“9-р сарын 22–28: ‘Бурханы Хүүгийн жаяг’: Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
9-р сарын 22–28: “Бурханы Хүүгийн жаяг”
Сургаал ба Гэрээ 106–108
Сургаал ба Гэрээ 107-г анх харахад, энэ нь зөвхөн Их Эзэний Сүмийн удирдлагын бүтцэд санваарыг зохион байгуулах тухай мэт санагдана. Энэхүү илчлэл хэвлэгдэх үед Сүмийн гишүүнчлэл цөөн хэдэн удирдагчийнхаа чадавхаас даван гарч байв. Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулга, Дал, бишоп, чуулгын ерөнхийлөгчдийн үүрэг хариуцлагын загварчлал гарцаагүй хэрэгтэй бөгөөд тустай зүйл байв. Гэвч 107-р хэсэг дэх тэнгэрлэг зааварчилгаанд зөвхөн Сүмийн удирдлагыг хэрхэн зохион байгуулахаас илүү их зүйлийг багтаасан байдаг. Энд Их Эзэн “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар” (3-р шүлэг) буюу Өөрийн хүч болон эрх мэдлийн талаар бидэнд заадаг. Санваарын зорилго нь “сүмийн сүнсний бүх адислалуудыг” нээж, тэгснээр Бурханы бүх хүүхдэд “тэнгэрийг тэдэнд нээлгэх” мөн “Бурхан Эцэг, мөн шинэ гэрээний зууч Есүстэй харьцаж мөн сэтгэл ханамжтай байх” боломжийг өгөх явдал юм (18–19-р шүлэг). Аврагч Өөрийн санваарын тухай заахдаа Тэрээр Өөрийнхөө тухай мөн бид хэрхэн Түүнд ирэх талаар заадаг.
“Restoring the Ancient Order,” Revelations in Context, 208–212-ыг үзнэ үү.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Их Эзэн намайг үйлчлэлд дуудахдаа намайг дэмждэг.
Сургаал ба Гэрээ 106, 108-д Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэхээр дуудагдсан хоёр гишүүнд зөвлөгөө болон амлалт өгсөн. Та Түүний зөвлөгөөг судлахдаа Их Эзэнд үйлчлэх боломжуудын тухай, тухайлбал: тохинуулах даалгавар, Сүмийн дуудлага, гэр бүлийн үүрэг хариуцлага эсвэл сайныг үйлдэх сүнслэг өдөөлтүүдийн талаар бодож болно.
Эдгээр шүлэгт Их Эзэн танд ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ? Аль өгүүлбэрүүд танд илүү хамаатай юм шиг байна вэ? Дараах асуултуудыг бодоод үзээрэй.
-
Их Эзэн хэзээ танд Өөртөө үйлчлүүлэхээр “ач ивээл (эсвээс тэнгэрлэг тусламж) хийгээд итгэл найдварыг” өгч байсан бэ? (Сургаал ба Гэрээ 106:8).
-
Та “бүх үйлүүддээ” бусдыг хүчирхэгжүүлнэ гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Сургаал ба Гэрээ 108:7).
Ахлагч Карл Б.Күк Сүмийн хүнд хэцүү даалгавар хүлээн авахдаа өвөг дээдсийнхээ туршлагаас хүч авчээ. Энэ талаар түүний “Үйлчил” захиаснаас уншина уу (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.106–109). Их Эзэнд үйлчлэх боломжийг хүлээн авах талаар үр хойчдоо эсвэл ирээдүйн өөртөө захиа бичээд үзээрэй. Захиандаа ахлагч Күкийн захиас, Сургаал ба Гэрээ 106 болон 108 дээрээс сурч мэдсэн үнэнүүдээ мөн өөрийн туршлагыг оруулаарай.
Түүнчлэн Хэнри Б.Айринг, “Надтай хамт алхагтун,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.69–72; Topics and Questions, “Serving in Church Callings,” Gospel Library; “Warren Cowdery” and “‘Wrought Upon’ to Seek a Revelation,” in Revelations in Context, 219–223, 224–228-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 107:1–4, 18–20
Санваар нь “Бурханы Хүүгийн жаягийн дагуу” юм.
