“9-р сарын 7–13. ‘Тэрээр зам харгуйг чинь шулуутгана’: Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“9-р сарын 7–13. “Тэрээр зам харгуйг чинь шулуутгана”, Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Хүүхдүүдтэй хамт буй Есүс, Диллийн Марш
9-р сарын 7–13: “Тэрээр зам харгуйг чинь шулуутгана”
Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12
Та Сургаалт үгс номыг хайраар дүүрэн эцэг эхчүүдийн мэргэн зөвлөгөөний цуглуулга гэж бодож болох юм (Сургаалт үгс 1:8-ыг үзнэ үү). Үүний гол захиас бол мэргэн ухааныг, тэр тусмаа Бурханы мэргэн ухааныг эрэлхийлбэл амьдрал сайхан болно гэсэн үг юм. Гэхдээ Сургаалт үгс номын дараа “Энэ нь тийм ч амар биш” гэж хэлж байгаа мэт санагдах Номлогчийн үгс ном байдаг. Номлогчийн үгс номын номлогч “мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориул[сан]” ч “зовлон ихдэ[ж]” мөн “шаналал нэмэгд[сэн]” (Номлогчийн үгс 1:17–18) болохыг ажигласнаа дурджээ. Уг номд “Бүх зүйл хий хоосон, зуурдын бөгөөд тодорхой бус мэт санагдах энэ ертөнцөд жинхэнэ утга учир гэж байгаа болов уу?” гэсэн асуултыг олон арга замаар тавьсан байдаг.
Хэдийгээр энэ хоёр номд амьдралыг хоёр өөр өнцгөөс авч үзсэн байдаг боловч хоёулаа нэгэн ижил үнэнийг заадаг. Номлогчийн үгс номд: “Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад: Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна” (Номлогчийн үгс 12:13) гэж тунхагладаг. Энэ нь Сургаалт үгс номд байдаг “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ” (Сургаалт үгс 3:5; мөн 7-р шүлгийг үзнэ үү) гэсэн зарчим юм. Бид Их Эзэн Есүс Христэд итгэж, Түүнийг дагавал амьдрал төгс биш ч гэсэн үргэлж дээр байдаг.
Эдгээр номын тоймыг уншихын тулд Судруудын удирдамж дахь “Сургаалт үгс” болон “Номлогчийн үгс”-ийг үзнэ үү.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Сургаалт үгс 1–4; 15–16; Номлогчийн үгс 1–3; 11–12
“Мэргэн ухаанд чих тавь.”
Сургаалт үгс, Номлогчийн үгс номуудад мэргэн ухааны талаарх ойлголт дүүрэн байдаг. Сургаалт үгс 1–4; 15–16; Номлогчийн үгс 1–3; 11–12 зэргээс “мэргэн ухаан” болон үүнтэй холбоотой “мэдлэг,” “ухаан бодол” зэрэг үгийг олох болгондоо тэмдэглэ. Эдгээр бүлэг нь мэргэн ухааны талаарх үзэл бодолд тань хэрхэн нөлөөлж байна вэ? Та олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн “ЭЗЭН соёрхдог” (Сургаалт үгс 2:6) мэргэн ухааныг хэрхэн дүрслэх вэ? Бурханы мэргэн ухаанаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?
Мөн Матай 7:24–27; 25:1–13-ыг үзнэ үү.
Сурч байгаа зүйлсээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусал. “Суралцагчдад Аврагчийн тухай, мөн Түүний сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах боломж олго. Ингэх нь тэдэнд заасан үнэнүүдийг өөрсдөө ойлгож, илэрхийлэхэд нь туслах болно. Мөн энэ нь тэдэнд янз бүрийн орчинд үнэнийг хуваалцах чадвартаа илүү итгэлтэй болоход тусалдаг” (Аврагчийн арга барилаар заах нь, 26). Жишээлбэл: Та суралцагчдыг Бурханы мэргэн ухааныг олж мэдсэн Сургаалт үгс эсвэл Номлогчийн үгсээс зарим эшлэлийг бичихэд урьж болно. Тэднийг сурч мэдсэн зүйлээ ярилцахад урь.
Сургаалт үгс 1:7; 2:5; 3:7; 15:33; 16:6; 31:30; Номлогчийн үгс 12:13
“Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол Эзэнээс эмээ.”
