.53) гэх зэрэг баптисмын тухай дуу дуулж болно. Энэ дуу яагаад Их Эзэн биднийг баптисм хүртээсэй хэмээн хүсдэг талаар юу өгүүлж байна вэ?

аав нь охиндоо голын усанд баптисм хүртээж байна

Зехариа 9:9–11; 11:12; 13:6–7

Есүс Христ бол амлагдсан Мессиа мөн.

  • Хүүхдүүд Есүсийг мөнх бус амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Иерусалимд ирэхэд Зехариа 9:9-д зөгнөн бичсэн үйл явдлыг төсөөлөн бодож болно. Ийн төсөөлөхөд туслахын тулд тэдэнд энэ тоймд байгаатай адил уг үйл явдлыг дүрсэлсэн зургийг үзүүл. Та тэдэнтэй “Аврагч Иерусалимыг зорьсон нь” (Шинэ Гэрээний түүхүүд, 110–112)-ийг хуваалцаж болно. Хүүхдүүд зургуудаас “үлэмж их баярла[ж]” буй хүмүүсийг зааж болно. Зехариа 9:9-д дурдсан хаан гэж хэн бэ? Бид яагаад Түүний төлөө талархдаг вэ?

    1:35

    Chapter 44: The Savior Goes to Jerusalem

  • Хүүхдүүддээ Зехариагийн бошиглолуудыг Шинэ Гэрээн дэх тэдгээрийн биелснийг дүрсэлсэнтэй харьцуулахад нь тусалж болно. Зехариа 9:9-ийг Матай 21:5–9-тэй; Зехариа 9:11-ийг 1 Петр 3:18–19-тэй; Зехариа 11:12-ыг Матай 26:14–16-тай; Зехариа 13:7Матай 26:31-тэй харьцуулж болно. Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу сурч мэдсэн бэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Ариун сүмийн дээрх “Их Эзэнд ариун”, “Их Эзэний өргөө” гэсэн тэмдгүүд олон хэл дээр

Ариун сүм болгон дээр “Их Эзэнд ариун” гэж байдаг.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Есүс Христ миний сүнсийг цэвэр ариун болгож чадна