Их Эзэн Өөрийн “санваарын талаарх илчлэл[ийг]” (Сургаал ба Гэрээ 107, хэсгийн тойм) бидэнд Мелкизедек санваарын анхны нэрийг зааснаар эхэлдэг (1–4-р шүлэг-ийг үзнэ үү). Үүнийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Энэ нэр санваарын талаарх таны бодолд хэрхэн нөлөөлөх вэ?
Санваарын талаар, тэр тусмаа 18–20-р шүлэг-ийг уншихдаа энэ талаар бодоорой. “Тэнгэрийг нээлгэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? “Бурхан Эцэг, … Есүстэй харьцаж мөн сэтгэл ханамжтай байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Аврагчийн санваарын хүч болон эрх мэдэл танд энэ бүхнийг хэрхэн боломжтой болгодог вэ?
Алма 13:2, 16; Сургаал ба Гэрээ 84:19–27-г мөн үзнэ үү.
Есүс Христэд төвлөр. “Зарчим, зарлиг, бошиглол, судрын түүх гээд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар заах олон зүйл бий. Гэвч эдгээр нь бүх хүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихөд (Жером 1:11; Моронай 10:32-ыг үзнэ үү) туслах ганц л зорилготой тул бүгдээрээ нэг л модны мөчрүүд юм. Тиймээс та ямар ч зүйл зааж байсан уул шугамдаа Есүс Христийн тухай болон Түүнтэй хэрхэн адил болох талаар зааж байгаа гэдгээ санаарай (Аврагчийн арга барилаар заах нь, 6). Жишээлбэл: Та Сургаал ба Гэрээ 107 дээрх санваарын талаар зааж эсвэл суралцаж байхдаа “Бид Аврагчийн талаар юу сурч мэдэж байна вэ?” гэж тогтмол асуу.
Их Эзэний үйлчлэгчид “итгэл найдвар, итгэл бас сүмийн залбирлаар” дэмжигддэг.
Их Эзэний үйлчлэгчдийг та өөрийн итгэлээр, найдвараар, мөн залбирлаар дэмжинэ гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?
“Хайрт бошиглогчийг маань ивээгээч,” Дуулал, д.13-ыг мөн үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 107:23–24, 33–35, 38, 91–92
Бошиглогч, төлөөлөгчид Аврагчийн тухай гэрчилдэг.
1835 онд Иосеф Смит 107-р хэсэг-ийг шинээр дуудагдсан Арван хоёрын чуулгад хуваалцсан (хэсгийн тоймыг үзнэ үү). 23–24, 33–35, 38-р шүлгүүд дээр Их Эзэн тэдний дуудлагын талаар тэдэнд юу заасан бэ? Түүний амьд Төлөөлөгчдийн сургаал, тохинууллаар дамжуулан таны Есүс Христийн талаарх гэрчлэл хэрхэн хүчирхэгжиж байсан бэ?
91–92-р шүлэг-т Их Эзэн Өөрийн ахмад төлөөлөгч буюу Сүмийн ерөнхийлөгчийн талаар заасан. Тэр хэрхэн “Мосетой адилхан” байдаг вэ? (Судруудын удирдамж, “Мосе,” Gospel Library-г үзнэ үү).
Дэвид А.Бэднар, “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.126–130-ийг мөн үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 107:27–31, 85–89
Их Эзэн Өөрийн ажлыг зөвлөлүүдээр дамжуулан гүйцэлдүүлдэг.
Их Эзэн Сургаал ба Гэрээ 107:27–31, 85–89 дээр зөвлөлүүдийн талаар юу заасныг ажигла. Зөвлөлийг юу үр дүнтэй болгодог вэ? Та эдгээр зарчмыг сүмийн дуудлага, гэр орон, үүрэг хариуцлагадаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?
