“10-р сарын 19–25. ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээс өмнө Би чамайг мэдэж байсан’: Иеремиа 1–3; 7; 16–18; 20,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“10-р сарын 19–25. ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээс өмнө Би чамайг мэдэж байсан,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Иеремиа, Волтэр Рэйн
10-р сарын 19–25: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээс өмнө Би чамайг мэдэж байсан”
Иеремиа 1–3; 7; 16–18; 20
Иеремиа эхэндээ өөрийгөө сайн бошиглогч болж чадахгүй гэж бодож байлаа. “Харагтун, би … хэрхэн ярихыг мэдэхгүй” хэмээн тэр эсэргүүцэв (Иеремиа 1:6). Их Эзэн түүнийг “Би үгсээ аманд чинь хийв” (9-р шүлэг) хэмээн зоригжуулжээ. Иеремиа өөрийгөө туршлагагүй “бага залуу” (6-р шүлэг) гэж бодож байсан ч Их Эзэн түүнийг бодож байгаагаасаа илүү бэлтгэгдсэн буюу төрөхөөсөө өмнө энэ дуудлагад томилогдсон болохыг нь тайлбарласан (5-р шүлгийг үзнэ үү). Тиймээс Иеремиа айдсаа хойш тавин, дуудлагыг хүлээн авав. Тэрээр Иерусалимын хаад, санваартнуудад ариун мэт худал дүр төрх нь тэднийг устгагдахаас аврахгүй гэдгийг анхааруулжээ. Бурханы үгийг хүргэж чадахгүй гэж бодож байсан “бага залуу” тэрээр Бурханы үгийг “[өөрийн] сэтгэл зүрхэн дотор … дүрэлзэж буй гал мэт” (Иеремиа 20:9) мэдэрч, дуугүй өнгөрч чадахгүй болсон байв.
Иеремиагийн түүх бол бас бидний түүх юм. Бурхан та нарыг төрөхөөс чинь өмнө мэддэг байсан бөгөөд чамайг амьдралын номлолд тань бэлтгэсэн. Өөр олон зүйлээс гадна уг үйл хэрэгт Иеремиагийн зөгнөн хэлсэн Бурханы хүмүүсийг нэг нэгээр нь цуглуулж, “[тэднийг] Сион ууланд авч[рах]” (Иеремиа 3:14) ажил багтдаг. Яг юу хийж, юу хэлэхээ мэдэхгүй байсан ч бид “Бүү ай. … Би чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхагласныг” (Иеремиа 1:8) санах хэрэгтэй.
Иеремиагийн номын тоймыг Судруудын удирдамж дахь “Иеремиа”-аас уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Иеремиа 1:4–19; 7:1–7; 20:8–9
Бошиглогчид Бурханы үгийг заахаар дуудагддаг.
Та бошиглогчдын талаар огт сонсож байгаагүй найзтайгаа ярилцаж, уг ойлголтыг Иеремиа 1:4–19 дэх бошиглогч болох Иеремиагийн дуудлагыг ашиглан тайлбарлахаар боллоо гэж төсөөл. Та эдгээр шүлгээс Бурханы бошиглогчдын талаар заасан ямар ямар зүйлийг олж мэдсэн бэ? Иеремиа 7:1–7; 20:8–9, “Бид бошиглогчийг чих тавин сонсдог” (Дуулал, д.15) гэх дуу зэргийг харж болно.
Та бас найздаа өнөөгийн амьд бошиглогчийн талаар зааж болно. Эдгээр шүлэгт тус болох зүйл байна уу? Жишээлбэл: Өнөөгийн бошиглогчид юуг “устгаж” эсвэл “нураадаг” вэ? Тэд юуг “барьж босгож,” “ургуулдаг” вэ? (Иеремиа 1:10). Бидний амьд бошиглогч Бурханаар дуудагдсан гэдгийг хэрхэн мэдсэн бэ?
Мөн Итгэлийн тунхаг 1:6, 9; ChurchofJesusChrist.org, “Why Do We Have Prophets?” видеог үзнэ үү.
Why Do We Have Prophets?
Иеремиа 1:5
Бурхан намайг төрөхөөс өмнө мэдэж байсан.
Иеремиа Иеремиа 1:5-д өөрийнхөө талаар юу мэдэж авсан бэ? Шинээр дуудагдсан бошиглогчийн хувьд энэ мэдээлэл яагаад түүнд чухал байсан вэ?
