“1-р сарын 5–11. ‘Энэ бол Миний ажил мөн Миний сүр жавхлан бөлгөө’: Мосе 1; Абрахам 3,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“1-р сарын 5–11. ‘Энэ бол Миний ажил мөн Миний сүр жавхлан бөлгөө’,” Ирээд, Намайг дага: 2026
1-р сарын 5–11: “Энэ бол Миний ажил мөн Миний сүр жавхлан бөлгөө”
Мосе 1; Абрахам 3
Библи “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” (Эхлэл 1:1) гэсэн үгсээр эхэлдэг. Гэхдээ, энэ “эхлэлээс” өмнө юу байсан бэ? Мөн Бурхан яагаад энэ бүгдийг бүтээсэн юм бэ? Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эдгээр асуултад тодорхой хариулсан юм.
Жишээлбэл: Тэрээр Абрахамын үзэгдэл үзсэн цэдгийг бидэнд өгсөн бөгөөд тэр энэ үзэгдлээр “дэлхий байхаас өмнө” Aбрахам 3:22–28-ыг үзнэ үү) бидний сүнсээр оршин байсныг харсан байна. Их Эзэн бас бидэнд “эхэнд” хэмээн эхэлдэггүй, Эхлэл номын эхний зургаан бүлэг болох Мосегийн номын сүнсээр өдөөгдсөн орчуулга буюу засварыг өгсөн. Харин энэ нь Бүтээлтийн түүхийн тодорхой зүйлсийг өгүүлсэн Мосегийн туршлагаар эхэлдэг. Хуучин Гэрээ нь Бурханы хэн болох талаар зарим чухал асуултад хариулдаг тул хожмын үеийн судруудыг хамтад нь судалж эхлэх нь зөв юм. Бид хэн бэ? Бурханы ажил юу вэ, бид Бурханы ажилд ямар үүрэгтэй вэ? Их Эзэн Эхлэл номын эхний бүлгүүдээр Мосегийн хүсэлтэд хариу өгсөн хэмээн үзэж болно: “Ай Бурхан минь, өөрийнхөө үйлчлэгчид нигүүлсэнгүй байгаач, мөн энэ дэлхий мөн үүний оршин суугчид мөн тэрчлэн тэнгэрүүдийн талаар надад хэлээч, мөн тэгвэл таны үйлчлэгч сэтгэл хангалуун байх болно” (Moсе 1:36).
Гэр орондоо болон сүмд суралцахад зориулсан санаа
Бурханы хүүхэд учраас надад тэнгэрлэг хувь тавилан бий.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Энэ орой Их Эзэн та нарт хандан шууд ярьж байсан бол Түүний хийх эхний зүйл нь та нарын жинхэнэ мөн чанарыг ойлгуулах явдал байх байсан” (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сар], Gospel Library) хэмээн заасан. Дараа нь Сатан таныг яг энэ ойлголтоос төөрөлдүүлэх гэж оролдох болно. Энэ загварыг Мосе 1:4, 6 дээр Бурхан Мосед юу гэж хэлсэн, Мосе 1:12 дээр Сатан юу гэж хэлсэн зэргээс хайж олоорой. Та Бурхан, Сатан хоёрын ялгааны талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ?
Ерөнхийлөгч Нэлсон “Тиймээс та нар өөрсдийгөө хэн гэж бодох нь та нарын цаашдын шийдвэр бүрд нөлөөлөх болно” (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд”) хэмээн заасан. Бурханы хүүхэд гэдгээ бусад бүх нэр хаягаас өмнө тавьсан үедээ хийдэг зүйлсээ жагсааж бичихийг бод.
Moсе 1 дээрх ямар нэмэлт шүлэг эсвэл хэллэг тэнгэрлэг үнэ цэнээ ойлгоход тань тусалдаг вэ? Та мөн ерөнхийлөгч Нэлсоны “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” хэмээх захиасны “Нэгдүгээрт: Өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэж ав” гарчигтай хэсгээс илүү ихийг уншиж болно. Бурханы хүүхэд гэдгийг тань хамгийн сайнаар харуулж болох юуг та хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?
“Би Бурханы хүүхэд,” Дуулал, 2; Gospel Library дахь “Our True Identity” видеог; Gospel Library дахь Сэдэв ба асуулт, “Бурханы хүүхэд”-ийг үзнэ үү.
