Ирээд, Намайг дага
Санах зүйлс: Бошиглогч ба бошиглол


“Санах зүйлс: Бошиглогч ба бошиглол,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Бошиглогч ба бошиглол,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Санах шигтгээ зураг

Санах зүйлс

Бошиглогч ба бошиглол

Хуучин Гэрээний уламжлалт Христийн шашныхны судрын сүүлчийн хэсгийг (Исаиагаас Малахи хүртэлх) “Бошиглогчид” гэж нэрлэдэг. Барагцаагаар Хуучин Гэрээний дөрөвний нэгийг эзэлдэг энэ хэсэг нь Их Эзэнтэй ярьж, дараа нь Түүнийг төлөөлөн үг хэлж, Түүний үгийг МЭӨ 900-аас 500 оны хооронд хүмүүстэй хуваалцаж байсан Бурханы эрх бүхий үйлчлэгчдийн үгсийг агуулдаг.

Бошиглогчид Бурханы хүслийг дамжуулдаг

Бошиглогч ба бошиглол нь Хуучин Гэрээний туршид чухал үүрэг гүйцэтгэдэг. Абрахам, Исаак, Иаков нар үзэгдэл үзэн, тэнгэр элч нартай ярилцдаг байсан. Мосе Бурхантай нүүр тулан ярилцаж, Түүний тааллыг Израилын хүүхдүүдэд дамжуулдаг байв. 1 Хаад, 2 Хаад номуудад бошиглогч Элиа, Елиша хоёрын мартагдашгүй үйл хэрэг, захиаснуудыг цэдэглэжээ. Хуучин Гэрээ нь мөн бошиглогч эмэгтэй Мириам, Дебора, бошиглолын сүнсээр адислагдсан Ребека, Ханна зэрэг эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Хэдийгээр Дуулал номыг албан ёсоор дуудагдсан бошиглогчид бичээгүй ч тэд ялангуяа Мессиагийн ирнэ гэдгийг үнэн хэмээн зааж байхдаа мөн л бошиглолын сүнсээр дүүрсэн байв.

Эдгээрийн аль нь ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд гэнэтийнх болж ирдэггүй. Үнэндээ, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь бошиглогчдыг зөвхөн түүхийн нэгэн сонирхолтой дүр биш, харин Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг бидэнд заадаг. Зарим нь бошиглогчдыг Хуучин Гэрээний үед л байсан онцлог гэж үздэг ч бид бошиглогчдыг Хуучин Гэрээний цаг үед байсны адил одоо ч байдаг гэж үздэг.

Гэсэн ч Исаиа эсвэл Езекиелээс нэг бүлгийг унших нь одоогийн Сүмийн ерөнхийлөгчийн Ерөнхий чуулган дээр өгсөн захиасыг уншихаас өөр санагдаж магадгүй. Заримдаа эртний бошиглогчдын бидэнд хандан хэлсэн үг байсныг бид олж хардаггүй байж болно. Эцсийн эцэст, бидний амьдарч байгаа өнөөгийн дэлхий тэдний номлож, бошиглож байсан дэлхийгээс огт өөр. Үүнээс үүдэн бидэнд амьд бошиглогч байгаа учраас яагаад эртний бошиглогчдын үгсийг хүчин чармайлт гарган байж унших хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч ирж магад.

эртний бошиглогч бичиж байгаа нь

Цаг хугацааны бүрэн байдал, Грэг Олсэн

Эртний бошиглогчдод бидэнд хэлэх зүйл бий

Ихэнх хэсэгт, өнөөгийн хүмүүс Хуучин Гэрээний бошиглогчдын зорилтот хүмүүс биш юм. Яг манай хожмын үеийн бошиглогчид өнөөгийн хойшлуулшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар онцлон ярьдгийн адил тэр бошиглогчдод ч гэсэн тухайн цаг үед тухайн газар нутагт хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлууд байсан.

Үүний зэрэгцээ бошиглогчид хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлын цаадхыг харж чаддаг. Тэд ямар ч цаг үед ямар ч газарт хамаатай мөнхийн үнэнүүдийг заадаг. Илчлэлээр адислагдсан тэд Бурханы ажлыг илүү өргөн хүрээнд хардаг. Жишээлбэл: Исаиа өөрийн цаг үед хүмүүст нүглийнх нь талаар сэрэмжлүүлжээ. Мөн ирээдүйд 200 жил амьдрах израилчуудыг чөлөөлсөн тухай бичсэн. Үүний зэрэгцээ Бурханы бүхий л ард түмний эрэлхийлдэг чөлөөлөлтийн талаар заажээ. Мөн тэрээр алдагдсан Израилын овог аймгууд цугларч, “үндэстнүүд” “дахин дайн сурахгүй” (Исаиа 2:4), “Их Эзэний мэдлэгээр дүүрэн” (Исаиа 11:9) “шинэ дэлхийн” (Исаиа 65:17) талаарх амлалтууд гэх мэт өнөөдрийг хүртэл гүйцэлдэхийг хүлээж буй бошиглолуудыг бичсэн. Исаиа гэх зэрэг Хуучин Гэрээний бошиглогчдын үгсийг уншихад тэдний төсөөлж байсан тэрхүү гайхамшигтай өдөр өөрсдийнхөө гүйцэтгэх үүргийг ухааран ойлгох үед баяр баясгаланг мэдэрч, урам зориг авдаг.

