Ирээд, Намайг дага
Хуучин Гэрээг уншиж байхдаа санах зүйлүүд


“Хуучин Гэрээг уншиж байхдаа санах зүйлүүд,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Хуучин гэрээг унших нь,” Ирээд, Намайг дага: 2026

бодох дүрс

Санах зүйлүүд

Хуучин Гэрээг унших нь

Нифай ах нартаа Их Эзэнд итгэхэд сүнслэгээр нөлөөлөхийг хүссэн үедээ Мосе, Исаиа нарын заасан зүйлсийг хуваалцдаг байв. Төлөөлөгч Паул эртний Христэд итгэгчдийг Бурханы амлалтуудад итгэхэд уриалахдаа Ноа, Абрахам, Сара, Рахаб нарын болон бусдын итгэлийн талаар тэдэнд сануулдаг байв. Есүс Христ иудейчүүдийн удирдагчдад “судруудыг судал” хэмээн хэлэхдээ тэдгээр нь “Намайг гэрчилдэг” (Иохан 5:39) хэмээн тайлбарласан бөгөөд тэрхүү судар нь бидний Хуучин Гэрээ хэмээн нэрлэдэг бичвэр юм.

Өөрөөр хэлбэл, та Хуучин Гэрээг уншихдаа Бурханы хүмүүст олон мянган жилийн турш сүнслэгээр нөлөөлж, тайтгаруулж, урам хайрласан үгсийг уншиж байна гэсэн үг юм.

Гэхдээ ийм олон жилийн өмнө бичигдсэн зүйл өнөөгийн асуудлуудын шийдлийг олоход үнэхээр тусалж чадах болов уу? Тийм ээ. Чадна! Ялангуяа та Хуучин Гэрээ нь чухам хэний тухай болохыг санаж байгаа бол.

Есүс Христийн гэрээ

Танд болон танай гэр бүлд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан бай, хариулт нь үргэлж Есүс Христ байдаг. Тиймээс Хуучин Гэрээнээс хариулт хайхын тулд Түүнийг хай. Энэ нь үргэлж амар байдаггүй. Та тэвчээртэйгээр тунгаан бодож, сүнслэг удирдамж эрэлхийлэх хэрэгтэй байж болох юм. Заримдаа Түүнтэй холбоотой тайлбар шулуухан байдаг бөгөөд Исаиагийн тунхагласны дагуу: “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн … Түүний нэрийг … Энхийн Жонон” гэж дуудна (Исаиа 9:6). Бусад газарт Аврагчийг бэлгэдэл, ижил төстэй байдлаар илүү нарийн төлөөлөн гаргасан байдаг. Тухайлбал: Амьтдын золиослолын дүрслэл эсвэл Иосеф ах нараа өршөөж, тэднийг өлсгөлөнгөөс аварч байгаа түүх гэх мэт.

Есүс Христ далай руу харан хадан дээр зогсож байгаа нь

Дэлхийн гэрэл, Скотт Саммэр

Хэрэв та Хуучин Гэрээг судалж байхдаа Аврагчид илүү итгэлтэй байхыг эрэлхийлбэл үүнийг олох болно. Магадгүй энэ нь таны энэ жилийн суралцах зорилго байж болох юм. Сүнс таныг Есүс Христэд ойртуулах хэсэг, түүх, бошиглолуудыг олж, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглүүлж өгөхийн төлөө залбираарай.

Тэнгэрлэгээр хадгалагдан үлдсэн

Хуучин Гэрээ нь хүн төрөлхтний бүрэн гүйцэд, яг таг нарийн түүхийг үзүүлдэг хэмээн бүү бод. Анхны зохиолчид ба эмхэтгэсэн хүмүүсийн зорилго нь ийм байгаагүй. Тэдний илүү их санаа зовж байсан зүйл бол Бурханы тухай буюу Түүний хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө, Түүний гэрээт хүмүүс байх гэдэг нь юу болох, бүтэлгүйтсэн тохиолдолд гэтэлгэлийг хэрхэн олох тухай заах явдал байв. Заримдаа тэд үүнийг өөрсдийн ойлгосон түүхэн үйл явдалтай, тухайлбал агуу бошиглогчдын амьдралын түүхүүдтэй холбон хийсэн байдаг. Эхлэл мөн Иошуа, Шүүгчид, 1, 2-р Хаад номууд нь дээрхийн жишээ юм. Гэхдээ Хуучин Гэрээний бусад зохиолч нийтэд нь түүхэн зохиол болгохыг огт хүсээгүй. Харин тэд яруу найраг, уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүдээр дамжуулан заадаг байв. Дуулал ба Сургаалт үгс энэ ангилалд багтдаг. Мөн Исаиа, Малахи гэх мэт эртний Израилд хандан Бурханы үгийг ярьж байсан бошиглогчдын нандин үгс байдаг бөгөөд Библийн гайхамшгаар дамжуулан өнөөг хүртэл бидэнд ярьсаар байдаг.