Our True Identity
Их Эзэний тусламжтайгаар би Сатаныг эсэргүүцэж чадна.
Мосе 1 дээр ойлгомжтой харуулснаар сүнслэг хүчирхэг туршлагууд нь бид дахин хэзээ ч уруу татагдахгүй гэсэн үг биш юм. Үнэндээ, Сатаны ашигладаг нэг арга бол эдгээр туршлагадаа эргэлзэхэд хүргэх явдал юм. Та 12–26-р шүлэг дээрх Мосегийн Сатанд өгсөн хариултыг уншиж байхдаа хүлээн авсан гэрчлэлдээ үнэнч байхад тань туслах юуг ойлгож мэдсэн бэ? Эцэст нь Мосед Сатаныг ялахад нь юу тусалсан бэ?
Мосегийн бас нэгэн туршлагаас олж авсан сургамж бол Сатан Бурханы үнэн ба хүчийг хуурамчаар үйлдэх замаар биднийг уруу татдаг. Хиймэл ургамал, хүүхдийн хүүхэлдэй гэх мэт ямар нэг зүйлийн зарим хуурамч хувилбарыг бодож үз. Хуурамч гэдгийг нь яаж мэдэх вэ? Тэгвэл Сатаны өнөө үед таныг уруу татахын тулд ашигладаг хуурамч зүйлсийг авч үзье. Та Мосе 1:13–18-аас түүний хуурамч зүйлсийг хэрхэн таньж, эсэргүүцэх талаар юу мэдэж авсан бэ? Их Эзэн танд хэрхэн тусалж чадах вэ? (Moсе 1:24–26-г үзнэ үү).
Мөн Maтай 4:1–11; Гари Э.Стивэнсоны “Намайг бүү мэхэл” нэртэй захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103-аас; Gospel Library дахь “I Am a Son of God” видеог үзнэ үү.
I Am a Son of God
Гэртээ суралцах үйл явцыг төлөвлөж болох ч аясаар нь явуулж бас болно. “Гэр бүлдээ заах боломж ихэвчлэн албан бус, өдөр тутмын амьдрал дунд буюу хоол идэх, гэрийн ажил хийх, тоглоом тоглох эсвэл [аялах] зэрэг үеүдэд ч тохиолддог” (Аврагчийн арга барилаар заах нь, 31). Жишээлбэл: Та Мосе 1-ээс Мосе Сатаныг хэрхэн эсэргүүцсэн тухай уншихаас гадна, та нар дайсны нөлөөг хэрхэн эсэргүүцсэн тухайгаа хоолны цагаар гэр бүлээрээ хэдэн хором ярилцаж болох юм.
Бурханы ажил мөн алдар суу надад мөнх амьдралыг олж авахад тусалдаг.
Мосе Бурханы бүтээлүүдийг үзэгдлээр харсныхаа дараа “эдгээр зүйл яагаад ийм байгааг … надад хэлээч?” (Moсе 1:30) хэмээн Их Эзэнээс гуйсан. Мосе 1:31–39 дээрх Их Эзэний хариултын юу нь таныг гайхшируулж байна вэ? Үхэшгүй байдал, мөнхийн амьдрал хоёр юугаараа ялгаатай вэ? (Gospel Library дахь Сэдэв ба асуулт, “Мөнх амьдрал”-ыг үзнэ үү). Есүс Христ хоёуланг нь тохиолгон авчрахад хэрхэн тусалдаг вэ? Абрахам түүнчлэн Абрахам 3-т цэдэглэгдсэн үзэгдлийг үзсэн юм. Та 22–26-р шүлгээс Мосегийн хүсэлтэд хариулж болохоор юуг олж болох вэ?
Би дэлхий дээр төрөхөөсөө өмнө сүнсэн биетэй амьдарч байсан.
Бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа талаар маш бага зүйл мэднэ. Гэвч Абрахам 3:22–28 дээрх Абрахамын үзэгдлээс бид ихэнх зүйлийг мэдэж авдаг. Та эдгээр шүлгийг уншихдаа өөрийн болон Есүс Христийн тухай үнэнүүдийг оролцуулаад өөрийн мэдэж авсан үнэнүүдийг жагсаана уу. Яагаад эдгээр үнэн танд үнэ цэнтэй вэ? Эдгээр нь таны амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?