Иеремиа 1:5-д өгүүлснээр Иеремиагийн өөрийнхөө талаар мэдэж авсан зүйлийн ихэнх нь та нарт ч бас хамаатай. Бурхан та нарыг төрөхөөс чинь өмнө мэддэг байсан бөгөөд тодорхой үүрэг хариуцлагад бэлтгэсэн. Төрөхөөсөө өмнөх амьдралынхаа талаар илүү ихийг мэдэх бол Алма 13:1–4; Сургаал ба Гэрээнүүд 138:53–56; Абрахам 3:22–23-ыг унш. Та олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бичиж болно. Үүнийг мэдэх нь яагаад танд чухал вэ?
Эдгээр үнэн ахлагч С.Корбиттын амьдралд хэрхэн нөлөөлснийг мэдэхийн тулд түүний “Та Израилыг цуглуулж чадна” захиасыг нь судал (Лиахона, 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 62–65). Мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа талаар мэдэх нь мөнх бус амьдралаа хэрхэн өнгөрүүлэх байдалд тань хэрхэн нөлөөлж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тань талаар юу гэж хэлснийг доор дурдъя:
“Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг болоод их удаж байгаа. Та Түүний хүү эсвэл охин учраас Тэрээр таныг яг энэ цагт, энэ дэлхий дээр ирж, Түүний агуу ажлыг хийх удирдагчаараа сонгосон юм. Та махан биеийнхээ чадвараар биш харин эр зориг, зүрх сэтгэлийнхээ шударга байдал, үнэнийг эрэлхийлэх хүсэл, мэргэн ухааныг хүсэх тэмүүлэл мөн бусдад үйлчлэх хүсэл зориг гэх мэт сүнсний чадваруудынхаа ачаар сонгогдсон билээ.
Энэ дэлхийд төрөхөөсөө өмнө та эдгээр зан чанаруудын заримыг нь хөгжүүлж чадсан. Харин бусад зан чанаруудыг дэлхий дээр энд байхдаа, тэдгээрийг идэвхтэй эрэлхийлснээр хөгжүүлэх боломжтой” (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123).
Мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа тухай эдгээр үнэнийг санаж байх нь чухал байж болох зарим нөхцөл байдлын талаар бод. Та эдгээр үнэнийг өөртөө сануулахын тулд юу хийж болох вэ?
Мөн Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124; Gospel Library-аас Сэдэв ба асуулт, “Урьдчилсан томилолт,” “Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал”-ыг үзнэ үү.
Иеремиа 2:13-т Их Эзэн хүмүүсийн сүнслэг байдлыг “эвдэрхий усан сан”-тай, Өөрийгөө “амийн усны ундарга”-тай зүйрлэсэн.
Иеремиа 2; 7
“Тэд амийн усны ундарга Намайг умартсан.”
Израилчуудын амьдардаг байсан хуурай бүсэд хүмүүс усан сан гэдэг газар доорх санд үнэт эрдэнэс болох усаа хадгалдаг байжээ. Иеремиа 2:13-т дурдсан “эвдэрхий усан сан” гэдэг нь юуны бэлгэдэл гэж та бодож байна вэ? Усан санд найдахын оронд усны ундаргаас усаа авах нь яагаад илүү вэ? “Амийн усны ундарга”-ыг умартах гэдэг нь юу гэсэн үг вэ? Иеремиа 2, 7-г уншихдаа хүмүүс хэрхэн Их Эзэний амийн усыг умартаж байсныг анхаар (жишээ нь: Иеремиа 2:26–28; 7:2–11-ийг үзнэ үү). “Амийн ус” гэдэг үг яагаад Аврагчийн бидэнд өгдөг зүйлийг илэрхийлэхэд тохирсон бэлгэдэл вэ? Та хэрхэн амийн ус хүлээн авч буйгаа бод.
Иеремиа 7-д “ЭЗЭНий өргөөнд … ЭЗЭНд мөргөхөөр” ирсэн хүмүүст хандсан бөгөөд тэдний үйлдэл тэдний гадаад байдалтайгаа тохирохгүй байв ( 2–11-р шүлгийг үзнэ үү). 21–23-р шүлэгт Их Эзэн танд ямар захиас өгөхийг хүссэн гэж та бодож байна вэ?
Үзүүлэнт хичээлийг ашигла. Их Эзэний бошиглогчид сүнслэг үнэнийг ихэвчлэн танил зүйлстэй харьцуулдаг. Сайн мэдээнээс суралцаж, заахдаа мөн адил харцуулах талаар бодож үз. Жишээлбэл: Иеремиа 2:13-ыг дүрслэн харуулахын тулд хагарсан юм уу цуурсан саванд ус хийж эсвэл ундны усан оргилуураас ууж болно. Есүс хэрхэн “амин усны ундарга”-тай адил вэ? (Иеремиа 2:13). Бид Түүний амийн уснаас хэрхэн уудаг вэ?
