“9-р сарын 14–20. ‘Бурхан бол миний аврал’: Исаиа 1–12,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“9-р сарын 14–20. ‘Бурхан бол миний аврал,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Бошиглогч Исаиа Христийн төрөлтийг зөгнөн хэлсэн, Харри Андэрсон
9-р сарын 14–20: “Бурхан бол миний аврал”
Исаиа 1–12
Исаиа номыг анх удаа уншиж байгаа ч өмнө нь уншиж байсан юм шиг хэсгүүд гарч ирж магад. Учир нь Хуучин Гэрээний бүх бошиглогчийн дундаас Исаиаг судрыг өөр номууд болон Аврагч Өөрөө хамгийн их эш татсан байдаг. Түүнчлэн Исаиагийн үг дуулал, бусад ариун нандин дуу хөгжимд байнга гардаг.
Яагаад Исаиаг байнга эш татсан байдаг вэ? Мэдээж, Исаиа Бурханы үгийг тодорхой, ой тойнд үлдэхээр үгээр илэрхийлдэг авьяастай байсан нь үүний нэг шалтгаан юм. Гэхдээ шалтгаан нь үүгээр зогсохгүй. Исаиагийн заасан үнэнүүд үе үеийн бошиглогчдыг сүнслэгээр өдөөж байв. Учир нь тэдгээр нь түүний амьдарч байсан үеийнхээс (МЭӨ 740–701 оны хооронд) гадна үе үеийн хүмүүст хамаатай байв. Тэрээр нэг үндэстэн юм уу нэг цаг үеийнхэнд зориулагдаагүй Бурханы гэтэлгэлийн агуу ажлын тухай бичжээ. Хэдийгээр Нифай тэр болон түүний хүмүүс Израилын бусад хүмүүсээс салсан ч гэлээ Бурханы гэрээт хүмүүсийн нэгэн хэсэг хэвээр гэдгийг Исаиагаас мэдэж авсан. Исаиа ном дээрх Мессиагийн тухай бошиглолууд нүднийх нь өмнө биеллээ олохыг Шинэ Гэрээний бичээчид харсан. Түүнчлэн Иосеф Смит Израилыг цуглуулж, Сионыг барьж босгох хожмын үед явагдах ажлыг хийж гүйцэтгэх сүнслэг өдөөлтийг Исаиагаас авчээ. Та Исаиаг уншсанаар юу олж мэдэх вэ?
Исаиа, түүний бичвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Исаиа”-аас уншина уу. Исаиагийн амьдарч байсан цаг үеийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 2 Хаад 15–20, 2 Шастир 26–32-оос авна уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Исаиа 1–12
Исаиагийн үгс бүгд гүйцэлдэнэ.
Аврагч “[Исаиагийн] ярьсан бүх зүйл, бүр түүний ярьсан үгсийн дагуу байсаар ирсэн, мөн байх болно” (3 Нифай 23:3) хэмээн заасан. Исаиа номыг судлахдаа дараах гарчиг бүхий бошиглолуудын жагсаалт гарга: Исаиагийн өдөр, Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, Хожмын өдрүүд. Исаиагийн бошиглолуудаас олон нь нэгээс илүү замаар биелэгдсэн гэдгийг анхаараарай (Судруудын удирдамж, “Исаиа”-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заажээ. “Исаиа номд олон удаа биелэгдсэн мэт санагдах олон бошиглол байдаг. Нэг нь Исаиагийн үеийн хүмүүсийн эсвэл дараагийн үеийнхний нөхцөл байдлыг хамруулсан мэт байдаг бол нөгөө нь голдуу бэлгэдлийн утгатай, цаг хугацааны голчид буюу Бурханы Хүүг цовдлуулсны дараа Иерусалим устгагдаж, хүмүүс нь тараагдсан үеийн үйл явдлуудыг дурдсан мэт байдаг. Нөгөө утга буюу уг бошиглолын биелэл нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үед болох үйл явдлуудыг хэлж байгаа мэт санагддаг. Эдгээр бошиглолоос олон нь олон салаа утгатай бөгөөд тэдгээр бошиглолын утгыг тайлж ойлгоход туслахын тулд бид Ариун Сүнснээс илчлэл эрэлхийлэхийн ач холбогдлыг онцгойлон авч үзсэн” (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8).
Исаиаг ойлгох нь Аврагч: “Эдгээр зүйлийг хичээнгүйлэн судал; учир нь Исаиагийн үгс агуу билээ” (3 Нифай 23:1; мөн 2–3-р шүлгийг үзнэ үү) хэмээн хэлсэн. Гэсэн ч олон хүн Исаиаг ойлгохгүй байж болно. Дараах зөвлөмж тус болж болно:
-
Исаиагийн ашигласан бэлгэ тэмдэг, зүйрлэлийн талаар тунгаан бод.
-
“Есүс Христийн талаар би юу сурч мэдэж авч байна вэ?” (1 Нифай 19:23-ыг үзнэ үү) гэж өөрөөсөө асуу.