Тиймээс та эртний бошиглолуудыг уншихдаа тэдгээр нь бичигдсэн нөхцөл байдлын талаар суралцахад туслах бөгөөд гэхдээ та нар өөрсдийгөө тэр хүмүүсээс харах буюу “өөрсөдтэйгөө адилтгах” хэрэгтэй (1 Нифай 19:24; мөн 23-р шүлгийг үзнэ үү). Заримдаа энэ нь Вавилон бол зөвхөн эртний хот төдий биш, харин гэм нүгэл, бардамналын бэлгэдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Энэ нь Израилыг хэзээ ч, хаана ч Бурханы ард түмэн гэж ойлгох гэсэн утгатай байж болох юм. Эсвэл энэ нь Сион бол Иерусалимыг илэрхийлэх өөр нэг үг хэмээн үзэхийн оронд Бурханы хүмүүсийн тэврэх хожмын үеийн шалтгаан гэж үзэж болох юм.

Бид бошиглол олон арга замаар гүйцэлдэх боломжтой гэдгийг ойлгодог тул судруудыг өөрсөдтэйгөө адилтгадаг. Үүний тод жишээ бол Исаиа 40:3 дахь “Хашхирагч нэгний дуу ‘Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ, Их замыг шулуун болгогтун’” гэсэн бошиглол юм. Вавилон дахь олзлогдсон еврейчүүдэд энэ мэдэгдэл боолчлолоос гарч, Иерусалим руу буцах арга замыг Их Эзэн зааж өгөх тухай байж болох юм. Матай, Марк, Лук нарын хувьд энэ бошиглол Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын замыг бэлтгэсэн Баптисч Иоханаар гүйцэлдсэн. Харин Иосеф Смит энэхүү бошиглолыг Христийн мянган жилийн тохинуулалд бэлтгэх хожмын өдрүүдэд биелсээр байгаа хэмээх илчлэлийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, эртний бошиглогчид бидэнд хандан ярьсан байсныг бид ойлгож эхэлж байна. Мөн тэд эртний Израилд чухал ач холбогдолтой байсан мөн бидэнд ч хамаатай олон олон мөнхийн үнэт үнэнийг заасан.

Эртний бошиглогчид Есүс Христийг гэрчилж байсан

Хуучин Гэрээний бошиглолуудад өөрийгөө харахаас илүү Есүс Христийг олж харах нь илүү чухал байж болох юм. Хэрэв та Түүнийг хайж үзвэл нэрээр нь дурдаагүй байсан ч Түүнийг олох болно. Хуучин Гэрээний Бурхан Эзэн Иехова бол Есүс Христ гэдгийг санах нь тустай байж болох юм. Бошиглогчид Эзэний юу хийж байгааг эсвэл юу хийхийг дүрслэхдээ Аврагчийн тухай ярьж байдаг.

Амилсан Есүс нэгэн эрд хүрч байгаа нь

Их Эзэн Абрахамд үзэгдэж буй нь, Кэйт Ларсон

Мөн та Тослогдсон Нэгэн, Гэтэлгэгч, Давидын угсааны ирээдүйн хааны тухай дурдсаныг олж болно. Эдгээр нь бүгд Есүс Христийн тухай бошиглол юм. Ерөнхийд нь авч үзвэл, та чөлөөлөх, өршөөх, гэтэлгэх, сэргээх талаар унших болно. Аврагчийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ байлгаснаар эдгээр бошиглол таныг өөрийн эрхгүй Бурханы Хүү рүү чиглүүлнэ. Эцсийн эцэст, бошиглолыг ойлгох хамгийн сайн арга зам бол Иоханы хэлсэнчлэн “Есүсийн гэрчлэл” (Илчлэлт 19:10) болох “бошиглолын сүнс”-тэй байх явдал юм.

Тэмдэглэл

  1. Исаиа, Иеремиа, Езекиел, Даниел нарын бичсэн ном зузаан тул тэднийг ихэвчлэн гол бошиглогчид гэж нэрлэдэг. Бусад бошиглогчийн (Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггай, Зехариа, Малахи) ном богино тул бага бошиглогчид гэж нэрлэдэг. Гашуудал номыг бошиглогчид биш, бичвэрүүдийн нэг хэсэг гэж үздэг.

  2. Бошиглолын номуудыг хэрхэн эмхэтгэснийг бид мэдэхгүй. Зарим тохиолдолд бошиглогч өөрийн бичсэн бичвэр, бошиглолын цуглуулгын ажлыг хянаж байсан байж болох юм. Бусад тохиолдолд түүнийг нас барсны дараа цэдэглэж, эмхэтгэсэн байх магадлалтай.

  3. Гэтлэл 15:20; Шүүгчид 4-ийг үзнэ үү.

  4. Эхлэл 25:21–23; 1 Самуел 1:20–28; 2:1–10-ыг үзнэ үү.

  5. “Израилын цугларалтын баяр хөөр, хойшлуулшгүй байдлын талаар бод. Адамаас эхлээд бүх бошиглогч эдүгээг харсан. Бошиглогч бүр Израил цугларч, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч!” (Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library). Мөн Роналд А.Расбанд, “Бошиглолын биелэл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75–78-ыг үзнэ үү.

  6. Аврагч Исаиагийн тухай “Түүний ярьсан бүх зүйл, бүр түүний ярьсан үгсийн дагуу байсаар ирсэн мөн байх болно” (3 Нифай 23:3; онцлон тэмдэглэсэн) гэж айлджээ.

  7. Матай 3:1–3; Марк 1:2–4; Лук 3:2–6-г үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээнүүд 33:10; 65:3; 88:66-г үзнэ үү.

  9. Исаиа 9:6–7; 61:1; Хосеа 13:14; Зехариа 9:9-ийг үзнэ үү.