Эдгээр бүх бошиглогч, яруу найрагч, эмхэтхэгчид өөрсдийнх нь үгийг мянга мянган жилийн дараа дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс унших болно гэдгийг мэдэж байсан болов уу? Бид үүнийг мэдэхгүй. Гэвч энэ бүхэн үнэхээр тохиолдсонд би гайхширдаг. Үндэстнүүд хөгжин дэгжиж, уналтад орж, хотууд эзлэгдэж, хаад амьдарч мөн мөнх бусыг үзүүлж байсан ч Хуучин Гэрээ энэ бүхнийг үеэс үед, бичээчээс бичээч, орчуулгаас орчуулга хүртэл хадгалсаар ирсэн. Мэдээжийн хэрэг зарим зүйл алдагдаж эсвэл өөрчлөгдсөн байсан ч ямар нэгэн байдлаар олон зүйл гайхамшигтайгаар хадгалагдсан.

хуйлмал номон дээр бичиж буй эртний бошиглогч

Хуучин Гэрээний бошиглогч, Жүдит А.Мэр (дэлгэрэнгүй)

Энэ жил Хуучин Гэрээг уншихад анхаарах хэдэн зүйл бий. Бурхан эдгээр эртний бичээсийг хадгалсан, учир нь тэр таныг болон таны юу туулж байгааг мэддэг. Тэрээр эдгээр үгээр дамжуулан танд сүнслэг захиасыг мөн таныг Өөртөө илүү ойртуулах, Өөрийнх нь төлөвлөгөөнд болон Хайрт Хүүд нь итгэх итгэлээ хөгжүүлэх ямар нэгэн зүйл бэлтгэсэн. Магадгүй Тэр таныг таньдаг хүнээ адислах ямар нэгэн судрын хэсэг, мөн ойлголт руу—найз нөхөр, гэр бүлийн гишүүн эсвэл хэн нэгэн гэгээнтэнтэй хуваалцаж болох захиас руу хөтлөх болно. Маш олон боломж бий. Энэ талаар бодоход сэтгэл хөдлөхгүй байна гэж үү?

Нифай “дотоод сэтгэл минь судруудад баясна” (2 Нифай 4:15) хэмээн хэлсэн. Магадгүй танд бидний Хуучин Гэрээ гэдэг, Нифайн уншсан эдгээр үгийг унших үед адил мэдрэмж төрөх байх.

Хуучин Гэрээн дэх номууд

Хуучин Гэрээний Христэд итгэгчдийн ихэнх хувилбарт эдгээр номыг нэг цуглуулгад анх эмхэтгэж байсан үеэсээ өөрөөр зохион байгуулсан байдаг. Еврей Библид номуудыг—хууль, бошиглогчид, бичээсүүд хэмээн гурван ангилалд хуваасан байхад ихэнх Христэд итгэгчдийн Библиүд номуудыг хууль (Эхлэл–Дэд Хууль), түүх (Иошуа–Естер), яруу найргийн номууд (Иов–Соломоны дуун) мөн бошиглогчид (Исаиа–Малахи) гэсэн дөрвөн төрөлд хуваасан байдаг.

Эдгээр ангилал яагаад чухал вэ? Учир нь ямар төрлийн ном судалж байгаагаа мэдэх нь үүнийг хэрхэн судлахаа ойлгоход тань туслах болно.

“Хууль” эсвэл Хуучин Гэрээний эхний таван номыг уншиж эхлэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр номыг уламжлал ёсоор Мосе бичсэн хэмээн бид итгэдэг бөгөөд цаг хугацааны явцад энэ нь олон тооны бичээч, хөрвүүлэгчдийн гараар дамжсан байж болох юм. Мөн бид олон зууны туршид, “олон тодорхой болон хамгийн эрхэм үнэт хэсгийг” Библиэс арилгасныг мэднэ (1 Нифай 13:23–26-г үзнэ үү). Мосегийн номууд нь мөнх бус хүмүүсээр дамжин, хүн төрөлхтний төгс бус байдал нөлөөлсөн Бурханы аливаа ажилтай адилхан боловч эдгээр нь Бурханы илчлэгдсэн үгс байдаг (Moсе 1:41; Итгэлийн Тунхаг 1:8-ыг үзнэ үү). Ариун нандин Мормоны Номыг эмхэтгэхэд тусалсан Моронайн үг энд их тус болно: “Мөн эдүгээ, хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүний алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд, Бурханы зүйлүүдийг бүү буруушаа” (Мормоны Номын эхний хуудас). Өөрөөр хэлбэл судрын ном Бурханы үг байхын тулд хүний алдаанаас ангид байх албагүй.

Эх сурвалж

  1. 1 Нифай 4:2–3; 17:23–43; 19:22–23-ыг үзнэ үү.

  2. Еврей 11-ийг үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” Лиахона, 2023 оны 5-р сар, 127–128-ыг үзнэ үү.

  4. Леви 1:3–4-ийг үзнэ үү.

  5. Эхлэл 45–46-г үзнэ үү.

  6. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Бидэнд өнөөдөр Библи байгаа нь гэнэтийн эсвэл тохиолдлын зүйл биш юм. Зөв шударга хүмүүс үзэж харсан нандин зүйлсээ мөн сонссон, ярьсан, сүнсээр өдөөгдсөн зүйлсийг бичиж тэмдэглэх өдөөлтийг Сүнснээс хүлээн авдаг байсан. Харин бусад итгэлтэй хүнийг тэдгээр цэдгийг хамгаалж, хадгалахад өдөөдөг байсан” хэмээн хэлсэн (“The Miracle of the Holy Bible,” Liahona, May 2007, 80).