Ирээд, Намайг дага
10-р сарын 12–18. “Сион руу Золигч ирнэ”: Исаиа 58–66


“10-р сарын 12–18. ‘Сион руу Золигч ирнэ’: Исаиа 58–66,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“10-р сарын 12–18. ‘Сион руу Золигч ирнэ,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Есүс синагогт хүмүүст судар уншиж өгч байгаа нь

Есүс Назар дахь синагогт, Грэг Олсэн

10-р сарын 12–18: “Сион руу Золигч ирнэ”

Исаиа 58–66

Дэлхий дээрх тохинууллынхаа эхэн үед Есүс Христ Өөрийн өсөж торнисон газар болох Назар хотын синагогт очдог байв. Тэнд Тэрээр судраас уншихаар зогсоод, Исаиа номыг нээн, одоо бидний мэдэх Исаиа 61:1–2-ыг уншжээ. Тэрээр дараа нь: “Энэхүү бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ” гэж айлдав. Энэ бол Өөрийгөө “дарамтад байгсдыг чөлөөлөх,” “олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах” (Лук 4:16–21-ийг үзнэ үү) Тослогдсон Нэгэн гэдгээ зарласан Аврагчийн хамгийн шулуухан хэлсэн тунхаглал байсан. Энэхүү судар үнэхээр тэр өдөр биеллээ олсон. Энэ нь Исаиагийн бусад олон бошиглолын адил өнөөдөр ч биеллээ олсоор байна. Аврагч Өөр дээр нь ирсэн дарамтад байгсдыг анагаасан хэвээр. Чөлөөлөгдөх хэрэгтэй олон олзлогсон хүн байсаар байна. Бидэнд өөрсдийгөө бэлдэх—Их Эзэн “шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж” (Исаиа 65:17), “бүх үндэстний өмнө зөвт байдал, магтаалыг бий болгох” (Исаиа 61:11) сүр жавхлант сайхан ирээдүй бий. Исаиаг унших нь Их Эзэний Өөрийн хүмүүст зориулан аль хэдийн хийсэн, хийж буй, ирээдүйд хийх зүйлсийг олж харах мэлмийг нээдэг.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Исаиа 58:3–12

семинарын дүрс зураг
Мацаг барих нь сүнслэг хүчийг бэхжүүлж, тусламж хэрэгтэй хүмүүсийг адисалдаг.

Хоол хүнс байхад яагаад хүн сайн дураараа хоолгүй явах вэ? Та Исаиа 58:3–12-ыг судлахдаа мацаг барих шалтгаанаа мөн энэ хуулийг өгөх Их Эзэний шалтгаануудын талаар бодоорой. Тунгаан бодох зарим асуултыг доор өгөв:

  • Яагаад заримдаа мацаг барихыг адислал гэхээс илүү ачаа дарамт мэт ойлгодог вэ? (Исаиа 58:3–5-ыг үзнэ үү). Энэ бүлэг дэх Их Эзэний сургаалууд таны энэ ойлголтыг хэрхэн өөрчилсөн бэ?

  • “Гэм буруугийн хүлгийг мултлан,” “буулгыг эвдэх” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? (Исаиа 58:6). Мацаг барих нь бусдыг хэрхэн адисалж болох вэ? (7-р шүлгийг үзнэ үү).

  • Мацаг барих нь хэрхэн танд Исаиа 58:8–12-т дурдсан адислалыг авчирсан бэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” хэмээх үгэндээ (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–7) мацаг барих, мацгийн өргөлөөр дамжуулан хүмүүс хэрхэн адислагдсан тухай хэдэн жишээ хуваалцсан. Та амьдралдаа үүнтэй ижил адислалыг хүлээн авч байсан уу?

Мөн “Bless Our Fast, We Pray,” Hymns, д.138; Gospel Library, Topics and Questions, “Fasting and Fast Offerings”-ыг үзнэ үү.

Зааж байгаа хүмүүсээ таньж мэд. “Христтэй адил багш байх гэдэгт зааж байгаа хүмүүстэйгээ танилцаж, тэдний зүрх сэтгэлд юу байгааг ойлгохыг хичээх хичээл зүтгэл багтдаг. Тэд хэрхэн хамгийн сайнаараа сурдгийг та олж мэдэх боломжтой. Та асуулт тавьж, анхааралтай сонсож, ажиглаж болно. Хамгийн гол нь та зөвхөн Сүнс л өгч чадах ойлголтыг хүлээн авахын тулд залбираарай. Та тухайн хүнийг илүү сайн мэдэх тусам Есүс Христийн сайн мэдээнээс хувь хүнийхээ утга учир, хүч чадлыг олоход нь түүнд илүү сайн туслах боломжтой болно. Нэгэнт та тухайн хүний цангааг ойлгосон бол Сүнс танд Аврагчийн амьд усаар энэ үед нь хэрхэн туслахыг зааж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь13).