Иеремиа 3:14–18; 16:14–21
Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулна.
Иеремиа 16:14–15-д Иеремиа хожмын өдрүүд дэх Израилын цугларалтыг Египетээс гарсан Израилын Гэтлэлтэй харьцуулсан. Таны бодлоор, Их Эзэний хүмүүсийн хувьд цугларалт нь яагаад Гэтлэлээс илүү чухал вэ?
Иеремиа 3:14–18; 16:14–21-д цугларалт хэрхэн болдог гэсэн байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Израилын найдвар” захиасдаа Иеремиагийн адил Израилыг цугларалт бол “өнөөдөр дэлхий дээр болж байгаа хамгийн чухал зүйл” хэмээн заасан (дэлхий даяарх өсвөр үеийнхний онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3, Gospel Library). Түүний захиасыг уншиж эсвэл сонсоод, а) ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалтыг хэрхэн тодорхойлж байгааг, б) уг цугларалтын ач холбогдлыг хэрхэн дүрсэлснийг, (в) та хэрхэн цугларалтын нэгэн хэсэг болж болох талаар олж мэд.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Иеремиа 1:5
Тэнгэрлэг Эцэг намайг төрөхөөс минь өмнө мэддэг байсан.
-
Иеремиа 1:5-д заасан чухал үнэнийг танилцуулахын тулд та хүүхдүүддээ нялх хүүхдийн зураг үзүүлж болно (эсвэл боломжтой бол хүүхдүүдийнхээ нялх үеийн зургийг харж болно). Хүүхдүүдээсээ төрөхөөсөө өмнө хаана амьдарч байснаа мэдэж байгаа эсэхийг нь асуу. Та мөн бидний мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тухай заадаг “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, д.140) гэх зэрэг дууг хамтдаа дуулж болно.
-
Хэрэв танай хүүхдүүд илүү ихийг мэдэхийг хүсвэл Судруудын удирдамжаас “Мөнх бус байдлын өмнөх амьдрал”-ыг олоход нь тусалж болно. Тэд мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тухай “хэн,” “хэзээ,” “юу” гэсэн асуултуудын хариултыг хайж болно.
Иеремиа 1:4–19
Бошиглогчид Их Эзэний үгийг ярихаар дуудагддаг.
-
Амьд бошиглогчийн эсвэл судар дахь бошиглогчдын зургуудыг үзүүлэх талаар бод (Сүмийн сэтгүүлүүд, Сайн мэдээний зургийн цуглуулга, Ирээд, Намайг дага-аас зарим зургийг олж болно). Эдгээр бошилогчдын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Бошиглогчид юу хийдэг талаар заахын тулд Иеремиа 1-ээс 5, 7, 10, 19 гээд тус болох шүлшүүдийг та сонгож болно. Танай хүүхдүүд аль нэгэн шүлгийг сонгож уншаад, бошиглогчдын талаар сурч мэдсэн нэг зүйлээ хуваалцаж болно.
Иеремиа 16:14–16
Би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Түүн рүү эргэн очиход нь тусалж чадна.
-
Иеремиа 16:16-г уншиж байх хооронд хүүхдүүд ангийн эд юмсыг “загасчл[ах]” эсвэл “агна[ж]” болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ шүлэг дэх загасчин, анчдыг номлогчидтой харьцуулсан (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 81-ийг үзнэ үү). Номлогчид юу хийдэг вэ? Бид тараагдсан Израилыг “загасчлах”, “агнах”-д хэрхэн тусалж болох вэ? (ChurchofJesusChrist.org, “A Message for Children from President Russell M. Nelson” видеог үзнэ үү).
3:30Video: A Message for Children from President Russell M. Nelson
Иеремиа 18:1–6
Ваарчин шаврыг хэлбэр дүрсэд оруулдаг шиг би Их Эзэнд амьдралаа удирдуулж чадна.
-
Та эдгээр шүлгийг судлахын тулд вааран эдлэл хэрхэн хийгддэг талаар ярилцаж эсвэл үзүүлж болно (энэ тоймын төгсгөлд байгаа зургийг үзнэ үү). Иеремиа 18:1–6-д Их Эзэн бидэнд ямар захиас өгсөн бэ? Их Эзэний мутарт шавар байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (мөн Исаиа 64:8-ыг үзнэ үү). Биднийг ваарчны шавартай харьцуулсан өөр нэгэн түүх хэрэгтэй бол ахлагч Ричард Ж.Мэйнзийн “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан” захиасыг үзнэ үү (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11).
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.