Ирээд, Намайг дага
11-р сарын 16–22. “Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”: Хосеа 1–6; 10–14; Иоел


“11-р сарын 16–22. ‘Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана’: Хосеа 1–6; 10–14; Иоел,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“11-р сарын 16–22. ‘Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Ариун сүмийн гадна буй шинээр гэрлэсэн хос

11-р сарын 16–22: “Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”

Хосеа 1–6; 10–14; Иоел

Израилын Их Эзэнтэй байгуулсан гэрээ гүн гүнзгий, утга учиртай байсан тул Их Эзэн үүнийг гэрлэлттэй харьцуулсан. Гэрлэлт шиг гэрээнд мөнхөд итгэлтэй байх, амьдралын сайн мууг хуваалцах, хамтдаа амьдралаа босгох, нэг нэгэндээ үнэнч байх, хамгийн чухал нь бүхий л сэтгэл зүрхээрээ хайрлах ордог. Харамсалтай нь, израилчууд гэрээндээ үнэнч байгаагүй. Тийм байсан ч Их Эзэн тэдэнд “Би [чамаас үүрд] татгалзана” гэсэн биш, харин “Би [чамайг] … татан авчирна” (Хосеа 2:14–15-ыг үзнэ үү) гэсэн захиас өгчээ. Тэр бошиглогч Хосеагаар дамжуулан “Би чамтай мөнхөд сүй тавих болно” (Хосеа 2:19), “Урвалтыг нь Би эдгээнэ, нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана” (Хосеа 14:4) хэмээн тунхагласан. Биднийг хайраар, үнэнчээр гэрээгээ сахин амьдрахыг эрэлхийлж буй энэ цаг үед ч Их Эзэн энэ захиасаа өгсөн хэвээр.

Иоел үүнтэй төстэй өөр нэгэн захиасыг хуваалцсан: “Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам” (Иоел 2:13). Эдгээр бошиглогчийн үгсийг унших нь Их Эзэнтэй харилцах харилцааныхаа талаар, Тэрээр хэрхэн танд үнэнч байгаа нь хэрхэн таныг Түүнд үнэнч байхад сүнслэгээр нөлөөлдөг тухай тунгаан бодоход хүргэж болно.

Хосеа, Иоел номуудын тоймыг Судруудын удирдамж дахь “Хосеа”, “Иоел”-ийг уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Хосеа 1–3; 14

Их Эзэн үргэлж намайг Өөр дээр нь эргэж ирэхэд урьдаг.

Хосеагийн эхнэр Гомер нөхөртөө үнэнч байж чадаагүй бөгөөд Бурхан израилчуудад тэдний талаар, тэдэнтэй байгуулсан гэрээнийхээ тухай Өөрийн бодлыг заахын тулд энэхүү гунигт явдлыг дурджээ. Хосеа 1–3-ыг уншихдаа, Их Эзэн гэрээт хүмүүстэйгээ харилцах харилцаагаа юу гэж хардаг талаар тунгаан бод. Их Эзэнтэй гэрээ байгуулах нь гэрлэлттэй хэрхэн адилхан бэ? Энэ гэрээгээ зөрчих нь эхнэр, нөхөртөө үнэнч бус байхтай хэрхэн адилхан вэ? (Хосеа 2:5–7, 13-ыг үзнэ үү). Хосеа 2:14–23 нь Их Эзэний хайр энэрэл, нигүүлслийн талаар юу заадаг вэ? Та Түүнд хайр, үнэнч байдлаа хэрхэн харуулдаг вэ?

Өөрт нь эргэн ирсэн хүмүүст өгсөн Их Эзэний олон сайхан амлалтыг Хосеа 14-өөс олж мэд. “Нэхэлгүйгээр … тэднийг хайрлана” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (4-р шүлэг). 5–8-р шүлэг дэх ургамлын талаарх зүйрлэл нь наманчлалын адислал зэрэг Их Эзэний адислалуудын талаар бидэнд юу заадаг вэ? Суралцах явцдаа Аврагчийн нигүүлслийн тухай агүүлсэн “Есүс рүү ирцгээ” (Сүмийн дуулал, д.60) зэрэг дууллыг дуулах эсвэл сонсох талаар бодож үз.

Гунигт автсан эмэгтэй

Израилын угсааг болон тэдний зөрчсөн гэрээнүүдийг төлөөлдөг Гомерт Их Эзэн гэтэлгэл санал болгожээ. Дэб Миннардын зурсан зураг, goodsalt.com-ын зөвшөөрлөөр тавив

Хосеа 6:4–7; Иоел 2:12–13

Бурханд үнэнч гэдгээ зөвхөн гаднаа илэрхийлэхээс гадна дотроо мэдрэх ёстой.