Исаиа 58:13–14

Хүндэтгэлийн өдөр Их Эзэнд хүндэтгэл үзүүлэх нь баяр баясгаланг авчирдаг.

Хүндэтгэлийн өдөр таны хувьд “баясгалант” өдөр мөн үү? Исаиа 58:13–14-ийг судалж байхдаа Их Эзэний өдөр хэрхэн илүү баяр баясгаланг олж болохоо бодож үз. Жишээлбэл: “[Түүний] ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэх”-ээс татгалзах гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? “Их Эзэн дотор өөрийгөө [баясгаж]”, “өөрийн замуудыг үйлдэх” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

Исаиа 59:9–21; 61:1–3; 63:7–9

Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.

Исаиа 58–66-д Есүс Христийн цагаатгагч үйл хэргийг олонтоо дурджээ. Судлахдаа тэдгээрийг олж мэд. Аврагчийг дүрслэхэд ашигласан нэр цол, үгсийг онцгойлон анхаар. Жишээлбэл:

  • Исаиа 59:16–21 дэх “зуучлах” нэгнийг дүрсэлсэн хэсгийг юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? 9–15-р шүлэгт дүрслэсэн нөхцөлүүдийг Аврагч хэрхэн даван туулсан бэ?

  • Есүс Христ Назарын хүмүүст Мессиа гэдгээ зарлахдаа Исаиа 61:1–3-аас эш татсан (Лук 4:16–21; мөн ChurchofJesusChrist.org-оос “Jesus Declares He Is the Messiah” видеог үзнэ үү). Есүс Христ эдгээр шүлэгт дурдсан ямар арга замаар таныг адисалсан бэ? Тэр танд хэрхэн үнсний оронд гоёл чимгийг өгсөн бэ?

    3:24

    Jesus Declares He Is the Messiah

  • Та нар “ЭЗЭНий [ямар ямар] энэрэл хайрыг” “дурдаж” чадах вэ? (Исаиа 63:7–9-ийг үзнэ үү).

  • Та Исаиа 58–66-аас Аврагчийн талаар дурдсан өөр ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Мөн Мозая 3:7; Сургаал ба Гэрээнүүд 133:46–53-ыг үзнэ үү.

гар дахь дэнлүүгээрээ нэгэн эмэгтэйн дэнлүүг асааж буй эр

Гэрлийн бэлэг, Эва Тимоти

Исаиа 60; 62

“Эзэн чиний үүрдийн гэрэл болно.”

Исаиа 60, 62-т гэрэл ба харанхуй, нүд ба харах талаар өгүүлсэн нь Есүс Христийн сайн мэдээ хэрхэн хожмын өдрүүдэд дэлхий ертөнцийг адислах талаар заадаг. Эдгээр ойлголтыг Исаиа 60:1–5, 19–20; 62:1–2-оос олж харна уу. Та эдгээр бүлгийг уншихдаа, Бурхан хэрхэн хүүхдүүдээ харанхуйгаас Өөрийн гэрэл рүү цуглуулж байгааг тунгаан бод. Энэ ажилд та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Мөн 1 Нифай 22:3–12; 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээнүүд 14:9; Бонни Х.Кордон, “Тэд харж болохын тулд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98-ыг үзнэ үү.

Исаиа 64:1–5; 65:17–2566

Христ Мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно.

Исаиа “урьдын зовлон шаналангууд мартагдах” (Исаиа 65:16) өдрийн талаар ярьсан. Энэ бошиглол зарим талаараа биелсэн ч бүрэн утгаараа биелэх, Есүс Христ эргэн ирэх тэр өдөр хараахан болоогүй байна. Исаиа ирээдүйд тохиох энэ өдрийн талаар Исаиа 64:1–5; 65:17–25; 66-д дүрсэлсэн. Тэр “баярлан баясах” болон “баяр баясал” зэрэг үгсийг хэр их ашигласныг ажигла. Яагаад Аврагчийн эргэж ирэх өдөр таны хувьд хэрхэн баяр баясгалант өдөр байх вэ? Би Түүнийг ирэхэд бэлдэхийн тулд юу хийж болох вэ?

