“7-р сарын 28-аас 8-р сарын 3: ‘Бурханлаг чанарын хүч’: Сургаал ба Гэрээ 84,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 84,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: 2025
Мелкизедек санваарын сэргээлт зургийн хэсгээс, Лэмон Свиндл
7-р сарын 28-аас 8-р сарын 3: “Бурханлаг чанарын хүч”
Сургаал ба Гэрээ 84
1829 онд санваар сэргээгдсэнээс хойш эхэн үеийн гэгээнтнүүд Их Эзэний ариун нандин хүчээр адислагдсан. Тэд өнөөгийн бидэнтэй адилаар санваарын эрх мэдлээр баптисм хүртэж, гишүүнээр батлагдаж, үйлчлэхээр дуудагдсан юм. Гэхдээ санваарын хүчийг ашиглах боломж нь энэ нь юу болохыг бүрэн дүүрэн ойлгохоос өөр бөгөөд Бурхан Өөрийн гэгээнтнүүдийг үүнээс илүү их зүйлийг, ялангуяа удахгүй болох ариун сүмийн ёслолуудын сэргээлттэй холбоотой зүйлсийг ойлгоосой хэмээн хүсэж байв. Санваарын тухай 1832 оны илчлэл буюу одоогийн Сургаал ба Гэрээ 84 нь санваар гэж яг юу болох талаарх гэгээнтнүүдийн ойлголтын хүрээг тэлсэн юм. Энэ нь өнөөдөр ч гэсэн бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. Эцсийн эцэст “Бурханы мэдлэгийн түлхүүрийг” атгадаг, “бурханлаг чанарын хүчийг” илэрхийлдэг, “Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьд[рахад]” биднийг бэлтгэдэг энэхүү тэнгэрлэг хүчний талаар сурч мэдэх зүйл асар их байдаг (19–22-р шүлэг).
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Би Бурханы санваарын хүч ба адислалаас хүртэх боломжтой.
Санваар гэсэн үгийг бодоход таны санаанд юу орж ирдэг вэ? Бурханы санваарын хүч амьдралд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
Эдгээр асуултыг тунгаан бодсоныхоо дараа Сургаал ба Гэрээ 84:17–32-ыг судлаад, Их Эзэн танаас санваарын хүчнийх нь талаар юу мэдээсэй гэж хүсэж байгааг олоорой. Та хэн нэгэнд санваарыг мөн үүний зорилгыг тайлбарлахдаа эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болохыг бодоод үзээрэй.
Та санваарын ёслолуудаар дамжуулан “бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (19–21-р шүлэг) гэдгийг олж мэдэх болно. Та өөрийн оролцож байсан санваарын ёслолуудаа жагсааж болох юм (Ерөнхий гарын авлага, 18.1, 18.2 дээрх жагсаалтууд тус болно). Эдгээр ёслол мөн эдгээрт хамаарах гэрээнүүд хэрхэн таны амьдралд Бурханы хүчийг авчирсан бэ? Эдгээр зүйлгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой” хэмээн заасан (“Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82). Ерөнхийлөгч Нэлсоны захиасыг судлахдаа “Аврагчийн хүчийг амьдралдаа олж авах” арга замуудыг хайж олохыг бодоорой.
Сургаал ба Гэрээ 25:10, 13, 15; 121:34–37, 41–46; Topics and Questions, “Priesthood,” “Joseph Smith’s Teachings about Priesthood, Temples, and Women,” Gospel Library; Ерөнхий гарын авлага, 3.6, Gospel Library-г мөн үзнэ үү.
Санваарыг тангараг ба гэрээгээр хүлээн авдаг.
Санваарын тангараг болон гэрээ нь (Сургаал ба Гэрээ 84:31–44-ийг үзнэ үү) санваарын албанд томилогдсон Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүдэд онцгой чухал хэдий ч эдгээр шүлэгт амласан адислалуудын олонх нь Бурханы бүх хүүхдэд боломжтой билээ. Ямар ямар амлалт байна вэ? Тэдгээрийг хүлээн авахын тулд Бурхан биднийг юу хийхийг хүсдэг вэ?
Ахлагч Пол Б.Пайпэр “Санваарын тангараг болон гэрээнд [Сургаал ба Гэрээ 84:31–44-ийг үзнэ үү] Их Эзэн хүртэх ба хүлээн авах гэдэг үйл үгийг ашигласан нь сонирхолтой юм. Тэр томилох гэсэн үгийг хэрэглээгүй билээ. Ариун сүмд эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа Аароны болон Мелкизедек санваарын аль алиных нь адислал хийгээд хүчнээс хүртэн, хүлээн авах боломжтой байдаг” гэж заажээ (“Revealed Realities of Mortality,” Ensign, Jan. 2016, 21).
Та Сургаал ба Гэрээ 84:31–44-ийг судлахдаа, санваарыг “хүртэх” ба “хүлээн авах” гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бод. Энэ нь санваарын албад томилогдохоос юугаараа ялгаатай вэ? Эдгээр шүлэгт Их эзэн таныг өөр юуг хүлээн авахыг урьсан байна вэ? Та үүнийг хэр хийж байна вэ?
Аврагчийг, Түүний Эцэг, Түүний үйлчлэгчид мөн Түүний санваарын хүчийг хүлээн авахад илүү итгэлтэй байхад юу танд урам зориг өгдөг вэ?