Мөн Gospel Library дахь Сэдэв ба асуултаас “Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал”-ыг үзнэ үү.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Би Бурханы хүүхэд.
-
Мосе 1:4 дээрх Бурханы Мосед хандсан захиасыг хамтдаа уншсаны дараа, хүүхдүүдээ толинд харуулаад, өөрсдөдөө “Би Бурханы хүүхэд” гэсэнтэй төстэй захиасыг өгөх боломжийг тэдэнд олго. Дараа нь тэд “Чи Бурханы хүүхэд” гэсэнтэй адилхан захиасыг нэг нэгэндээ өгч болно. Та бүр янз бүрийн хүмүүсийн зургууд олоод, хүүхдүүдээ тэдэн рүү нэг нэгээр нь зааж, “Энэ бол Бурханы хүүхэд” гэж хэлэхэд урьж болно. Бурханы хүүхэд гэдгээ мэдсэндээ яагаад баяртай байгаагаа бие биетэйгээ хуваалц. Үүнийг мэдэх нь таны өөртөө болон бусдад хандах хандлагыг хэрхэн өөрчилдөг вэ?
-
Та болон танай хүүхдүүд Мосе 1:4 дээр Бурханы Мосед өгсөн захиасыг 12-р шүлэг дээр Сатаны өгсөн захиастай харьцуулж болно. Бурханы тэдэнд хандсан захиас, Сатаны тэдэнд хандсан захиас хоёрыг ялган танихад та хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?
Мосе Иеховаг харж байгаа нь, Иосеф Брики (дэлгэрэнгүй)
Тэнгэрлэг Эцэгт надаар хийлгэх ажил бий.
-
Та хүүхдүүдтэйгээ Мосе 1:6-г уншихдаа Бурханы Мосед зориулан бэлтгэсэн нэгэн “ажлын” тухай тэдэнд ярьж өгч болох юм. Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар Мосе юу хийснийг хүүхдүүддээ ойлгуулахын тулд Сайн мэдээний зургийн цуглуулга, 13–16 эсвэл Хуучин Гэрээний түүхүүд 64–84-р хуудсыг ашиглах талаар бодож үз. Бурхан биднээр ямар ажил хийлгэхээр өгсөн бэ? (Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд 11:20-ийг үзнэ үү).
Би Сатаны уруу таталтад автахгүй байж чадна.
-
Та Moсе 1:12–26-г хүүхдүүдтэйгээ хамт судлахдаа Мосе Сатаныг эсэргүүцэхийн тулд юу хийснийг олж мэдэхэд тэдэнд тусал (13, 15, 18, 20–22, 26-р шүлгүүдийг үзнэ үү). Уруу таталтыг эсэргүүцэхийн тулд хийж чадах зүйлсээ (залбирах, орхиж явах, тусламж гуйх гэх мэт) жүжигчлэн үзүүлэх нь тэдэнд зугаатай байж болно.
Би дэлхий дээр төрөхөөсөө өмнө сүнсэн биетэй амьдарч байсан.
-
Мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа талаар мэдэх нь мөнхийн үнэн дээр үндэслэсэн сонголт хийхэд хүүхдүүдийг сүнслэгээр өдөөдөг. Тэдэнд энэ тухай сурахад нь туслахын тулд та Абрахам 3:22–28-аас хайж олох “дэлхий байхаас өмнө,” “сүнснүүд”, “дэлхийг бүтээх”, “шалгах” гэх мэт үг хэллэгүүдийг тэдэнд өгч болно. Эдгээр шүлэг бидэнд Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг дэлхий рүү илгээсэн талаар юу зааж байна вэ?
-
“Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, д.86) гэх мэт дуу нь Абрахам 3 дээр заасан зүйлсийг бататгаж чадна. Магадгүй та эдгээр үгтэй тохирох зургуудыг зурахад хүүхдүүдийг урьж болно.
-
Бурханы хүссэн зүйлийг хийх эсэхээ шийдэх нөхцөл байдлуудын талаар бодоход нь хүүхдүүддээ тусал (Абрахам 3:25; Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийг үзнэ үү). Уг нөхцөлд өгч болох хариултуудаар дадлага хийлгэ. Буруу сонголт хийх үед маань Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.