Мөн Итгэлийн тунхаг 1:10; Рассэлл М.Нэлсон, “Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь,” Лиахона, 2020 оны 4-р сар.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Исаиа 58:6–11

Мацаг барих нь намайг болон тусламж хэрэгтэй бусад хүнийг адисалдаг.

  • Хүүхдүүдээ мацаг барихад бэлэн болсон үед нь дэмжин тусалж болох хамгийн сайн арга бол энэ хуулийг өгөх болсон Их Эзэний зорилгыг ойлгоход нь тэдэнд туслах явдал юм. Исаиа 58:6–11-ийг хамтдаа уншаад, дараах асуултуудын хариултыг ол: “Бид яагаад мацаг барьдаг вэ?” “Бид хэрхэн мацаг барьдаг вэ?” Та мөн Судруудын удирдамж дахь “Мацаг, мацаг барих”-аас харж болно.

  • Хэрэв танд мацаг барих талаар утга учир бүхий туршлага байвал үүнийгээ хүүхдүүдтэйгээ хуваалц. Их Эзэн яагаад энэ хуулийг бидэнд өгснийг найздаа хэрхэн тайлбарлахыг нь тэднээс асууж болно.

Исаиа 58:13–14

Хүндэтгэлийн өдөр миний хувьд баясгалант өдөр юм.

  • Исаиа 58:13–14-ийг уншсаныхаа дараа долоо хоногийн өдрүүдийг цаглавар дээр заагаад, өдрүүдийг тантай хамт хэлэхийг хүүхдүүдээсээ хүс. Хүндэтгэлийн өдөрт болоход тэднээс тэр өдрийг “баясгалантай” гэж хэлэхийг хүс. Хүндэтгэлийн өдөр яагаад танд баясгалантай болохоо хэл.

  • Хүндэтгэлийн өдөр “Их Эзэний дотор баяр хөөрийг олох” арга замуудыг бие биетэйгээ хуваалц. Хүүхдүүд тань бодол санаагаа зурж, “Хүндэтгэлийн өдрийн баяр хөөрийн хайрцагт” хийж болох юм. Дараа нь Хүндэтгэлийн өдөр хийх зүйлсийн талаар санаа авах хэрэгтэй үед тэд нэг санааг хайрцгаасаа авч болно.

Есүсийн хөрөг

Бидний гэрэл, Дан Вилсон

Исаиа 60:1–3

Аврагч бол миний хувьд гэрэл мэт билээ.

  • Та Исаиа 60:1–3-ыг уншихдаа нүдээ анихад хүүхдүүдийг урь. Гэрэл” гэсэн үгийг сонсмогцоо нүдээ нээж, “харанхуй” гэсэн үгийг сонсмогцоо нүдээ анихыг тэднээс хүс. Есүс Христ ба Түүний сайн мэдээ нь Тэнгэрлэг Эцэг рүү буцах замаа олж харахад бидэнд тусалдаг гэрэлтэй адил болохыг тайлбарла.

Исаиа 65:17–25

Есүс дахин ирэхдээ амар амгалан, баяр баясгаланг авчирна.

  • Исаиа 65:17–25-д Аврагчийг дахин ирэхэд дэлхий ямар байхыг дүрсэлдэг. Та эдгээр шүлгийг хүүхдүүдтэйгээ хамт уншихдаа Исаиагийн дүрсэлснээр “шинэ газар нутагт” амьдрал хэр өөр байхыг олж мэдэхэд тэдэнд тусал. Яагаад энэ нь “үүрд баярлан баясах” (18-р шүлэг) цаг үе байх вэ?

  • Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Gospel Library) гэх зэрэг Хоёр дахь ирэлтийн талаарх дууг хамтдаа дуулж болно. Аврагчийн эргэж ирэх талаар юу хүсэн хүлээж байгаагаа нэг нэгэнтэйгээ хуваалц. Энэ өдөрт бэлдэхийн тулд бид юу хийж болох вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс Христ тэнгэрт, гэрэл цацруулж байгаа нь

“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна” (Исаиа 60:1). Гэрэл ба амь, Марк Мэбри

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Хүндэтгэлийн өдөр миний хувьд баясгалант өдөр юм