Сургаалт үгс, Номлогчийн үгс номуудад байдаг өөр нэг сэдэв бол “Эзэнээс эмээх” явдал юм. Уншихдаа энэ үгийг анхаар. Их Эзэнээс эмээх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Ахлагч Дэвид А.Бэднарын “Тиймийн тул тэд айдсаа дарав” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34) захиаснаас ойлголт олж ав. Их Эзэнээс эмээх нь өөр төрлийн айдсаас юугаараа ялгаатай вэ?
Мөн Сургаалт үгс 8:13-ыг үзнэ үү.
Сургаалт үгс 3:5–7; 4
“Бүх зүрхээрээ Эзэнд итгэ.”
Хэн нэгэнд “[өөрсдийнхөө] ойлголтод [түшиглэснээс]” “ЭЗЭНд итгэх” нь илүү дээр гэдгийг яаж ойлгуулж ятгах вэ? (Сургаалт үгс 3:5). Та ямар харьцуулалт эсвэл үзүүлэнт хичээлийг ашиглах вэ? Сургаалт үгс 3:5–7-г тунгаан бодохдоо Их Эзэнд итгэх нь … гэсэнтэй адил, өөрийнхөө ойлголтод түшиглэх нь … гэсэнтэй адил гэх мэт өгүүлбэрүүдийг гүйцээж болох арга замуудын талаар бод.
Яагаад өөрсдийн ойлголтод найдах нь ухаалаг бус сонголт вэ? Их Эзэн найдвартай гэдгийг та хэрхэн олж мэдсэн бэ?
Гэсэн хэдий ч Их Эзэнд итгэх нь заримдаа бидэнд хэцүү байж болох юм. Яагаад тэр вэ? Ахлагч Гэррит В.Гонг “Дахин найд” (Лиахона, 2021 оны 11-р сар) захиасандаа тус болох зөвлөгөө өгсний зэрэгцээ зарим шалтгааныг тоочжээ. Та энэ захиаснаас Их Эзэнд итгэх итгэлээ сэргээхэд нь хэн нэгэнд тусалж болох ямар түүх эсвэл сургаал олсон бэ?
Сургаалт үгс 3:6, Сургаалт үгс 4 хоёр хоёулаа амьдралыг “зам харгуй”-тай эсвэл “жим”-тэй жишдэг. Их Эзэнд “зам харгуйг чинь шулуутга[х]” боломж олгоно гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Сургаалт үгс 3:6). “Хөл доорх замаа дэнс[лэхэд]” туслах юуг Бүлэг 4-өөс олж мэдсэн бэ? (26-р шүлэг). Жишээлбэл: 11–12 болон 18–19-р шүлэгт зөв замыг дагаснаар ирэх адислалын талаар юу заасан байна вэ? 26–27-р шүлэг таны хувьд ямар утгатай вэ?
Мөн 2 Нифай 31:18–21; “Эзэн, Таныг дагая”, Дуулал, д.121-ийг үзнэ үү.
Сургаалт үгс 15; 16:24–32
“Эелдэг хариулт уурыг зайлуулдаг.”
Сургаалт үгс 15–16 дахь зарим санаа бусадтай, тэр дундаа хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад өдөөж болох юм. Жишээлбэл: “эелдэг хариулт уурыг зайлуул[ахад]” (Сургаалт үгс 15:1) тусалж байсан тодорхой цаг үеийг бодож үз.
Аврагч Сургаалт үгс 15:1–4, 18-д заасан зүйлсийг Аврагч жишээ болгож байсан үеийг та бас бодож болох юм (Марк 12:13–17; Иохан 8:1–11-ийг үзнэ үү). Бусадтай харилцахдаа Түүний үлгэр жишээг бид хэрхэн дагаж болох вэ?
Сургаалт үгс 15; 16:24–32 дахь зөвлөгөө өнөөгийн цахим харилцаанд хэр хамаатай байж болох вэ? Та эдгээр бүлгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл мессежээр дамжуулан харилцах тухай зөвлөгөө болгон дахин бичиж болох шүлгийг олж чадах эсэхээ хар.
Мөн Нийл Л.Андэрсэн, “Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь,” Лиахона, 2022 оны 5-р сар; Роналд А.Расбанд, “Үг чухал,” Лиахона, 2024 оны 5-р сар; Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), 11–12-ыг үзнэ үү.
Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? II, Лүис Паркэр
Сургаалт үгс 31:10–31
“ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.”
Сургаалт үгс 31:10–31-д “зохистой чадварлаг” буюу сүнслэг байдлын хувьд хүчирхэг, чадварлаг, нөлөө бүхий эмэгтэйг дүрсэлсэн байдаг. Та эдгээр шүлэгт ийм эмэгтэйн талаар юу гэж хэлснийг өөрийн үгээр хураангуйлан дүгнэж болох юм. Та эдгээрийн алийг нь дуурайж чадах вэ?
Номлогчийн үгс 1–3; 12
Мөнх бус амьдрал бол зуурдынх юм.
Номлогчийн үгс 1–2-т онцолсноор, яагаад энэ дэлхийн ихэнх зүйл “хоосон” (буюу зуурдынх, мөн чухал бус) болохыг санах нь танд чухал вэ? Амьдралыг мөнхийн үнэ цэнтэй болгодог зүйлүүдийн талаар та Номлогчийн үгс 12-р бүлгээс юу олж мэдсэн бэ?
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Сургаалт үгс 1:7; 2:5; 15:33; 16:6; Номлогчийн үгс 12:13
“Бурханаас эмээх” гэдэг нь Түүнийг хайрлаж, дагах гэсэн үг юм.
-
Бурханаас эмээх тухай хэсгүүдийг хүүхдүүддээ ойлгуулахын тулд та “айдас” гэдэг үгийг хүндэтгэл, хайр, дуулгавартай байдал зэрэг үгсээр орлуулж болно (мөн Еврей 12:28-ыг үзнэ үү). Энэ нь эдгээр шүлгийн талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлөх вэ? Бид Их Эзэнээс эмээдгээ хэрхэн харуулж болох вэ?
Сургаалт үгс 3:5–7
Би Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж чадна.
-
Та хүүхдүүдтэй хамт Сургаалт үгс 3:5–7-той тохирох гараараа зүрх хийх, нэг тал руугаа налах, байрандаа орох, нүд рүүгээ заах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Бид Есүс Христэд бүх зүрхээрээ итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?
-
“Өөрийн ойлголтод бүү түшиглэ” (Сургаалт үгс 3:5) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг харуулахын тулд үр хүүхдүүдийг хана мэт бат бөх зүйлийг түшихэд урь. Дараа нь тэднээс хогийн шүүр гэх мэт тулж болохооргүй зүйлд налахыг хүсэж болох юм. Эсвэл цаас юм уу ном гэх мэт янз бүрийн хатуу биетэд саваа юм уу харандаагаа налуулах гэж оролдож болно. Яагаад “өөрсдийн ойлголтод” биш, “ЭЗЭНд итгэх” (5-р шүлэг) нь чухал вэ?
Их Эзэнд итгэж түшиглэх, Кэтлин Питэрсон
Сургаалт үгс 15:1, 18
Би эелдэг үгсийг ашиглаж чадна.
-
Та уурлаж бухимдсан үеийн нэг нөхцөл байдлын талаар хүүхдүүдтэйгээ хамт бодож болох юм. Сургаалт үгс 15:1-ийг хамтдаа уншаад, энэ зүйлийг эргэцүүлэн бодсоноо хэрэгжүүлэхэд нь хүүхдүүддээ тусал. Тэд зарим “эелдэг хариулт” хэлж дадлага хийж болох юм. Сайхан сэтгэлийн тухай “Бидэнд хайр байдаг юм” (Хүүхдийн дууны ном, д.76) зэрэг дуу энэ зарчмыг бататгаж болох юм.
-
“Уурлахдаа удаан” (Сургаалт үгс 15:18) байх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та (эсвэл таны таньдаг хүн) уурлахын оронд сайхан ааш гаргасан тухай өөрийн түүхийг яриарай. Хэрэв бид “уурлахдаа удаан” байвал хурдан байж болох зүйлсийн талаар бодоход нь хүүхдүүддээ тусал. Жишээлбэл: Бид Есүсийн тухай хурдан бодож, Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэх, Хүүхдийн хэсгийн дууг бодох эсвэл боломжтой бол холдон явах зэрэг байж болно.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.