Сургаал ба Гэрээ 121:36–46-г мөн үзнэ үү.
Бурханы үгийн дагуу амьдарснаар амьдралд маань гэрэл ба үнэн ирдэг.
Яагаад Бурханы үгийг тогтмол судлах хэрэгтэй болохыг ойлгоход туслах ямар ямар үнэнийг та Сургаал ба Гэрээ 84:43–61-ээс олж мэдсэн бэ? Эдгээр шүлэгт гэрэл болон харанхуйг эсрэг тэсрэг байдлаар дүрсэлснийг анхаар. “Мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавих” нь хэрхэн таны амьдралд гэрэл ба үнэнийг, мөн “Есүс Христийн Сүнсийг” авчирсан бэ? (43, 45-р шүлгүүд).
2 Нифай 32:3-ыг мөн үзнэ үү.
Сайн мэдээний зарчмуудыг ижил төстэй зүйлстэй харьцуул. Та 43–44 шүлэг дэх үнэнүүдийг илтгэх ямар нэг зүйрлэл бодож олж чадах уу? Жишээлбэл: “Бурханы … үг бүрээр” амьдрах нь ямар нэг хоолны жорыг алхам бүрээр нь дагаж хийхтэй төстэй юү?
“Мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавь.”
Намайг Их Эзэнд үйлчилж байхад Тэрээр надтай хамт байх болно.
Та эдгээр шүлгийг уншихдаа, Өөрийн үйлчлэгчдийг дэмжинэ хэмээн Их Эзэний хэлсэн арга замуудыг олж мэдэх боломжтой. Энэ амлалтууд нь Түүний танаас хийгээсэй гэж хүссэн ажилтай хэрхэн холбогдож болох вэ? Жишээлбэл: 88-р шүлэг дээрх амлалтууд таны амьдралд хэрхэн биелсэн бэ?
Хүн бүр Бурханы ажилд хувь нэмрээ оруулж чадна.
Та эдгээр шүлгээс Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн гүйцэлдүүлдэг талаар юу олж мэдсэн бэ? Та ямар ямар зөвлөгөө болон адислал олж мэдсэн бэ? Мөн та гэр бүлийнхнээсээ “Сүнсэнд хүчтэй” хэн нэгэнтэй хамт үйлчилснээр “номхон дөлгөөн байдалд сэнхэрч” байсан тухайгаа бодож болно.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар бэлдэхэд надад тусалдаг.
-
Хүүхдүүддээ ариун сүм рүү явахыг хүсэн хүлээхэд нь туслахын тулд та ариун сүмийн зургаар эвлүүлдэг зураг хийж болно. Хэсэг бүрийн ар талд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэх, гэр бүлээрээ лацдан холбогдох, Бурхантай гэрээ байгуулах гэх мэт бидний ариун сүмд хийдэг зүйлсийг бичиж болно. Сургаал ба Гэрээ 84:5-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд юуг барь хэмээн зарлигласныг сонсохыг тэднээс хүс. Хүүхдүүдтэйгээ хамт зургаа эвлүүлж байхдаа ариун сүмд ороход бэлтгэхийн тулд хийж болох талаар ярилц.
Би санваарын ёслолуудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хүчийг хүлээн авч чадна.
-
Хүүхдүүддээ ёслол гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд Сайн мэдээний зургийн цуглуулга, д.103–108, эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас зэрэг санваарын хэд хэдэн ёслолыг харуулсан зургуудыг үзүүлээрэй. Зураг болгон дээр юу болж байгааг тэднээс асуу. Дараа нь хамтдаа Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг уншиж болно. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг ёслолуудыг хүлээн аваасай хэмээн хүсдэг вэ? Ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулсан учраас Бурханы хүчийг мэдэрсэн тухайгаа хүүхдүүддээ ярь. (Хавсралт A эсвэл хавсралт Б дэх “Priesthood Power, Authority, and Keys” гэснийг мөн үзнэ үү.)
Би Есүсийг дагахдаа Түүний найз болдог.
-
Сургаал ба Гэрээ 84:77-г хамт уншаад, найз байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар асуу. Та мөн өөрийнхөө сайн найзуудын талаар ярьж болно. Есүс биднийг Өөрийнх нь найзууд байгаасай гэж хүссэнийг бидэнд яаж мэдүүлсэн бэ? Бид ч мөн үүнийг хүсэж байгаагаа хэрхэн харуулах вэ? “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40) гэх мэт дуу ярилцахад тань тус болно.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн үйлчлэгчдэд тусалдаг.
-
Номлогчид хэрхэн танд, таны гэр бүлд эсвэл таны өвөг дээдэст сайн мэдээг хүлээн авахад тусалсныг хүүхдүүддээ яривал тэдэнд таалагдах байх. Дараа нь та Сургаал ба Гэрээ 84:88 дээр Их Эзэн номлогчдод ямар онцгой амлалт өгснийг уншиж болно. Хүүхдүүд тань энэ шүлэгт тохирох үйл хөдлөл бодож олж болох юм. Их Эзэнд үйлчилж байсан талаараа мөн 88-р шүлэг-т дүрсэлснээр Тэрээр тантай хамт байгааг мэдэрсэн үеэ хуваалцаад үзээрэй. Мөн та одоо номлогч байж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүддээ туслах боломжтой. Бусадтай Есүс Христийн талаар ярих үед Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хэлэхээ мэдэхэд тусалдаг болохыг гэрчил.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.