-
Өнөө үетэй холбоотой сэдвүүдийг хай.
-
Толь бичиг, зүүлт тайлбар, бүлгийн гарчгууд, Судруудын удирдамж зэрэг хичээлийн туслах материалуудыг ашигла.
Исаиа 1; 3–5
Бошиглогчид нүглийн талаар сэрэмжлүүлж, наманчлалаар дамжуулан найдвар ирэхийг амладаг.
Бүхий л цаг үеийн бошиглогчдын адилаар Исаиа хүмүүст сүнслэг байдлынх нь талаар байнга сэрэмжлүүлдэг байсан. Исаиа 1; 3; 5-ыг уншихдаа хүмүүсийн сүнслэг байдлын хувьд ямар түвшинд байсныг дүрсэлсэн хэллэгүүдийг олж мэд (жишээ нь: Исаиа 1:2–4, 21–23; 3:9, 16–17; 5:11–12, 20–23-ыг үзнэ үү). Та өнөө үед үүнтэй төстэй ямар асуудлыг олж харж байна вэ? Түүнчлэн, израилчуудын сүнслэг байдал ямар үр дагаварт хүргэсэн талаар сэрэмжлүүлсэн зүйлийг хайж болно (Исаиа 1:7; 3:17–26; 5:5–7, 13–15 гэх мэт).
Исаиа сэрэмжлүүлэхээс гадна Аврагчаар дамжуулан гэтэлгэлийн найдварын захиаснуудыг өгсөн (жишээ нь: Исаиа 1:16–19, 25–27; 3:10; 4-ийг үзнэ үү). Та тэдгээр захиасаас Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Эдгээр шүлэг дэх Их Эзэний захиас Сатаны бидэнд итгүүлэхийг хүсдэг зүйлээс юугаараа өөр байна вэ?
Өнөө үед бошиглогчид Исаиагийн адил нүгэл, нүглийн үр дагаврын талаар бидэнд сэрэмжлүүлж, Есүс Христээр дамжуулан найдварын захиаснуудыг өгдөг. Та өөр ямар жишээг таны бодолд орж ирж байна вэ? Өнгөрсөн ерөнхий чуулганы нэг захиасыг судлаад, иймэрхүү сэрэмжлүүлэг, амлалтуудыг хайж болно.
Исаиа 2; 4; 11–12
Хожмын өдрүүдэд Бурхан агуу ажил хийх болно.
Исаиагийн бичсэн олон бошиглол онцгойлон өнөөгийн цаг үед зориулагдсан утга агуулгатай байдаг. Тэдгээрийг олохын тулд ирээдүй цагийн (“болно” эсвэл “явах болно” гэх мэт) үйл үгийг хай. Жишээлбэл: Исаиа 2; 4; 11–12-ыг уншихдаа эдгээр үйл үгийг хай. Та тэдгээрийг одоо цагийн үйл үгсээр (байгаа эсвэл явж байгаа гэх мэт) орлуулж болно. Аль бошиглол таны хувьд хамгийн ихээр сүнслэгээр өдөөж байна вэ? Та эдгээр бошиглолоос Сион, ариун сүмүүдийг барих, Израилыг цуглуулах тухай юу мэдэж авсан бэ?
Ялангуяа Исаиа 2:2–3 нь хожмын үеийн гэгээнтнүүдэд онцгой хамаатай юм. Исаиагийн эдгээр бошиглол өнөөдөр хэрхэн биелж байна вэ? Та Их Эзэний өргөөн дэх “зам,” “жим”-ийн талаар юу мэдэж авсан бэ? (3-р шүлэг).
Мөн Исаиа 5:26; “Сион уулын оргил дээр,” Дуулал, д. 4-ийг үзнэ үү.
Исаиа 6
Бошиглогчид Бурханаар дуудагддаг
Исаиа 6-д бошиглогчоор дуудагдсан түүхээ Исаиа өгүүлжээ. Энэ бүлгийг уншихад, Исаиад тохиолдсон үйл явдлаас юу нь таны анхаарлыг хамгийн их татсан бэ? Энэ бүлэг Их Эзэн, Түүний бошиглогчдын тухай мөн тэдний хийхээр дуудагдсан ажлын талаар таны бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?
“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж” (Исаиа 9:6).
Исаиа 7–9
Бурхан Есүс Христийг миний Аврагч байхаар илгээнэ гэж амласан.
Исаиаг тохинууллын үеэр Израил Ассирээс өөрийгөө хамгаалахын тулд Сиритэй холбоо тогтоожээ. Израил, Сири хоёр Иудагийн хаан Ахазыг холбоотноо болгохыг хүссэн байв. Гэвч Исаиа энэ холбоо нурна гэж бошиглоод, Ахазад Их Эзэнд итгэхийг зөвлөсөн (Исаиа 7–9; 8:12–13).