Хосеагийн цаг үеийн израилчууд амьтнаар тахил өргөдөг байсан ч илүү чухал зарлигуудыг зөрчдөг байв. Их Эзэн “Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Хосеа 6:6). Зөв шударга байдал нь манан эсвэл шүүдэр шиг гэсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (Хосеа 6:4-ийг үзнэ үү) Бидний зөв шударга байдал ямар байх ёстой вэ? (Исаиа 48:18; 1 Нифай 2:9–10-ыг үзнэ үү).

Та мөн Аврагч тохинууллынхаа үеэр хэрхэн Хосеа 6:6-г ашигласныг мэдэхийн тулд Матай 9:10–13; 12:1–8-ыг уншиж болох юм. Эдгээр судрын хэсэг Хосеагийн үгсийг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

Иоел 2:12–13-ыг уншихдаа хувцсаа тасчин урах нь гашуудаж, гэмшиж байгаагаа гаднаа илэрхийлдэг арга зам байсныг мэдэх нь тустай байж болох юм. Зүрхээ урж тасчих нь хувцсаа урж тасчихаас юугаараа ялгаатай вэ?

Иоел 2

семинарын дүрс зураг
“Би Сүнсээ бүх махбод дээр цутгана.”

Таны харж байгаагаар өнөө үе, Иоелын урьдчилан харсан цаг үе хоёр хоорондоо юугаараа төстэй вэ? (ялангуяа Иоел 2:1–2, 11, 18–32-ыг үзнэ үү). 18–32-р шүлэгт амласан Их Эзэний адислалуудын юу нь таны анхаарлыг татсан бэ? Ялангуяа эдгээр адислал нь яагаад өнөөгийн энэ цаг үед үнэ цэнтэй байж болох вэ?

Моронай 1823 онд Иосеф Смит дээр ирэхдээ Иоел 2-ын талаар юу гэж хэлснийг унших сонирхолтой байж болох юм (Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү). Иоел 2:28–32 дахь бошиглолууд өнөө үед хэрхэн биелж байна гэж та нар бодож байна вэ? (Үйлс 2:1–21-ийг үзнэ үү). Их Эзэн “Сүнсээ бүх махбод дээр цутгана” гэсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Иоел 2:28).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэл,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119) хэмээн заасан. Яагаад сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд илчлэл амин чухал вэ?

Хэрэв ийн цутгахыг харахгүй байгаа юм шиг санагдвал та юу хийж болох вэ? Тусалж болох хэдэн жишээг доор өгөв. Эдгээр судар дахь хүмүүс Их Эзэний Сүнс цутгахыг мэдрэхийн тулд юу хийсэн бэ?

Ахлагч Дэвид А.Бэднарын үгсийг уншихдаа өдөр тутмын амьдралдаа Ариун Сүнс цутгахыг мэдрэх гэдэг нь таны хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бод:

“Бид хувийн илчлэл хүлээн авах явцыг ихэвчлэн өөрсдөө хүндрүүлж байдаг. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл, бид гэрээгээ сахих л юм бол гэрээний амлалт ёсоор Ариун Сүнс үргэлж бидний байнгын хамтрагч байх болно. Гэвч бид Их Эзэний үгийг Сүнсээр нь дамжуулан сонсохыг ховор тохиолддог зүйл мэт ярьж, ханддаг. … [Сүнс] бидэнтэй цаг үргэлж хамт байх ёстой. Хэсэгхэн хугацаанд биш гэхдээ хүн төгс байх шаардлагагүй. Харин ч хамгийн сайнаараа хичээхэд л болно. Харин бид хамгийн сайнаараа байж, ноцтой гэм нүгэл үйлдэхгүй байвал Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлнэ гэдэгт найдаж болно. …

… Ариун Сүнс сэтгэл хөдөлгөм хүчтэй, гэнэт мэдэгддэг зүйл гэдэгт итгэдэг. Гэтэл энэ нь намуухан, зөөлөн, цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгддэг мэдрэмж юм” (“Ахлагч Бэднарын хэлэлцүүлэг” [ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2020 оны 2-р сарын 7], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Мөн Гари Э.Стивэнсон, “Сүнсний өдөөлт,” Лиахона, 2023 оны 11-р сар, 42–45; Gospel Library, “Дайсны нутаг дэвсгэр” видеог үзнэ үү.