M.Рассэлл Баллард, “Гэр бүлийн зөвлөл,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.49–52; Ерөнхий гарын авлага, 4.3–4.4, Gospel Library-г мөн үзнэ үү.
Их Эзэн гэр бүлүүдийг хамдаа зөвлөлдөхийг хүсдэг.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христ санваарын хүчээрээ намайг адисалдаг.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 107:18–19-ийг уншаад “сүнсний бүх адислалууд” гэснийг онцлон анхаар. Та болон танай хүүхдүүд санваараар дамжин ирдэг адислалуудыг жагсааж болно. Хэн хамгийн урт жагсаалт гаргах вэ гэдэг тоглоом зохиож болох юм. Хүүхдүүд тань тэдгээр адислалыг илтгэх зураг зурж эсвэл хайж олж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас-ыг үзнэ үү). Дараа нь та санваарын ёслолууд (баптисм, ариун ёслол гэх мэт) хэрхэн бидэнд Бурханы адислалуудыг авахад тусалдаг талаар ярьж болно.
Сургаал ба Гэрээ 107:21–26, 33–35, 91–92
Их Эзэний сонгосон үйлчлэгчид Түүний Сүмийг удирддаг.
-
Лиахона сэтгүүлийн чуулганы дугаар бүрд Ерөнхий эрх мэдэлтнүүдийн зурагтай хуудас байдаг. Сургаал ба Гэрээ 107:21–26, 33–35, 91–92 дээрх тэдний үүрэг хариуцлагын талаар уншихдаа та хүүхдүүдтэйгээ тэдгээр зургийг хараарай. Их Эзэн тэдэнд эдгээр үүрэг хариуцлагыг өгсөнд яагаад талархдаг талаар та хүүхдүүдтэйгээ ярилцаж болно.
-
Хүүхдүүд тань ChurchofJesusChrist.org дээрх General Church Leadership гэснээс Их Эзэний үйлчлэгчдийн талаар илүү ихийг мэдэх боломжтой. Магадгүй хүүхэд бүр нэг удирдагчийг сонгон судлаад нэг нэгэндээ тухайн удирдагчийн талаар зааж болох юм. Эдгээр удирдагч Есүс Христийн жинхэнэ үйлчлэгчид гэдгийг хэрхэн мэдсэнээ нэг нэгэнтэйгээ хуваалц.
-
Сургаал ба Гэрээ 107:22-ыг хамтдаа уншсаныхаа дараа та хүүхдүүдтэйгээ Тэргүүн Зөвлөлийн зургийг ээлжлэн бариад Их Эзэний үйлчлэгчид болохынх нь хувьд тэднийг хэрхэн дэмжиж болохоо ярилц.
Тэргүүн Зөвлөл
Би гэрээнийхээ дагуу амьдрахдаа анхааралтай байж чадна.
-
Энэ шүлгийн талаар ярьж эхлэхдээ та хүүхдээсээ асгалгүйгээр аяганд ус дүүргэх гэх мэт анхаарал болгоомж шаарддаг ямар нэг зүйл хийхийг хүсэж болно. Анхаарал болгоомжгүй байвал юу тохиолдож болох вэ? Дараа нь Сургаал ба Гэрээ 108:3-ыг уншаад, Их Эзэн биднээс юуг анхааралтай хийхийг хүссэнийг олж мэд. Бид Бурханд ямар “тангаргууд” (амлалт эсвэл гэрээ) өргөдөг вэ? Бид тэдгээрийг сахихдаа хэрхэн илүү анхааралтай байж болох вэ? Та Бэки Крэйвин эгчийн хэлсэн “Хянамгай ба хайхрамжгүй” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.7–9) захиаснаас хүүхдүүдэд тань гэрээнүүдээ сахихыг урамшуулах хэсгийг хуваалцаж болох юм. “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) гэх мэт гэрээнүүдээ сахих талаар дуу дуулж болно.
Ус анхааралтайгаар юүлэхийг гэрээнүүдээ анхааралтай сахихтай зүйрлэж болно.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.