Исаиа Ахазад зөвлөхдөө Исаиа 7:14; 8:13–14; 9:2, 6–7-д дурдсан байдаг хэд хэдэн алдартай бошиглолыг айлджээ. Эдгээр бошиглол нь Ахазад зориулагдсан боловч Есүс Христэд хамаатай нь илт харагддаг (мөн Матай 1:21–23; 4:16; 21:44; Лук 1:31–33-ыг үзнэ үү). Жишээлбэл: Аврагчийн хувьд “Иммануел” нь яагаад тохирсон нэр цол вэ? (Матай 1:23-ыг үзнэ үү). Есүс Христ хэрхэн бидний хувьд “Зөвлөгч” эсвэл “Энхийн Жонон” бэ? (Исаиа 9:7). Та эдгээр шүлгээс Аврагчийн талаар өөр юу мэдэж авсан бэ?
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Исаиа 1:2–4, 16–19
Есүс Христийн ачаар би наманчилж, цэвэр ариун байж чадна.
-
Исаиа 1:2–4-өөс та хүүхдүүдтэйгээ Их Эзэн Өөрийн хүмүүст сэтгэл дундуур байсан шалтгааныг олж болно. 3-р шүлэгт дурдсан амьтадтай харьцуулсан хэсгийг анхаар. Бидний “эзэн” хэн бэ? Бид Түүнийг мэддэгээ хэрхэн харуулдаг вэ?
-
Исаиа 1:16–18-ыг дүрслэн бодохын тулд та хүүхдүүдтэйгээ ямар нэгэн хурц улаан, цав цагаан зүйл харж болно. Эсвэл хамтдаа ямар нэг юм угааж болох юм. Бид сүнслэг байдлын хувьд хэрхэн цэвэр бус болдог вэ? Есүс биднийг цэвэр болоход хэрхэн тусалдаг вэ? Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу сурч мэдсэн бэ? Түүний талаар юу бодож байгаагаа мөн Тэрээр та нарын төлөө юу хийснийг хүүхдүүдтэйгээ хуваалц.
Исаиа 2:2–4
Ариун сүмд бид Есүс Христийн талаар суралцдаг.
-
Исаиа ариун сүм буюу “Их Эзэний өргөөний уул” нь “бүх үндэстнээс” (Исаиа 2:2) хүмүүсийг дуудан авчрах цагийг зөгнөн харсан. Та нар Их Эзэний өргөөнд хүүхдүүддээ сэтгэл догдлон очиход нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг гэр орноо зурахад урьж болно. Дараа нь Исаиа 2:2-ыг хамт уншаад, “Их Эзэний өргөө” буюу ариун сүмийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Исаиа 2:3-ыг хамтдаа унш. Тэднийг зургандаа гэр бүлээрээ гээд өөр олон хүнийг ариун сүм рүү ирж байгаагаар нэмж зурахад урь.
-
Та мөн Исаиа 2:2–3-ыг хамтдаа уншаад, таныг болон хүүхдүүдийг тань ариун сүм рүү явахад нь сүнслэгээр нөлөөлдөг ямар нэгэн зүйлийг тодорхойлж болно. Исаиа 2:4-ийг хамтдаа уншсаныхаа дараа ариун сүм хэрхэн тэдэнд амар амгаланг авчирдгийг ярилцаж болно. Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, д.99) зэрэг ариун сүмийн тухай дуу дуул. Уг дуунаас ариун сүм гэж юу болох, бид тэнд юу хийдэг талаар зааж буй үг хэллэгийг олоход нь тусал.
Солтлэйк ариун сүм
Исаиа 7:14; 9:6–7
Есүс Христ миний Аврагч болохоор дэлхийд ирсэн.
-
Христийн тухай Исаиагийн бошиглолуудыг танилцуулахын тулд та хүүхдүүдтэйгээ ерөнхийлөгч, бишоп эсвэл багш гэх зэрэг хүмүүсийн нэр цолын тухай ярьж болно. Энэ үгс энэ хүмүүсийн тухай бидэнд юу хэлж байна вэ? Исаиа 7:14, 9:6–7 дахь Есүс Христийн нэр цолыг олоход хүүхдүүдэд тусал (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Эдгээр нэр цол тус бүр бидэнд Түүний талаар юу заадаг вэ? Бид эдгээр шүлгээс Есүс Христийн талаар өөр юу мэдэж авч болох вэ?
-
Та хүүхдүүдтэйгээ “Бошиглогч Исаиа”-г хуваалцаж болно (Хуучин Гэрээний түүхүүд, 150–151-д). Исаиа төрөхөөс нь олон жилийн өмнө Есүс Христийн тухай юу мэддэг байсан талаар байсхийн түр зогсоож асуу. Матай 1:21–23; Лук 1:31–33-ыг ашиглаад, Исаиа 7:14; 9:6–7 дахь Исаиагийн бошиглолууд хэрхэн биелсэн талаар ярьж болно.
1:18Isaiah the Prophet
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.