3:38

Enemy Territory

Сүнслэг орчин бүрдүүл. “Сайн мэдээнээс суралцах сүнслэг орчныг бий болгоход хувь нэмэр оруулдаг юуг та ажигласан бэ? Үүнд юу саад учруулдаг вэ? … Та ихэнхдээ зааж [эсвэл суралцаж] байсан нөхцөл байдлынхаа талаар бод. Та тэнд байхдаа юу мэдэрдэг вэ? Та тэнд Сүнсийг байлгахын тулд хэрхэн үр дүнтэй урих вэ?” (Аврагчийн арга барилаар заах нь, 7).

Хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Хосеа 2:19–20

Би гэрээгээ итгэлтэй сахиж чадна.

  • Хосеа номд Их Эзэн Өөрийн хүмүүстэй байгуулсан гэрээнүүдээ гэрлэлттэй зүйрлэсэн. Та хүүхдүүдтэйгээ энэ зүйрлэлээс суралцахын тулд сүйт бүсгүй, сүйт хархүүгийн зургийг харж, Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхөр хоёрыг бие биедээ хэрхэн хандаасай гэж хүсдэг тухай ярилцаж болно. Их Эзэн бидний талаар ямар бодолтой байдгийг Хосеа 2:19–20 дахь үгсээс олоход хүүхдүүддээ тусал. Бид Их Эзэнд хайртайгаа, мөн Түүнд итгэлтэй байна гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

Хосеа 10:12

“[Их Эзэнийг] хайх цаг нь одоо билээ.”

  • Хосеа 10:12 нь тариалалт, хураалт, цаг хугацаа, бороо зэрэг дүрслэлийг ашиглан, биднийг Их Эзэнийг эрэлхийлэхийг урьдаг. Энэ шүлгийг уншихдаа хүүхдүүдэд Түүнийг эрэлхийлэх сэдэл төрүүлэх ямар бүтээлч санаа танд төрж байна вэ? Жишээлбэл: Хүүхдүүд цаг зураад, өдрийн турш өөр өөр цаги Их Эзэнийг эрэлхийлэх арга замуудаа бичиж болно. “Anytime, Anywhere” (Gospel Library) гэх мэт дуу нь Их Эзэнийг аль ч цагт эрэлхийлж болно гэдгийг заахад тань тусалж болох юм.

  • Эсвэл танай хүүхдүүд үр суулгаж, ногоо түүж эсвэл бороонд зогсож байгааг үзүүлэх зэрэг энгийн үйлдлүүдийг хийж болно. Үр суулгах, сайн хоол хүнс хураах зэргийг зөв шударга амьдарч, Их Эзэний адислалуудыг авахтай зүйрлүүлэхэд хүүхдүүдэд тусал. Их Эзэнийг эрэлхийлэхээр хичээх үед Түүний таны дээрээс бороо мэт асгасан адислалуудынхаа тухай гэрчил.

Хосеа 13:4, 14

Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.

  • Хосеа 13:4-дахь Есүс Христээс өөр Аврагч гэж байхгүй гэсэн үнэнийг онцлохын тулд та хүүхдүүддээ Есүсийг оруулаад хэд хэдэн хүний зургийг үзүүлж болно. Хүүхдүүд биднийг нүгэл, үхлээс аврах хүчтэй хүн рүү ээлжлэн зааж болно. Есүс Христ, Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхдүүд тань Хосеа 13:4, 14 дахь Есүс Христийн тухай дурдсан үгсийг хайж болно. Тэдгээр үг Түүний талаар бидэнд юу заадаг вэ? Есүс бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдгийг заадаг бусад судрыг олохын тулд Судруудын удирдамж-ийг ашиглахад нь хүүхдүүддээ туслахыг бод. Есүс Христийн талаарх бодол санаагаа бие бидээ хуваалц.

Залбирч буй хүү

Иоел 2:28–29

Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна.

  • Та нар хүүхдүүддээ Иоел 2:28–29-ийг ойлгоход нь туслахын тулд шингэн зүйл асгаад, дараа нь дусал эсвэл гоожуулсан устай харьцуулалт хийлгэж болох юм. Сүнсээ бидэн дээр “цутгах” гэдэг нь ямар утгатай байж болох вэ?

  • Иоел 2:28–29-ийг хамтдаа уншихдаа “хөвгүүд”, “охид чинь” гэсэн хэллэгийн оронд нэг нэгнийхээ нэрийг оруулахыг хүүхдүүдээсээ хүсэж болно. Дараа нь Иохан 14:16; Moронай 10:5; Сургаал ба Гэрээнүүд 42:17-тай адил судруудаас Сүнс тэдэнд хэрхэн тусалж болохыг олж мэд.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс хаалган дээр

Аврагч, Кэлли Пүүг

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна